Үзэгчдийг татаж буй хошин урлагийн нэг төрөл болох стэнд апаар 30 гаруй жил уран бүтээл туурвиж, дэлхийн олон оронд тоглолтоо хүргэж буй Том Родес энэ сарын 22-нд Монголын үзэгчдийн “элгийг эмчлэх”-ээр иржээ.
Дэлхийн сонирхолтой улсуудаар аялж, пянз, марк цуглуулах хоббитой энэ эрхэм манай улсад хоёр дахиа зочилж буй нь энэ. “UB comedy” клубийн залуус түүнийг өнгөрсөн жил эх орондоо урьж, тоглолтыг нь зохион байгуулсан юм. Түүнийг манай улсад газардаад удаагүй байхад нь ярилцлаа.
-Та Монголд хоёр дахь удаагаа ирж буй. Яагаад дахин ирэхээр шийдэв?
- Дэлхийн бүх л хүн Чингис хааны тухай мэдэх байх. Би Чингис хааны тухай ном, эрдэмтдийн бүтээл их уншдаг. Түүний эх оронд зочлохыг хүсэхгүй хэн байх билээ. “UB comedy” клубийн залуус намайг дахин урихад дуртайяа зөвшөөрсөн.
Тэд намайг маш дотноор угтаж авдаг. Монголд байх хугацаанд маш сонирхолтой, тухтай байлгадаг. Нөгөөтэйгүүр, би өнгөрсөн жилийн аравдугаар сарын сүүлчээр Монголд ирсэн юм. Маш хүйтэн байсан ч надад сонирхолтой санагдсан.
Ингээд зуны дэлгэр цагт дахин ирж, уур амьсгалын эрс тэс байдлыг нь мэдрэхийг хүслээ.
-Монголчуудын ямар зан чанар танд таалагдав. Түүнчлэн манай залуусаас ямар дутагдал олж харсан бол?
-Энэ асуултад хариулах амаргүй юм. Учир нь би Монголд байх хугацаандаа зөвхөн “UB comedy” клубийн залуустай л ойр байж, цагийг хамт өнгөрүүлдэг учраас бусад залууст ямар дутагдал байдгийг сайн мэдэхгүй.
Тус клубийнхны уур амьсгал, үзэгчид надад маш их таалагддаг. Харьцангуй чөлөөтэй сэтгэлгээтэй, боловсролтой залуус гэж үнэлдэг.
-Монголд байх хугацаандаа хийж үзэхийг хүсдэг зүйл бий юү?
-Монгол гэрт хонож үзэхийг их хүссэн. Түүнийгээ биелүүлсэн шүү. Бас нэг зүйл их гоё санагддаг.
-Тэр нь юу вэ?
-Миний эхнэр намайг цагаан хоолтон болгохыг хүсдэг юм. Харин Монголд ирэхээрээ би хүссэнээрээ мах иддэг.
-Нээрэн, та марк цуглуулдаг гэсэн. Өмнө нь ирэхдээ Монголоос марк худалдаж авсан уу?
-Нэлээд хэдийг авсан. Маркнаас гадна пянз цуглуулдаг. Түүхэн, сонирхолтой марк, пянз олдвол гар таталгүй авдаг зантай.
-Та хэдэн настай вэ?
-51.
-Стэнд ап хэмээх төрлийг хэзээнээс сонирхож эхлэв?
-Би 17 настайгаасаа л хошин урлагийн энэ төрлөөр үзүүлбэр үзүүлж байна. Жаахан муухайгаар хэлэхэд би цагаан гартан. Миний гар яг л нярай хүүхдийнх шиг. Хар бор ажилд нухлагдаж үзээгүй.
-Юу нь тэгтлээ таалагдсан юм бол?
-Миний аав урлагийн энэ төрөлд маш их дуртай хүн. Ричард Прайор, Боб Ньюхарт зэрэг алдартны пянзны цуглуулгатай байлаа. Өдөржингөө л тэдгээр алдартны хошин бичлэгийг сонсдог сон. Машиндаа ч хуурцгийг нь сонсдог байв. Ийм орчинд өссөн хүн чинь энэ урлагийг сонирхохгүй яах билээ.
Манайх Вашингтон мужаас гаралтай айл л даа. Намайг багад Флорида руу нүүсэн юм. Тэнд очсоны дараа авга ах минь стэнд ап төрлөөр үзүүлбэр үзүүлдэг болов. Би 11 настайдаа түүнийг даган, энэ төрлийн үзүүлбэр үзүүлдэг клубт анх удаа очиж үзсэн юм. Ямар сонирхолтой санагдсан гээч.
-Анх хаанахын тайзан дээр гарсан бэ?
-Энэ төрлийн клубт орж үзсэн анхны өдрөө л тайзан дээр гарсан. Би тэр өдөр америк хөлбөмбөгийн “Вашингтон редскинс” багийн өмсгөл өмссөн байснаа тод санаж байна. Тухайн үед үзүүлбэр үзүүлж байсан хүн намайг тайзан дээр урьж, ярилцлага авч буй мэтээр тоглосон юм.
Маш их сандарч билээ. Юу ярьснаа харин сайн санадаггүй. Гэхдээ үзэгчдийн инээмсэглэлээс маш их урам авсан.
-Жүжигчид “Хүнийг уйлуулахаас инээлгэх нь хэцүү” гэдэг. Та үүнтэй санал нийлдэг үү. Хүмүүсийг инээлгэх танд хэр хэцүү вэ?
-Санал нийлнэ. Инээлгэх мэдээж хэцүү. Бусдыг инээлгэхэд маш их авьяас шаардана. Гэхдээ бид үзэгчдээ хүндэлж, хайрладаг байх ёстой. Инээлгэж байна гээд л тэднийг хүндлэхгүй, ойшоохгүй байж болохгүй.
Намайг багад аав, ээж минь маш их хэрэлддэг байлаа. Ээж минь маш их шүтлэгтэй. Харин аав байнга л араар нь тавина. Өдөр бүр маргалдана. Тэр үед би “Аав, ээжийгээ хөгжилтэй байлгаж, инээлгэж чадвал маргалдах нь багасна даа” гэж хүртэл бодож, хичээдэг байлаа. Тийм болохоор одоо ч би хүмүүст инээд бэлэглэж уур, бухимдлаас нь салгахыг хүсдэг.
Намайг бага сургуулийн сурагч байхад авга эгч Марта минь нас барлаа. Түүнийг эмнэлэгт байхад бид гэр бүлээрээ эргэж очсон. Гэтэл эмнэлгийн гадаа мөн л эцэг, эх минь маргалдсан. Яг тэр үед миний хажуугаар цав цагаан “Роллс-ройс” унасан хос өнгөрлөө. Би “Намайг үрчилж аваач” гэж гуйн, дагаж гүйж билээ. Хэрүүлтэй амьдралаас залхсандаа л тэр.
-Хэрэв тэр хос таныг үрчилж авсан бол яах байсан бол гэж бодож байсан уу?
-Би өөр ажил хийх байсан байх. Яагаад ч юм баян тансаг амьдралд өссөн хошин урлагийн жүжигчин нэг ч байдаггүй. Олонх нь адармаатай, бартаатай амьдрал туулсан байдаг юм билээ. Хамгийн сайн жүжигчид яг л тийм сонирхолтой замналтай байдаг.
-Та хошин урлаг сонирхоогүй бол өдийд юу хийж яваа бол?
-Хэлж мэдэхгүй юм. Хэзээ ч энэ талаар бодож байгаагүй. Цаашид ч холдоно гэж төсөөлөхгүй байна.
-Ярьсан зүйлд тань хүмүүс инээгээгүй тохиолдол бий юү?
-Тийм тохиолдол зөндөө. Гэхдээ тэр бүрт өөрийгөө эвгүй байдлаас авч гарах, залруулах олон арга, тактик бий. Би энэ ажлыг 34 жил хийж байна шүү дээ. Мэдээж туршлагажсан байж таарна. Жишээ нь, миний ярьсан зүйлд ганцхан хүн инээлээ гэж бодъё. Тэгвэл “Энэ онигоог би зөвхөн энэ хүнд зориулж ярилаа. Одоо та бүгдэд өөр зүйл ярьж өгье” гэж хэлж болно.
-Үзүүлбэрүүдийнхээ сэдэв, санааг хаанаас, хэрхэн олдог вэ?
-Амьдралаас. Хамгийн дотнын найзуудаасаа сэдэвлэнэ. Дотнын найзууд уулзаад буу халахаараа илэн далангүй байж, яаж л бол яаж марзаганан, сонирхолтой түүх, өөрсдөдөө тохиолдсон хөгтэй явдлуудыг ярьдаг шүү дээ. Дотнын олонх найз минь ижил мэргэжилтэй учраас бас их сонирхолтой байдаг.
Бас ном их уншдаг. Би тархийг машинтай зүйрлэдэг. Байнга л ажиллуулан, шинэ зүйл эрэлхийлж, цэнэглэх ёстой. Хамгийн гол нь уран бүтээлч хүн тухайн цаг үеийн мэдээллээс хоцрохгүй, эх сурвалж сайтай байх хэрэгтэй.
-Та дэлхийн хэчнээн улсад аялж, тоглолтоо хийсэн бэ?
-Саяхан тоолж үзсэн шүү. Би 50-иад улсын стэнд ап сонирхогчдод тоглолтоо хүргэсэн байна билээ.
-Хаанахын үзэгчид танд хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн бэ. Яагаад?
-Хэцүү асуулт байна. Гэхдээ Сан-Франциско, Чикаго, Нью-Йорк, Лондон, Сидней, Хонконг гэхчлэн хотыг нэрлэж болно. Яагаад ч юм олон үндэстэн, ястан төвлөрсөн хотын үзэгчид илүү нээлттэй, сонирхолтой, наргиан ойлгодог мэт санагддаг.
-Хошин урлагийн энэ төрлийг монголчууд одоо ч тийм сайн ойлгодоггүй. Хэрхэн хөгжүүлэх хэрэгтэй вэ?
-Сүүлийн 20 жил Азид урлагийн энэ төрөл эрчимтэй хөгжиж байна. Гэхдээ харилцан адилгүй. Монголын залуус одоо л дөнгөж сонирхож байгаа нь анзаарагддаг. Гэхдээ маш зөв голдрилоор хөгжиж яваа. Энэ төрлийг уран бүтээлчид зөвхөн монгол хэлээр биш, англиар тоглож байгаа нь сайшаалтай.
-Нээрэн, та стэнд ап төрлөөр хэд хэдэн цомог гаргасан юм билээ. Зөвхөн стэнд ап хийгээд амьдрах боломжтой юу?
-Таван цомог гаргасан. Үүний хоёрыг “Comedy central”-тай, нэгийг нь “Netflix” кино компанитэй хамтарсан. Сүүлийн хоёр жилийн турш гадаадын орнуудаар аялан тоглосон бичлэгүүдээсээ шилж дараагийн цомгоо гаргахаар төлөвлөж буй.
-Эл цомгоо хэзээ гаргах бол. Өмнө нь ийм цомог гаргасан уран бүтээлч байдаг уу?
-Миний мэдэхийн байхгүй. Би зургаа дахь цомгоо “Around the world” буюу “Дэлхий даяар” гэж нэрлэнэ. Өөр өөр 15 оронд тоглосон бичлэгүүд байх юм. Лондон, Парис, Амстердам, Цюрих, Дублин, Ванкувер, Улаанбаатар, Шанхай, Бангкок, Ханойн тоглолтын бичлэгээ заавал оруулна. Түүнчлэн ирэх аравдугаар сард Европын зарим хотоор дахин аялна.
Тэр үеэр Берлин, Лисабонд тоглоно. Арванхоёрдугаар сард Израйлд, ирэх оны нэгдүгээр сарын сүүлчээр Бразилын Сан-Паулод, хоёрдугаар сарын эхээр Аргентины Буэнос-Айрест тоглоно. Тэдгээр хотод тоглосон бичлэгүүдээс мөн шинэ цомогтоо оруулна. Ирэх онд багтаан стэнд ап сонирхогчдод эл цомгоо хүргэнэ.
-Тайзан дээр байхдаа юу мэдэрдэг вэ?
-Би хүн бүрт инээд бэлэглэхийг хүсдэг. Амьдрал адармаатай шүү дээ. Гэхдээ би тайзан дээр байхдаа ямар ч ярвигтай асуудлыг шийдвэрлэж, бүхнийг хүссэнээрээ байлгаж чадах нэгэн болсон мэт санагддаг.
-Та хэд хүртлээ тайзан дээр тоглох бодолтой байна вэ?
-Насан туршдаа энэ ажлаа хийнэ.