Монголын урлагийн ууган Хөгжим бүжгийн дунд сургууль 1957 онд төгөлдөр хуур, хийл, сонгодог бүжгийн анги нээж, монголчууд дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах гарааг эхлүүлсэн түүхтэй. Сургууль 1937 онд байгуулагдсан ч, ийнхүү 20 жилийн хойно Европын хөгжмийн урлагийн мэргэжилтэн бэлтгэж эхэлжээ. Төрөөс сонгодог урлаг хөгжүүлэх урт, богино хугацаатай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх болсноор дээрх гурван ангийг нээсэн бөгөөд улс даяар эрж хайн, хамгийн авьяастай хүүхэд, багачуудыг олж сургах аянд гарчээ.
Энэ нь манай улсад нэгдэлжих хөдөлгөөн ялахаас хоёр жилийн өмнөх явдал юм. Ингээд бодохоор энд намтар түүх, ажил, уран бүтээлийнх нь сонин сайхнаас уншигчдадаа хүргэх гэж буй төгөлдөр хуурч, багш, Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн ангийн анхны сурагчдын нэг, боловсролын болон соёлын тэргүүний ажилтан Г.Занаа бол Монголын сонгодог урлагийн хөгжлийн түүхийг А-гаас нь бичилцсэн мэргэжилтнүүдийн нэгэн болох нь ойлгогдоно. Түүний багын нэр Занаасэд.
Улсын нийслэлийн 11 дүгээр цэцэрлэгийн зургаа, долоон настнууд сурдаг ахлах бүлгийнхэн нэг өдөр ангидаа тоглож байтал орос багш нар орж ирэн хүүхдүүдээр дуулуулж, асууж ярилцан, гар, хурууг нь барьж үзэж байгаад явжээ. Түүнээс хойш олон хоног өнгөрсний дараа цэцэрлэгийн багш нь Занаасэдийг хоёр найзтай нь дагуулан нэгэн сургууль руу явж “зугаалуулжээ”.
Багш тэднийг улсын даалгавраар Хөгжим бүжгийн дунд сургуулийн элсэлтийн шалгалтад оруулсан аж. Том, дөрвөлжин хар юм дуугаргаснаа “Дагаад дуугар” гэж гэнэ. Ёсоор болгож. Дөрвөн нас хагастайдаа Баянхонгор аймгаас ирсэн, хотын хүүхдүүдтэй тоглох учраа арай ядан олж эхэлж байсан охин төгөлдөр хуур хөгжим хараа ч үгүй байж. Гэртээ хариад ээждээ ярихдаа хаан хуурыг том, дөрвөлжин хар юм дуугаргасан гэж хэлсэн.
Тэр намар нь охиныг цэцэрлэгт бус, харин хөгжмийн тусгай сургуульд оруулах болсон байв. Сургууль, цэцэрлэгийн жаалууд есдүгээр сарын 1-нд бүгд албандаа явж байхад Занаасэд гэртээ байж байлаа. Төрөөс Хөгжим бүжгийн дунд сургуулийг бие даасан, тусгай дунд боловсрол олгодог, оюутан, сурагчид нь тэтгэмжтэй сурдаг сургууль болгож, өөрөөр хэлбэл томоохон өөрчлөн зохион байгуулалт хийж байсныг бяцхан охин яаж мэдэх вэ.
Тухайн оны аравдугаар сарын 1-нд хичээл нь эхэллээ. Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурын анхны ангийг Г.Занаасэд, одоогийн “Хообий” сургуулийг үүсгэн байгуулагч, хөгжим судлаач, доктор Д.Оюунцэцэг, зохиолч, тухайн үеийн Соёлын яамны орлогч сайд байсан Ч.Лодойдамбын охин Л.Насанбат, Одоо БНХАУ-д ажиллаж буй С.Тунгалаг нарын 15 сурагчтай байгуулжээ. Мэргэжлийн багш нь А.С.Ипатов, туслах багш нь Пүрэвдаваа.
Занаасэдийн ээж Цэргийн гар үйлдвэрт оёдолчин, аав нь цэргийн прокурорт ажилтай. Эцэг, эх хоёр нь охин нь хөгжмийн тусгай сургуульд орсонд маш их баярлахын зэрэгцээ хүүхдээ сурах нөхцөлөөр сайтар хангах үүрэгтэйгээ ухамсарласан байв. Гомбожав, Лхасүрэн хоёр бол Занаасэд охины өргөж авсан аав, ээж хоёр нь юм. Төрүүлсэн эцэг, эх нь Баянхонгор аймгийн уугуул. Аавынх нь нэр Батсүх. Эрх дураар өссөн бяцхан жаал нийслэлээс томилолтоор очиж жил хэртэй ажилласан хосыг дагаад нийслэлд хүрээд ирсэн. Төрүүлсэн аав ээж нь “Охин сайн улс дагаад, Улаанбаатар үзнэ гээд явсан. Хэсэгтээ байж л байг.
Цэцэрлэгт оруулсан гэнэ лээ. Ойрхон төрсөн дүү нь нялх байгаа болохоор хот орж амжихгүй байна” гэж ярьж байснаасаа хойш долоон жилийн дараа хотод суурьшихаар ирсэн юм билээ. Тэр хооронд Занаасэд төгөлдөр хуурын ангийн сурагч болчихсон, дэлхийн суутнуудын зохиол бүтээлүүдээс тоглож Радиод бичүүлдэг мундаг охин болсон байжээ. Нэг удаа тэдний ангийнхан олуул Монголын радиод тоглолтоо бичүүлээд дуусахад тэндхийн ажилтан “Занаасэд гэж байна уу” гэж асууж гэнэ. “Би байна” гэж цовоо цолгиун дуугаар хэлэхэд нь өнөө ах “Аан, за за. Сайн л яваа юм байна” гэсэн нь Монголын радиогийн нэвтрүүлэгч Жанцан байв.
Тэрбээр Занаасэдийн нагац ах ажээ. Эгчийнх нь охин хотод байдаг, хөгжмийн сургуульд явдаг гэдгийг мэдэж байсан тул хүүхдүүд очиход нь сураглаж асуусан нь тэр байж л дээ. Сэргэлэн жаахан охин өрнөдийнхний хүүхдүүдийн адил төгөлдөр хуур хөгжим яралзтал тоглож, шоволзтол ёсолж байгааг нь хараад санаа нь амарч өөрийн эрхгүй тийн хэлсэн биз ээ. Төрүүлсэн аав ээж нь тавдугаар ангид байхад нь хотын айл болсон ч, охин өргөж авсан аав ээжийндээ байна гэснээр нэг мөр Гомбожавын охин болсон түүх энэ үеэс эхтэй.
Охиныг Хөгжим бүжгийн дунд сургуулийн долдугаар анги төгсөхөд ангийнх нь Д.Оюунцэцэг, Л.Насанбат, С.Тунгалаг, Б.Даваа нарын нарын хамт Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторийн дэргэдэх Хөгжмийн дунд сургуульд илгээв. Монголын төгөлдөр хуурын анхны мэргэжилтнүүдийг ийнхүү шат дараалсан чанартай сургалтаар бэлтгэх төлөвлөгөө хэрэгжүүлж байлаа.
ЗХУ-д явуулахаар гадаад паспорт олгохдоо яагаад ч юм, нэрийг нь Занаа гэж бичжээ. Түүнээс хойших бүхий л бичиг баримт нь Г.Занаа нэртэй. Энэ сургуулиа амжилттай дүүргэхэд, Г.Занааг төгөлдөр хуурын багш болгон мэргэшүүлэхээр Гнесиний нэрэмжит Хөгжмийн багшийн дээд сургуульд хуваарилсан байна. Найз Д.Оюунцэцэг нь П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторид хөгжмийн онолын мэргэжлээр сурах болжээ.
Оюутны амьдрал үргэлжилсээр. Монголчууд Улаанбаатар-Москвагийн галт тэргэнд адал явдал дүүрэн зорчсоор. Г.Занаа гуравдугаар курст байхдаа галт тэргэнд ирээдүйн хань Б.Дашилсүрэнтэй танилцав. Польш улсын их сургуульд эдийн засгийн мэргэжлээр сурдаг өндөр нуруутай хархүү хөгжимчин охинд “Хоёулаа үерхэе” гэхэд нь “Захидлаар л харилцаж байя” гэж гэнэ.
Соёлын яам залуусыг хойд хөршид сургуульд явуулахдаа анхааруулга өгч, эмэгтэй оюутнууд эрт гэрлэж болохгүйг онцгойлон сануулсан тул багш нар, эцэг эхийн захиасыг хууль мэт биелүүлдэг Г.Занаа охин шийдэмгий залуугаас “Захидлаар л харилцаж байя” хэмээн зай барьсан аж. Гэсэн ч амьдралд яарсан хосын анхны хүүхэд бүсгүй төгсөх курст байхад нь төржээ. Тавдугаар курсийн том эгчид хэн ч, юу ч хэлсэнгүй. Жилийн чөлөө авч хүүхдээ торниулах зуураа Хөгжим бүжгийн дунд сургуульдаа концертмейстерээр ажиллаж, гар хуруугаа хөдөлгөж байлаа.
Гнесиний нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурч, багш мэргэжлээр төгссөн мэргэжилтэн ээжийнхээ чиглүүлснээр төрөлх сургуульдаа багш болов. Уг нь Г.Занаа Дуурийн театрт ч юм уу, аль нэг урлагийн байгууллагад ажиллах сонирхолтой байлаа. Гэтэл ээж нь “Театр, чуулгынхан гэрийн бараа хардаггүй улс. Хөдөө бригадаар хэдэн сараар явчих юм. Гэртээ тогтвор суурьшилтай байсан нь дээр” гэж аминчлан хэлжээ. Хадам ээжийн хэлснийг нөхөр нь дэмжсэнээр төгөлдөр хуур чамбай тоглодог бүсгүй тайзан дээр жирэлзүүлж байхын оронд багшлах болов. Ийнхүү Г.Занаа тэртээх 1975 оноос өнөөг хүртэл 43 дахь жилдээ энэ л сургуульдаа төгөлдөр хуурын багшаар ажиллаж байна.
Г.Занаа мэргэжлийн төгөлдөр хуурын багшаар 40 гаруй жил ажиллахдаа 100 гаруй шавь төрүүлжээ. Өдгөө ДБЭТ-ын концертмейстер, Гавьяат жүжигчин Б.Солонго, Испани улсын Мадрид хотын Хөгжмийн дээд сургуулийн төгөлдөр хуурын багш Д.Мэндмаа, Консерваторийн багш, өнөө цагийн шилдэг концертмейстерүүдийн нэг О.Лхагвасүрэн, төгөлдөр хуурч, “Виртүс” академийн тэргүүн М.Цогбадрах, СУИС-ийн багш Б.Амгалан нар анхны шавь нар нь.
Анхны болон дунд үеийн шавь нар нь хойд хөршид голчлон үргэлжлүүлэн сурч ирсэн бол, сүүлийн үеийнхэн нь сонгодог урлаг өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад оджээ. Өдгөө Австри улсад суралцаж буй Т.Отгонбулган маш идэвхтэй тоглогч. Европт олон ч мэргэжлийн уралдаанд амжилттай оролцсон. Америкт Э.Ундрал, ХБНГУ-д Ч.Дөлгөөн сурч байна.
Консерваторийн залуу багш нар “Занаа багш хэтэрхий даруу. Өөрийнхөө тухай ярих гэж үгүй. Магтуулах болбол бүр ичдэг, хачин хүн байгаа юм” гэж байсан. “Багшийн ажлын үр дүн шавь нарынх нь амжилтаас харагддаг. Таныг хэд хэдэн зүйлээр анхдагч багш гэж байна. Та энэ талаар ярьж өгөөч” хэмээн нэлээд “ташуурдаж” байж ажил, амьдралынх нь замналаас яриулсан юм.
Тэрбээр “Төгөлдөр хуурын ангийн анхны сурагчид, анхны багш нарын нэг л дээ. Бас мэргэжлийн уралдаантай холбоотой анхдагч гэдэг үзүүлэлт байвал байх л юм. Бид эхэн үедээ хичээлээ л сайн заахаа боддог байсан болохоор сурагчдынхаа дунд уралдаан төдийлөн явуулдаггүй байсан юм. Тэгсэн, 1985 оны зун миний шавь, Хөгжим бүжгийн дунд сургуулийн наймдугаар ангийг түрүү жил нь онц төгсөөд Армен улсын Р.Меликяны нэрэмжит Хөгжмийн тусгай дунд сургуульд элссэн шавь М.Цогбадрах маань амралтаараа ирлээ.
Тэгэхдээ их л баяртайгаар “Багш аа, би Бүх холбоотын төгөлдөр хуурчдын уралдааны Кавказын тойрогт тусгай байр эзэлсэн” гэсэн юм. Тэгэхэд нь “Сайн байна, улам сайн сураарай” гэж хэлсэн л болохоос баяр хүргэсэн үү, үгүй юү, санадаггүй юм (инээв). Сүүлд бодоод байхад тэр нь, манай монгол оюутнуудын хувьд томоохон уралдаанд оролцож амжилт гаргасан анхны тохиолдлуудын нэг байсан ч юм болов уу. Дараа нь 1995 онд анх удаа Америкт хүүхэд уралдаанд авч явсан.
Одоо СУИС-д ажилладаг, концертмейстер Б.Амгалангаа дагуулаад явж байлаа. Тоглолтын бичлэгээ илгээсэн хүүхдүүдээс ганцаараа тэнцсэн байсан болохоор очсон. Монголчууд ардчилал гэж бүрэн ойлгоогүй, бараг Америк гэж хаа байдгийг гадарлахаас цаашгүй байсан үед “Уралдаанд орно” гээд онгоцонд сууж байлаа. Зардал байхгүй. Соёлын яамнаас 1000 ам.доллар зээлдэж яваад, уралдаанд сайн тоглож 1000 ам.доллароор шагнуулаад, өрөө төлж байлаа. Зээл авахад гэрийнх нь бүхий л эд хогшлыг битүүмжилж, цаас нааж билээ. Мэргэжлээрээ гадаадад уралдаанд орох гэж, хүүхдээ явуулах гэж хүүхэд, эцэг, эх тэгж зүтгэж байсан юм. Түүнээс хойш манайхан Америк руу олон удаа явсан. Энэ мэт тохиолдлуудыг анхдагч гэж хэлж байгаа байх” хэмээн ярьсан юм.
Америктай холбоотой бас нэгэн сонирхолтой түүх Г.Занаа багшид бий. 2000 онд шилдэг сурагчдаа дагуулаад Америкийн олон улсын уралдаанд оруулах гээд явлаа. Цаг агаар муудсанаас болоод онгоц саатжээ. Уралдаан эхлээд байдаг, монгол хүүхдүүд орон нутгийн тачигнасан онгоц, машин гээд байж болох бүхий л унаа хөлөглөн Виржина мужид ирэв. Хурдны замаар давхихад бүх хүүхдийн дотор муухай болж бөөлжжээ.
Царай муутай хэдэн хүн уралдаан болж буй танхимд очиход бага, дунд насны ангиллынхан тоглоод дуусчихаж. Ахлах насны ангилалд тоглох Ундармаад л ур чадвараа харуулах боломж үлдсэн байлаа. Охин чемоданаасаа даашинзаа гаргаж өмсөх гэтэл машиндаа орхисон байв. Тэгэхээр нь өмсөж явсан богино ханцуйтай цамц, спорт гуталтайгаа тайз руу гарлаа. Уралдааны дүн гарахад манай охин түрүүлсэн байжээ. Тоглож амжаагүй бага, дунд насны хүүхдүүдээ аргадаж, тайтгаруулах гэж хэдэн өдрийн турш оролдсон байна билээ.
Олон улсын уралдааны арвин туршлагатай Г.Занаа багш өдгөө Испани улсын Мадрид хотод жил бүр зохион байгуулж буй “Гранд Пиано” өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдааны санаачлагч, шүүгч. Энэхүү уралдааныг зохион байгуулагч нь түүний шавь Д.Мэндмаа юм.
Өргөж авсан аавындаа ганцаар өссөн Г.Занаа өдгөө долоон ачийн эмээ болжээ. Том хүүгийнх нь Канад улсад нэлээд хэдэн жил амьдарч байна. Тэднийх хоёр хүү, нэг охинтой. Дунд хүүгийнх нь энэ жил Америкт суурьшихаар очсон. Эднийх хоёр хүүтэй. Монголдоо байгаа бага хүүгийнх нь ойрхон төрсөн хоёр охинтой. Том болон дунд хүү нь ногоон картаар гадаад улс орнуудад ажиллахаар оджээ.
Г.Занаа багш “Манай нөхөр “Зөвхөн Монголдоо” гэсэн уриатай ажиллаж, амьдарч ирсэн хүн. Хүүхдүүддээ ч гэсэн тэгж ярьж, хэлж ирсэн. Гэтэл манай хоёр хүүгийн хэн хэн нь бүх юмаа бүтээсэн хойноо бид хоёрт явахаар боллоо гэж хэлж байгаа юм даа. Бодвол эрт хэлбэл аав зөвшөөрөхгүй гэж боддог байсан байх. Одоо бага хүүгийнх бас нэг өдөр явлаа гэх юм болов уу. Хүүхдүүд амьдралаа өөрсдөө зохион байгуулаад учраа олж байвал өвгөн бид хоёрын оролцоотой, үгүй болох л юм шиг байна.
Ямар ч байсан хөгжимтэй амьдралаа холбосных хөвгүүдээ сайхан сэтгэлтэй, эхнэр, хүүхдүүддээ зөөлөн эрчүүд болоход нь нөлөөлсөн болов уу гэж боддог. Манай нөхөр бас хөгжимд дуртай. Яаманд олон жил ажиллаад тэтгэвэртээ гармагцаа төгөлдөр хуурын наймаачин болчихдог юм байна. Нэлээд хэдэн жил Оросоос төгөлдөр хуур оруулж ирж худалдсан. Одоо л харин тааваараа байж байна” гэсэн юм. Хөгжим, тэр дундаа төгөлдөр хуурыг амьдралаа болгосон Монголын сонгодог хөгжмийн урлагийн анхдагч мэргэжилтнүүдийн нэг, Монгол Улсын Консерваторийн алдартай ахмад багш нарын нэг Г.Занаагийн хөгжим төвтэй амьдрал, замналын тухай товчхон сонирхуулахад энэ.