Реппэр, продюсер Rokit Bay-ийн талаар мэдэхгүй хүн цөөн биз. Тиймээс хүн бүрийн мэддэг ойлгомжтой мэдээллээр уншигчдаа залхаахгүйн тулд зөвхөн түүний уран бүтээлийн онцлог, эсрэгцлүүдийг раймаас нь ишилж харуулахыг зорилоо. Хэн нэгнийг зөвхөн уран бүтээлээр нь дүгнэнэ гэвэл хэт өнгөц өрөөсгөл санагдах биз. Гэсэн хэдий ч тэрээр бусадтай харьцуулахад “тайчих үзүүлбэр” хийх мэт өөрийгөө илчлэн бичдэг уран бүтээлч. “Намайг танья гэвэл Миний дууг сонс” гэж дуундаа ч өгүүлсэн байдаг. Хэрэв анзаарвал түүний сүүлд гарсан бүтээлүүд эхэнд гарсан дуугаа няцааж байдаг.
Жишээ 1:
"Хамааралтай байсан бол" дууны хэсгээс зурагт үзүүлэв.
Гэрээг "F..." гэж байсан тэрээр тун удалгүй BE brand, Монгол HD телевизүүдтэй үзэг цаас нийлүүлсэн. Гэрээ байгуулснаараа тэр муудаагүй ч ХАМААРАЛТАЙ нэгэн болчихов уу даа.
Жишээ 2:
“Дуулахгүй би улс төр, дуулна бөгс бөөр” гэж сахилга бат сул нэгэн дууных нь хэсэгт гардаг. Тэгвэл тэрээр бас л удалгүй “Улсаа би ломбардсан улс төрчөө" гээд л "Ганцаардсан улс төрч" дуундаа дуулчихаж байх жишээний. Тэрээр улс төрчөөс мөнгө аваагүй нь лавтай байх. Гэхдээ дуулахгүй гэж байгаад л улс төрийн сэдвээр дуулчихдаг. Энэ нь үргэлж хэв маягаа эвдэж шинэчлэгдэж байдаг гэдгийг нь илтгэх. Үүгээрээ түүнийг шүүх гэсэнгүй. Өнгөрсөнд байсан Rokit Bay одоо байгаа Пуужин Баяраа хоёр тэс өөр байж болно. Чадварлаг уран бүтээлчид улиг болтлоо өөрийгөө давтаж эхлэхээрээ л бусдыг уйдаадаг. Тэгвэл тэр өөрийгөө давтахыг хүсдэггүй байх.
ТҮҮНИЙ ФИЛОСОФИ
Түүний талаар нэгэн эрхэм “Барууны хэв маягтай Буддын философитой хүү шүү дээ” гэж хэлсэн юм.Түүнийг харах бас л нэг өнцөг. Гэхдээ барууны соёл нэвчсэн нь үнэн ч Буддын философитой байх нь юу л бол. Яг үнэндээ Пуужин Баяраагийн доторх хүүхэд нэг л биш байна.Тэр өөрийгөө “Эвдэрхий хүн, Би бол чөтгөр” гэж хэд хэдэн дуун дээрээ хэлсэн удаатай.
Энэ нь түүний багадаа амссан мэдрэмжтэй холбоотой байж болох юм. Түүнийг дөрвөн настай байхад аав нь орхиж яваад ахиж хэзээ ч сэрээгүй, ирээгүй. Түүний дутуугийн мэдрэмж нь уран бүтээл болж гадагшлахдаа хэнээс ч айж ичихгүйгээр илэрхийлдэг онцлогтой. Бөгс, бөөр, аллага хядлага, гаж донтноос авахуулаад өөрийгөө СОЛИОТОЙ дүрд байгаа мэтээр сэтгэж дуулахдаа улайна гэсэн ойлголт байхгүй. Юунд ч баригдалгүй илэрхийлж байгаа нь түүний эмээ ээж хоёрын зөөлөн зан, зөнгөөр нь байлгадгийн шинж биз. Нэг талаас харвал эцэггүй хүүхдийн том толгой цухалзана. Энэ мэт солиотой гэмээр бүтээлийг түүний “Хуурамч гэгээ”, “GUYS 666”, “Эвдэрхий хүн”, “Сахилга сул” зэргээс тод харж болно. Түүний зарим дуунуудыг сонсохоор үнэхээр солиотой хүн шиг үг хэллэгтэй. Гэхдээ "Авьяаслаг Монголчууд"-ыг шүүж байхдаа их дажгүй "солиотой" гэж орилдог шигээ энэхүү хэв маягаа эергээр гадагшлуулдаг болов уу.
“Тэжээсэн гөлгөө нойрондоо алчихаж чадна” гэж бичиж байгаа хүнээс буддын философи үнэртэж байна гэхээр арай л буухгүй байгаа юм. Гэхдээ яваандаа бурханлаг Баяраа сэрэхийг хэн байг гэхэв. Буддын философитой гэхээсээ илүү түүний толгойд янз бүрийн бодол буцалж байдаг байх. “Хүүхдүүд гадаа тоглож байхад тэрээр гэртээ хөгжим, телевизээр боловсруулж байсан” гэж түүний нэг дуун дээр гардаг. Өөрийгөө гадагш илэрхийлдэг болох хүртлээ дотроо л юм бодон зожиг гэж хэлүүлэх үе түүнд байжээ. Түүний бусад реппэрүүдээс ялгарах гол онцлог гэвэл раймаа зохиохдоо шууд хэлчихдэггүй, харин тойруу утгаар сонсогчдыг бодуулж байж ойлгуулдаг. Түүнийг гарч ирэх үед ихэнх реппэрүүд хайр л дуулж байсан шүү дээ. Эсвэл өргөн өмд өмсөж, хоолойгоо шахаж дуулдаг нөхөд үгээ тойруулалгүй түс тас хэлчихдгээ гоё гэж боддог. Харин Rokit Bay хамаг мөнгөө шавхаад микрофон худалдан авч, дууныхаа үгийг өглөөний 06.40 цаг хүртэл бичдэг байсныхаа хүчинд НЭГ ӨДРИЙН ХААН болж чадсан. Монголын рэппэрүүдийн ертөнцөд нэг өдрөөр зогсохгүй хаан суусан байж болохыг үгүйсгэж бас болохгүй.
ЭМИНЭМИЙН НӨЛӨӨ
Рэппэрүүд ихэвчлэн толгой холбодог бол харин тэр сүүл холбодог. Жишээлбэл,
Энэ үед би дөнгөж естэй
Гэрт ирсэн хүн бүрт өстэй
Өстэй, естэй гэх мэт. Ер нь бол толгой холбохоос сүүл холбох нь уран бүтээлчээс илүү ур шаарддаг.
Мөн тэрээр монгол хэлний тогтсон хэл найруулгыг эвдсэн бичлэгтэй. ”Энэ хүүхэд нэг л биш гэж ээжид хүмүүс хэлсэн” гэж монгол хэл бичигт буухыг тэрээр “Хүмүүс ээжид хэлсэн Энэ хүүхэд нэг л биш” гэж өгүүлэхүүн өгүүлэгдэхүүнээ түрүүлж бичдэг нь Америк маягийн рэп школтойгийнх болов уу. Мөн тэрээр олон тоо дурдах болгондоо 80-ын тоог ашигладаг. Жишээлбэл “Араас нь гүйдэг 80 хүнтэй ...., 81 дэх нь болоод яахав хайран үнэтэй цаг” Үүний жишээг Аюултай бүсгүй, Бор арьст Гамп зэрэг дуунаас нь харж болно. Яагаад өөр тоо биш заавал 80 гэж. 8 түүний азын тоо юу гээд судалтал энэ тоо ертөнцийн дунд тивийн аж амьдралыг бэлгэддэг аж. Гэхдээ монгол бэлгэдэл зүйтэй хамааралтай бус болов уу. Харин рэпийн хаан Эминэмийн бэлгэдэл тоо нь 8. "8 Mile" нь түүнийг алдартай болгосон шүү дээ. Хүмүүс ч түүнийг тэр чигээрээ Эминэм гэдэг. Үнэн ч байж мэднэ.