“Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү “Яг түүн шиг” шоунд жүжиглэх авьяас, дуулах чадвараа харуулан дугаарын ялагчаар нэг бус удаа шалгарч, улмаар тэмцээний түрүү байрыг эзэлсэн билээ. Тиймээс ч ард түмний дунд “Т.Бархүүг барах уу” хэмээх үг түгэн дэлгэрч, одоог хүртэл яригдсаар байна. Тэгвэл түүнийг бардаг хүн байдаг бөгөөд тэр хүн бол охин Сундари нь ажээ. Т.Бархүүтэй ярилцаж суухад охиныхоо халамжит сайн аав болох нь мэдрэгдэж байлаа. Тэрбээр хаа ч явсан охиноо дагуулаад явахыг хүсдэг бөгөөд дэргэдээ байлгахын тулд сургуулийг нь таслуулчихмаар санагддаг гэнэ. Ингээд нийгмийн үлгэр жишээ гэр бүлийн төлөөлөл, хошин урлагийн авьяаслаг жүжигчин Т.Бархүүтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
-Ярилцлагаа таны бага наснаас эхэлье. Та өөрийнхөө бага насны талаар мөн охиныхоо тухай уншигчидтай маань хуваалцаач?
-Миний бага нас аавынхаа Самосвал гэдэг Орос машин дотор өнгөрсөн. Аав минь ачааны тэрэг барьдаг Автобус 1-р баазын жолооч байсан юм. Тэр үед би зургаа бил үү долоотой байсан. Надад дандаа хуушуур, чихэр ундаа авч өгнө. Ер нь аавын амь хүүхэд байлаа. Аавтайгаа би найман жил л хамтдаа байсан. 50 гаруйхан насандаа биднийгээ орхиод яваад өгсөн юм. Түүнийг таалал төгсөхөд бид юу ч хийж чадаагүй. Ээж минь эмнэлэг дуудсан ч хожимдсон. Би тэр үеийг хэзээ ч мартахгүй. Хэрвээ одоо байсан бол хэчнээн сайхан байсан бол гэж хааяа боддог. Тэгэхээр надад маш том хариуцлага байдаг. Би охиноо аав минь намайг хайрладаг байсан шиг хайрлахыг хүсдэг. Би болж л өгвөл охиноо хажуудаа авч явдаг. Заримдаа охиноо хичээлийг нь таслуулаад хамт байгаад л баймаар байдаг. Охиноо арван жил, их сургуулиа төгсөөд хүнтэй сууж, хүүхэдтэй болоод, ажилд орж анхныхаа цалингаа юунд үрэхээс авахуулаад, шилдэг ажилтан болтол мөн зээгээ үзтэл амьд байх ёстой би аав хүн.
-Та “Авьяас гэдэг сэтгэлийн эмзэглэл” гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Тэгвэл одоо юун дээр төвлөрч эмзэглэж явна вэ?
-Одоо шинэ кино төсөл рүү орох төлөвлөгөөтэй байна. Энэхүү кино нь гэр бүлийн сэдэвтэй. Орчин үед залуус үр хүүхдээ бодохоос илүү өөрийн дур сонирхлоо урьтал болгох болсон нь бидний нийтлэг алдаа болж байна. Миний хувьд гэр бүл салалтын талаар их эмзэглэж явдаг болохоор, үр хүүхэд гэж ямар үнэ цэнэтэй, агуу сайхан зүйл вэ гэдгийг уран бүтээрээ дамжуулан үзэгчиддээ хүргэхийг хүссэн юм. Зохиол дээрээ Одноо бид хоёр сууж, бичиж байна.
-Уран бүтээлийн тань оргил үеүдийн нэг “Яг түүн шиг” шоу байсан. Үүгээр сэтгэл ханаагүй нь лавтай. Эсвэл хийдгээ хийчихлээ гэж боддог уу?
-Мэдээж миний амьдралын хамгийн чухал хэсгүүдийн нэг бол яах аргагүй “Яг түүн шиг” шоу байсан. Намайг Монголын үзэгчдэд, ард түмэнд маань шинээр таниулж өгсөн болохоор энэ шоунд орсондоо маш их талархаж явдаг. Сэтгэл ханах мэдрэмжийг авах л юм бол уран бүтээлч хүн уналтад ордог. Мэдээж “Яг түүн шиг шоу”-нд 100 хувь ханамжтай байсан ч гэлээ дахиад өөр дүрүүд дээр ажиллах сонирхол байгаа. Үүнээс юу хэлэх гээд байна вэ гэхээр монголд маань тасархай гоё театр бариад, түүнд нь тохирсон сүрлэг шинэ өнгө төрхийг мэдрүүлсэн мюзикл тоглох юмсан. Өөр өнцгөөр, жүжигчин дуучин гэдгийг жинхэнэ утгаар нь тэнд үзүүлэх юмсан гэж боддог доо. Би гадны хэд хэдэн орноор явж театрын урлагтай нь танилцсан. Тэнд мюзикл гэдэг төрөл үзэгчдийг хоёр цаг гарны турш байлдан дагуулж байна. Мэдээж бидэнд тэднийх шиг тийм техник төхөөрөмж, гэрэл, солигддог тайз байдаг бол бидэнд жүжигчдийн хувьд дутаад байх юм алга. Өчнөөн барилга байгууламж орон сууц, янз бүрийн баар сав, буудал барихын оронд хэн нэг нь хийгээсэй гэж боддог.
-“Бархүүг барах уу” гэж хэлүүлэх эхэндээ эвгүй байсан уу?
-Яг үнэнийг хэлэхэд гоё шүү дээ. Хүн болгон чиний талаар муугаар биш сайнаар хэлэхийг сонсох, ялангуяа урьд нь хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүсээс сонсоно гэдэг ямар сайхан мэдрэмж вэ. Хамгийн гол нь тэр их хүндлэлийг дааж явах нь л чухал.
-Цагаан, хар хэл амыг юу гэж боддог вэ?
-Хүний нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй л болохоос хүний энерги гэж агуу хүч байдаг. Мянга мянган үзэгчдийн өмнө гарч ирээд тоглолтоо хийхэд тэр энерги маш хүчтэй мэдрэгддэг. Тэгэхээр хүн сайн санаж л явах ёстой. Муугаар бодоод л байвал муу юм л болно. Сайнаар ярьж сайхныг бодож явах тусам сайн л зүйл болно. Дайнд ялагдана гэж дайтдаггүйтэй адил. Хүн аливаа ажилдаа дандаа амжилтын талаар бодох хэрэгтэй.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Теннис сайн тоглодог гэж сонссон. Одоо тоглож амжиж байна уу?
-Чөлөөт цаг гарахгүй талдаа байгаад байна шүү. Гэхдээ мэдээж жаахон олдсон чөлөөт цагаараа гэр бүлийнхэндээ ялангуяа хоёр ээж, охиндоо зориулахыг хичээдэг. Мэдээж түүний дараа найз нөхөддөө цаг гаргана. Хааяа нэг сагсан бөмбөг тоглодог. Ширээний теннис сүүлийн үед тоглосонгүй. Яахав чаддаггүй хүмүүсийн хажууд бол жоохон цохидогтоо орох байх.
-Жолоо барихдаа гэр бүлийн тань хүн И.Одончимэг барьдаг уу, та барьдаг уу?
-Одоогоос арван гаран жилийн өмнө Одноо маань жолоо барьдаг байсан. Надтай учирснаас хойш жолоонд гар хүргээгүй. Гэхдээ охин сургуульд орсноос хойш Одноо машин барих шаардлага гараад нэг удаа туршилт хийж бариулсан чинь бариулмааргүй санагдсан. (инээв) Маш сайн дадлага хийсний дараа бол болох байх. Тэгэх гэхээр чөлөөт цаг нь бас гарахгүй.
-Та тогооч хийж байсан гэсэн. Хоол сайн хийдэг байх. Гэрийн ажилдаа хоол хийхэд хэр оролцдог вэ?
-Шведэд нэг жил байх хугацаандаа Индонез эзэнтэй ресторанд ажиллаж байсан. Анх аяга, таваг болон бас бус зүйлийг угаадаг угаагчийн ажил хийдэг байлаа. Хоёр сарын дараа гэхэд албан тушаал дээшилсээр байгаад ахлах тогооч болсон. Одоо бол гэрийнхээ хэмжээнд бол ахлах тогооч шүү. Ер нь бол гал тогооны 80 хувь нь надаас хамааралтай.
-Хүнсээ цуглуулах ажлыг Одноо эгч та хоёрын хэн нь голчилж хийдэг вэ?
-Бид хоёр хамтдаа цуглуулдаг.
-Эмэгтэй хүнийг яаж хайрладаг жороосоо хуваалцаач?
-Жорсоод байх юу байхав дээ. Эмэгтэй хүн бүр хажууд нь хамт байдаг эр хүнд дуртай байдаг, баярладаг байх. Би хажууд нь үргэлж хамт байхыг боддог. Түүнээс айхтар жортой эрчүүдийн хажууд ч гологдох байх.
-Хувь тавилан байдаг гэдэгт итгэдэг үү? Итгэдэг бол хувь тавилан таньд өгсөн хатуу сургамж юу байсан бэ?
-Хувь тавилан бий бий. Хэчнээн өөд нь татах гээд болдоггүй хүмүүс байна. Тэр хувь тавилан нь л цаанаасаа тэгээд заяаж дээ гэж бодох болсон. Анх СУИС-ийг төгсөөд УДЭТ-д орох гэж бүх материалаа бүрдүүлж байсан. Бараг бүрдсэн байсан. Тэгсэн чинь би “Х-Түц”-д дуудагдаад одоо хүртэл ажиллаж байна. Яг л дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт хэдхэн дойлоор бусдыгаа түрүүлдэг шиг. Нэг л хоносон бол би өөр хувь тавилангаар амьдрах байсан юм болов уу.