Монголын урлагт хамгийн их эрэлттэй байдаг кино, жүжгийн найруулагч, тайзны технологийн чиглэлээр БНХАУ-ын Бээжингийн Драмын төв академи (БДТА)-д манай улсын СУИС-ийн 14 оюутан суралцах болсон гэнэ. Энэ талаар тус сургуулийн тэргүүн дэд захирал Ч.Алтанцэцэгээс тодрууллаа.
-БДТА-д оюутан суралцуулахад ямар шаардлага тавьдаг юм бэ?
-БДТА бол БНХАУ-ын төвийн томоохон сургууль. Тус улсад урлагийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд 700 сургууль бий. Тэдгээрээс БДТА нэгдүгээр дэсэд багтдаг юм билээ. Энэ утгаараа сургуулийн босго тун өндөр. Манай сургууль тус академитай нэлээд хэдэн жил идэвхтэй хамтран ажиллаж ирлээ.
Бид 2016 онд Азийн театрын сургуулиудын фестиваль, Азийн театрын боловсролын II чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Энэ академи Азийн театрын боловсролын төвийг байгуулсан. Бид төвийн гишүүнээр нэгдсэн учраас тэндээс зохион байгуулдаг оюутны наадамд жил бүр оролцдог юм. Манайхан гурван ч удаа шилдэг дүрийн шагналыг авсан. Тэд манай сургалтыг өндрөөр үнэлдэг.
Тийм ч учраас энэ жил манай оюутнуудыг элсүүлэн суралцуулах боллоо. Бид кино, телевизийн найруулагч, тайзны технологийн чиглэлээр оюутнаа сургах санал тавьсныг тэд дэмжсэн юм.
-Оюутнуудыг БНХАУ-ын талаас сонгосон уу?
-Азийн театрын боловсролын төвөөс манай сургуультай хамтран ажилладаг гэдэг утгаараа биднийг оюутнуудаа шалгаж сонгосон. Тэднээс БНХАУ-ын Боловсролын яам эсээ бичүүлж, дахин шалгаруулалт явуулсан. Бид өөрсдөө ур чадварын шалгалтыг нь авсан юм. Бидний зүгээс суралцуулах оюутанд манай сургуульд сурч байсан, эсвэл элсэн орсон байх шаардлага тавьсан.
Учир нь манай сургууль болон театрын хөтөлбөрийн элсэлт маш өрсөлдөөнтэй, үнэхээр авьяаслаг хүүхдүүд суралцдаг. Мөн тухайн хүүхэд мэргэжлийнхээ дагуу гадаадад суралцах сонирхолтой, эсэхийг харгалзан үзэж 30 хүүхдийн материалыг явуулсан. Үүнээс найм нь тайзны технологийн чиглэлээр, зургаа нь найруулагчаар суралцахаар сонгогдсон байна.
-Сургалтын төлбөр болон бусад зардлыг хаанаас гаргах вэ?
-Бүх зардлыг БНХАУ-ын Засгийн газар хариуцна. Эхний жил Бээжингийн хэл, соёлын сургуульд хэлний бэлтгэл, дараагийн дөрвөн жил БДАТ-д сард 2500 юанийн тэтгэлэгтэй суралцах юм. Хоёр сургуулийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон энэ том боломжийг оюутнууд сайн ашиглаж, хичээн суралцаасай гэж хүсэж байна.
Манай улсын соёл урлагийн салбарт кино, жүжгийн найруулагчийн эрэлт хэрэгцээ өндөр, мэргэжлийн гэрлийн дизайнер, орчин үеийн тайзны технологийн чиглэлийн мэргэжилтэн дутмаг байгаа. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр таван жилийн дараа БНХАУ-ын хамгийн том сургуульд сурсан 10 гаруй мэргэжилтэн ирнэ гэсэн үг.
-Жил бүр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү?
-Энэ жил явуулах 14 оюутан хэрхэн суралцахаас шалтгаална. Манай сургуулийн зүгээс БДТА-ийн өмнө үүрэг хариуцлага хүлээж буй учраас оюутан бүртэй гэрээ байгуулна. Цаашид гэрээндээ хяналт тавьж ажиллах юм.
-СУИС гэрэл зургийн чиглэлээр сургалт явуулах болсон гэсэн үү?
-Сүүлийн үед гар утастай хүн бүр л зураг авдаг болсон. Гэтэл гэрэл зураг бол урлагийн томоохон төрөл. Тиймээс гэрэл зурагчныг дээд мэргэжлийн түвшинд бэлтгэхээр хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Манай сургууль ХБНГУ-ын Дортмундын их сургуультай сүүлийн 4-5 жил энэ чиглэлээр хамтарч, мастер багш нар ирж ажилласан.
Тиймээс цаашид гэрэл зургийн урлалын чиглэлээр хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, үүнд тохирсон орчин үеийн лабораторитой болох, цаашлаад багш нараа тус сургуульд бэлдэх төсөл боловсруулсны үр дүнд 130 мянган еврогийн санхүүжилтээр уг төслийг хэрэгжүүлэх болсон. Тиймээс энэ хичээлийн жилээс компьютер графикийн ангийн оюутнуудаа гэрэл зургийн сургалтын хөтөлбөрт хамруулах болж байна.
Ингэснээр оюутнуудын өрсөлдөх чадвар дээшилж, ажлын байраар хангагдах боломж нэмэгдэнэ. Өнгөрсөн зун ХБНГУ-аас багш нар ирж, хоёр удаа сургалт зохион байгуулаад байна.
-ХБНГУ-аас гаргаж буй санхүүжилтийг юунд зарцуулах вэ?
-100 мянган еврог тоног төхөөрөмж, лабораторийн техник хэрэгсэлд зарцуулах бол үлдсэн 30 мянган еврог сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулна. Энэ хичээлийн жилээс хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхлэх боловч шинэ элсэлт авахгүй. Компьютер график, медиа анимэйшний чиглэлээр сурч байгаа оюутнуудаа хөтөлбөрт хамруулж мэргэшүүлнэ.
-Энэ хичээлийн жилд танай сургууль өөр ямар төсөл хэрэгжүүлэх вэ?
-Манай сургуулийн нэр хүнд Азидаа нэлээд өндөр. Мөн 30 гаруй орны 60 гаруй их, дээд сургуультай хамтран ажиллаж байна. Цаашлаад 2024 он гэхэд Азийн шилдэг 100 сургуулийн тоонд багтах зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Бидний сургалтын орчныг аваад үзэхэд энэ нь хэтийдсэн зорилт мэт санагдаж болох ч, Монголын соёл урлагийн баялаг өв, дээр нь манай хүүхдүүдийн авьяас, чадварыг харахад зорилтдоо хүрэх боломж бий.
Энэ зорилтынхоо хүрээнд өнгөрсөн оныг “Сургалтын чанараа баталгаажуулах жил” болгон зарласан бол энэ хичээлийн жилийг “Багш, оюутны хөгжлийн жил” болгож буй. Үүний хүрээнд багш нарын судалгааны ажлыг идэвхжүүлж, сургалтын чанарыг дээшлүүлэх, оюутнуудын санаачилгыг өрнүүлэх, хандлагыг зөв тийш хөтлөх зорилттой.
Мөн нэг хичээлийн жилд багш, оюутнуудын 10-15 төсөл, хөтөлбөрийг шалгаруулан хэрэгжүүлдэг байсныгаа нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
Манай сургуулийн онцлог гэж бий. Нийгэмд буй болсон сөрөг үзэгдлүүдтэй урлагийн хэлээр тэмцэж болно. Жишээлбэл, энэ чиглэлээр оюутнууд дүрслэх урлагийн бүтээл, хөгжим, кино, анимэйшн бүтээж болно.
Хар тамхи, архидалт зэрэг нийгмийн хар бараан сэдвийг хөндөж, түүнээс урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг нь ойлгуулах анимэйшн бүтээж, оюутны жүжиг, хөгжим, уран зурагт энэ сэдвийг хөндсөн курсийн ажлыг шалгаруулах, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
-Жил бүр их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмдэг. Танай сургууль нэмсэн үү?
-СУИС-ийн оюутны сургалтын төлбөр анх байгуулагдсан цагаасаа л бусад сургуулийнхаас бага байсан. Сүүлийн 3-4 жилд нэг ч төгрөг нэмээгүй. Харин энэ жил 1 кредитийн нэг багц цагийн төлбөрийг 5-10 мянган төгрөгөөр нэмлээ. Энэ шийдвэрийг оюутнууд ойлгож хүлээж авсан. Бид IV курсийн оюутны төлбөрийг нэмээгүй хэвээр үлдээсэн. Сургалтын орчин сайжирч, лабораториудыг бодлогоор олшруулж байна.