Граффит гэдгийг үг бичих төдийхнөөр ойлгодог байсан цаг бий. Гэтэл эл төрөл улам хөгжсөөр байна. Гудамжны урлагийн нэг төрөл болох граффитаар дагнан уран бүтээл туурвиж, Монголдоо төдийгүй олон улсад зургаа “байрлуулчихсан” уран бүтээлч бол Х.Хоснаран.
Тэрбээр өдгөө Австрали улсад ажиллаж, амьдардаг. Өвөрмөц шийдэл, содон дүрслэл, тод өнгөөр “тоглодог”, Хээско нэрээр олонд танигдсан эл уран бүтээлчтэй ярилцлаа.
-Таныг МУИС-д олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байсан ч орхиж, Австрали руу явсан гэж сонссон. Тэнд очсон хойноо зураач мэргэжил эзэмшсэн юм уу?
-1997 онд дунд сургуулиа төгсөөд МУИС-д жил гаран суралцаад, 1999 онд Австрали руу явсан. Очоод олон улсын бизнесийн чиглэлээр үргэлжлүүлэн сурсан.
Дараа нь Сиднейн их сургуулийн Урлагийн сургуульд орчин үеийн урлаг, тэр дундаа контемпорари арт, уран зураг, хэвлэлийн чиглэлээр суралцаж, 2005 онд төгссөн. Австралид амьдраад 19 жил болжээ.
-Багаасаа зурах дуртай байв уу?
-Миний аав архитектор байлаа. Нэлээд гарын дүйтэй, сайхан зурдаг хүн байв. Дүрслэх урлагийн дунд сургуульд сурч байсан ч төгсөөгүй. Багадаа аавынхаа зурахыг харж өссөн болохоор энэ мэргэжилд дурласан байх.
Дөрөв, тавдугаар ангид байхад аав минь намайг хажуудаа суулгаад хүний биеийн харьцааг хэрхэн хялбар аргаар дүрсэлж болдог тухай тайлбарлаж заасан нь одоо ч санаанаас гардаггүй юм.
-Гадаадын урлагийн сургуульд суралцахад бэрхшээл тулгарч байв уу. Тэндхийн сургалтын арга барил манайхаас их ялгаатай юу?
-Эхэндээ ч нэлээд самгардсан. Бусад улсын оюутнууд урлагийн өргөн мэдлэгтэй, хэдийнэ төлөвшчихсөн байв. Гэтэл надад суурь мэдлэг ч байхгүй. Манай дунд сургуульд тэр чиглэлийн хичээл заадаггүй юм чинь аргагүй шүү дээ.
Бүгдийг эхнээс нь судалж, багшийн заасан зүйлийг илүү “ухаж” байж ангийнхныгаа гүйцдэг байв.
-Таныг сурч байхад монгол оюутан өөр байгаагүй юм уу?
-Намайг сурч байхад битгий хэл, манай сургуулийн түүхэнд монгол хүн суралцсан тохиолдол байхгүй юм билээ.
-Сэтгэлгээний хувьд ялгаатай байсан нь ойлгомжтой. Гэхдээ нөгөө талаас ангийнхан тань бүгд л сургуулийнхаа ганц монгол оюутны гараас ямар бүтээл гарахыг сонирхож, сонждог байсан байх.
-Маш их ялгаатай санагддаг байв. Наад зах нь ямар чиглэлээр илүү судалж, уран бүтээл хийхийг хүсэж буйгаа багшдаа хэлэхэд л гайхна. Миний зурсан зургуудыг хараад хачирхана.
Нэг талаас тус сургуульд сурдаг ганц монгол оюутан болохоор бусдаас онцгойрох их амархан. Гэхдээ нөлөө талаас тэр олон хүн миний бүтээснийг ойлгохгүй, хүлээж авахгүй бол яана гэж эмээдэг байлаа.
-Уран зураг, контемпорари арт чиглэлээр төгссөн хүн хэрхэн гудамжны урлагийн нэг төрлийг сонирхож, уран бүтээл хийхээр шийдэв?
-Дунд сургуулийн сурагч байхдаа энэ чиглэлээр уран бүтээл хийнэ гэж огт бодож байгаагүй. Харин комикс ном их сонирхдог байсан. Зурахаар ч оролддог байв. Комикс зурахын тулд зөвхөн гол баатрыг бус, бүх л дүр, орчин, эдлэл хэрэглэлийг нь маш сайн дүрсэлж чаддаг байх ёстой.
Зураач мэргэжил эзэмшсэнийхээ дараа “Би юу хийх вэ. Ямар төрлөөр уран бүтээл туурвих вэ” гэж их бодсон. Тэр үед гудамжны урлаг хүчээ авч, хүмүүс ч сонирхож эхэлсэн. Яагаад ч юм миний сонирхол, хүсэл, дотоод ертөнцийг бүгдийг нь багтаасан урлагийн төрөл мэт санагдсан.
-Хамгийн анх хаана ямар зураг зурж байв?
-Манай сургууль оюутан бүрт урлан гаргаж өгдөг. Багш минь бидэнд урлангаа өөр өөрсдийн мэдрэмжээр тохижуулах боломж олгосон. Тухайн үед би ихэвчлэн А4, А3 хэмжээтэй хар, цагаан зураг зурдаг байлаа.
Харин багш намайг “Чи хар, цагаанаар маш сайн зурдаг. Одоо өнгөөр “тоглож” сур. Мөн бүтээлийн хэмжээгээ томруул. Зурна гэдэг зөвхөн хуруу, гараа хөдөлгөж хийдэг зүйл биш. Бүх биеэ ашигла” гэсэн нь надад их нөлөөлсөн. Ингээд урлангийнхаа хананд анхны бүтээлээ зурж байлаа.
-“Панк” Чингис хаан, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаярын хөрөг зэргээс авхуулаад залуус таны бүтээлүүдийг андахгүй мэддэг болжээ. Ингэхэд та хэчнээн хотын барилгын хананд зурсан бэ?
-2010 оноос хойш гээд бодохоор нэлээд тоо гарах байх. Долоо хоног бүр л нэг зураг зурдаг. Ихэнх бүтээл Австралийн Мельбурн хотод бий. Сиднейд бас нэлээд хэдийг зурсан. Ойролцоох муж, орон нутгаар ч нэлээд явсан.
Би АНУ-ын Нью-Йорк хотод дөрвөн удаа аялсан. Очих бүртээ зурсан. Вьетнамд бас зурж байлаа. Монголдоо ирэхээрээ бас зурдаг.
-Барилга, байгууламжийн ханан дээр зурахдаа зөвшөөрөл авдаг уу?
-Тухайн ханан дээр өөр хэн нэгэн эрээччихсэн байвал дараад л зурчихдаг. Гэхдээ орон сууцны СӨХ, байгууллагын удирдлагаас бол мэдээж зөвшөөрөл авдаг. Сүүлд гэхэд “Regency residence” хотхоны хойд хаалганы харалдаа автомашины зогсоолын ханан дээр зурсан.
Гэрийнхэн минь тэнд амьдардаг болохоор очих бүртээ л тэр ханыг хардаг байсан юм. СӨХ нь зөвшөөрвөл дээр нь зурчих юм сан гээд л. Харин сая Улсын баяр наадмын үеэр ашгүй тэр зогсоол эзгүйрч, би ч зурсан.
-Тэгвэл гадаадад яаж зөвшөөрөл авдаг бол?
-Ялгаагүй дээ. Гэхдээ Австралийн муж бүрийн хууль, захирамж өөр. Миний амьдардаг мужид тухайн орон сууцны оршин суугчид, байгууламжийн эзэн зөвшөөрвөл зурж болно.
-Бүтээлийг тань дараад, өөр хэн нэгэн зурчихсан, эсвэл сарааччихсан байхыг хараад гонсойдог уу?
-Байдаг л зүйл. Бүр эвлэрчихсэн. Угаасаа граффит гэдэг зүйлийн онцлог нь зурлаа, зурж дуусаад зургийг нь дарлаа, тэгээд л боллоо. Хамгийн гол нь баримтжуулж үлдэх л чухал.
Нэгэнт л нийтийн эзэмшлийн талбай, ханан дээр зурдаг учраас тийм тохиолдол гарахгүй байна гэж үгүй. Хэн нэгэн дарахгүй байлаа ч будаг нь гандана, халцарна. Бүтээл дарагдалгүй удах нь хүмүүст таалагдсаны илрэл юм.
-Таны зурсан хамгийн том хэмжээтэй бүтээл хаана байдаг вэ?
-Өнгөрсөн жил 22 метр өндөр, 60 метр урт, үр, тариа хураадаг агуулахын ханан дээр зурсан. 22 метр гэдэг долоо, найман давхар байшинтай тэнцэнэ шүү дээ. Хориод хоногийн дотор ганцаараа зурж дуусгасан.
Нээрэн, тэр бүтээл минь саяхан Австралид шуудангийн марк болж хэвлэгдсэн. Нэг ам.доллароор худалдаанд гарсан байна лээ. Тэр бүтээлээрээ хэд хэдэн шагнал ч хүртсэн.
-Бүтээлүүддээ дандаа тод өнгө ашигладаг юм билээ. Граффит заавал тод өнгөтэй байх ёстой юу?
-Заавал тод байх албагүй. Хар, цагаанаар зурдаг хүмүүс ч бий шүү дээ. Миний хувьд өнгөний тухай ойлголт, мэдрэмж тийм гэх юм уу даа. Оюутан байхад багш минь “Улаан, цэнхэр, шар, хар, цагаан зэрэг суурь өнгийг ашиглан зэгэл саарал өнгө гарга” гэсэн даалгавар өгсөн юм. Тэр үед янз бүрээр туршиж, өнгөний зохицол, шинж чанарын тухай судалсан.
Гэхдээ өнгө сонгох, ямар өнгөний хажууд ямрыг зохицуулах нь тухайн уран бүтээлчийн мэдрэмж. Хүн бүрт л дуртай, татагддаг өнгө байдаг шүү дээ. Би бол тод өнгөөр “тоглох” дуртай. Яагаад ч юм миний улаан, улбар шар, шар, хар өнгийн будаг хамгийн түрүүнд дуусдаг. Тэгэхээр эдгээр өнгийг илүү ашигладаг, дурладаг байж таарах нь.
-Зураач хүнд дургүй өнгө байдаг уу?
-Дургүй гэхээсээ илүү ажиллахыг хүсдэггүй өнгө бий. Цайвар ногоон мэтийн пастель өнгийг нэг их ашигладаггүй.
-Бүтээлүүдийн тань зохиомж бас их өвөрмөц. Зохиомжоо хэрхэн гаргадаг вэ?
-Эхэндээ ч янз бүрээр зурдаг, оролддог байлаа. Одоо бол технологийн дэвшлийг дагаад компьютероор л гаргачихдаг болсон. Ялангуяа захиалгаар зурах үед зохиомжоо ингэж гаргавал илүү амар байдаг юм. Захиалагчид зохиомжоо харуулахад ойлгомжтой, тэдний хүссэн санааг тусгах, засахад хялбар.
-Захиалгаар зурах үед өөрийн хүслээс илүү бусдын сэтгэлд нийцүүлэх ёстой болдог байх. Тийм үед уран бүтээлч хүнд таагүй мэдрэмж төрдөг үү?
-Одоо бол аль болох уян хатан байхыг хичээдэг. Их сургууль төгссөний дараахан их эмзэглэдэг байлаа. Мөнгөний төлөө зураг зурж буй мэт санагдаад л. Гэхдээ уран бүтээлч хүн чадвар, мэргэжлээ ашиглан мөнгө олоход буруу зүйл байхгүй шүү дээ. Сурахынхаа хажуугаар тогооч, зөөгч, ачигч гээд л хар бор ажил хийдэг байлаа. Гэтэл дуртай зүйлээ хийн мөнгө олох боломж гарахад ашиглахгүй яах билээ.
-Цаас юм уу, зотон дээр зурж байгаа юу?
-Зуралгүй яах вэ. Миний бясалгах арга шүү дээ. Анхаарлаа төвлөрүүлэн зураад суухад ямар сайхан тайван байдаг гээч. Гадаа олон хүний дунд, салхи, шороотойд ханан дээр зурахад тийм мэдрэмж төрөхгүй шүү дээ. Граффит, уран зургаа аль болох хослуулахыг хичээдэг. Аль нэгийг нь удаан “баривал” уйтгартай.
-Урландаа ганцаараа байх үедээ ихэнхдээ ямар сэдэв, төрлөөр зурдаг вэ?
-Янз бүр. Бодит, хөрөг их зурна. Нэг хэсэг монгол ахуй, уламжлал, зан заншлын сэдвээр ч зурсан. Сүүлийн үед абстракт төрлийн зургаар дагналаа. Зурахгүй л бол амьдралаа дэмий өнгөрөөж буй мэт харамсалтай санагддаг. Тиймээс үргэлж л зурж байдаг.
-Ирэх сард Австрали руу буцна гэсэн. Очоод хаана ямар бүтээл зурахаа төлөвлөсөн үү?
-Төлөвлөсөн зүйл нэлээд бий. Тэндэх ажлууд ар араасаа хүлээгдэж байна. Наана нь дэлгэх биш, хийсэн хойноо дуулгавал дээр байх аа.