ХБК-ийг хийлч мэргэжлээр төгссөн Х.Ануг “Гурван охин” хамтлагийн гишүүн, дуучин гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Бие даасан цомог гаргахаар ажиллаж буй түүнтэй холбогдлоо.
-Яагаад бие даан цомог гаргахаар шийдэв?
-Өнгөрсөн жилийн есдүгээр сард “Гурван охин” хамтлаг “Хэмнэл зүрхэнд” нэртэй цомгоо гаргаж, тоглолт хийсэн. Тоглолтынхоо дараа бид гурав тус тусын уран бүтээлээр урын сангаа баяжуулъя гэж ярилцсан юм. Тэр үеэс л Х.Ану гэж хувь уран бүтээлч ямар онцлогтой вэ гэж бодож, төлөвлөж эхэлсэн дээ.
-Хэчнээн дуутай, ямар онцлогтой цомог байх бол?
-“The 90’s” нэртэй. Цомгийнхоо дуунуудыг бичүүлж дуусаад, эхнээс нь сонсогчдод хүргэж байгаа. 1990-ээд онд залуусыг татаж байсан поп, R&B, фанки зэрэг урсгал, онцлогийг шингээсэн таван дуу эл цомогт багтсан.
-Ямар уран бүтээлчидтэй хамтран ажиллав?
-Маш олон уран бүтээлч гар нийлэн цомгийг минь бүтээлээ. Продюсороор “ILab” студи ажиллаж байна. Дуунуудын ая, хөгжмийн найруулгыг “Rec” рекордсын хөгжмийн найруулагч Г.Хишигбүрэн хийсэн. Бид SBN телевизийн бүтээсэн “Гэр” олон ангит киноны “Гэгээ” дуунд хамтран ажиллаж байсан.
Чанартай, уянгалаг хөгжим сонсогчдод хүргэхийн тулд “A sound” хамтлагийн гоцлол гитарчин Ц.Алтангэрэл, аргил гитарчин Э.Золбоо, бөмбөрчин Д.Мөнхтүвшин, Улсын филармонийн үлээвэр найрал хөгжимчид, ДБЭТ-ын хийлчид, дуучин Б.Замбалгарав, реппер Агууч буюу Б.Билгүүн нарын олон уран бүтээлчтэй хамтран ажиллалаа. Цомгийн бичлэгийг “Clef” рекордс хариуцсан. Хөгжмийн тохируулгыг ОХУ-ын найруулагч Максим Комов хийсэн.
-Өмнө хамтлагаараа дөрвөн цомог гаргасан туршлагатай ч ганцаараа, бие даахад хэр бэрхшээлтэй байв?
-Ганцаараа уран бүтээл хийх амаргүй юм байна (инээв). Өмнө нь гурван хүний санаа нийлж, шийдвэр гаргадаг байсан болохоор нөгөө хоёроо их үгүйлсэн. Гэхдээ аль болох тэдний шийдвэр, зөвлөгөөг сонсохгүйг хичээж байгаа. Тэгэхгүй бол “Гурван охин” хамтлагийн уран бүтээлээс ялгарч чадахгүй, өөр чиг хандлага харуулахад хэцүү.
-Та сонсогчдод ихэвчлэн хайрын, уянгын дуунууд хүргэж байна. Энэ төрлийн дуунд илүү дуртай юу?
-Дунд сургуульд байхаасаа л дуу хөгжимд татагдаж, ХБК-ийн багш нартаа мэдэгдэлгүй дууны уралдаанд оролцдог байлаа. Тухайн үед алдарт дуучин Селин Дион, “Spice girls” хамтлагт дуртай байв. Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Камертон”, “Никитон” хамтлаг уран бүтээлээ ид туурвиж, тэднээс үлгэр дуурайл авдаг байлаа.
Тэр үеийн поп хөгжмийн маш гоё дуугаралт миний сэтгэлд их гүнзгий хадгалагдаж үлдсэн шиг байгаа юм. Одоо ч тийм төрлийн дуунд дуртай. Бүтээлээ гайхалтай үг, аялгуутай, чанартай байлгахыг хичээж буй минь үүнтэй холбоотой. Сэдвийн хувьд хайрын дуунд би хамгийн дуртай.
-Цомгоо хэзээ сонсогчдын гарт хүргэх вэ?
-Бүх дуу нь бэлэн болсон ч яарахгүй байна. Эхнээс нь дүрсжүүлж, үзэгчдэд хүргэх хэрэгтэй. Цомгоо ирэх хавар худалдаанд гаргахаар төлөвлөсөн.
-Цомгийн баяр, биe даасан тоглолт хийх үү?
-Цомгийн баяр хийнэ. Гэхдээ уламжлалт хэв маягаас өөр, шинэлэгээр хийхээр төлөвлөж байгаа. Ирэх 2020 онд бүрэн хэмжээний тоглолт хийх зорилготой.
-“Гурван охин” хамтлагийг уран бүтээлийн сониноос хуваалцана уу?
-Бид гурав одоохондоо тус тусын уран бүтээлд түлхүү анхаарч, хамтлагийнхаа ажлыг жаахан хойш тавьчихаад байгаа. Гэхдээ зүгээр суугаагүй. Сүүлд гаргасан “Хэмнэл зүрхэнд” цомогт багтсан дуунуудаа дүрсжүүлж байна.