Монгол Улсыг хавсран суугаа Швейцарын Холбооны Улсын Элчин сайд манай залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагнал бий болгожээ. Хоёр улсын урлаг, соёлын солилцоог хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийн хүрээнд эл шагналын эзнийг тодруулсан бөгөөд үүнд англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, гурваас доошгүй жил уран бү тээл туурвисан байх гэсэн шаардлага хангасан 22 уран бүтээлч оролцсон аж. Тэднээс 24 настай гэрэл зурагчин, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн тайлбарлагч Б.Намуун шалгарч, Швейцарын нийслэл Женев хотын Урлаг, соёлын сургуульд гурван сар тэтгэлгээр сурах эрхийн эзэн болов. 35-аас доош насны уран бүтээлчид оролцсон хөтөлбөрийн удаах байрт зураач Д.Эрдэнэ чулуу шалгарсан байна. Шагнал гардуулах ёслолын үеэр Швейцарын Элчин сайд Жан Жакдэ Дардел “Би Монголын урлагийн салбарт үнэлэмж бага, уран бүтээлчдэд хэрэгтэй дэмжлэг байхгүйг олж харсан. Тиймээс юуны өмнө чадах зүйлээрээ тусалъя гэж шийдэн, Монголын урлагийн салбарыг дэмжиж эхэлсэн. Монгол, Швейцарын харилцааг хөгжүүлэхийн тулд урлагийн салбарыг бага ч атугай хөгжүүлж, ажил хэрэг болгоод, нэрэмжит шагналаа бий болгосон” гэжээ.