Дэлхийн болоод Монголын урлагийн арвин баялаг түүх, сан хөмрөг рүү өнгийх бүртээ нарийн ойлголт, түүнийг илэрхийлэх үг хэллэг бүртэй танилцаж, сонирхон судалж, хэрэглэж занших нь соёл билээ.
Хиппи гэдэг нь англи “hipster” гэдэг үгнээс гаралтай. Анхандаа нийгмийн үзэл бодлыг эсэргүүцэн, итгэл, хайр зэрэг энэрэнгүй байдлыг илүүд үзэн, дайн дажин бус, амар амгалан, энх тайвныг хүсэгч хэсэг залуусыг ийн нэрлэдэг байжээ. 1960-аад оны дунд үеэс энэ үг дэлхий дахинд тархсан байна.
Хиппичүүдийн тэмцлээ илэрхийлэх аргуудын нэг нь хувцас байсан юм. Тухайн үед сонгодог хувцсыг маш үнэтэй материалаар хийдэг байжээ. Харин хиппи хэв маяг нь Ази, Африк болон цыган, индиан зэрэг үндэстний хэлбэр, өнгө, элементүүдийг хольж, маш хямд материалаар хийн, үүгээрээ өөрсдийн эрх чөлөөт байдлыг илэрхийлэхийг оролддог байжээ.
Домогт “Битлз”, алдарт Жими Хендрикс нар ч хиппи хэв маягийг загварын өртөнцөд нэвтрүүлэхэд жишээ болсон юм. Тэд тоглолт болон цомгийн хавтсан дээрх зургууддаа дээрх урсгалаар хувцасласан байдаг.
Сонирхуулахад, хиппичүүд ямар нэгэн компанийн лого, шошготой хувцас өмсдөггүй. Тэд үнэтэй биш, хөнгөн, биед эвтэйхэн, хуучнаа шинэчлэн, мөн гар хийцийн хувцсыг илүүд үздэг байна.