МҮОНТ-ээр “Эрт нахиалсан сарнай” олон ангит кино үзэгчдэд хүрч буй. Тус киноны гол дүрд тоглосон уран бүтээлч О.Анандыг “Залуус” буландаа урилаа. Уншигчид түүнийг багадаа Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ байхад би баян байсан”, “Цэцгэн эрих” зэрэг шүлгийг уншиж, дүрсжүүлэн үзэгчдэд хүргэснээр эчнээ таних байх.
-Багадаа алдартай яруу найрагчдын шүлгийг уншиж, дүрсжүүлэн үзэгчдэд хүргэж байсан. Тухайн үед хэдэн настай байсан юм бэ?
-Багадаа “Уран жиргээ”, “Хүрэл тулга” уран уншлагын наадамд оролцдог байлаа. Нийт зургаан клип гаргасан. Заримдаа хүмүүс “Нэг их харсан хүүхэд байна. Хэн билээ” гэж асуудаг юм. Багын минь төрх харагддаг байх л даа. Уг нь их л өөр болсон шиг санагддаг.
-Кастингийн “Chance” агентлагийн “бүтээгдэхүүн” бил үү?
-“ТВ-9” телевизийн “Үлгэрийн цаг” нэвтрүүлэгт шалгуулж, тэнцээд хөтлөгчөөр ажиллаж байв. Тухайн үед “Chance” агентлагт суралцаж, тус агентлагийн захирал Б.Нарантуяа, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун багшийн шавь болсон. Тухайн үед богино долгионы 100.1 радио “Бас л завгүй” тоглолт зохион байгуулж, азаар би оролцож “Амьддаа бие биеэ хайрла”, “Цэцгэн эрих” шүлэг уншсан юм.
-Аав, ээж тань маш их дэмждэг байсан байх даа?
-“Бас л завгүй” тоглолтод оролцох үедээ урлагийн хүний авдаг мэдрэмж, баяр баясал, сэтгэл ханамжийг мэдэрсэн. “Улаанбаатар палас”-ийн тайзан дээр 3000 хүний өмнө гарах ямар байсан гээч. Дуулаагүй, бүжиглээгүй, биеэ хөдөлгөөгүй хэр нь миний хөлс шанаа дагаад урсаж байсан. Гар салгалаад чанга яригчаа алдах вий гэж айгаад л.
Эхний шүлгээ уншсаны дараа үзэгчид алга ташихад тайвширсан. Ээж, аав минь ч анзаарсан байх. Тэд минь намайг урамшуулж, клип хийж болох юм байна гэж дэмжсэнээр үзэгчдэд хүргэсэн дээ. Клипүүдийг “Хангарди” студи хариуцаж бүтээсэн юм. Гавьяат жүжигчин У.Батбаатар, түүний хүү, жүжигчин Б.Анхбаяр нарын студи шүү дээ. Мундаг уран бүтээлчидтэй хамтарч, тус дэмийг нь авч байсан болохоор их азтай.
-Тэдгээр клипээ одоо үзэхэд ямар санагддаг вэ?
-Хөөрхөн хүү байж дээ л гэж боддог юм. Тухайн үед шүлэг, яруу найрагт дуртай, уран уншлагын төрлийг маш их сонирхдог байсан. Намайг жаахан хүүхэд болохоор өхөөрдсөн ч юм уу, өгүүлэхүйн урлагийг хүмүүс сонирхсон ч юм уу олон нийтэд их хүрсэн. Сайхан дурсамж үлдэж, “Би чадаж дээ” гэж урам авдаг.
-Дунд сургуулийн сурагч байхдаа найруулагч Ш.Даваадоржийн “Рашаантын 18” кинонд мөн тоглосон шүү дээ.
-Аравдугаар ангид байсан юм. Түүний дараа “Ээжүүд”, “Хөгжилтэй гэр бүл” олон ангит киноны туслах дүрд тоглосон.
-Яагаад урлагийн мэргэжил эзэмшээгүй юм бэ?
-Би урлагт дуртай, хайртай. Гэхдээ манай улсад урлагийн хэдэн сургууль байдаг билээ. Жилд хэчнээн хүүхэд жүжигчнээр төгсдөг билээ. Тэдний хэд нь мэргэжлээрээ ажилладаг билээ дээ. Хэчнээн театр байдаг, залуу уран бүтээлчдийг хэрхэн дэмждэг билээ. Ингээд бодохоор Монголд дан ганц урлаг хөөгөөд амьдрах хэцүү.
Тиймээс өөр мэргэжил эзэмших хэрэгтэй юм байна гэж бодсон. Би Хүмүүнлэгийн ухааны их сургуульд олон улсын эдийн засгийн чиглэлээр суралцаж, өнгөрсөн жил дүүргэсэн. Хэдий өөр чиглэлийн мэргэжил эзэмшсэн ч дуртай зүйлээ, хүссэн үедээ хийж болно шүү дээ.
-Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?
-Үгүй ээ. МҮОНТ-ийн “Эрт нахиалсан сарнай” кинонд тоглосон минь одоо үзэгчдэд хүрч байгаа. Цаашид үргэлжүүлэн суралцах бодолтой байгаа болохоор одоохондоо ажиллахгүй.
-Яг одоо ямар уран бүтээлд ажиллаж байгаа вэ?
-Найруулагч, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг ахын “Хийморь” кинонд ажиллаж байна.
-Үзэгчдийн дунд уран бүтээлчдийг мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ялгах, шүүмжлэх хандлага ажиглагддаг. Хүмүүсийн энэ хандлагаас эмээгээгүй юү?
-Би өөрийгөө жүжигчин гэж хэлэхгүй. Дөрвөн жил номыг нь заалгасан хүмүүсийн хажууд би хэн юм бэ. Хүмүүсийн тийм хандлагыг давахын тулд суралцаж, өөрийгөө хөгжүүлж байна. Надад жаахан ч гэсэн “юм” байгаа болохоор л найруулагч нар тоон, кинондоо тоглуулж байгаа байх.
-Кинонд тоглуулах санал хэр их авдаг вэ?
-Мэр сэр ирдэг л юм.
-Кинонд нь тоглож, хамтарч ажиллахыг хүсдэг найруулагч байдаг уу?
-Найруулагч бүр өөр өөр арга барил, ертөнцтэй. Гэхдээ би яагаад ч юм сэтгэхүйн төрлийн, эсвэл арт кино бүтээдэг найруулагчтай хамтарч ажиллахыг хүсдэг. Намайг махлах дүр таарах тусам би улам хичээж, “өнгө орно” гэж боддог.
-Урлагийн юу нь сэтгэлийг тань татаж, өөр мэргэжил эзэмшсэн хэрнээ холдож чаддаггүй юм бэ?
-Хүмүүст танигдах нь гол биш. Кинонд тоглосон ч бай, туслахаар ажилласан ч бай тэндээс маш их зүйл сурдаг. Кино өөр өөр хүний, огт төсөөлж байгаагүй амьдралаар амьдрах боломж олгодог. Хэцүү байсан ч ард нь гарахыг улам хүсэж, шунадаг.
-Нэлээд хэдэн жилийн дараа дахин кинонд тоглож, “Эрт нахиалсан сарнай” бүтээлээр үзэгчидтэй уулзаж байна. Үзэгчид насанд хүрсэн О.Анандыг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Одоохондоо муу хэлсэн хүн алга. Угаасаа чин үнэнийг нүүрэн дээр хэлдэг хүн ховор шүү дээ. Би залуу уран бүтээлч. Алдаа эндэгдэл гаргаж л таарна. Гэхдээ алдаагаа дахин давтахгүйг л хичээж байна даа.
-Өөрт тань ямар өөрчлөлт мэдрэгдэж байна вэ. Өмнө нь уран бүтээлчид таныг жаахан хүүхэд учраас өхөөрдөж, энхрийлдэг байсан байх. Одоо бол мэргэжлийн үднээс хандаж, хариуцлага нэхэж буй байх.
-Яг үнэн. Одоо бол уран бүтээлч гэдэг үүднээс хариуцлагатай, ёс зүйтэй байхыг шаардах нь ойлгомжтой. Хамтарч буй уран бүтээлчдийнхээ итгэлийг алдаж болохгүй. Олдсон боломжийг алдалгүй ашиглаж, өөрийгөө хөгжүүлж, харуулах үе шүү дээ.
-Та эл кинонд аав, ээжээсээ эрт өнчирч, дүүгээ өсгөж буй ахын дүрд тоглосон байсан. Харин та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Би таван хүүхэдтэй айлын том нь.
-Хэр сайн ах вэ. Ах байх их хариуцлагатай юу?
-Сайн ах байхыг хичээдэг. Би эцэг, эхийгээ сэтгэл тайван байлгаж, ачийг нь хариулах гэхээс илүү дүү нартаа сайн үлгэр дуурайл үзүүлж, хүн шиг хүн болгож, аав, ээждээ дэм болохыг хүсдэг юм. Том дүү минь ирэх намар оюутан болно. Шалгалт, шүүлэг нь яаж байгаа бол, ингэж тэгж алдвах вий гээд л санаа зовох юм.
-Олуулаа бужигнаж өсөх сайхан биз дээ. Хүүхэд нас тань хэрхэн өнгөрсөн бэ?
-Сайхан байлгүй яах вэ. Дүү нартайгаа бужигнаад л, бусдын л адил өнгөрсөн дөө. Олуулаа өссөн болохоор ч тэр үү, ганцаараа удаан байж чаддаггүй. Нэг л зүйл дутуу санагдаад байдаг. Хааяа ганцаараа байх үе гарна шүү дээ. Тэр үедээ бодол санаагаа цэгцэлнэ, өөртэйгөө ярилцана. Гэхдээ хэчнээн тухтай орон дээр, нам гүм орчинд байсан ч тухгүй санагдаад унтаж чаддаггүй. Тэгсэн хэрнээ дүү нарынхаа шуугианд, аав, ээжийнхээ дэргэд жигтэйхэн сайхан унтаж, амардаг.
-Уран уншлага, өгүүлэхүйн урлагийн төрлөөр дахин уран бүтээл хийх бодол бий юү?
-Байгаа. Найз, нөхөрлөлийн тухай нэг сайхан уран бүтээл хийе гэж бодоод л яваа. Гэхдээ хэн гэж яруу найрагчийн аль бүтээлийг уншихаа хараахан төлөвлөөгүй.
-Таны хамгийн том мөрөөдөл, зорилго юу вэ?
-Хүнд хэлэхээс ичмээр. Аягүй том мөрөөдөлтэй. Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд монгол хүн багтаж чадна гэдэгт итгэдэг. Бидэнд оюуны чадамж, дасан зохицох чадвар, авьяас бий. Би дэлхийд даам гарахгүй юм гэхэд Азид бэрс байна гэж хүсдэг, мөрөөддөг.
Түүний төлөө зорьж яваа. Тийм ч болохоор олон улсын эдийн засгийн чиглэлээр суралцсан. Дахиад ч үргэлжлүүлэн сурна. Одоо бид 800-гаад жилийн өмнөх шигээ сэлэм бариад дэлхийд ноёрхож чадахгүй. Харин оюун тархи, давуу талаа ашиглан монгол хүнийг гайхуулж болно.
-Гадаадад суралцах гэж байгаа юу?
-БНХАУ, Энэтхэг, ОХУ руу явахаар төлөвлөсөн. Юун түрүүнд хөрш орнууддаа суралцахаар шийдсэн.
-Залуу хүмүүс амьдралд хөл алдах нь бий. Ихэвчлэн ямар бэрхшээлд бүдэрч буй мэт санагддаг вэ?
-Залуусын хамгийн их бүдэрдэг зүйл нь мөнгө шүү дээ. Үнэхээр авьяас чадвар, хүсэл мөрөөдөлтэй байгаад мөнгөгүйгээс болоод суралцаж чадахгүй, шантарч буй хүн байна. Гэтэл мөнгөнд хэт автаж түүнийг л амьдралын утга учир мэт санан улайрч байгаа нэг нь ч бий. Бүр эсрэгээр, бүх зүйлийг мөнгөөр хэмжиж, түүндээ эрдсэн нөхөд ч байна.
Мөнгө л залуу хүмүүсийг эвдээд байна уу даа гэж боддог. Нийгмийг буруутгах уу, эцэг, эхийг нь буруутгах уу, хэлж мэдэхгүй юм. Би хэцүү байна гээд хойш суун, шантрах дургүй. Болгоно, бусад нь чадаж байхад би ч чадна гээд л урагш зүтгэх дуртай.
-Гэр бүл төлөвлөлтийн талаар юу гэж боддог вэ?
-Яардаггүй ээ. Зарим хүн хайр хоосноос эхэлбэл сайхан. Амьдралаа босгохын төлөө хамт зүтгэвэл илүү бат бөх харилцаа үүснэ гэдэг. Харин би өөр бодолтой. Гэр бүл зохиохоос өмнө юм үзэж, нүд тайлж, өөрийгөө хөгжүүлж, боловсруулж, бэлдэх ёстой гэж боддог. Амьдралд, хайр дурлалд ч үүрэг хариуцлага байдаг шүү дээ. Үүргээ ухамсарладаг, хариуцлагаа үүрч чаддаг болсныхоо дараа л гэр бүл зохиох хэрэгтэй болов уу.