Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зураач Н.Болд, Ж.Болд, Б.Батдэлгэр нарын хамтарсан үзэсгэлэнг дэлгэжээ. Үзэсгэлэнд гурван уран бүтээлчийн 70 гаруй бүтээлийг байрлуулсан байна.
Зураач Б.Батдэлгэр “Н.Болд ах бид хоёр хамтарсан үзэсгэлэн гаргахаар төлөвлөж, уран бүтээлдээ ханцуй шамлан орсон доо. Харамсалтай нь, Н.Болд ах минь үзэсгэлэнгээ гаргаж амжилгүй өнгөрсөн зургадугаар сард өөд боллоо. Ингээд би нэгэнт төлөвлөсөн үзэсгэлэнгээ гаргахаар зорьж, дээр нь 1997 онд таалал төгссөн Ж.Болд зураачийн бүтээлүүдтэй хамтатгахаар шийдсэн юм. Хоёр зураачийн гэр бүлийнхэн үзэсгэлэнг минь дэмжиж, бүтээлүүдийг нь дэлгэхийг зөвшөөрсөн. Зураасан зураг
буюу график бид гурвын бүтээлүүдийг холбож буй” гэв.
Уран бүтээлч бүр өөрийн онцлогтой. Тус үзэсгэлэнд зураач Н.Болдын Монголын үзэсгэлэнт байгалийг дүрсэлсэн бүтээлүүд, Ж.Болдын гүн ухааны сэдэвтэй бүтээлүүдийг голчлон дэлгэжээ. Харин Б.Батдэлгэр хэрээ шувууг дүрсэлсэн бүтээлүүдээ олны хүртээл болгож байна. Энэ тухайгаа “Олонх хүн хэрээг муу, муухай амьтан гэдэг. Гэтэл би тэгж боддоггүй. Харин ч хүмүүсийн ад үздэг эл амьтныг бүтээлдээ сайхнаар дүрсэлж, ялангуяа хүний зан араншин, дотоод ертөнц, амьдралын хэв маягийг төлөөлүүлэхийг оролдсон” гэж тайлбарлалаа.
Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач С.Төгс-Оюун “Б.Батдэлгэрийн бүтээлийн сэдвүүд нь урьд өмнө тийм ч олон хүний уран бүтээлд тусгагдаагүй учир анхаарлыг минь их татдаг. Бүтээлүүддээ хэрээ шувууг ухаантай, содон сонин, хайр булаам
хөөрхөн дүрсэлсэн. Монгол болон уран зураг, хулдаасан бар гэхчлэн дүрслэх урлагийн гурван өөр төрлийг нэг сэдэвт төвлөрүүлж, олон арван зохиомжоор цогц бүтээл болгон харуулснаараа онцлог санагдлаа” хэмээсэн. Гурван уран бүтээлчийн ертөнцөөр аялуулах эл үзэсгэлэн ирэх сарын 2 хүртэл үргэлжилнэ.