Монголын баритон Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн ивээл дор наймдугаар сарын 30-нд зохиогдсон “Спасская башня” хөгжмийн наадамд оролцсон. Улаан талбайд болсон тус наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оркеструуд оролцсон бөгөөд дуучдаас Г.Ариунбаатар, Оросын Ардын жүжигчин Хибла Герзмава хоёр л дуугаа өргөжээ. Уг наадмын өмнөхөн Г.Ариунбаатар Хибла Герзмавагийн хамтаар Кремлийн Александровын танхимд тоглолтоо хийсэн. Тэрбээр итали, франц, ари, цэргийн дуунуудаас бүрдсэн цоо шинэ хөтөлбөрөө толилуулсан бөгөөд үзэгчид тоглолтын эхнээс дуусах хүртэл түүнд баяр хүргэсэн байна.
Тус тоглолтыг үзсэн хүмүүсийн ярьснаар Монголын дуучны ур чадвар илүү сайжирсан нь үзэгчдийн сэтгэгдлийг ихээхэн хөдөлгөсөн гэнэ. Тиймээс ОХУ-ын “Росконцерт”-ын захирал тоглолтын дараа түүнтэй уулзаж “Бид тантай хамтран ажиллахыг хүсч байна” хэмээн урьжээ. “Росконцерт” нь улсынхаа хамгийн том, хамгийн алдартай урлагийн нэгдэл тул түүний бүрэлдэхүүнд орно гэдэг Оросын уран бүтээлчдэд хамгийн өндөр даваа байдаг. Тиймээс алдар цуутай дуучид түүний гадна үлдсэн цөөнгүй жишээ бий. Тоглолтын үеэр яригдсан өөр нэг сэдэв нь “Г.Ариунбаатар дуучны боловсролоо хаана эзэмшсэн” тухай байлаа. Мэдээж Монголд эзэмшсэн тухай яригдсан ч Буриадын дуурь бүжгийн академик теарын уран сайхны удирдаач Дарима Линховоины үзэж байгаагаар “Г.Ариунбаатар өнөөгийн чадвартаа Улаан Үүдэд ажиллаж байхдаа суралцсан” гэнэ.Тэрбээр энэ санаагаа уг тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа.
Линховоины хэлсэн өөр нэг зүйл нь Г.Ариунбаатар өндөр цалин амалсан ажлаас татгалзсан тухай байв. Монголын баритон 2015 онд Чайковскийн нэрэмжит олон улсын XV наадмын гран приг хүртэхэд тэрбумтан нэгэн эмэгтэй олон мянган долларын цалинтай ажил санал болгож, дэлхийн шилдэг театруудад тоглолт хийлгэхээ амалжээ. Гэхдээ хэд хэдэн хатуу шаардлага тавьсан нь гадаадад аялан тоглолтууд хийх, “Ла-Скала”, “Стаалтсопер” теартуудад тус бүр нэг сарын бэлтгэл хийж байх тухай аж. Г.Ариунбаатар тус эмэгтэйтэй гэрээ байгуулаад явсан ч өөрийгөө үүнд бэлэн биш үзээд хагас сарын дараа гэрээнээсээ татгалзсан байна. “Юу ч боллоо гэсэн Улаан Үүдэд л байна гэж Г.Ариунбаатар хэлдэг” хэмээн Линховоин ярьжээ.