Лхагва гаргийн үдэш “Стар” телевиз “Учиртай урилга” нэвтрүүлэг хүргэдэг. Үзэгчдийг дэлгэцийн өмнө “уяж” чаддаг эл нэвтрүүлгийг Я.Учрал хөтөлдөгийг хүмүүс андахгүй биз ээ. Найруулагч Ц.Хүсэлбаатарын хүү тэрбээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн ч, тал бүрийн авьяастай. Урлаг, спортод нугасгүйн дээр аялах, өөрийгөө төрөл бүрээр хөгжүүлэх эрмэлзэлтэй эл залуутай ярилцлаа.
-Таны өвөө, Гавьяат жүжигчин Ё.Цог, мөн аав, найруулагч Ц.Хүсэлбаатарыг үзэгчид андахгүй. Удам залгасан урлагийн хүний хүү яагаад сэтгүүлч болохоор шийдсэн юм бэ?
-Үнэндээ хүсэж, зорьж энэ мэргэжлийг сонгоогүй. Багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Сурагч байхдаа сургуулийнхаа сайн дурын уран сайханч байв. Урлагийн үзлэг болохоор хамгийн түрүүнд л гүйж явна. СУИС-ийн элсэлтийн шалгалтад ч бэлтгэж байв.
Аав миний хүсэл, сонирхлыг хориглоогүй. Харин ч дэмжсэн. Гэтэл ээж минь ойшоогоогүй. Олон улсын харилцааны чиглэлээр суралцахыг санал болгодог байв. Ингээд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн япон хэлний орчуулагчийн ангид шалгуулж, тэнцсэн юм.
Тус сургуульд элссэний дараа сэтгүүлч, англи хэлний орчуулагчийн хос мэргэжлийн ангиар солих боломж олдсон. Тухайн үед мэргэжлийн онцлог нь бус, хос мэргэжилтэй болж төгсөнө гэдэг нь таалагдсан.
-Ажлын гараагаа оюутан цагтаа эхэлсэн бил үү?
-Ахлах ангидаа “Херо” энтертайнментын дэргэдэх хөтлөгчийн курст суралцсан юм. Одоогийн “U art” академи. Ингээд 17 настайдаа “Ийгл” телевизэд гадаад мэдээний нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн. Нэг их удаагүй л дээ.
Жил гаруйн дараа буюу хоёрдугаар дамжаанд байхдаа UBS телевизээр овоглож, сургуулиа төгстөл ажилласан юм. Мөн “Шинэ дэлхий” телевизэд нэг хэсэг ажилласан. Дундуур нь гадагшаа сургуульд явж, завсарласан.
-Хэвлэл мэдээллийн өөр хэрэгсэлд ажиллаж үзье гэж бодоогүй юү?
-Багш нар минь ч өөр өөр газарт ажиллахыг зөвлөдөг байлаа. Ялангуяа сонинд ажиллаж үз гэдэг байв. Тэр үгийг чихнийхээ хажуугаар л өнгөрүүлсэн дээ.
-Зурагтаар гарч, олны танил болох нь л илүү сонирхолтой байсан гэж үү?
-Тэгж хэлэхэд буруудахгүй. 16, 17 настай хүүхдэд тэр нь илүү сонирхолтой санагдана шүү дээ. Яваандаа ажилдаа дуртай болсон.
-Мэргэжилдээ хэзээнээс дурлав?
-Оюутан байх үед лав тэгтлээ дурлаагүй. Төгсөөд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албанд сэтгүүлчээр ажилласан. Мэдээнд гүйж, эрж хайх нь сонирхолтой санагдсан. Тэр үеэс л мэргэжилдээ дурласан. Мөн ярилцлагын нэвтрүүлэг хийх сэн гэж хүсдэг байв.
Ингээд “Стар” телевизэд ирээд “Учиртай урилга” нэвтрүүлгээ хөтөлж эхэлсэн. Дуртай зүйлээ хийж буйдаа баярладаг.
-UBS-ийн “Сайн уу, Сайнаа”, TV 5-ын “Зэвүүн яриа”, SBN-ий “Гангараа” гэхчлэн ярилцлагын олон нэвтрүүлэг бий. Тэдгээрээс “Учиртай урилга”-ыг ямар онцлогтой байлгахаар хичээдэг вэ?
-Яг үнэндээ өөр байлгая хичээдэггүй. Өөрийнхөөрөө байя л гэж боддог. Гол нь би тухайн оролцогчоос өөрийнхөө мэдэхийг хүсдэг зүйлээ асуудаг. Би хувийн амьдрал руу нь хэт өнгийж, элдэв зүйл тулгаж асуухыг хүсдэггүй. Аль болох оролцогчоо хүндэлж, орон зай олгодог. Энэ л миний өөр тал байх.
-Ярилцлага хийх тактик олон бий. Магтаж, цаасан малгай өмсгөвөл илүү сайн ярьдаг хүн байхад, заримынх нь хор шарыг хөдөлгөж байж яриулах үе бий. “Учиртай урилга” нэвтрүүлгийн зочдоос “задлахад” хамгийн төвөгтэй нь хэн байв?
-100 шахам зочин нэвтрүүлэгтээ урьжээ. Тэднээс ярилцахад хамгийн хэцүү байсан нь реппер Рокит Бэй. Тухайн үед нэвтрүүлгээ хийгээд удаагүй, туршлагагүй байлаа. Оролцогч маань ч бусад шиг нээлттэй, яриа хүн биш. Түүнийг яриулах амаргүй байсан шүү.
-Тухайн цаг үед олныг шуугиулж буй уран бүтээлчийг нэвтрүүлэгтээ урьдаг уу, эсвэл өөрийнхөө ярилцахыг хүсдэг хүнийг сонгодог уу?
-Аль алинийг нь харгалздаг. Салбар бүрт гялалзаж яваа залуусыг оролцуулахыг хичээдэг. Сүүлийн үед ихэвчлэн үзэгчдийнхээ саналыг сонсож, оролцогчоо сонгож байна.
-Ярилцахыг хүсдэг ч одоо болтол нэвтрүүлэгтээ оролцуулж чадаагүй хүн бий юү?
-Нэвтрүүлэгтээ урихыг хүсдэг олон хүн бий. Би “Камертон” хамтлагийн шүтэн бишрэгч. Тус хамтлагаас Төрийн шагналт, дуучин Д.Болдоос бусдыг нь нэвтрүүлэгтээ урьж, ярилцсан. Д.Болд ахад хоёр удаа хүсэлт тавьсан боловч, чадаагүй.
Зав нь болдоггүй байх л даа. Сэтгүүлч болохоосоо өмнө л “Камертон”-ыхонтой уулзаж ярилцахыг хүсдэг, мөрөөддөг байсан юм.
-Та өвөө, аавыгаа нэвтрүүлэгтээ урьж, ярилцсан. Аавтайгаа хамт өсөөгүйг тань хүмүүс мэдэх байх. Гэр бүлийнхээ хүнтэй камерын өмнө ярилцах хэцүү байсан уу?
-Ний нуугүй хэлэхэд байнга хамт байдаг хүмүүс биш. Тусдаа өссөн. Гэхдээ хүссэн үедээ уулзаж, ярилцдаг. Гэвч энгийн үед асууж чаддаггүй, асуухыг хүсдэг, өмнө нь ярилцаж үзээгүй зүйлс мэдээж бий. Би нэвтрүүлгийнхээ үеэр тэдгээр зүйлээс асуучихсан.
-Далимдуулчихсан юм уу?
-Тийм.
-Аав, өвөөгөөсөө сонсохыг, мэдэхийг хүссэн зүйлээ олны өмнө асуух эвгүй байгаагүй гэж үү?
-Үгүй ээ. Яагаад ч юм тэр нэвтрүүлэг маш хурдан дууссан. Ярилцаж эхэлсэн, нэг мэдэхэд нэвтрүүлгийн цаг дуусчихсан. Нэвтрүүлгийн дараа аавтайгаа маш удаан ярилцаж суусан.
-Чөлөөт цагт зориулсан энтертайнмент нэвтрүүлэг ч зугаацуулахаас гадна үзэгчдийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Та нэвтрүүлгээрээ хүмүүст ямар санаа, сэдэл өгч, юунд уриалахыг хичээдэг вэ?
-Хэрэв анзаарвал би оролцогчоо яриулахаас гадна өөрийн амьдралд тохиолдсон сургамжтай үйл явдал, аливаад ямар өнцгөөс хэрхэн ханддаг тухайгаа ний нуугүй ярьдаг. Тэр бүхнээс залуус нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай гэж хүсдэг юм. Алдахаасаа өмнө анхаарч болно шүү дээ.
-Гадаадын ижил төрлийн нэвтрүүлгүүдийг үздэг байх. Үлгэрлэдэг, үзэх дуртай хөтлөгч байдаг уу?
-Мэдээж Ларри Кинг. Сэтгүүлч, ялангуяа телевизийн сэтгүүлч, хөтлөгч болох гэж буй хүмүүс түүнийг л үлгэрлэдэг байх. Оюутан байхдаа ярилцлагуудыг нь алдалгүй үздэг байлаа. Мөн Жимми Киммел, Жимми Фэллон, Эллен Деженересийн нэвтрүүлэг, ярилцлагуудыг хардаг.
-Үзэгчдийн сэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг вэ. Таныг болоод нэвтрүүлгийн оролцогчийг тань бүдүүлгээр хараах нэгэн байхад, магтах хүн ч байдаг.
-Анхандаа ч таагүй санагддаг л байлаа. Одоо тоохоо больсон. Дөжирчихсөн.
-Ер нь хатуу үг хэр даадаг вэ. Бусдын шүүмжлэлийг сонсож, өөртөө тусгаж чаддаг уу?
-Хий магтуулаад хөөрч явсан үе бий. Алддаггүй хүн гэж үгүй. Гол нь алдаанаасаа суралцаж, засаж чаддаг байх хэрэгтэй. Одоо бол цаасан малгай өмссөнөөс хатуу үг сонссон нь дээр санагддаг. Гэхдээ урмын үг сонсох дургүй хэн байх билээ.
Миний нэг дутагдалтай тал бий. Жаахан түргэн зантай. Үр дагаврыг нь бодолгүйгээр хэлэх гэснээ шууд л хэлчихдэг. Энэ зангаасаа болж зөвдөх үе бий. Гэхдээ буруудах нь олон.
-Хамгийн сүүлд хэнд загнуулав?
-Би ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг. Хааяа ээждээ л зэмлүүлэх юм. Бүх л зүйлээ зөвлөдөг, ярилцдаг хүн бол миний ээж.
-Сэтгүүлчээр төгсчихөөд нэлээд олон улс руу сургуульд явсан боловч төгсөлгүй орхиод ирсэн юм билээ. Тийм туйлбаргүй хүн үү?
-Япон, Сингапур руу явсан. Тухайн үеийн нөхцөл байдал л тэгж таарсан даа. Сингапурт сурч байхдаа гэр бүл зохион, сургуулиа орхисон. Одоо Хятадад сурч байгаа. Түр чөлөө авчихаад ирсэн.
Би 30 нас хүрэх гэж байна. Залуу хүн номын дуу сонсохоос гадна өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Оролдох, сурах, хийх зүйл олон байна.
-Одоо юу сурахаар, ямар зөв дадал төлөвшүүлэхээр хичээж байна вэ?
-Гадаад хэлний мэдлэгээ улам ахиулахаар хичээж байна. Хэлгүй бол хөлгүй гэдэг дээ. Би англи, орос, хятадаар ярьчихна. Гэхдээ тийм ч сайн биш.
-Түрүүн та жаахан түргэн зантайгаа хэлсэн. Хүмүүстэй ам мурийх үе бий биз. Ойрд нударга зөрүүлэв үү?
-Харилцахад төвөгтэй хүнд өөрийгөө ойлгуулах гэж үйлээ үзэх дургүй. Харилцахгүй байхад л болно шүү дээ. Гэхдээ аль болох найрсаг байхыг боддог. Үүнийг тал засах гэж ойлгож болохгүй. Эр хүнд нударга зөрүүлэх үе байлгүй яах вэ. Гэхдээ сүүлд хэзээ гэдгээ санахгүй байна.
-Аливаа шийдвэрийг хэр түргэн гаргадаг вэ. Таны гаргасан хамгийн зөв шийдвэр юү байв?
-Миний хүү. Одоо таван настай сайхан хүүтэй, би. Хүүтэйгээ уулзахыг, үргэлж хамт байхыг хүсдэг. Сайн аав байхыг маш их хичээдэг боловч бодсоноороо байж чадахгүй л байна. Хүүгийнхээ баатар нь байх сан гэж хүсдэг.
Би багадаа аавыгаа тэгж л зүйрлэдэг байлаа. Аав дэргэд байхад айх зүйл юу ч байхгүй. Хүүгийнхээ хүссэн, миний хэрэг болсон бүх л үед нь хамт байхыг хичээдэг.
-Гадаадын орнуудад сурч байсан тухайгаа ярьсан. Тэндхийнхний ямар соёл, дадлыг монгол залууст төлөвшүүлмээр санагддаг вэ?
-Залуусыг зөв хор шартай байгаасай гэж хүсдэг. Мэдлэгтэй байх хэрэгтэй. Ажиглах нь ээ, залуус өөрийн бодолгүй болж. Хэн, юу гэнэ, түүнийг дагаж хошуураад л, хамхуул шиг хийсээд л. Тийм биш байгаасай. Өөртөө, үзэл бодолдоо эзэн байгаасай.
Бас манайхан их аминч. Хажуу дахиа дэмжих, багаар ажиллах, олноороо хөгжихдөө маруухан. Би эх оронч үзэл гэж үүнийг л хэлдэг гэж боддог. Ганц өөрөө биш, хамтаараа амжилтад хүрэхийг хэлнэ.
-Манайхан гадаадад очихоороо биеэ их сайхан авч явдаг, хичээдэг. Тэгсэн атлаа нутагтаа байхдаа их хайнга байдаг мэт санагддаг. Танд тэгж анзаарагддаг уу?
-Анзаарагддаг шүү. Гадаадад явж байхад монголчууд андашгүй. Маш ганган. Их соёлтой. Монголдоо байхдаа л энэ хандлагаа гаргамаар байгаа юм. Уг нь манай монголчууд сийрэг толгойтой, юмыг их амархан сурдаг хүмүүс шүү дээ.
-30 их сонирхолтой нас шиг санагддаг. 20-тнуудыг бодвол буурьтай, 40-өөд настнуудын хажууд гэнэн. Танд 30 нас ямар “амтагдаж” байна вэ?
-Нохой юм уу, муурыг ус руу шидэхэд хэд самардаад л аргаа олоод сэлдэг шүү дээ. Яг л түүн шиг гэнэт ус руу уначихаад сарваганаж буй мэт л санагдаж байна. Би 20-30 насандаа амжилт үзүүлсэн гэж хэлж чадахгүй ээ. Олон алдаа гаргаж үзлээ. Гэхдээ түүнийгээ засаж, хичээж байгаа.
-Одоо олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй гэсэн. Яваандаа найруулагчаар сурах бодол бий юү?
-Мөрөөдөл бий. Сэтгэл дотор минь урлаг гэсэн үг сийлээстэй. Гэхдээ ил гаргаж чаддаггүй юм. Чадахгүй биш, чадна гэж боддог ч эмээдэг.
-Таныг ийм даруухан, бүрэг хүн гэж бодсонгүй.
-Угаасаа л дотогшоо хүн дээ. Харин ч гайгүй “задарчихсан” байгаа нь энэ. Багадаа бүр ч дуу муутай, ичимхий байлаа. Сэтгүүлчээр сурч, телевизэд ажиллаад жаахан “нээгдсэн”.
-Амьдрал, ажлаа хэр төлөвлөдөг вэ?
-Амьдралд ам гарч болохгүй юм билээ. Ажлаа өдөр тутам биш ч, жилийн төлөвлөгөө гаргадаг. Цаашлаад хоёр, тав, арван жилийн дараа гэхэд ингэсэн, тэгсэн байна гээд л төлөвлөнө.
-Өөртөө урам хугарах үе гардаг уу?
-Төлөвлөсөн зүйлээ биелүүлж чадаагүй үед тэгж санагддаг. Өөрийгөө зэмлэдэг.
-Болж өнгөрсөн зүйлийн араас харамсдаг уу, эсвэл нэгэнт болчихсон юм чинь гээд тоодоггүй юү?
-Харамсдаг зүйл бий. Гэхдээ буцааж чадахгүйгээс хойш яалтай билээ. Урагшаа алхах, зүтгэхээс өөр замгүй.
-Таны амьдралд хамгийн том сургамж болсон бүтэлгүйтэл юу байв?
-Одоогоор айхтар бүтэлгүйтсэн, халаглахаар зүйл алга. Яах вэ, цаг хугацааг хий өнгөрүүлсэндээ харамсдаг. Тийм ч болохоор одоо аль болох олон зүйлийг зэрэг амжуулж, цагийг ашигтай өнгөрүүлэхийг хичээдэг юм.
-Сүүлийн үед залуус спортоор хичээллэх нь ихэсчээ. Та спортоор хичээллэдэг үү?
-Багадаа бие султай хүү байлаа. Биеийн тамирын хичээлээс зугтаадаг. Гэтэл зургадуур ангид байхдаа гар дээрээ суниаж чадалгүй сургуулийнхаа хүүхдүүдийн нүдэн дээр шившиг болсон. Тэр зун шарандаа бөх, сагсан бөмбөгийн секцэнд явж, өдөр бүр суниаж, дасгал хийдэг болсон.
Бас фитнесээр хичээллэдэг. Одоо намайг хэн ч харсан бие султай гэж хэлэхгүй л байх. Сагсан бөмбөг тоглох, үзэх дуртай. Би “Los-Angeles lakers” багийн дэмжигч. Нутагт нь очиж, тоглолтыг нь үзэхийг хүсдэг. Ойрын үед энэ хүслээ биелүүлнэ ээ.
-Ямар хоббитой вэ. Эрчүүдэд ан гөрөөнд явах, загасчлах гээд сонирхдог зүйл олон байдаг.
-Тиймэрхүү зүйл сонирхдоггүй ээ. Сүүлийн үед найзуудаа дагаад аялах сонирхолтой болсон.
-Стрессээ яаж тайлдаг юм бэ?
-Би жаахан зожиг. Гэртээ байх дуртай. Би амттай хоол идэх, хийх дуртай. Чөлөөт цаг гарвал хөгжим сонсож, кино үзэх дуртай. Ном уншина. Фитнесээр хичээллэдэг учраас бухимдах нь бага. Өглөө бүр гүйж хэвшсэн.
-Найруулагч аавын хүү юм чинь кинонд дуртай байх нь аргагүй. Ямар төрлийн кинонд дуртай вэ. Кино үзэхдээ өө хайж, сонжиж үздэг хүмүүс бий. Та хэрхэн үздэг вэ?
-Квентин Трантиногийн кинонд нугасгүй. Хийц, өгүүлэмж нь маш гоё. Ирэх 2020 онд нээх кинонд нь Леонардо ди Каприо, Брэд Питт нар тоглож буй юм билээ. Хурдан л үзмээр байна. Зарим киног ганц удаа үзэхэд л хангалттай. Гэтэл Квентин Трантиногийн киног дахин дахин үзмээр санагддаг. Уйддаггүй.
Үзэх бүрт өмнө нь анзаараагүй өнцөг, шийдэл хардаг. Бас хүүхэлдэйн кино үзэх дуртай. Ялангуяа супер баатруудтай кино. Киноноос өө хайдаг хүнд дургүй. Үйл явдалд нь хөтлөгдөж үзэх сонирхолтой шүү дээ.
-Өвөөгийнхөө тоглосон уран бүтээлүүдийг бүгдийг нь үзсэн байх. Аль дүрд нь хамгийн дуртай вэ?
-Яагаад ч юм эсрэг дүрүүдэд нь их дуртай. Амьдрал дээрх өвөөгөөс минь тэс өөр байдаг болохоор илүү сонирхолтой санагддаг байх.
-Тэгвэл аавынхаа найруулсан аль бүтээлд нь хайртай вэ?
-Аавынхаа бүх л уран бүтээлийг үзэж өссөн дөө. “Аюултай харилцаа” кино нь их таалагддаг. Хөндсөн сэдэв, хэлэх гэсэн санаа нь зөв. Бас дүүгээ тус кинонд тоглосныг нь үзээд их үнэлсэн. Маш чадварлаг тоглосон.
-Танд кинонд тоглуулах санал ирдэг үү. Олонд танигдсан хүмүүсийг мэргэжлийн, мэргэжлийн бус гэлгүй урьдаг найруулагч цөөнгүй байдаг.
-UBS телевизэд ажиллаж байхдаа тус хамт олны хоёр гурван киноны туслах дүрд орсон. Өөр хэдэн санал ирж байсан боловч зориглоогүй. Сэтгэлд кинонд тоглох мөрөөдөл бий боловч яг цагаа тулахаар “Бэлэн биш” гэж өөрийгөө голдог юм.