Хөгжмийн салбарт лүүп (loop) гэх хэллэг бий. Энэ нь хальсыг эргүүлж буцаах, эсвэл тодорхой хэсгийг таслан авч, түүнийгээ давтан тоглуулах гэсэн санаатай. 1980-аад оноос “Roland SDE 3000”, “PCM42”, “2290” зэрэг дижитал төхөөрөмжийн тусламжтайгаар хөгжмийн ертөнцөд “livelooping” хэмээх хэв маяг бий болсон юм.
Эл хэв маягийг өдгөө олон уран бүтээлч хөгжмийн бүх урсгалд ашиглаж, “амьд” тоглолт үзэгчдэд хүргэдэг. Энэ чиглэлээр уран бүтээл туурвидаг Монголын анхны уран бүтээлч бол Ата Боргужин юм. Тэрбээр битбокс, хөөмий, исгэрээ болоод язгуур хөгжмийн зэмсгүүдийг ашиглан Монгол ардын аялгууг орчин үеийн хөгжим рүү хөрвүүлэн уран бүтээл хийдгээрээ бусдаас онцлог.
“Livelooping” хэв маягаар тоглоход урьдчилан зохиомжилсон хэмнэлээ тухайн агшинд тохируулан тоглож, чанга яригчаар хөөмийлөхийн зэрэгцээ хөгжмийн эффектийг тохируулах гээд олон үйлдэл зэрэг хийдэг аж.
Тэрбээр СУИС-ийн хөөмийн анги төгсчээ. Арав гаруй жилийн өмнөөс битбокс оролдож эхэлсэн гэнэ. Түүний бүтээлүүдээс ардын дууны хэмнэл, ая данг гайхам сайн ашигласан нь мэдрэгддэг. Тэрбээр энэ тухайгаа “Оюутан байхдаа ардын дуу их сонсдог, ухаангүй дурлачихсан даа. Монгол ардын дуу, үндэсний хөгжим олон жилийн өмнөөс уламжлагдан ирсэн болохоор төгс хөгжсөн мэт санагддаг. Засаж, сайжруулах зүйл нэг ч үгүй” гэсэн удаатай.
Тэрбээр 2015 оноос уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд монгол ардын хөгжмийн ая эгшгийг электроник хөгжмийн урсгал болох эмбиент, даб болон хип хоп хөгжмийн хэмнэлтэй эвцэлдүүлэн, морин хуур, цуур, товшуур хөгжим, хөөмий, исгэрээтэй хослуулан уран бүтээлээ туурвиж байна.
Ата Боргужин “Playtime” хөгжмийн наадамд хоёр дахь жилдээ оролцон, үзэгчдэд уран бүтээлээ хүргэсэн. Түүний бүтээлээс өнгөрсөн, одоо үеийн зохицол, байгаль, огторгуй ертөнц, хүний мөн чанарын тухай мэдэрч болно. Өнгөрсөн хугацаанд тэрбээр “Сарьдаг”, “Гоо”, “Өргөн дэлгэр”, “Талын таван толгой” гэхчлэн бүтээлээ сонсогчдод хүргэсэн.
Түүний өнгөрсөн тавдугаар сард олны хүртээл болгосон “Талын таван толгой” уран бүтээл Үндэсний шилдэг дууны жагсаалтыг гурван долоо хоногийн турш тэргүүлсэн юм.