“Hi-Fi” рекордсын захирал Ц.Нацагдоржийн 2002 онд анх санаачлан зохион байгуулж эхэлсэн “Playtime” хөгжмийн наадам 17 нас хүрлээ. Орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх боломж олгох, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг хамтлаг, дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой тус наадам өнөө жил энэ сарын 6-8-нд Гачуурт дахь “Монгол шилтгээн” цогцолборт болж өндөрлөлөө.
“Playtime” наадам нь Монгол Улсад 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үед дэлгэрсэн хөгжмийн шинэ дуугаралт, түүний төлөөлөл болсон хамтлаг, дуучид, тэдний уран бүтээлийг олонд хүргэх боломж олгосноороо онцлог юм. “The lemons”, “A-sound”, “The colors”, “Моханик” гэхчлэн залуусын сайн мэдэх олон хамтлаг энэхүү наадамд оролцон уран бүтээлийн гараагаа эхэлж, сонсогчдод танигдсан түүхтэй.
Сонирхуулахад, 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин тус наадамд оролцон, уран бүтээлээ хүргэж байсны дотор АНУ, Их Британи, ОХУ, Япон, БНСУ, ӨМӨЗО-ы хамтлагууд урилгаар оролцсон байдаг. Түүнчлэн Шведийн “The radio dept”, ОХУ-ын “Муммий тролль”, Их Британийн “Peter hook and the lights”, АНУ-ын “The pains of being pure at heart”, Японы “Mono”, “The fin”, “Envy” зэрэг дэлхийд алдартай хамтлаг тус наадмын тайзан дээрээс уран бүтээлээ хүргэж байжээ.
Энэ жилийн наадамд дэлхийд алдартай, AНУ-ын “Ariel pink”, Японы “The fin”, “Lite”, Монголын “Хөх тэнгэр”, анхны синт рок “Сөрөг хүч”, пост панк “The сolors” тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг, Италийн техно дижей Клаудио PRC, Нидерландын Алберт Ван Аббе, Mонголын Билгүүдэй, TMK тэргүүтэй шилдэг 30 дижей, нийт 70 гаруй хамтлаг, дуучин, уран бүтээлч гурав хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, “La vie en rose” зэрэг тайзан дээр тоглосон.
Гадаадын болон монгол уран бүтээлчдийн тоглолтуудаас бүрдсэн үндсэн хөтөлбөрөөс гадна уг наадам энэ жил арга хэмжээний цар хүрээгээ тэлж “Playtime+” гэх шинэ хөтөлбөр зарлажээ. “Playtime+” хөтөлбөрийн хүрээнд наадмын зохион байгуулагчид “La vie en rose”, “Waldo”, “Хил хязгааргүй” гэсэн нэмэлт тайз болон асрыг засаж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулав.
Тухайлбал, “La vie en rose” асарт “The lemons”, “Sir Alex” хамтлаг уран бүтээлээ хүргэж, мөн “UB comedy” клубийн залуус тоглолтоо үзүүлсэн. Түүнчлэн олон сонирхолтой хэлэлцүүлэгт оролцож, “Хурдан болзоо” арга хэмжээнд хамрагдах боломжтой байв. Наадмын зочдод хүссэн дүрдээ хувирах боломж олгосон “Cotton & candy” фото студи тус асарт ажиллаж байлаа. “Тагтаа” хэвлэлийн газрын зохион байгуулсан яруу найргийн уншлагад оролцож, “Алтан хальс” кино наадмын шилдэг бүтээлүүдийг үзэх боломжтой байсан. Хөлбөмбөгийн хорхойтнуудад зориулж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах асар бэлдсэн нь таатай байв.
Харин дуу чимээнээс түр ч болов холдож, тайван орчинд байхыг хүссэн хэн бүхэнд зориулж “Waldo” асар нээжээ. Энд “UB passport”-ын алдарт чихэвчтэй, чимээгүй үдэшлэгт оролцож, эсвэл кофе уух зуураа “Ханг” гэх өвөрмөц хөгжмийн намуухан хэмнэлд амрах боломжтой байв. Түүнээс гадна Монголын урлагийн зөвлөлийн залуу манлайлагчдын бүтээсэн “Цаг хугацаагаар аялах майхан” хэмээх бүтээлч төсөл болон СУИС-ийн оюутнуудын пост модерн театрын тоглолтыг үзүүлсэн.
Бас “Мандала” йогийн студиэс хосуудын йогийн хичээл заасан нь сонирхолтой санагдсан. Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам энэ жил “Playtime”-тай нэгдсэн нь хамгийн сонирхолтой байлаа.
Ингэснээр “Playtime”-ын үеэр “Урлагтай яриа” уулзалт ярилцлагыг зохион байгуулж, Франц, Герман, Хятад, Беларус улсын уран бүтээлчдийн “Хил хязгааргүй” сэдвийн доор бүтээж, шинжлэх ухаан, технологи, урлагт хил хязгаар, орон зай, ялгаа үгүй гэдгийг харуулсан найман медиа бүтээл, инстоляцыг үзүүлсэн юм.