“MN 17” арт галерейд гэрэл зурагчин Б.Бат-Оргил, шаазан урлаач Л.Очирсүх, уран бичээч Ц.Тамир нарын хамтарсан үзэсгэлэн дэлгэжээ. “Аяатан” нэртэй тус үзэсгэлэнг санаачлан, зохион байгуулж буй Л.Лхамсүрэн “Би үнэртэнд дурлагч. Бен Горамын үүсгэн байгуулсан “Байредо” брэндийн үнэртний онцлог, түүх нь надад ийм ажил хийх сэдэл төрүүлсэн.
Б.Бат-Оргил үнэртнүүдээс авсан мэдрэмжээ зургийн хальсанд буулгасан. Үнэртэн болон, зурагчны бүтээлд зохицсон баримлуудыг Л.Очирсүх урласан юм. Бид үзэсгэлэнгээрээ үзэгчдийн таван мэдрэхүйг хөглөхийг хүссэн. Монгол хэв маяг оруулахаар уран бичээч Ц.Тамиртай хамтарлаа. Хүмүүс өөр өөр өнцгөөс харж, соргогоор харан, шинэлэг мэдрэмж авч, стрессээ тайлаасай” гэв.
“Аяатан”-д Б.Бат-Оргилын байгалийн, тэр дундаа усны тусгалыг харуулсан 50 бүтээлийг байрлуулжээ. Харах мэдрэмж хөглөх тэдгээр зургийн ихэнхийг Байгаль болон Хөвсгөл нууранд авсан байна. Түүнчлэн Л.Очирсүхийн 45 баримал байна. Тэнгэрийн хаяаг хүний мэдрэмжтэй зүйрлэн урласан баримлуудад үнэртэн шингээсэн нь харах, хүртэхээс гадна үнэрлэх мэдрэмжийг өдөөх аж.
Ц.Тамир бүсгүй хүний таван мэдрэхүйг магтан дуулсан “Үлэмжийн чанар” дууны шүлгийг урнаар бичсэн нь сонирхолтой өнгө нэмжээ. Үзэгчдийг сонирхолтой амт бүхий цайгаар дайлсан нь амтлах мэдрэмжийг нь “хөндөх” гэснийх аж.
Дашрамд дурдахад, аяатан гэдэг нь зургаан мэдрэхүй гэсэн утгатай санскрит үг аж. Таван мэдрэхүйг хөглөх цогц орчин бүрдүүлж, түүгээрээ хүмүүст гэгээн сэрэл, шинэ мэдрэмж, таашаал төрүүлэх зорилготой, зургаа дахь мэдрэхүйг илэрхийлэх “Аяатан” үзэсгэлэн энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ.