Манай улсын соёл урлагийн амьдралд байсхийгээд сонирхолтой үйл явдал тохиож байдгийн нэг нь хөгжмийн шинэ бүтээл төрөх, тоглох, тоглуулах, сонсох юм. Энэ оны эхний хагаст хөгжмийн зохиолчид шинэ бүтээл нэлээд хэдийг сонсголоо.
Төрийн хошой шагналт Н.Жанцанноров монгол ардын 12 дууг мэргэжлийн түвшинд найруулан зөвхөн төгөлдөр хууртайгаар дуурийн гоцлол дуучдаар дуулуулав. Хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Д.Ариунболд эртний монгол хөгжмийн зэмсгүүд, хөөмийн найрал гэсэн бүрэлдэхүүнтэйгээр “Галайхан” дуурилгын хөгжмийг бичсэн нь онцлох бүтээл байлаа. Мөн тус сургуулийн багш, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан V концертоо тоглуулсан.
Хөгжмийн зохиолч, Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлж буй Х.Алтангэрэлийн морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан концертыг морин хуурч Д.Шинэцог-Гени симфони оркестртой болгосон хувилбараар нь тоглолоо. Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын ханьдаа зориулж энэ онд бичсэн “Эхийн сэтгэл шиг...” хэмээх морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан бүтээлийг хуурч Н.Жигжиддорж хөгжмийн зохиолчийн II симфонид зориулсан хүндэтгэлийн тоглолтоор анхлан толилуулсан нь урлагийн ертөнц дэх дуулиан байлаа.
Хөгжмийн бүтээлийн тоглолтоос тоглолтын хооронд Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөг морин хуур, найрал хөгжимд зориулсан концерт хэмээх төрлөөр арвин болсныг анзаарав. Концерт гэдэг нь өмнө нь сониныхоо “Урлагийн тайлбар толь” буланд өгүүлж байснаар хөгжимчин үндэсний болон симфони оркестртой гоцолж тоглоход зориулсан нэг болон гурван ангит зохиол билээ. Хэмжээгээр симфонийн дараа орно. Зарим нь 40 хүртэл минутаар үргэлжилдэг “аварга” зохиолууд байдаг бол концертыг “арслан” хэмээн эрэмбэлж болох юм. Монголчууд морин хуур хөгжмөө эргэн дээдэлж эхэлсэн 1990-ээд оноос хойш морин хуурт зориулсан концерт 15-тай болжээ.
Морин хуурын анхны концертыг Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров 1989 онд туурвижээ. Хөгжмийн зохиолч энэ бүтээлийнхээ тухай ийнхүү дурсан ярив. “Миний энэ концерт гайхамшигтай сайн нь юу юм, харин тухайн үед монголчууддаа морин хуур хөгжмөө хэрэглэж байя, үндэсний бахархал болгон дээдэлж байя гэсэн сэдэл төрүүлсэнд ач холбогдол нь орших болов уу. Концерт бүтсэн түүх сонин. 1989 оны хавар Өвөрмонголын алдарт морин хуурч Чи Булаг БНХАУ-д Морин хуурын нийгэмлэг байгуулсан гээд нээлтэд нь морин хуурч Г.Жамъян гуай, удирдаач Ц.Батчулуун бид гурвыг урьсан юм.
Очлоо. Чи Булагийн сайхан бүтээлүүдийг тоглож, нийгэмлэг байгуулсныг зарлалаа. Тэр үед толгойд бодол орж ирэв. Манай монголчууд дээхнэ үед морин хуурыг хэрэглэж байсан болохоос ингэж шүтээнээ болгох аятай дээдэлж байгаагүй. Өвөрмонголд ингэж байдаг, тэгвэл голомт дээр нь байгаа бид юу хийх ёстой байсан бэ гэж өөрөөсөө асуусан. Тэгээд бид гурав нийлж бусад нөхөдтэй ярилцаад 1989 оны есдүгээр сард болох байсан “Алтан намар” хөгжмийн наадмын нэрийг Морин хуурын наадам гэж өөрчлөөд, дан морин хуур чиглэлийн наадам зохион байгуулсан. Чи Булагийг урьж авчиръя, ярьснаас үзүүлсэн нь дээр гэж үзсэн. Тэгээд ми
ний “Монгол аялгуу” гэдэг нэртэй жижгэвтэр зохиолыг 108 морин хуурчаар хөгжимдүүлж байв. Тийм олон хуурч цуглуулах хүнд байсан. Гэхдээ бидний ажлыг дэмжиж хуур барьсан хүн болгон шахуу ирж хөгжимдсөн юм. Европын сонгодог соёлтой нийлсэн хагас зуун жилийн туршлагатай юм чинь үзээд алдая гэсэн маань одоо бодоход оножээ. Тэгж морин хуур хөгжмөө олны анхаарлын төвд оруулах гэж оролдож байлаа. Миний энэ концерт бол хөгжмийн зохиолчийн авьяас билэг гэхээс илүү үндэстнээ гэсэн, БНМАУ-аа гэсэн чин сэтгэлээс төрсөн бүтээл. Хуурч, Ардын жүжигчин Батсайхан сайхан хөгжимдсөн.
Бид үндэсний хөгжмийн зэмсгээрээ дэлхийн сонгодог болоод 300 жил болсон сонгодог найрал хөгжимтэй хамтарч тоглож болох юм байна гэдгийг харуулсан үйл явдал байлаа. Тухайн үед морин хуурын наадам зохион байгуулсандаа баярлаж явдаг” хэмээн саяхан болсон морин хуурч Д.Шинэцог-Генийн уран бүтээлийн тоглолтын үеэр тайзнаа хэлж байлаа. Түүний ингэж хэлснээс санаа авч ер нь морин хуурт зориулсан концерт хэмээх, хөгжмийн зохиолчийн болоод гоцлол хөгжимчний, найрал хөгжмийн ч мэргэжлийн ур чадварыг харуулсан, шавхсан ч байж мэдэх бүтээл хэд болж байгааг тоолохыг хүссэн юм.
Н.Жанцанноров гуайн хэлснээр Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал 1990 онд морин хуур, найрал хөгжимд зориулсан концертоо “Алтан намар” хөгжмийн наадамд тоглуулсан байна. Үүний дараахан удалгүй Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав концертоо бичиж, тоглуулжээ.
Монголын хөгжмийн урлагийн түүхэн дэх морин хуурт зориулсан дөрөв дэх концертыг 1999 онд хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл туурвилаа. Тэрбээр “Би Б.Шарав багшийнхаа удирдлага дор суралцаж байхдаа энэ концертоо зохиосон юм. Анх морин хуур, төгөлдөр хууртай байсан. 2008 онд хуурч Д.Шинэцог тоглоход зориулж цохивор болон үлээвэр хөгжимтэй болгосон юм. Харин энэ жил симфони найрал хөгжимтэй болгов. Мөн морин хуурч Д.Шинэцог тоглолоо.
Гоцлол хөгжимчин маань концертын каденц буюу ганцаар тоглох хэсгийг өөрийн зохиосноор тоглосон. Миний хийсэн хувилбар бий. Гэхдээ гоцлооч өөрөө жанжин шугамыг миний бичсэнээс айхавтар зөрүүлэхгүйгээр шинээр зохиож болох уу гэсэн. Сайхан болсон байна билээ” гэж алс холоос хариу өгсөн юм. Х.Алтангэрэлийн энэ концерт “Цастны мэргэд” гэдэг нэртэй. Их Монгол Улсыг байгуулж байх үеийн байдал, адал явдал, арцалдаан, тэмцэлдээн болоод эхийн хайр, харуусал, гунигийн ч тухай өгүүлдэг. “Цаст нутгийн ухаант түмэн” буюу мэргэн ухаантнууд гэсэн утгыг бодож бүтээлээ нэрлэсэн байна. Түүнд морин хуурт зориулсан бас нэгэн “нууц” концерт бий аж. Тэрбээр бүтээлүүдээ дугаарладаггүй онцлогтой.
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд морин хуур, симфони найралд зориулсан концертоо 2006 онд төрүүлсэн. Тэрбээр 2004 онд үндэсний хөгжимд анхлан зохиол бичиж байлаа. Ятгачин, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнийн хүч чадлыг харж бахдахдаа ятга хөгжимд зориулсан концертоо бичсэн түүхтэй. Хөгжимчний бяр нь ихдээд, зохиол нь багадаад байгаа юм болов уу гэж бодсоноор томоохон хэмжээний бүтээлтэй болгоё гэж шийдсэн гэдэг.
Б.Мөнхболд 2005 онд ХБК-ийн тайзан дээр морин хуурч Д.Шинэцог-Гени тоглож байхыг харжээ. “Дуут төвөргөөн”-өө бичиж байх үед нь хөгжимчин уулзаад “Та надад ганц сайхан концерт бичиж өгөөч” гэж байсныг нь ч санаж морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан концертоо бичиж эхлэв. Тухайн 2005 онд нэгдүгээр ангийг нь дуусгасан боловч дараа жилийнх нь “Алтан намар”-аар л анх тоглуулжээ.
2006 онд хоёр болон гуравдугаар ангийг нь зохиож дуусгасан бөгөөд, оркестрт ч бичиж амжжээ. Ингээд морин хуурч Д.Шинэцог-Гени анхлан тоглов. Морин хуурын концертууд ихэвчлэн минор дэвсгэр хөг дээр бичигдсэн байдаг бол Б.Мөнхболдынх “мажор”-ын бүтээл. Хөнгөвтөр, гэгээлэг өнгө аястай гэж ойлгож болно. Энэхүү бүтээлийг дараахан нь морин хуурч Н.Жигжиддорж тоглосон. Өдгөө морин хуурын сургалтын хэрэглэгдэхүүн болоод байна. Мөн Өвөрмонголд тоглодог. Хөгжмийн зохиолч энэ бүтээл болон ятгын концерт, төгөлдөр хуурын сонатаараа 2009 онд Төрийн шагнал хүртсэн билээ.
Дараагийн, тусад нь бүлэг болгон авч үзэх бүтээлүүд бол хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Ш.Өлзийбаярын морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан таван концерт юм. Эдгээрээс нь IV концертоос бусдыг морин хуурч Д.Шинэцог-Гени, Н.Жигжиддорж нар анхлан тоглосон. Концерт бүр өөрийн онцлогтой, үзэгчид дахин сонсох сон гэж алга удтал ташдаг бүтээлүүд.
Хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Цэн.Эрдэнэбат морин хуур, симфони найрал хөгжмийн гурван ч концерттой болжээ. Одоогийн байдлаар 2010 онд зохиосон нэгдүгээр концертыг нь Морин хуурын чуулгын хөгжимчин Ц.Анхбаяр тоглоод байна. Хөгжмийн зохиолч уг найраглал концертоо мэргэжлийн багш, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсанд зориулсан юм билээ. 2016 болон энэ онд гараас гаргасан хоёр бүтээлээ тоглуулах гэж яарахгүй байгаа тухайгаа хөгжмийн зохиолч хэлэв.
Морин хуурын концерттой бас нэгэн хөгжмийн зохиолч бол СУИС-ийн багш Д.Ариунболд юм. 2012 онд БНСУ-д ажиллаж байхдаа туурвисан уг концертыг нь Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин Б.Тогтохжаргал анхлан тогложээ. 1989 онд хөгжмийн зохиолч Н.Жанцанноров морин хуурт зориулсан анхны концертыг туурвихад хэн хүнгүй догдолж байж. Тэгвэл сүүлийн бараг 30 жилийн хугацаанд монгол хөгжмийн зохиолч таван концерт хээв нэг бичих хүртэл чадавхжиж, сонсогчид хөгжжээ.
Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан аялгуу сайхан монгол хэлтэй ард түмнийхээ соёл, түүхийг хөгжмийн хэлээр, тэр дундаа хоёрхон чавхдаст морин хуурын эгшгээр хорвоогийн хүмүүст хүүрнэх ийм олон гоцлол бүтээлтэй болгосон хөгжмийн авьяас төгөлдөр зохиолчдод талархъя.