“Учиртай 3” киноны Юндэн, “Содура” киноны Акод, “Бид 3-ын болзоо”, “Саарал хүн” зэрэг кинонд тоглосон дүрээрээ уншигчдын маань эчнээ О.Амгаланбаатартай ярилцлаа. Хэдий жүжигчний мэргэжил эзэмшээгүй ч гэсэн кинонд тоглох санал тасралтгүй ирсээр байгаа авьяаслаг залуутай хэрхэн хөөрөлдсөнийг ярилцлагаас сонирхоорой.
-Зуныг хэрхэн өнгөрөөж байна. Амарч байна уу, ажиллаж байна уу?
-Энэ зун өөрийн нутаг Булган аймаг руу явж, 80 жилийн ойдоо орчихоод ирлээ. Одоо арван ангит кинонд тоглож байна. Ойрын үед зургийн хуваарь шахуу байгаа учраас ачаалал ихтэй ажиллаж байна.
-Зураг авалтаар хөдөө гадаа их явдаг байх. Та манай уншигчдад маань аялвал таатай Монголын үзэсгэлэнт газруудаас санал болгооч?
-Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар их явж байсан. Одоо надад аялаагүй гурван аймаг л үлдчихээд байгаа. Ирэх жил гэхэд үлдсэн газруудаа дуусгах төлөвлөгөөтэй байна. Хамгийн удаан зураг авалтад орсон болоод ч тэр үү Хөвсгөл бол гайхалтай газар гэж хэлнэ. Мөн Өмнөговь, манай Булган аймаг гээд монгол орны маань ихэнх газар үзэж харах юм ихтэй. Тийм учраас залуус маань жилд хэд хэдэн аймгаар явж үзээсэй. Зүгээр гоё газруудаар нь очих биш тойрон аялал хийвэл бүр ч сайхан гэж боддог.
-Хэдий жүжигчний мэргэжил эзэмшээгүй ч гэсэн танд киноны гол болон туслах дүрд тоглох санал тасралтгүй ирсээр байна. Та урлагийг сонгоогүй урлаг таныг сонгочихсон юм уу гэмээр. Хувь тавилан байдаг гэдэгт итгэдэг үү?
-Урлаг намайг сонгосон гэж хэлүүлэхээс бол санаа зовж байна. Гэхдээ хувь тавилангаар урлагтай холбогдсон гэдэгт бол итгэдэг. Амьдралд өөрөө сонгож болох юм гэж байдаг боловч зөрөхийн аргагүй хувь тавилан бас байна. Одоогоос арван жилийн өмнө өнөөдрийн байгаа дүр зургаа төсөөлж чадахгүй л байлаа. Гэхдээ одоо болон өнгөрсөндөө харамсдаггүй. Ирээдүйгээ л гайхалтай бүтээх юмсан гэж боддог.
-Өөрийгөө царай муутай, сул дорой гэж мэдэрч байсан үе бий юу?
-Бүрэн төлөвшөөгүй байх үед хүний үзэл бодол эмзэг турихан байдаг. Нэг охин үерхэж байгаад больё гээд хэлчихээр л өөрийгөө голоод эхэлнэ дээ. Миний юу болохгүй байгаа юм бол "Би царай муутай байсан юм болов уу" гэж бодож байсан үе бий. Гэхдээ одоо иймэрхүү бодлоос ангижирч эхэлж л байх шиг байна.
-"3 дугаар ангид байхаасаа л кино зохиол бичихийг хүсдэг байсан" гэж нэгэн ярилцлагадаа өгсөн байсан. Сайхан мөрөөдөл байна лээ. Таны анхны дүр ч байсан зохиолч залуугийн дүр юм байна. Өдрийн тэмдэглэл хөтөлдөг үү? Хэрэв бичдэг бол тэмдэглэлээсээ хэдэн мөрт хуваалцана уу?
- Кино хийдэг хүн болохсон, зохиолыг нь бичих юмсан гэж боддог байсан. Бодоод байсан чинь анхны кино маань Хангай гээд зохиолч залуугийн дүр юм байна шүү дээ. Ёстой бодож байгаагүй юм байна. “Учиртай гурав” киногоор урлагт хөл тавьсан болохоор бэлгэшээлтэй л санагдаж байна. Кинотой ямар нэг сэжмээр холбогдоод явж байгаа болохоор санаж явахад бүтэх байх гэж найддаг. Өдрийн тэмдэглэлийн хувьд хөтөлдөг шүү. Хамгийн сүүлд дэвтэр дээрээ
Шашин бол итгэлийн соёл, харин Шинжлэх ухаан бол эргэлзээний соёл ~ Ричард Фейнман
Religion is a culture of faith; science is a culture of doubt ~ Richard Feynman
Ийм нэг үгийг тэмдэглэж авсан байна.
-Ном уншдаг байх. Уншигчдад маань хэдэн ном санал болгооч. Мөн дуртай номынхоо сэтгэлд үлдсэн хэсгээс хуваалцаж болох уу?
-Уран зохиолын ном унших дуртай болоод байгаа. Эмэгтэй яруу найрагчдын номыг тэр дундаа Л.Өлзийтөгс, Р.Эмүжингийн яруу найргийн номыг уншдаг.
Харин сүүлийн үед "Есөн зууны сонгодог бадагууд" номын "Голын тохой дээр" гээд шүлгийн дөрвөн мөрт аманд орчихсон байна лээ.
Амьдрал мөнхийн зүүдэнд тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулсан ч жаргал амтагдахаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэгдэх инээмсэглэлт минь... гээд тайтгаруулмаар сайхан шүлэг байдаг.
-Тоглохыг хүсдэг дүр байгаа юу?
-Би сөрөг дүрд тоглох юм сан гэж боддог болсон. Удахгүй тоглочих юм шиг совин татаад байгаа. Мундаг жүжигчдийн зөвлөгөөг сонсож байхад өөрийн үндсэн зан чанараас тэс өөр дүрд дээр ажиллах хэрэгтэй. Тэгж байж хүн задарч өөрчлөгддөг гэх юм билээ. Тэгэхээр байдаг л нэг Амгаа биш сөрөг дүрд эсвэл инээдмийн дүрд тоглох юмсан гэж бодоод байгаа.
-Нийгэмд тулгараад байгаа эмзэглэж явдаг сэдвээсээ хуваалцана уу?
-Хүмүүсийн харилцаа, хандлага л их санаа зовоодог болоод байгаа. Бүх юмыг гоочилдог, өөчилдөг болчихсон юм шиг. Магадгүй нийгэм тэр чигээрээ таалагдахгүй байна гэдэг тухайн хүн өөрөө өөртөө хүртэл таалагдахгүй болчихсон явж байгаагийн илрэл байх. Тэгэхээр хандлагаа өөрчлөхгүй л бол нөгөө айхтар хөгжилд хүрнэ гэж худлаа байхдаа гэж боддог. Сошиалаар явж байгаа сэтгэгдлүүдийг харахаар хүмүүс хийх юм нь олддоггүй юм уу. Өөрт нь ямар ч хамаагүй юмыг муулж таашаал авдаг болчихжээ. Хэрэв өөрт хамаагүй бол хэлээ хазаад өнгөрч сурах хэрэгтэй. Юм болгон дээр хошуу нэмээд байгаа хүн өөрийнх нь яриад байгаа зүйл бодит эсэхийг мэдэхгүй явж байгаа гэдэг асуудал.
-Мартахгүй байхыг магадгүй хайр гэдэг байх. Мартагддагүй, сэтгэлд хадгалагдаж үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?
-"Мартахгүй байхыг хайр" гэдгээс арай л өөр бодолтой байна. Хайртай мөртлөө мартахыг хүсэх үе гардаг. Он цагийн эрхээр мартсан эсвэл өөр хэн нэгнээр орлуулсан боловч тухайн цаг үедээ үнэхээр хайр байсан тийм тохиолдол байгаа. Мартагдахгүй удсан гэвэл анхны хайр сэтгэлд тод үлддэг гэдэг үнэн байх. Жаахан байхдаа үерхэж байсан охин маань Америк яваад их удсан. Тэндээ өөр залуутай болсон. Тухайн үед санаж, мартахад хэцүү санагдаж байсан юм байна.
-Харамсаж явдаг зүйл бий юу?
-Хүмүүс хүүхэд насаа, оюутан цагаа, шинэхэн ажилтан байсан үеэ хожим дурсаж ярихдаа "сайхан цаг байж дээ" гэдэг. Цаанаа л нэг тухайн цагтаа сайхныг нь мэдрээгүй аястай. Эргэж буцахгүй цаг хугацааг хэчнээн дахин хүсэвч энэ хэзээ ч боломжгүй зүйл. Хамгийн зөв гаргалгаа нь харамсахгүйгээр өнөөдрийг өнгөрөөж бас үнэлж сурах л юм билээ. Бидний бүх л цаг үед бэрхшээл байсан. Байх ч болно. Гэвч тэр болгоныг тэсэж даваад ирсэн нь үнэн биздээ. Тиймээс асуудал, бэрхшээл болгоныг асар том зүйл болгож амьдралынхаа үнэт цагаас сайхныг нь харж чадалгүй өнгөрөөх юутай харамсалтай. Борооны дараах үнэр, хэн нэгний сэтгэл сэргэтэл харсан харц, түүнээс үлдсэн догдлол, өлсөж идсэн хоол тэр бүү хэл тэсэж тэсэж хөнгөрөх тэр мэдрэмжийн хажууд бүтэлгүй хайр, тарчигхан амьдрал, нөгөө хэний өөрөөс чинь илүү явах бүгд ямар ч үнэ цэнэгүй зүйлс. Сүүлийн хэд хоног хагас нойртой кинонд орж явна. Ядарч яваагаа гайхан, ял болгож яривал ярихаар. Яах юм бэ, өнөөдөр намайг гол дүрд тоож тоглуулж байгаа залуу насандаа талархах нь ядрахаас яавч дээр л байж таарна. Хожмоо хэчнээн хүсэвч цаг хугацаа бүхнийг байранд нь тавьсан байж болно шүү дээ. Бага яларх, бага шүүмжил, бага бие биенээ муул. Их хайрла, их мэдэр, хэрэггүй зүйлийг зүгээр л орхи.
-Амьдрал заавартайгаа ирдэггүй болохоор алдсан ч хамаагүй залуу байгаа дээрээ хийе, бүтээе гэж боддог төрлийн хүн юм шиг байна. Хөгширхөөсөө өмнө хийхийг хүсдэг зүйл юу вэ?
-Залуу хүн алдахаас айгаад хойш суугаад байж болохгүй байх шүү. Одоо бүр ч илүү өөрийгөө дайчлах цаг гэж бодож байна. Тиймээс надад хувийн амьдрал, ажил төрөл дээрээ хийе гэж бодсон зүйл их байна. Гэхдээ хэлээд яриад байвал биелэхгүй гэдэгт итгэдэг учраас түр нууц байлгая. Хийснийхээ дараа харин энийг бодож байсан юм гэж хэлнэ.
-Танд миний асуугаагүй хэлэхийг хүссэн зүйл байна уу?
-Хэлэн дээр юм гарчихаад, шулга яриад баларч байна. Ер нь ярилцлага өгөхөөс санаа зовоод байдаг юм. Ирээдүйд хийхийг хүссэн зүйлийнхээ зах зухаас бүтээчихээд алдаа оноо нь ийм байжээ гээд ярих цаг ирэх байх. Тэр сайхан цагт эргэн уулзахын ерөөлийг тавья даа.