ДБЭТ-ын бүжигчин Г.Маргад-Эрдэнийг “Залуус” буландаа урилаа. Тэрбээр 2015 онд ХБК төгссөнөөсөө хойш Монголын сонгодог урлагийн их өргөөний өндөр босгыг давж, олон олон бүжгэн жүжигт дүр бүтээж байгаа. Түүнчлэн өнгөрсөн жилээс “Номадик балет” продакшны бүрэлдэхүүнд багтаж, Монголын үзэгчдэд сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийг таниулах, сурталчлахад авьяас билгээ зориулж буй нэгэн. Түүний хажуугаар “Дурлах санал”, “Яллагч” зэрэг кинонд тоглож, авьяасаа нээгээд байна.
-Сонгодог урлагаар багаасаа хичээллэж байж амжилтад хүрдэг. Тийм ч болохоор ээж, аав нь нөлөөлж, урлагт хөтөлсөн байдаг юм билээ. Таныг балетын урлагт хэн хөтлөв?
-Ээж минь намайг бүжгийн урлаг руу хөтөлсөн. Би Дарханд төрж, өссөн. Зургадугаар анги хүртлээ монгол бүжгийн дугуйланд хичээллэдэг байв. Дугуйлангийн багш ээжид “Охиноо сонгодог бүжгээр хичээллүүл” гэж зөвлөсний дагуу ХБК-д шалгуулж, тэнцээд, суралцаж төгссөн. Аравдугаар ангиасаа ДБЭТ-т гэрээт бүжигчнээр ажиллаж, төгссөнөөсөө хойш үндсэн уран бүтээлчээр ажиллаж байна.
-ДБЭТ-ын босгыг давчихаад анх ямар дүрд бүжиглэсэн бэ?
-Оюутан байхаасаа театрынхаа тоглолтуудад оролцдог байлаа. Сургуулиа төгсчихөөд ч олны хэсэгт, туслах дүрүүдэд л гардаг байсан санагдана. Яг ямар бүжгэн жүжигт анх гарснаа сайн санадаггүй ээ.
-Одоо үзэгчдэд ямар уран бүтээл хүргэхээр бэлтгэл сургуулилалтаа базааж байна вэ?
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд манай театр “Бахчисарайн оргилолт булаг” бүжгэн жүжгийг үзэгчдэдээ хүргэлээ. Тун удахгүй “Тэнгэрийн ташуур” бүжгэн жүжгийг сэргээн толилуулахаар сургуулилалтаа хийж байна.
-Мэргэжлийн бүжигчин байхын амтыг хэзээ анх мэдэрч, шунав?
-Анх ээждээ хөтлүүлээд ХБК-д шалгуулахаар ирэхдээ балет гэж юу вэ гэдгийг ч мэдэхгүй ирж байлаа. Ахлах ангид орсныхоо дараа л мэргэжилдээ дурлаж, улам хичээх болсон. Яг одоо бол өөрийгөө тайзнаас хол байгаагаар төсөөлж чадахгүй болтлоо мэргэжилдээ дурлачихсан явна.
-Бүжиглэсэн аль дүр тань таны зан араншинтай адил төстэй мэт санагддаг бол. Ямар бүжгэн жүжигт та хамгийн их дуртай вэ?
-Яг тэр нь, энэ нь надтай адил гэж хэлэх хэцүү. Хамгийн дуртай нь “Жизель”. Их ур чадвар шаарддаг дүр учраас шунадаг байх.
-Өнгөрсөн намар та БНСУ-д болсон олон улсын бүжгийн уралдаанд оролцсон. Энэ төрлийн уралдаанд хэзээнээс оролцож эхлэв?
-Хоёр жилийн өмнөөс уралдаанд оролцож үзье, гадаадын бүжигчдийг харья, суралцъя гэж бодох болсон. Өнгөрсөн намар мэргэжлийн бүжигчдийн дунд зохион байгуулдаг А зэрэглэлийн уралдаанд оролцлоо. Сонгодог, үндэсний, орчин үеийн гээд бүжгийн бүхий л төрлөөр өрсөлдүүлдэг томоохон уралдаануудын нэг. Олон улсын уралдаан хэрхэн болдог, яаж оролцох ёстойг судлаад ирсэн. Дахин өөр уралдаанд ч оролцох бодолтой байгаа.
-Манайд сонгодог урлагийн үнэлэмж муу, үзэгчдийн хүрээ ч хумигдмал. Боломж, ирээдүйгээ бодвол гадаадын театрт ажиллавал илүү нэр хүндтэй, мөн санхүүгийн хувьд илүү бололцоотой. Танд гадаадад ажиллах хүсэл байдаг уу?
-Гадаадад ажиллах гэхээс илүү суралцаж, мэргэжил дээшлүүлэх бодол бий. Балетын урлагаараа дэлхийд тэргүүлж буй улсуудын сургуулийг сонирхож, судалж байна. БНСУ-ын урлагийн сургууль, сонгодог урлагийн хөгжил их мундаг санагддаг. Тэнд л сурах байх. Залуу байгаа дээрээ сурч, мэргэжлээ дээшлүүлчихээд Монголдоо ажиллахыг хүсдэг.
-Балетчин богино настай мэргэжил шүү дээ. Тэтгэвэрт гарахаасаа өмнө юу юу хийж амжуулмаар байна вэ?
-Олон сайхан дүрд л бүжиглэхийг хүсдэг.
-Олонх балетчин тэтгэвэрт гарахаараа балетмейстер болж, эсвэл багшилдаг. Харин та юу хийхээ төлөвлөсөн үү?
-Харин л дээ. Энэ талаар нухацтай бодож байгаагүй юм байна. Ямартай ч багшлах байх. Би ганц балет гэлтгүй урлагийн бүх төрөлд сонирхолтой. Дуулах, жүжиглэх дуртай. Нас ахисныхаа дараа энтертайнмент компанитай болохыг мөрөөддөг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийг л хичээнэ дээ.
-Театрт багшаа хэмээн бодож хүндэлдэг, мэргэжлийн зөвлөгөө авдаг хүн бий юү?
-Театрынхаа ахмад уран бүтээлчид, үе тэнгийн залуусаас ч алхам тутамдаа суралцдаг.
-Гадаадын хэн гэж балетчинг биширч, үлгэр дуурайл авдаг вэ?
-Наталья Осипова, Светлана Захарова зэрэг алдартай бүжигчнийг үзэх дуртай. Ямар уран, тансаг бүжиглэдэг гэж санана. Мөн Жульетта Доэрти гэж надтай нас ойролцоо залуу бүжигчин бий. Түүний бичлэгүүдийг үзэж, суралцдаг. Сэтгэл санаагаар жаахан унахаараа түүний бичлэгүүдийг үзэж зориг ордог. Бас шар хөдөлдөг.
-Шартай байх нь ээ?
-Уран бүтээлч хүнд зөв хор шар, цагаан атаархал байх ёстой мэт санагддаг. Тийм байж л илүү эрч хүчтэйгээр урагшилна.
-Балетчин байх хэцүү, шантрах үе олон ч урлагт, мэргэжилдээ дуртай болохоор тэсэхээс өөр аргагүй гэдэг. Танд тийм шантрах үе олон тохиосон уу?
-Бүжгийн хөдөлгөөнөө хийж чадахгүй байх, бэртэж гэмтэх гээд ядрах, шаналах тохиолдол зөндөө л гардаг юм. Тэглээ гээд больё бодож байгаагүй ээ.
-Бүжигчин хүнд сэтгэл санаа их нөлөөлдөг байх. Сэтгэл санаа тогтворгүй үедээ тайзан дээр гарах болбол хэрхдэг вэ?
-Бие махбодиос гадна сэтгэл санаа нөлөөлдөг. Ядаж байхад би нулимс ойртой. Хэцүү санагдсан үедээ уйлчихдаг. Гэхдээ тайзны ард уйлж байсан ч хөшиг нээгдэхэд инээгээд л гарах ёстой.
-Балетчид хөл, гартаа байнга ачаалал өгч ажилладаг болохоор их янгинадаг болж, өвчин намдаах эм уудаг гэж сонссон юм. Энэ үнэн үү?
-Янгинах, хөнгөн бэртэх нь энгийн л зүйл шүү дээ. Өвчин намдаах эм, аминдэм уух, цацлага цацаж мэдээ алдуулчихаад тайзан дээр гарах үе бий.
-Бүжгийн бусад төрлүүдээр бүжиглэдэг үү. Сонирхдог уу?
-Сонирхолгүй яах вэ. Багадаа монгол бүжиг бүжиглэдэг байсан болохоор их дуртай. Одоо ажлынхаа хажуугаар “Номадик балет” продакшныхаа тоглолтуудад оролцож, модерн бүжиг бүжиглэдэг.
-Урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Эзэмшсэн мэргэжил тань танд ямар зөв дадал суулгав?
-Сонгодог урлаг хүнийг гоо зүйн мэдрэмжтэй, хүнлэг, уяхан болгодог байх. Олон сайн чанар төлөвшүүлдэг.
-Байнгын дасгал сургуулилалт хийдэг болохоор нойр, хоолоо тохируулах шаардлага гардаг байх. Мөн биеийн жингээ барихаас эхлээд анхаарах зүйл бишгүй.
-Сургуулилалтаас гадна биеийн хүчний, сунгалтын дасгал байнга хийдэг болохоор алдсан энергиэ нойр, хоол хүнсээр л нөхнө. Гэхдээ хүссэнээрээ идэж чадахгүй. Энэ мэтчилэн ярвигтай зүйлс бишгүй. Ялангуяа над шиг унаган мяраатай, амархан таргалчих гээд байдаг хүн дэглэм барьж, эрүүл хооллохоос өөр аргагүй.
-Та сургуулилалт, тоглолт гээд л цаг наргүй ажилладаг. Заримдаа бусад шиг өөр мэргэжил эзэмшиж, цаг нартай ажил хийж явах байж дээ гэж боддог уу?
-Тэгж бодож байгаагүй ээ.
-Гэр бүлийн талаар юу гэж боддог вэ?
-Бүжигчин хүн ид бүжиглэх насан дээрээ гэрлэх, хүүхэд төрүүлэх хэцүү. Би залуу байна. Гоцлол бүжигчин ч болж амжаагүй. Юунд ч хүрээгүй байж амьдрал зохиогоод яах ч юм билээ. Яарахгүй байгаа.
-Чөлөөт цаг гарвал юу хийж өнгөрүүлэх дуртай вэ?
-Цаг гарах нь ховор. Өглөө театртаа бэлэн байж, сургуулилалт эхэлнэ. Орой театрын ажил дуусаж, “Номадик балет”-ын сургуулилалтаа хийнэ. Тоглолттой үед бүр ч олон цаг сургуулилална. Жаахан цаг гарвал амрахаа л урьтал болгодог.
-Найруулагч Д.Ханьсагийн “Дурлах санал” кинонд өнгөрсөн жил тоглосон. Мөн найруулагч Г.Эрдэнэбилэгийн үзэгчдэд хүргээд удаагүй байгаа “Яллагч” киноны гол дүрд тоглосон байна лээ. Дэлгэцийн урлагтай хэрхэн холбогдов?
-Тайзтай харьцуулахад дэлгэцийн урлаг илүү хатуу мэт санагддаг шүү. “U” фильмийн “Тютю” кинонд манай театрын бүжигчид оролцсон юм. Тэгэхэд л анх удаа кинонд зургаа авахуулж үзлээ. Дараа нь “Дурлах санал” киноны дүрийн сонгон шалгаруулалтад орж, тэнцээд тоглосон. Өсвөр насны хүүхдүүдийн сэдэвтэй кино учраас хөгжилтэй сонирхолтой санагдсан. “Яллагч” кинонд ч мөн шалгуулж, тэнцээд, тоглолоо.
-Хэдий тайзан дээр бүжиглэдэг, уран бүтээлч хүн ч гэлээ кинонд тоглоход тийм ч амархан байдаггүй байх.
-Тийм шүү. Яах вэ, сандрах, тулгамдах зүйл байхгүй. Гэхдээ бүжиглэх, жүжиглэх гэдэг өөр шүү дээ. Адаглаад л, бид тайзан дээр үг хэлэлгүйгээр биеийнхээ хөдөлгөөнөөр үйл явдлыг үзүүлдэг. Харин кинонд бол харилцан ярина, камертай харьцаж сурна. Мэдэхгүй, чадахгүй зүйл их гардаг. Тэр болгонд хамтран ажиллаж буй хүмүүсээсээ зөвлөгөө авч, суралцаж, гаргасан алдаагаа давтахгүй байхыг хичээж ажилладаг.
-“Яллагч” кинонд хүчирхийлэлд өртсөн өсвөр насны охины дүрд тоглосон. Гэр бүлийнхэн тань ийм сэдэвтэй киноны тийм дүрд тоглоно гэхэд эсэргүүйцээгүй юү?
-Кинонд эротик, мөн хүч хэрэглэж буй хэсэг байгаа, эсэхийг асууж байж тоглосон. Би тийм хэсэгт тоглож, зургаа авахуулахыг хүсээгүй. “Яллагч” киноны дүрийн сонгон шалгаруулалтад тэнцэхэд өмнө нь кинонд тоглож байснаас гадна царай минь их нэмэр болсон байх. Миний ээжийн дүрд тоглосон жүжигчин Д.Мөнхзул эгчтэй би их адилхан. Киног үзсэн хүмүүс бүр гайхсан шүү. Ээж хүртэл “Яллагч” киног үзчихээд “Ямар адилхан юм бэ, та хоёр” гээд дуу алдсан.
-Цаашдаа кино тоглуулах санал ирвэл нааштай хүлээж авах нь ээ?
-Тэгнэ ээ. Гэхдээ театрынхаа ажлыг цалгардуулж болохгүй. Санаагаар болдог бол бүжигчдийн тайзан дээрх болоод тайзны ард өрнөдөг үйл явдлуудыг харуулсан кинонд балетчны дүрд тоглох сон гэж мөрөөддөг.
-Бүжиглэж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Үгээр илэрхийлэх аргагүй сонин мэдрэмж төрдөг. Өчнөөн өдөр нойр, хоолоо хасаж сургуулилалт хийсэн бүтээлээ үзэгчдэд хүргэсний дараа алга ташихыг сонсоод л ядарч, цуцсанаа мартчихдаг. Хамгийн гоё мэдрэмж тэр байх.
-Харин өөрийнхөө тоглосон киног кино театрт үзэхэд ямар санагдав?
-Анх тоглосон киноныхоо нээлтэд очоод, өөрийгөө чимхэж, доошоо нугдайж сууж байгаад л гарсан. Их эвгүй юм билээ. Бас “Энэ хэсэгт ингэчихгүй яав даа. Тэгсэн бол дээр байж” гэж бодогдоод л.