Гадаад орнуудад банк санхүүгийн байгууллага, бизнесийн томоохон компаниудад хариуцлагатай ажил хийдэг, эсвэл урлагийн тайзнаа өндөр амжилт гаргасан монголчуудаа энэхүү буландаа урин залж ярилцан, тэдний тухай бахархал дүүрэн бичиж ирсэн билээ. Харийн нутагт амьдралаа санаснаараа зохион байгуулж, цалин хөлс сайн авч, үр хүүхдээ хүссэнээрээ сургаж хүмүүжүүлэн сэтгэл санаа өндөр аж төрж байгаа монгол хүн олон.
Зарим нь ямар мэргэжилтэйгээсээ үл хамааран олдсон ажлыг голохгүй хийдэг. Хэн яах нь тэдний л хэрэг. Швед улсад хөгжмийн сургалтын “Сувдан өрөг” төв байгуулан ажиллаж буй Б.Эрдэнэсувдыг бид “Дэлхийн монгол” хэмээн онцолж байна. Өөрөө бол “Би эгэл жирийн багш. Ямар өндөрт авч үзэж байна вэ, болох юм уу” гэх байх. Тэр тийм даруу нэгэн.
Хөгжимчин, хөгжмийн багш, заах арга зүйч мэргэжилтэй, хүүхдүүдэд ёочин болон төгөлдөр хуур хөгжим хэрхэн тоглохыг заадаг тэрбээр яагаад “Дэлхийн монгол” вэ. Гол нь багш хүүхдэд хөгжим тоглохыг заагаад зогсохгүй, оршин суугаа хотынхоо монголчуудын оюун санаа, сэтгэлгээнд өөрчлөлтийн салхи сэвэлзүүлж эхэлсэн соён гэгээрүүлэгч гэдгээр нь “Дэлхийн монгол” хэмээн өргөмжилж буй юм.
Гадаадад амьдардаг монголчуудыг нийтэд нь аваад үзэхэд жижигхэн Монгол Улс гэж ойлгож болохоор. Манай улсын иргэдийн боловсрол, соёл, хөгжил ямар байдаг, гадаадын монголчуудынх яг ижил. Б.Эрдэнэсувд багш манай улсын дунд сургуулиуд дуу, хөгжмийн хичээлийг ор нэрийн төдий явуулж ирсний хор уршгийг алс холын хөгжилтэй орон Шведэд ажиллаж, амьдарч буй монголчуудын хөгжим, урлаг, хүүхдүүдийнхээ хүмүүжил, төлөвшилд хандаж буй байдлаас олж харжээ.
Багш “Энд амьдарч байгаа монголчууд, тэдний үр хүүхэд Монголдоо очно. Тэд боловсролтой, соёлтой, Монголоо мэддэг байх ёстой. Нэг үзүүлэлт нь хөгжмийн боловсрол. Хүүхэд ахуй насандаа хөгжим, урлагт дурласан залуус Монголдоо амьдарсан ч дадал, хэвщлээрээ соёл түгээгчид л байна. Тэд театр, хөгжмийн танхимд байнга очдог хүмүүс байх болно. ДБЭТ, Улсын филармони, урлагийн бусад байгууллагын уран бүтээлийн байнгын үзэгчид болно. Суурийг нь одоо энд тавих ёстой” гэж бодож ажлаа эхлүүлснийг нь аваад үзсэн ч, даяаршлын эриний тусгаар Монголоо гэсэн сэтгэлтэн.
Тэрбээр зургаан жилийн өмнө Швед улсад амьдрахаар очихдоо бусдын адил олдсон ажлуудыг хийж үзсэн. Гэтэл түүнийг эзэмшсэн мэргэжил нь зүгээр байлгахгүй хатгаад байжээ. “Хөгжим, хөгжим. Төгөлдөр хуур. Хүүхдүүдэд зааж сургах, үр дүнг нь харах. Эхэндээ бол ямар ч үндэстэн хүүхдэд хөгжим зааж болно.
Хүүхдийн хүмүүжил хөгжим төвтэй байвал хэзээд төлөв, хичээнгүй, эхэлсэн бол дуусгадаг дадалтай, зөв бодолтой хүн болж төлөвшдөг. Хүүхдэд, улмаар эцэг эхэд ийм эерэг хандлага төрүүлж, ажлаасаа урам авч амьдрах сан”. Тархи, сэтгэлд нь ийм бодол хөврөх Б.Эрдэнэсувд эхний ээлжинд тогтмол цалинтай ажлаа орхилгүй, хөгжим сурахыг үнэ сэтгэлээсээ хүссэн ганц нэг хүүхдэд төгөлдөр хуурын хичээл зааж байя гэж шийджээ. Ингээд 2013 оны дөрөвдүгээр сард зургаан настай араб охины гэрийн багш болов.
Дараахан нь Израиль улсаас ирсэн хос хүүхдээ даатгаснаар еврей шавьтай боллоо. Удалгүй “Сувдаа хүүхдүүдэд төгөлдөр хуур зааж байгаа юм байна” гэсэн яриа монголчуудын чихэнд хүрсээр, нэг, хоёроороо охид, хөвгүүдээ дагуулан ирж багштай уулздаг болжээ. Багш хүүхдүүдэд хөгжим сурах чин хүсэл эрмэлзэл байгаа, эсэхийг гол шалгуур болгон элсүүлж байв. Тасралтгүй, тууштай хичээллэхийн гол үндэс бол эцэг, эх, сурагчидтайгаа зорилгоо тодорхойлж, зорилтоо хэрхэн амжилттай гүйцэтгэх тал дээр зөвлөгөө зөвлөмжөөр хангаж, хамтдаа хөгжих юм хэмээн заах арга зүйч багш үзэж байв.
Нийслэлийн 50 дугаар сургуулийн дуу хөгжмийн сонгон суралцах ангид одоо үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын даргаар ажиллаж буй Т.Отгонсүрэнтэй тохой нийлүүлэн суудаг байсан Б.Эрдэнэсувд дур хүсэлдээ хөтлөгдсөөр хөгжим хэмээх нэг л замаар явсаар өдий хүрчээ. 1990 онд одоогийн “Монгени” цогцолбор сургуулийн ёочин хөгжмийн ангид орсон тэрбээр 1994 оноос Соёлын дээд сургуулийн дэргэдэх урлагийн бага лицей сургуульд ёочин, төгөлдөр хуур хөгжмөөр суралцаж эхэлсэн байна. 1999 онд СУИС-ийн Соёлын дээд сургуулийг хөгжимчин, хөгжмийн багш, арга зүйч мэргэжлээр төгсчээ.
Улаанбаатарт мэргэжлээрээ найман жил ажилласан ч залуу бүсгүй бусдын адил ахиухан орлого, амьдралын адал явдал хайсаар хөгжил нь ханасан Швед улсын нийслэл Стокгольм хотыг зорьсон түүхтэй. Өдгөө тэрбээр тус хотын төвд байрлах “Сувдан өрөг” хөгжмийн сургалтын төвийн багш, захирал. Дунд сургуулийнх нь ангийн найз, Морин хуурын чуулгын хөгжимчин, хөөмийч Н.Ашид, “Хөсөгтөн” хамтлагийн гишүүн хуурч, дууч В.Батзориг, ЦДБЭЧ-ын хөгжимчин Баттөр зэрэг нөхөд нь Сувдаа найзыгаа “Чи чадна аа, дандаа л чаддаг байсан” хэмээн дэмжин, зоригжуулж байв.
Сургалтын төв нээснээр ажил хийж мөнгө олдог, хураадаг биш, эсрэгээрээ цуглуулснаа зарж, үрдэг хүн болж хувирчээ. Анги танхим тохижуулах, хичээлийн хэрэгсэл бэлтгэх зэрэгт чамгүй хөрөнгө зарав. Нэгэнт шийдсэн тул үр дүн гаргахын төлөө хичээх ч элдэв саад бэрхшээлтэй тулгараад сэтгэлээр унах өдөр олон байжээ. Материаллаг талын асуудлыг шийдэж болох ч суралцагч хүүхдүүд, тэдний эцэг эхтэй холбоотой асуудал амаргүй.
Хамгийн гол нь хүмүүс хөгжим заах, сурах гэдэг нь гарын үзүүрийн төдий амархан ажил гэж боддогт, түүнээс үүдэн гаргах ааш авир гэдэг хэцүү даваанууд байжээ. Хүүхдүүдийнхээ сурах идэвхийг өрнүүлэх зорилгоор янз бүрийн ажил сэдэж зохион байгуулахад аав, ээжийн зүгээс “Хүүхэд хөгжим тоглож сурах нь л гол. Түүнээс биш наад олон илүү ажил чинь хэрэггүй” гэж байж. Уг нь хүүхдүүд дуртай байдаг. Гэтэл эцэг эх нь төвөгшөөх.
Хүүхдээ зөөх, давтуулахаас халширдаг гэнэ. Хүүхдүүд зохион байгуулж буй ажилд бүгдээрээ оролцохгүй болохоор төлөвлөсөн зүйл бүтэхгүй, бүр нурах нь бий. Ийм тохиолдол нэг бус удаа болоход багш шантарч, “Больдог ч юм уу, хүмүүс ойлгохгүй байхад би ганцаараа зүтгээд яах юм” гэж бодоод, өөрийг нь үнэлдэг зарим эцэг эхтэй санал солилцож л дээ. Тэгэхэд нь “Галт тэрэг хөдлөөд замынхаа дунд явж байхад ингэж ухарч болохгүй.
Урагшаа яваад бай. Хүрэх газраа очно” гэж тайтгаруулж байжээ. Харин одоо багш өөр бодолтой болсон. Тэрбээр “Хүүхдүүдийг хөгжим, урлагт ойр байлгаж, төлөвшил сайтай, улс орондоо хэрэгтэй хүн болоход нь туслахсан гэж боддог болохоор ийм ажил хийдэг. Аливаад хөнгөн, хуурамч ханддаггүй. Бүхнийг гүйцэд, санасандаа хүртэл хийж байж санаа амардаг зантай. Үүнээсээ болж заримдаа өөртөө төдийгүй, өрөөлд төвөг удах юм.
Эхэн үедээ “Хичээл заалгаад л явъя, цаг барсан элдэв зүйл хэрэггүй” гэдэг байсан эцэг, эхчүүд сүүлдээ хөгжим сурах, сургах гэдэг бол багш, суралцагсад, аав, ээжийн хамтын ажил юм байна гэдгийг хүлээн зөвшөөрснөөр их идэвхтэй байдаг болсон. Одоо бол би баярлаж байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ улсад амьдарч буй олон гэр бүлийн хүүхдийг, аав ээжтэй нь хамт хөгжимд дуртай болгосноо анзаарсан. Одоо миний шавь нар хэнээр ч хэлүүлэлгүй хөгжмөө давтдаг. Хөгжмийн концерт сонсдог, театрт дуртай болсон. Сонирхол нь энэ зүгт чиглэсэн. Миний зорьсон үр дүн энэ байлаа. Сэтгэл хангалуун байна” хэмээн ярьж байна.
Б.Эрдэнэсувд багш өөртөө ажил, ажлын байр бий болгосон шигээ төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахдаа өөрөө л санхүүжүүлдэг. Сурагчдынхаа дунд уралдаан зарлаж шагнана. Сургалтын чанар сайжирсныг түүний шавь, таван настайгаасаа хичээл заалгасан Т.Шүүдэрийн амжилтаар хэмжиж болно. Бяцхан охин 2016 онд “Lidingц skola” сургуулийн хоёрдугаар ангид сурч байхдаа “Сувдан өрөг” төвөөс зохион байгуулсан уралдаанд “Бага ангийн багшдаа баярлалаа” дууг төгөлдөр хуурт тоглох ур чадвараар тэргүүлжээ.
Дараа жил нь Испани улсад болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд оролцож мөнгөн медаль хүртсэн. Энэ онд Швед улсад болсон “Steinway piano” их наадамд амжилттай оролцсон бөгөөд өдгөө Шведийн “Лилла” хөгжмийн академид суралцаж байгаа юм байна. Охиныг академийнх нь мэргэжлийн багш төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд бэлтгүүлнэ гэж буй аж.
Хөгжмийн “А” заасан шавь нь энэ хүртэл явж чадсанд Б.Эрдэнэсувд юу юунаас илүү баяртай байлгүй яах вэ. Охиныг таван настайд нь хөгжим сурах хүүхэд юм гэж гэж олж хараад, заая гэхэд эмээ нь “Манай энэ сурахгүй ээ” гэж цааргалж байсан түүхтэй аж. Харин одоо эмээ нь багштай байнгын харилцаатай байдаг бөгөөд байсхийгээд тэртээ хэдэн жилийн өмнө тэгж хэлж байсандаа уучлалт гуйдаг гэнэ.
Өнгөрсөн хавар “Сувдан өрөг” төвийнхөө таван жилийн ойг тэмдэглэнгээ долоо дахь удаагийн тайлан тоглолтоо хийхийн зэрэгцээ Шведийн, Нобелийн шагнал гардуулах ёслол болдог “Концерт хусет” тайзнаа дөрвөн шавиа амжилттай тоглуулжээ. Шавь нар нь тоглолтын дараа “Багш аа, “Стэйнвэй” төгөлдөр хуураар тоглох ямар гоё юм бэ” гэж ам өрсөн сайрхаж гэнэ. Б.Эрдэнэсувд шавь нарынх нь хэн нь ч төгөлдөр хуурын чанарыг төвөггүй танисанд бас л баярлажээ.
Багш эх орондоо болж буй соёл урлагийн салбарын үйл явдлыг анхааралтай ажигладаг. Тэрбээр Монголын их урлагийн уран бүтээлчдийн шилдгүүдийг нэгэн тайзнаа тоглуулдаг “Виртуозо гала концерт” зохион байгуулагчдын зүтгэлийг үнэлж, өөрийн хувь нэмрээ оруулахаар шийдэн, тухайн жилд тус концертод уригдаж тоглосон бяцхан хөгжимчдийг шагнаж урамшуулдаг болжээ.
Тэрбээр “Боломжтой үедээ сайн үйлсийг, түүнийг бүтээгчдийг дэмжиж байх ёстой. Хамтын хүчээр сайн сайхан нийгмийг бүтээнэ шүү дээ” хэмээн ярьж байна. Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын эмчилгээний зардалд нэмэр болох гэсэн сурагчдын эцэг, эхчүүдийн хүсэлтийг биелүүлэн хөгжмийн зохиолчийн гэрийнхэнтэй холбогдож байлаа.
Бас нэг зүйлд багш сэтгэл хангалуун байдаг. Гадаадад амьдарч байгаа монгол хүүхдүүд эх хэлээрээ хөгжмийн хичээл заалгах нь төрөлх хэлээ мэдэж байх, үндэстнийхээ соёл, уламжлалын талаар мэдээлэл, мэдлэгтэй байхад нь тустай гэж үздэг. Үнэндээ зарим хүүхэдтэй монголоор ойлголцох хэцүү, монгол, швед хэл хольж ярьдаг ч, нэг өдөр нэг ч гэсэн монгол үг ойлгуулж чадсандаа сэтгэл давхар ханадаг гэсэн.
Багш “2018-2019 оны хичээлийн жилд 20 сурагчтай ажиллаж байна. Сурагчид маань мажор, минорын үндсэн дасгал болох гадаадын болон Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээл этюд, сонат, хамсрал клавир зэрэг олон төрлөөр ур чадвараа хөгжүүлж, жил бүр нээлттэй тайлан концертод тоглож байгаа. Сурагчдад чанартай, системтэй хөгжмийн боловсрол олгох ажил минь үргэлжилж байна.
Цаашид хөгжимд, урлагт, улмаар сайн сайхан, гоё бүхэнд тэмүүлэх, соёлтой, хөгжимлөг үзэгчдийн тоог олшруулах зорилготой ажиллана. Монголдоо эзэмшсэн мэргэжлээрээ гадаад оронд монголчуудынхаа хөгжилд нэмэр болохуйц ажил хийж болдог юм байна” гэлээ.