Авьяас, бодол, ур ухаан, хүч хөдөлмөрийн үр шим болсон оюуны бүтээл бол бол зохиогчийнх нь өмч, үнэт зүйл, Монгол Улсын үндэсний баялаг билээ. Энэ баялгийг дээдлэн хамгаалах, үр шимийг хүртэхийн тулд бид оюуны өмчийг дээдлэхийг эрхэмлэн уриалан энэ өдрийг тэмдэглэдэг билээ.
Монголын Оюуны Өмчийг Хамгаалах Холбоо, түүний гишүүн байгууллагууд болох Юнивишн, ДДэш ТВ, Гэр контент групп, Монгол Телевиз, Блүүмсбери Пикчерс, SPS суваг зэрэг Монголын медиаконтент үйлдвэрлэгч, нийлүүлэгч хувийн хэвшлийнхэн, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа Холбооны Зохицуулах хороо,Монгол кино, дэлгэцийн бүтээл хамгаалах холбоо, Монголын кино урлагийн зөвлөл хамтран “Тархиндаа гэрэл асаая” аяныг Оюуны өмчийг хамгаалах өдрийг угтан өнгөрсөн 2 сарын турш өрнүүллээ.
Аяны хүрээнд оюуны өмчийн талаарх иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, оюуны өмчийн хэрэглээний дадлыг өөрчлөх, оюуны өмчийг хүндэтгэхсоёлыг хэвшүүлэхэд уриалан дуудсан тодорхой ажлуудыг хийсэн нь иргэдэд хүрсэн ажлууд болж чадлаа. Оюуны өмч гэж юу вэ, түүнийг хэрхэн бүтээдэг вэ, яагаад үнэлэх ёстой вэ, оюуны бүтээлийг хулгайлах нь ёс зүйгүй, соёлгүй төдийгүй гэмт хэрэг юм, оюуны өмчийг хүндэтгэе зэрэг зурагт хуудсуудыг сошл сүлжээгээр, сурталчилгааны шторкуудыг телевизүүдээр түгээлээ.
Интернэтийн орчинд, ялангуяа сошл сүлжээнд цахимд орчинд оюуны өмчийн хулгайн асуудал түгээмэл болж байна. Энэ нь ихэвчлэн уран сайхны кино, дэлгэцийн контентийг зөвшөөрөлгүйгээр оруулах, live хийх зэргээр илэрч байгаа бөгөөд үүнтэй бид өөр өөрсдийн аргаар тэмцэж ирсэн бол энэ удаа “Тархиндаа гэрэл асаая” аяны хүрээнд хувийн хэвшлийнхэн, төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэж хамтран ажиллалаа.
Оюуны өмчийн хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийн байдал, зохиогчийн эрхийг хамгаалах, оюуны өмчийн зөрчлийг таслан зогсоох чиглэлээр тулгарч буй асуудлууд, гарц, шийдлийн талаар олон талын оролцоог хангасан, санал бодлыг нь сонссон, үзэгчдэд таниулсан “Тусгал” төслийг хэрэгжүүлж, Монгол телевизийн эфирээр 2 долоо хоногийн турш өдөр бүр оюуны өмчийн асуудлаар ярилцлаа.
4-р сарын 17-нд болсон Монголын Телевизүүдийн чуулганы “Тархинаас түрийвчинд”хэлэлцүүлгээр, телевизийн контент, монголын кино урлагийн бүтээлийг үнэлэмжийг нэмэгдүүлэх, технологийн дэвшлийг ашиглах арга замын талаар хэлэлцсэн бол Төрийн ордонд УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар зохион байгуулагдсан Оюуны өмч, инноваци-хөгжлийн форумаар оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, инноваци, технологи, контентийн хөгжил, боломжийн талаар ярилцсан юм.
Зохисгүй хэрэглээгээр санаатай болон санаандгүй байдлаар бусдын оюуны өмч, хөрөнгөд халдах оролдлогыг таслан зогсоож, ухамсарт хүн та ч гэсэн бүтээгч гэдгээ санагалзаж оюуны өмчийг дээдэлцгээе гэсэн уриатай “ТАРХИНДАА ГЭРЭЛ АСААЯ” аяны үзэл санаа цаашид ч үргэлжлэх болно.