Загвар өмсөгч, VR хамтлагийн гишүүн Б.Галбадрахыг “Залуус” буландаа урилаа. “Монгол модель” агентлагийн шилдэг загвар өмсөгч, “Mister world” дэлхийн хэмжээний уралдаанд улсаа төлөөлөн анх удаа оролцсон гээд түүний тухай сайн мэдээ сонсогддог.
-Та Улаанбаатар хотын унаган хүүхэд үү?
-Хотын хүүхэд. Хүүхэд насаа 40 мянгатад өнгөрүүлж, нэгдүгээр дунд сургууль төгссөн.
-Хөдөлгөөнтэй хүү байсан уу?
-Сахилгагүй гэхээсээ илүү даруухан, дөлгөөн хүү байсан. Хаашаа ч явсан гүйж явдаг. Сургуулийнхаа хөнгөн атлетикийн тэмцээн, спартакиадад ч идэвхтэй оролцдог байлаа.
-Инженер мэргэжилтэй гэл үү?
-ШУТИС-ийн ЭХИС-ийг инженер мэргэжлээр төгссөн. Дараа нь эдийн засгийн чиглэлээр суралцсан.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Том. Хоёр эрэгтэй дүүтэй.
-Танайхан ер нь ийм чацархаг уу?
-Тийм шүү. Дүү нар минь ч өндөр. Бага дүү надаас ч өндөр.
-Санаандгүй тохиолоор загвар өмсөж эхэлсэн юм билээ. Тэр тухайгаа яриач?
-Багадаа загвар өмсөгч болно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Дунд сургуулийн маань хоёр найз загварын дамжаанд явъя гэж уруу татсан юм. Есдүгээр ангийн сурагч байлаа. “Юутай ч суралцаад үзье” л гэж бодсон. Тухайн үед загвар өмсөгчид клип, зар сурталчилгаанд түлхүү тоглодог байв.
Их ч гоё харагдана. Дамжаагаа төгсөөд ганц хоёр уралдаанд оролцож үзлээ.
Тухайн үед “Би ч энэ салбарт явцгүй хүн юм” гэж сэтгэлээр унахад ч хүрсэн. Жил гаруй хаяж явлаа. Удалгүй топ модель Д.Болормаа багштай танилцаж, “Монгол модель” агентлагаар овоглох болсон доо. Мундаг хамт олны нэг болсондоо баярлаж явдаг.
-Дунд сургуулиа төгсөх үедээ энэ салбарт хөл тавихад гэр бүлийнхэн тань эсэргүүцээгүй юү. Тухайн үед загвар өмсөгчдийн талаарх хүмүүсийн ойлголт тийм ч таатай байгаагүй.
-Манайхан эсэргүүйцээгүй. Ээж, аав минь “Хүсэл мөрөөдлийнхөө төлөө яв. Зөв гэж бодсон зүйлээ хий” гэдэг. Загварын салбараас авах зүйл их бий. Хаана ч биеэ зөв авч явах, хүмүүстэй харилцах, өөрийгөө таниулах гээд олон ур чадварт суралцах, хүмүүжих боломжтой.
-Тэгвэл энэ салбарт ажилласнаар золиосолсон зүйл танд бий юү?
-Айхтар золиос гаргасангүй. Гэхдээ бага сага бий. Загварын ертөнц гэлтгүй урлагийнхныг хүмүүс өнгөц дүгнэдэг. Хүмүүс “Өө, загвар өмсдөг юм чинь хөнгөн, хийсвэр хүн байж таарна” гэх мэтээр харилцаж, надтай уулзсан юм шиг л ярьдаг.
Хүмүүсийн ийм буруу бодол, сөрөг хандлагатай нүүр тулдаг л байлаа. Үүнийг өөрчлөхийн тулд ажиллаж ирсэн. Загвар өмсөгч гэхээр л усан толгойтой, хөнгөн явдалтай хүмүүс биш шүү. Загвар өмсөхийн хажуугаар эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, түүгээрээ амжилт гаргаж яваа залуус олон.
-Дан ганц загвар өмсөөд амьдрах боломж Монголд байдаг уу?
-Байхгүй ээ. Тийм болохоор давхар ажил эрхэлдэг.
-Загвар өмсөгч дөрвөн залууг VR хамтлаг байгуулан, дуулж эхлэхэд хүмүүс их гайхсан. Сайн, муу олон л үг сонссон байх. Багаасаа дуу хөгжимд сонирхолтой байсан уу?
-Э.Энхболд СУИС-ийн дуулаачийн ангид суралцаж байсан. О.Билгүүн ч хүүхэд байхаасаа дуулдаг, уралдаанд оролцдог байсан юм билээ. Ж.Дамдинцэрэн хөгжимчин, хөгжмийн зохиолч хүн. Огт дөргүй хүмүүс биш.
Энэ гурав маань хамтлаг байгуулахаар зориглож, надад санал тавьсан. “Чи намайг санах уу” дуугаа анх студид бичүүлж, клипний зургаа намар авахуулж байлаа.
-Тайзан дээр загвар өмсөж алхах нэг өөр. Клип, зар сурталчилгаанд тоглох бас өөр. Харин микрофон бариад дуулахад ондоо мэдрэмж төрдөг байх, тийм үү?
-Хийх, гүйцэтгэх ажлын хувьд ялгаатай боловч төрдөг мэдрэмж адилхан. Сайхан санагддаг. Тайзанд гарч, зургаа авахуулаад нүүр хагарчихсан болохоор сандарч тэвддэггүй.
-Нээрэн, танай хамтлагийн Э.Энхболд, О.Билгүүн нар “Боловсрол суваг” телевизийн зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоунд оролцчихлоо. Танд ийм санал ирвэл хэрхэн хүлээж авах вэ?
-Эл шоунд амжилттай оролцсон хоёр найзаараа бахархаж байгаа. Гэхдээ надад ийм санал ирэхгүй л болов уу.
-Кинонд тоглуулах санал хэр ирдэг вэ. Танай хамтлагийнхан мөн л кинонд тоглодог шүү дээ.
-“Франц үнсэлт” кинонд тоглосноос хойш энэ төрлийн санал ирээгүй ээ. Надад тохирохоор дүр санал болговол цааргалахгүй.
-Нэлээд олон төрлийн бизнес эхэлсэн ч босгож чадалгүй шатсан. Гэсэн ч дахин л шинэ зүйл оролдож, туршсаар л байгаа юм билээ. Одоо “Глобал маркетинг медиа” групп байгуулан ажиллаж буй гэсэн үү?
-Хийж, оролдож үзээгүй зүйл бараг байхгүй. Хувцас, барилгын материал оруулж ирж зарах гээд янз бүрийн зүйл хийж байлаа. Өнгөрсөн хугацаанд хувийн бизнес эрхлэх гэж оролдохын зэрэгцээ худалдаа, банк, барилгын салбарын Монголын толгой компаниудад ажиллаж үзлээ.
Туршлага хуримтлуулсаар л байна. “Глобал маркетинг медиа” группээ байгуулаад дөрвөн жил гаруй л боллоо. Манайх тоглолт, шоу, хурал, семинар, арга хэмжээ зохион байгуулдаг. Цомхон бүрэлдэхүүнтэй ч маш чамбай хамт олон. Дэргэдээ дүрс бичлэгийн студитэй. Үйл ажиллагаагаа өргөжүүлэн худалдааны салбар руу орохоор төлөвлөж байгаа.
-Бүтэлгүйтэх бүртээ л туршлага суусан байх. Гэхдээ сэтгэл хамгийн их гогдсон бүтэлгүйтэл чинь аль нь вэ?
-Найзтайгаа хамтран хүлэмжид нарийн ногоо тарьдаг байв. Мөн зүлэг, модны суулгац бэлддэг байлаа. Их гоё бизнес байсан боловч харамсалтай нь, туршлага дутсан. Улирлын чанартайн дээр хүн хүч маш их шаарддаг.
-Өөрийн нэрээр “Гал” хувцасны брэнд гаргахаар зэхэж буй гэсэн. Брэндийнхээ загваруудыг өөрөө гаргаж байгаа юм уу?
-Бэр дүү минь мундаг загвар зохион бүтээгч. Бид оёдлын цехтэй. Үүндээ түшиглэн “Гал” брэндээ гаргах гэж буй. Эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас хэрэглэгчдэд хүргэнэ.
-Хэзээнээс хэрэглэгчдэд хүргэх вэ?
-Улсын баяр наадмын өмнө дэлгүүрийнхээ нээлтийг хийхээр төлөвлөн завгүй ажиллаж байна. Мөн “Easy fitness” дасгалын резин залууст санал болгохоор ажиллаж байна. Заавал фитнесс клубт очилгүйгээр энэ резинийг ашиглан 41 төрлийн дасгалыг гэртээ хийх боломжийг хүмүүст олгох юм.
-“Ibiza” хөгжмийн наадмыг та санаачлан, зохион байгуулдаг. Энэ жил тав дахь удаагаа боллоо. Яагаад хөгжмийн наадам зохион байгуулахаар зориглосон бэ. Энэ төрлийн арга хэмжээ зохион байгуулж, “шатсан” хүн олон байдаг шүү дээ.
-Гадаадын орнуудад зуны улиралд залууст зориулсан хөгжмийн олон наадам, тоглолт болдог. Би ч тийм наадамтай болохыг хүссэн. Манайд болдог ихэнх наадамд зөвхөн хөгжим голчилдог. Харин би залууст эрүүл агаарт дуртай хөгжмөө сонсонгоо спортын төрлүүдээр өрсөлдөж, хөгжилтэй байх боломж олгох гэсэн юм. Байгаа зүйлээ дэнчин тавьж шоу бизнест хөл тавиад алдсан хүн бишгүй. Би ч эмээж л байсан. Гэхдээ жил ирэх тусам зорьж ирдэг залуусын тоо өсөж байгаа.
-Та маш их аялдаг юм билээ. Аялах хообийтой юу?
-Зугаалах дуртай. Гэхдээ эхлээд эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахыг хүсдэг. Амьдрал тэр чигтээ дурсамж. Тиймээс маш гоё дурсамж үлдээх хэрэгтэй. Харин хамгийн амттай дурсамж үлдээх зүйл бол аялал.
-Мотоцикл унадаг гэсэн. Ер нь иймэрхүү экстремм зүйлсэд дурладаг юм уу?
-Залуу хүн зоригтой, эрсдэлтэй зүйлд өөрийгөө сорих хэрэгтэй гэж боддог. Мотоциклоо унаад байгалийн үзэсгэлэнт газруудад очих ямар сайхан мэдрэмж төрүүлдэг гээч.
-21 аймагт бүгдэд нь очиж үзсэн үү. Таны сэтгэлд хоногшсон, очих дуртай ямар газар байдаг вэ?
-Ихэнхээр нь аялсан. Саяхан Дорнод явчихаад ирсэн. Баруун аймгуудаас ганцхан Увсад л очоогүй. Энэ зун говийн аймгуудаар аялахаар төлөвлөсөн.
-Түрүүн дасгалын резин гаргах гэж буй гэсэн. Энэ спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-Фитнессээр хичээллээд 14 жил болж байна. Нэлээд хэдэн жилийн өмнө өвдгөө хүнд бэртээн, хоёр сар гаруй хэвтрийн дэглэм сахиж, дараа нь хэдэн сар таяг тулж явсан. Тэр үед сэтгэлийн тэнхээ, фитнессийн хүчээр л хөл дээрээ дахин боссон.
-Гэр бүл төлөвлөлтийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Яарах хэрэггүй л гэж боддог. 27 нас хүрч байж л гэр бүл зохионо гэж төлөвлөдөг байлаа. Тэр болтол найз бүсгүйтэй байсан уу, байсан. Гэхдээ амьдралаа холбох, гал голомтоо бадраана гэдэг үерхэхээс өөр шүү дээ. Үүнд хариуцлагатай хандах ёстой. Олонх залуус сэтгэл хөдлөлд хэт автаж шийдвэр гаргаснаас болж алддаг, салдаг. Гэр бүл болж тоглох хэрэггүй. “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг дээ. Өөрийгөө боловсруулж, төлөвших хэрэгтэй. Хариуцлага хүлээх чадвартай, санхүүгийн боломжтой болсон хойноо гэр бүл зохиох хэрэгтэй л гэж боддог доо. Харин одоо бол би гэр бүл зохиоход бэлэн.
-Өдрийн хийх ажлаа төлөвлөдөг үү?
-Ажлын төлөвлөгөөгөө 10 хоногоор гаргадаг. Ёстой ягштал төлөвлөдөг. Биелүүлэхийг ч хичээдэг. Цэгцтэй, амар байдаг юм.
-Төлөвлөсөн ажил өөрөөс биш, бусдаас шалтгаалан биелэхгүй үе бий. Тийм үед бухимддаг уу?
-Бухимдана. Үнэхээр чухал ажил минь өөр хүнээс болж бүтэлгүйтсэн тохиолдолд бухимдахаас өөр яах билээ.
-Ааштай байх нь ээ.
-Юу ч болж байсан инээгээд суух хүн бол биш. Гэхдээ ааштай, ууртай гээд хавьтсан, ойртсон бүхэндээ муухай зан гаргана гэж юу байх вэ. Ажлын хувьд хатуу шаардлагатай, зарчимч. Ажил бол ажил. Төлөвлөсөн, ярилцсан л бол түүнийхээ дагуу байх ёстой.
-Та ХБНГУ-д суралцаж, мөн гадаадын олон орноор аялж байсан шүү дээ. Энэ орны ийм, тэндэхийн тийм чадварыг манай залуус эзэмшээсэй гэж хардаг уу?
-Залуусыг хариуцлагатай, хөдөлмөрч байгаасай л гэж боддог юм.