Зүүн гар талаас Б.Номинтүшиг, Д.Баярсайхан, Б.Наранзун
Арвандолоо дахь жилдээ зохион байгуулагдсан “Playtime” наадмын хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр “Балдорж” сан, “Өнөөдөр” сонин хамтран оролцлоо. Тус наадамд гол хамтлаг болж уригдсан “Сөрөг хүч”-нийхнээс ярилцлага авсан юм. “Сөрөг хүчин” хамтлаг нь 1994 онд байгуулагдсан ч төд удалгүй буюу 1996 онд тарсан билээ. Гэвч 20 жилийн дараа хамтлагийн гишүүд нь эргэн цугларч “Хаягдсан мөрөөдөл”, “Би нисэж байна” зэрэг олны хүртээл болсон дуунуудаараа 2014 онд цомог гарган сонсогчдоо баярлуулсан юм. Мөн тус хамтлагийнхан анхны, бүрэн хэмжээний тоглолт хийх газраар“Playtime” наадмын тайзыг сонгожээ. Тайзан дээр гарахаас нь хэдхэн цагийн өмнө “Сөрөг хүч” хамтлагийн Б.Наранзун, Д.Баярсайхан нартай ярилцсанаа Танд хүргэж байна.
-Сайн байцгаана уу, “Балдорж”сангийн урилгыг хүлээн авч, тоглолтынхоо өмнөхөн бидэнтэй ярилцаж байгаа Та бүхэнд баярлалаа.
Б.Н: -Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хамтлагийнханд мөрөөдлөө биелүүлэх завшаан олон жилийн дараа тохиож байна. Урьд шөнө бараг л унтсангүй. 20 жил хүлээхээр сүүлдээ гөлөрчихдөг юм байна. 1994 онд оюутан байхдаа бид “Сөрөг хүч” хамтлагаа байгуулсан. Тухайн үед бэлэн болгосон цомгоо хэвлүүлэх мөнгө байгаагүй. Саяхан буюу 2014 онд л цомгоо гаргалаа. Тэгээд энэ удаагийн “Playtime”-ын үеэр магадгүй анхны бөгөөд сүүлчийн удаа тоглох гэж байгаа юм. Урьсанд баярлалаа.
-Үзэгчид маань Наранзун ахыг танина шүү дээ. Тэгэхээр Баяраа ахыг танилцуулах нь зөв байх. Хилийн чанадад амьдардаг болохоор таныг хүн бүр төдийлөн мэдэхгүй. Таныг МУИС-ийн франц хэлний ангийг төгссөн хэрнээ Германд амьдрах шийдвэр гаргасан гэж сонссон.
Д.Б: -Урьсанд баярлалаа. Товчхон танилцуулахад би “Сөрөг хүч” хамтлагийн гоцлол дуучин. Бид мөрөөдөж байсан цомгоо олон жилийн дараа хэвлүүлсэндээ маш их баяртай байгаа. Мөн “Playtime 2018”-д оролцох болсондоо сэтгэл их өндөр байна. Бид бараг л цэцэрлэгээсээ хамт явсан, багын найзууд. Нэг сургууль, нэг анги, нэг ширээнд сууж байсан найзууд ийм дуу хөгжим бүтээж байна.
-Хамтлагийн гурав дахь гишүүн Амгалан ах ирж амжаагүй бололтой.
Б.Н: -Тийм ээ, Намсрайжавын Амгалан гэж залуу бий. Энэ хамтлагийг анх дөрвөн хүн үүсгэн байгуулж байлаа. Бид тэр үед “Depeche mode” (электрон чиглэлээр тоглодог, Английн хамтлаг) гээд хамтлагийг сонсдог байсан учраас заавал дөрвөн гишүүнтэй байх ёстой гэдэгт итгэчихсэн байсан. Тэгсэн чинь нэг гишүүн маань “Depeche mode”-ийн гишүүн хамтлагаасаа гарсан шиг гарсан (инээв). Тэр хүн бол “Чингис хаан” хамтлагийн Байдраг. Нөгөө гишүүн нь Амгаа. Та нарын сайн мэдэх, “Халуун элгэн нутаг”-ийг зохиосон алдартай хөгжмийн зохиолч Намсрайжавын хүү. Уг нь Амгаа, Баяраа бид гурав хамтлагтаа үлдээд цомгоо бэлтгэж байсан юм. Гэтэл цомгоо гаргахаас өмнөхөн эдийн засаг хямраад Амгаа АНУ руу явчихсан.
-“Depeche mode” хамтлагийн миксийг хийдэг хүн танай цомгийг бүтээхэд оролцсон гэж сонссон.
-“Depeche mode” хамтлагийн бүх цомгийн миксийг хийсэн Кевин Паул гэж хүн байдаг. Бидний хийсэн цомгийг ойлгох инженер ховордсон. 1990-ээд оны мэдрэмжийг буцааж авчиръя гэхээр одоогийн залуу инженерүүд ойлгохгүй. Тийм учраас бид хайсаар байж “Depeche mode” хамтлагийн инженертэй холбоо тогтоосон. Тэгээд дуунуудаа сонсгоод бид ийм чиглэлээр тоглодог Монголын хамтлаг, таны “улаан, ягаан фэн” чинь байна гэсэн. Дуунуудыг маань сонссоныхоо дараа Кевин Паул “Би чадах юм байна” гээд бүх микс мастерыг хийсэн.
-Цомог бэлэн болох гэж нэлээд удсан байх, тийм үү?
Б.Н: -Нөгөө цомог маань микс мастерынхаа шатанд явж байтал бид нарын, бараг бэлэн болчихсон дуунуудтай хардыг нь Кевин Паулын студиэс хулгайд алдчихсан. Тэгээд нөгөөдүүл маань даатгалын компаниас мөнгө хөөцөлдөж, студиэ дахиж босгох гэсээр байтал жил өнгөрсөн. Жилийн дараа шинэ тоног төхөөрөмжтэй болоод, түүн дээрээ ажиллаж сурах гэж гурван сар, дараа нь манай цомгийг дахин хийх гээд дахиад зургаан сар болж сунжирсан.
-Хамтлагийн нэрийн тухайд асуух гэсэн юм. Анх “Мишээл” гэдэг нэртэй байсан гэж сонссон, дараа нь “Сөрөг хүч” болгож өөрчилсөн юм уу. Хүмүүс интернэт орчинд “Сөрөг хүчин” гэж яриад байх юм.
Б.Н: -“Мишээл” бол өөр хамтлаг л даа. Анх бас л дөрвөн гишүүнтэй байсан, гэхдээ бидний дуу нэг их тархаагүй. Тэгээд хэсэг хугацааны дараа Амгаатай танилцаж, шинэ урсгалаар дагнасан хамтлаг байгуулъя гэж шийдсэн нь “Сөрөг хүч” юм. Нэрийн хувьд улс төрийн хүчин гэсэн агуулга огт байхгүй. Аливаа эерэг зүйл бол сөргийг даван гарна, эерэг нь сөргийн үр дүн гэж бид боддог байсан учраас ийм нэр өгсөн. Сөрөг үгүй бол эерэг байхгүй.
-Хамтлаг тань 1996 онд тарсан гол шалтгааныг санхүүтэй холбоотой гэж ойлгож болох уу?
Б.Н: -Одоо хэн нэгэнд гомдох, болоогүй, бүтээгүй зүйлд хэн нэгнийг буруутгах сонирхол алга. Болдог юм болдгоороо л болсон. Тухайн үед “Сонор” студи байгуулагдаад хамтлагуудын бичлэгийг үнэгүй хийнэ гэж байхад нь анхны гурван хамтлагийн нэг нь бид байна гээд итгэл дүүрэн очсон. “Хар сарнай”, “Камертон”-ы анхны цомгуудыг тэд хийсэн шүү дээ. Гэхдээ бидний цомгийг хийгээгүй. Манай хамтлагийн урсгалыг ойлгоход арай хүнд байсан учраас дийлэнхийн ойлгодог хөгжмийг сонгосон байх гэж боддог.
Тэдний ч буруу биш байх. Бизнес хийх гэж байсан хүмүүс эрсдэлээ тооцоод л тэгсэн биз. Харин биднийг мөнгөө төлөөд цомгоо бичүүлж болно гэсэн. Гэвч бидэнд мөнгө байгаагүй. Тэгээд ах дээрээ очтол контейнер наранцэцгийн тос өгсөн. Үүнийг зараад цомгоо бичүүл гээд. Баяраа бид хоёр наранцэцгийн тос зарах гэж үзээд бүтээгүй, цомгийн мөнгөтэй болж ч чадаагүй. Төд удалгүй, дараа жилээс нь би ч, Баяраа ч гадаадад сурахаар явсан учраас хамтлаг тарсан.
-Наранцэцгийн тосоо зараад цомгоо бичүүлчихсэн бол яах байсан бол оо гэж боддог уу?
Б.Н: -Болоогүй зүйлийг тэгж боддоггүй. Болох байсан бол болох л байсан байх. Одоо бодоход болоогүй нь ч зөв байсан юм шиг санагддаг. Тэр үед бүтчихсэн бол сэтгэл ханаад өнөөдөр хийж буй зүйлс маань 100 хувь болохгүй байж магадгүй. Ямарваа нэг зүйл өөр юмны шалтгаан байдаг. Тэр үед бүтээгүй нь өнөөдөр тайзан дээр гарах шалтгаан болж байгаа учраас хэзээ ч харамсаж байгаагүй.
-Анхны тоглолтоо “Playtime”-ын үеэр хийх болсны хувьд та энэ наадмын утга учрыг юу гэж ойлгодог вэ?
Б.Н: -Эрх чөлөө гэж ойлгодог. Арваад жилийн турш миний бүх юмны нууц үг бол эрх чөлөө байсан. Энэ эрх чөлөөг жилд нэг удаа өгдөг гайхамшигтай баяр бол “Playtime” гэж боддог. Эрх чөлөө гэдэг нь замбараагүй байхыг хэлдэггүй. Хамгийн гол нь үзэл бодлын хувьд хязгаарлуулахгүй байх. Харин бусад нь энэ үзэл бодлыг нь сонсоод олон долоон юм ярихгүй байхыг хэлдэг болов уу.
-Тоглолтын өмнөх, Баяраа ахын сэтгэгдлийг асуух гэсэн юм аа. Наранзун ах ерөөсөө унтаж чадаагүй гэж түрүүн хэлсэн шүү дээ.
Д.Б: -Бас л сэтгэл догдолсон, нойр хулжсан. “Playtime”-ыг зохион байгуулж буй хүмүүс болон манай цомгийг бүтээхэд оролцсон хөгжимчид, ивээн тэтгэгч нартаа баярлалаа.
-“Сөрөг хүч” хамтлагийн дараагийн төлөвлөгөө юу вэ?
Б.Н: -“Сөрөг хүч”-ийн дараагийн төлөвлөгөө... Яадаг ч байсан тоглолтынхоо дараа нэг лааз пиво ууя л гэж бодож байна шүү. Тайзан дээр гараад үзье, тэгээд үзэгчдийнхээ байдлыг харж байгаад л болно доо. Муу байна гэвэл яваад л өгнө, гоё байна гэвэл онгирно.
“Мишээл” хамтлагийн урын санд найман дуу байдаг юм. Үүнийг шинэчилж хийнэ гэж бодож байгаа. “Сөрөг хүч” хамтлагийн, бичигдээгүй нэлээд хэдэн дуу бий. Тэр үеийн дуунууд их сонин нэртэй. “Өнчин охин”, “Цөмийн дайны цэрэг” ч гэх шиг. “Цөмийн дайны цэрэг” дууг одоо дуулахаар бас супер байж магадгүй. Хэрвээ тоглолт амжилттай болбол дараагийн цомгоо “Цөмийн дайны цэрэг” гэж нэрлэдэг ч юм уу гэсэн бодолтой байна.
-Өнөөдрийн тоглолт ямар байхаас шалтгаалаад дахиад цомог ч гарч магадгүй юм байна шүү дээ.
Б.Н: -Тийм ээ. Өнөөдөр та нар урам өгвөл гарна, өгөхгүй бол... Цомог бүтээхэд дөчин сая төгрөг зарцуулдаг юм байна лээ. Энд цугларсан хүмүүс үүнийг хуваалцана гэдэгт итгэлтэй байгаа. Энэ бол мэдээж наргиан. Ер нь аливаа зүйлийг тайван хийх нь их гоё юм байна лээ. Бид нэрд гарахын тулд, дуугаа зарчих юм сан гэсэн бодлоор юуг ч хийж байгаагүй. Өөрсдийн философио илэрхийлье гэсэн бодол л бий. Тэгэхээр цаг илүү шаардана л даа.
-“Сөрөг хүч”-ийн гол философи юу вэ?
Б.Н: -Бид ямар нэгэн шалтгаанаар энд ирсэн гэж боддог. Хоёрдугаарт, жинхэнэ эрх чөлөө гэдгийг бид эдэлж чаддаггүй. Жинхэнэ чөлөө нь нирваан дүрийг олсны дараа л бий болдог. Тэр хүртэл бид тэр эрх чөлөөнд өөрсдийгөө бэлддэг гэсэн философитой хамтлаг.
-Бидэнтэй ярилцсан Та нарт баярлалаа. Өнөөдрийн тоглолт болон цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье.
Б.Н, Д.Б: -Баярлалаа.