Нэгэн ээж нь хүүгээ балетчин болгохыг хүсэж “Хуруун дээрээ явдаг, их гоё мэргэжил шүү” хэмээгээд ХБК-ийн сонгодог бүжгийн ангид шалгаруулсан байдаг. Тэр хүү 2003 онд сургуулиа төгсөж, өдгөө гадаад, дотоодод танигдсан мундаг балетчин болжээ. БНСУ-д 11 жил мэргэжлээрээ ажиллахдаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж, “Элит” балетын компани байгуулан, амжилттай яваа түүнийг Ц.Цолмонбуд гэдэг.
Тэрбээр ДБЭТ-т 2006 он хүртэл ажиллаж байгаад Япон явж, “NBA балет” компанид жил гаруй бүжиглэсэн. Дараа нь БНСУ-ын Сөүлийн “И Вон Гүг балет” компанийн нүүр царай болж, тус улсад зохион байгуулсан гурван том уралдаанд түрүүлж байв. Чуннам их сургуульд балетын багшаар ажиллаж байсан, өдгөө “Гванжу сити балет” компанид тэргүүлэх гоцлоочоор ажиллаж буй Ц.Цолмонбуд ирэх өвөл Монголдоо тоглолт хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ ажлаараа нутагтаа ирсэн юм. Түүнтэй ярилцлаа.
-Та хоёр жилийн өмнө өвөл нэлээд давчуу хугацаагаар Монголдоо ирээд, ажлын дороос “өндийхгүй” байсаар буцсан. Энэ удаа цаг хугацаанд хавчигдахгүй, хөдөөгүүр явж, амарч амжив уу?
-Энэ удаа ч нэлээд шахуу төлөвлөгөөтэй ирсэн болохоор хөдөөгүүр явж амжсангүй. Ирэх өвөл энд хийх тоглолтоо хаана зохион байгуулах, монгол балетчидтайгаа хэрхэн хамтрах вэ гэхчлэн ажилтай л гүйгээд байна. Ирэх ням гаригт буцна. Тэнд бас их ажилтай байгаа. Ер нь цаг зав маш хомс шүү. Гэр маань Гванжүд мөртлөө Бусан, Инчон, Сөүлд очиж тоглолтод оролцоно, Тэйгүд хичээл заана гэхчлэн явж өгнө. Өнгөрсөн зургадугаар сард машиныхаа туулсан замын заалтыг харсан чинь 5700 км байна лээ. Ганцхан сард, тэгээд ихэнхдээ хурдны замаар явсан үзүүлэлт шүү дээ.
-“Элит” компаниа байгуулаад жил гаруй болжээ. Энэ хугацаанд ямар түвшний, хаанахын, хэчнээн балетчнаар багаа бүрдүүлэв, уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн үү?
-“Элит” балетын компани маань эрэгтэй, эмэгтэй нийлээд 30 гаруй балетчинтай, бүгд мэргэжлийнх, мөн олонх нь өндөр түвшнийх. Бид анхнаасаа л сонгодог бүжгийн театрын хэмжээнд ажиллахаар зорьсон. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн тоглолтоо үзэгчдэд хүргэсэн. Өмнө нь тайзан дээр яавал сайхан бүжиглэж, дүрээ сайн гаргах вэ, ур чадвараа хэрхэн ахиулах вэ гэж анхаардаг байлаа.
Одоо харин яавал сайн уран бүтээл хийж, сэтгэл дотор байгаагаа гоё бүжиг болгон дэглэх вэ гэж бодох болсон. Ер нь балетмейстр, бүжиг дэглээч болох хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдсөөр яваад өнгөрсөн жилээс хэрэгжүүлж, компаниа байгуулсан. БНСУ-д балетын компани цөөнгүй бий. Тэднээс ялгарах бидний онцлог нь монгол хэв маяг. Хөгжмийн найруулгадаа сонгодог болон монгол үндэсний хөгжмийг хослуулахаас гадна бүжгийн дэглэлтдээ бий биелгээний элемент шингээхийг хичээдэг. БНСУ-д надаас гадна гурав, дөрвөн монгол балетчин залуу байгаа. Тэд нартайгаа хааяа хамтран ажилладаг.
-Та хамтран бүжиглэгчтэйгээ ирсэн гэсэн. Энэ жил хот, хөдөөгүй хур ихтэй байна. Үүнээс болж зам нэлээд эвдэрч, гэмтлээ. Хамтрагч тань Улаанбаатарын талаар ямар сэтгэгдэлтэй байгаа бол. Ер нь нутагтаа ирэх бүртээ та юу анзаардаг вэ?
-“Кёнбүк” урлагийн сургууль төгссөн, “Инчон сити балет”-д зочноор уригдан гоцлон бүжиглэдэг, “Элит”-ийг үүсгэн байгуулалцсан балетчин Жин Хэй Юн гэдэг бүсгүйтэй Монголд ирээд гэрээ хэлцлийн нэлээд ажил амжууллаа. Дуу цөөтэй болохоор Монгол ийм, тийм гэж үг унагахгүй л явна.
Миний хувьд нутагтаа ирэх бүртээ сайхан энерги аваад буцдаг. Таны хэлснээр энэ удаа зам нээрэн их эвдэрчээ. Үүнээс гадна нэг зүйл ажиглалаа, томоохон зоогийн газрууд цэсээ англиар бичсэн байх юм. Монголоор нэг ч үг алга, тун их гайхлаа. Яагаад монгол хэлээрээ бичээгүйг нь асуухад “Манайхаар гадаадынхан их үйлчлүүлдэг” гэж байна лээ. Миний бодлоор, хаанахын хэн үйлчлүүлэхээс үл хамаарч эхлээд төрөлх хэлээрээ, ард нь гадаадаар бичмээр юм. Ер нь бусад улсад тийм л байдаг.
-Эндээс ургуулаад асуухад, Та 10 гаруй жил БНСУ-д ажиллахдаа юуг нь, ямар зан чанарыг нь, аж амьдралаас нь өөртөө шингээж, үлгэр дуурайл авав. Тэдэнд байгаа юу нь бидэнд дутаад байна вэ. Солонгост түр хугацаагаар байсан, аяллаар очсон хүмүүс ч “Энд л амьдармаар юм байна” гэдэг. Юунд нь тэгтлээ татагддаг юм бол?
-Тэдний хөдөлмөрч зан чанарыг биширдэг. Аливаад чин сэтгэлээсээ хандаж чаддаг хүмүүс. Ажилдаа сэтгэлээ шингээдэг, хурдтай. Нэгдэж, нэгэн бүхэл болж чаддагаараа айхтар давуу талтай. Бусдыг хүндлэхдээ гаргууд. Ах захаа мэддэг. Хэдийгээр найз нөхөд ч гэсэн эрэмбэтэй, хүндлэлтэй ханддаг. Солонгосчууд “Бид хүчээ нэгтгэсэн учраас ямар ч улсаас илүү” гэдэг.
-Танай хүү зургаан настай. Удахгүй “цэрэг” болно, ямар сургуульд өгөх вэ,
-Хэлд ороход нь монголоор харилцаад, 35 үсгээ нүдлүүлсэн. Гэхдээ хүүхэд орчноосоо шалтгаалаад мартчихдаг юм байна. Цэцэрлэгт явснаасаа хойш монголоор ярихаа больсон. Үр хүүхэд өсгөж үзээгүй байхдаа би “Гадаадад байгаа монголчууд хүүхдэдээ эх хэлийг нь яагаад заадаггүй юм бэ” гэж их шүүмжлэлттэй ханддаг байлаа. Гэтэл өөрийн биеэр үзээд ирэхээр санаагаар болохгүй зүйл байдгийг мэдэрлээ. Яваандаа эх хэлээ дахин зааж, сургана аа.