“Уран бүтээлч” буландаа жүжигчин Пак Жэ Хүүнийг урилаа. Тэрбээр БНСУ-ын Хонгик их сургуулийг төгсчээ. 1991 оноос загвар өмсөж, 1994 онд МВС телевизийн “Сүүлчийн тэмцэл” цувралд тоглон, уран бүтээлийн гараагаа эхэлсэн байна. Түүнчлэн 2001 оноос R&B чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Шура” хамтлагт дуулан, 2009 онд бие даасан анхны цомгоо гаргасан юм.
Пак Жэ Хүүн “Мэдрэхүй”, “Жааз”, “Аав” зэрэг телевизийн 20 гаруй олон ангит, “Мөрөөдөл биелнэ”, “Уран зөгнөл” гэхчилэн мөн л 20 шахам бүрэн хэмжээний уран сайхны киноны гол болон туслах дүрд тогложээ. БНСУ-ын жүжигчин, загвар өмсөгч Пак Жэ Хүүн өдгөө төгссөн их сургуульдаа багшлахын зэрэгцээ жүжигчнээр ажиллаж буй. Хамгийн сүүлд тэрбээр БНСУ-ийн “J and B” фильм болон “J and J” компанийн хамтран бүтээж, Монголын үзэгчдэд хүргэсэн “Хар бороо” киноны гол дүрд тоглосон юм.
-Монголд анх удаа зочилж буй гэсэн. Манай улсын талаар хэр мэдэх вэ?
-Гуравхан цаг нисэж ирсэн болохоор замдаа ядарсангүй. Ийм богинохон нислэгтэй, аялах боломжтой газар атал энэ тухай өмнө нь яагаад бодож байгаагүйгээ гайхаад л сууж байна. Газардах дөхөхөд онгоцны цонхоор цэлмэг тэнгэр, цэлгэр тал нутаг харагдаж сэтгэл ямар их хөдөлсөн гээч. Монгол гэхээр ямар ч гадаад хүнд шууд л Чингис хаан гэдэг үг бодогддог байх. Мөн дэлхийн талыг эзэлсэн монгол морьдын талаар мэдэх байх. Түүнчлэн асар том газар нутагтай гэдгийг мэднэ. Бас монголчуудын нүдний хараа маш сайн гэж уншиж байлаа.
-Та загвар өмсөн олны танил болж, улмаар дэлгэцийн урлагт хөл тавьсан юм билээ. Одоо тэдгээрийн хажуугаар ямар ажил эрхэлдэг вэ?
-Их сургуульд багшлахын зэрэгцээ докторын зэрэг горилон суралцаж байна. Сурахад хэзээ ч оройтохгүй гэж боддог. Хүн үргэлж суралцаж, урагш ахиж байх ёстой юм.
-Багшлаад удаж байна уу?
-Гурван жил л болж байна.
-Өнгөрсөн гуравдугаар сард таны тоглосон “Хар бороо” киног Монголын үзэгчдийн хүртээл болгосон. Манай уран бүтээлчидтэй хамтран ажиллахад ямар байв. Энэ кинонд тоглуулах саналыг хэрхэн хүлээн авсан бэ?
-Анх ажлын шугамаар БНСУ-ын жүжигчин И Сол Гү ахтай танилцаж, дотно нөхөрлөсөн. Тэр ах минь Монголд гаргах “Хар бороо” хэмээх уран бүтээлд тоглох гэж буйгаа хэлээд надад санал тавьж, найруулагч Жан Ю Кёнтой танилцууллаа. Би “Ах та энэ кинонд тоглохоор шийдсэн юм бол надад ч цааргалах зүйл алга” гэж хариулсан. Монголд гарах кино, дээр нь Монголын уран бүтээлчидтэй хамтран ажиллана гэхээр их сонирхолтой санагдсан хэрэг.
-И Сол Гү гэж мафийн толгойлогч, корпорацын захирал гээд ихэнхдээ л эсрэг дүрд тоглодог жүжигчин мөн биз дээ?
-Тийм ээ, мөн. Тоглосон олонх дүр нь эсрэг болохоор хүмүүс их ширүүн араншинтай гэж эмээдэг юм шиг санагддаг. Гэтэл ямар хөгжилтэй, сайхан сэтгэлтэй хүн гэж санана. Би кинонд тоглохдоо И Сол Гү ахаас маш их зөвлөгөө авдаг. Энэ дүрд хэрхэн тоглох вэ, яавал үнэмшилтэй хувирах вэ гээд л.
-“Хар бороо” кинонд та танхай, тэгсэн атлаа хөгжилтэй залуугийн дүрд тоглосон юм билээ. Амьдрал дээрээ тэр дүр шигээ сонирхолтой араншинтай хүн үү?
-Би хүмүүсийг инээлгэдэг хүн биш. Айлгадаг хүн ч биш. Жаахан дуугүй, дотогшоо талдаа. Ер нь л их энгийн. Энгийн, тайван байх сайхан шүү дээ.
-Өмнө нь инээдмийн, адал явдалт, тулаант гээд олон төрлийн кинонд тоглосон, та. Урт, богино үстэй, сахалтай, сахалгүй гээд олон янзын Пак Жэ Хүүнийг харлаа. Ямар ч дүрд хувирч болох төрхтэй юм.
-Би 1994 оноос жүжигчнээр ажиллаж буй. Гэхдээ одоо ч ахмад уран бүтээлчдээс суралцаж, чадахгүй зүйлээ нэрэлхэлгүй асуудаг. Түрүүн ярьсан “Хар бороо” кинонд гэхэд л би хар тамхичин, танхай эрийн дүрд тоглосон шүү дээ. Дүрээ үнэмшилтэй гаргахын тулд гэртээ бэлдэж, өөрийгөө тийм хүн мэтээр төсөөлж сургуулилалдаг байлаа. Ер нь аливаа уран бүтээлд тоглохдоо маш хариуцлагатай байх ёстой. Зургаа авахуулж эхлэхийн өмнө хэлэх үгээ өөрийн болгож, дүрээ ойлгох нь их чухал.
-Одоо ямар уран бүтээлд тоглож байгаа вэ?
-Одоохондоо багшийн ажилдаа түлхүү анхаарч байна. Мөн докторын зэрэг горилж буйгаа дээр хэлсэн. Анхаарлаа өөр тийш хандуулах завдал гарахгүй л байна. Тиймээс уран бүтээлийн хэд хэдэн саналаас татгалзсан. Докторын зэргээ хамгаалчихаад л эрч хүчтэйгээр шинэ уран бүтээлд тоглох бодолтой яваа.
-Кинонд тоглуулах санал ирэхэд тоглох, эсэхээ хэрхэн шийддэг вэ?
-Эхлээд мэдээж зохиолыг нь уншдаг. Зохиол нь таалагдвал хэн найруулахыг нь асууна. Мөн хамтран тоглох жүжигчид их чухал.
-Үнэ хөлс чухал биш үү?
-Миний хувьд мөнгө тийм ч чухал биш. Үнэхээр гоё зохиолтой ч төсөв багатай, эсвэл залуу уран бүтээлчдийн хийж буй кино байвал мөнгийг нэг их чухалчилдаггүй, үнэгүй тоглоод өгсөн ч яах вэ дээ.
-Ямар дүрд тоглох танд амар байдаг вэ. Одоо ямар төрлийн кинонд тоглохыг хүсдэг бол?
-Амархан тоглох дүр гэж байхгүй ээ. Бүгдэд нь л өөрийгөө дайчилж, хичээж, чармайж тоглодог. Гэхдээ инээдмийн кино арай ойр. Хүмүүсийг инээлгэх нь уйлуулахаас дээр.
-Таныг дэлхийн алдартай олон брэндийн нүүр царайгаар ажиллаж байсан гэж сонссон.
-Солонгосын олонх загвар зохион бүтээгч, брэндүүдтэй хамтран ажилласан. Японы олон брэндийн нүүр царайгаар шалгарч байлаа. 100 гаруй удаа загварын болоод алдартай сэтгүүлүүдийн нүүрэнд зургаа авахуулсан. Мөн дэлхийд алдартай “Gucci”, Италийн “Hermes” брэндийн нүүр царай болж, тэдний загваруудыг амилуулж явлаа.
-Загвар зохион бүтээгчдийн урласан хувцсыг өмсөн зургаа авахуулж, тайзан дээр алхдаг байсан болохоор дэлгэцийн урлагт хөл тавих танд амархан байсан уу?
-Яагаад ч юм, би загвар өмсөөд тайзан дээр алхаж байхдаа өөрийгөө нисэж буй мэтээр төсөөлдөг. Маш их аз жаргал мэдэрдэг. Харин кинонд тоглоход чадах чинээгээрээ хичээдэг ч өөрийгөө голон, ахин дахин давтаж, илүү бэлтгэл хийж, их ядраадаг. Өөртөө маш их хариуцлага оноочихдог гэх юм уу даа. Одоо ч тоглосон кинонуудаа үзэхээр нэг л ичиж, санаа зовоод байдаг юм.
-Одоо загварын шоунд оролцдог уу?
-Загвар өмсөхөд нас минь тохирохгүй, талийчихсан. Одоо бол шавь нараа загварын шоунуудад зуучилж, оролцуулдаг. Яах вэ, Солонгосын томоохон хэмжээний загварын үйл ажиллагаанд л биечлэн оролцдог.
-Тайзан дээр гоёлын, чөлөөт гээд ямар төрлийн хувцас өмсөж алхах дуртай вэ, та?
-Өдөр тутмын, эсвэл гоёлын хувцаснаас илүү ажил хэрэгч хувцас өмсөж, түүнийгээ хүмүүст хүргэх дуртай. Надад ч тийм хувцас илүү сайхан зохидог.
-Та загварын ертөнцөд 27 дахь жилдээ ажиллаж буй. Дэлгэцийн уран бүтээлд загвар өмсөгчийн дүрд тоглох завшаан гарч байв уу?
-Харамсалтай нь, тийм завшаан өдий болтол гарсангүй. Хэрэв тийм дүрд тоглуулах санал ирвэл шууд зөвшөөрнө.
-Хувцсаа илэрхийлэхийн тулд жүжиглэх, кинонд өөр хүний дүрд хувиран жүжиглэхэд ажиллах арга барилын хувьд нэлээд ялгаатай байх даа?
-Жүжиглэхээс илүү загвар зохион бүтээгчийн урласан хувцсыг хүмүүст сайхан харагдуулж, хүргэхийн тулд бие бялдар сайтай байх хэрэгтэй. Тухайн өмссөн хувцсаа хэрхэн борлуулах, яавал нэртэй брэнд болгох вэ гэдгийг бодож зургаа авахуулдаг. Кинонд ч өөр өөр хүний дүрд тоглон, турах, таргалах, үс, сахалаа ургуулах, тайрах гээд өөрийгөө өөрчлөх шаардлага гардаг. Мөн тухайн дүрийн сэтгэл хөдлөл, үйлдлийг өөрийн мэт эзэмших хэрэгтэй. Аль аль нь л амаргүй ажил.
-Нээрэн, та “Шура” хамтлагт дуулдаг байсан, 2009 онд бие даасан цомгоо гаргасан дуучин. Одоо дууны уран бүтээл хийж байгаа юу?
-Энэ чиглэлийн уран бүтээл хийлгүй удаж байна. Цаашдаа хийх, үгүйгээ ч хэлж мэдэхгүй юм.
-Таныхаар уран бүтээлч хүн ямар байх ёстой вэ?
-Нэгд, ажилдаа дуртай байх. Хоёрдугаарт, тууштай, дараа нь хичээнгүй байх хэрэгтэй. Мөн хүнлэг байх ёстой. Өөрийгөө хэт тоож, хүнтэй мэнд ч мэдэж чаддаггүй залуу уран бүтээлчид байдаг. Тийм сагсуу хүмүүс бусадтай хамтран ажиллаж чаддаггүй, урлагийн тогоонд ч уддаггүй.
-Нээрэн, та кофены хообийтой гэсэн үү?
-Би чинь бариста шүү дээ. Кофенд үнэхээр дуртай. Маш том соёл юм шүү дээ.
-Өөр ямар зүйлд дуртай, хообийтой вэ?
-Сонирхдог, оролддог зүйл олон бий. Шинэ зүйл сурах дуртай, сониуч зантай болохоор тэр байх.
-Та удахгүй Монголд дахиад ирнэ гэсэн. Хэрэв Монголын найруулагч хамтран ажиллах санал тавибал та хэрхэн хүлээж авах бол?
-Нээлттэй хүлээж авна. Ер нь гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллах дуртай. Гэхдээ түрүүн хэлсэн шүү дээ, одоо зорьж буй хэргээ гүйцээх хүртэл хэсэг хугацаанд кинонд тоглохгүй гэж.