“The Voice” шоуг “Монгол HD” телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгож, ялагчаар Ц.Энгүүн тодорсон. 17 настай ч 2000 гаруй оролцогчийг ардаа үлдээн түрүүлсэн гайхалтай авьяастай, хөгжимчин болохоор суралцаж буй түүнтэй ярилцлаа.
-Хэзээнээс дуулж эхэлсэн юм бэ?
-Ухаан орсон цагаасаа л дуу, хөгжим сонсохоороо дагаад аялдаг, дуулдаг байсан. Дуулах үнэхээр дуртай.
-Яагаад эл шоунд оролцохоор шийдэв?
-Энэ шоуг Монголд зохион байгуулбал заавал оролцоно гэж боддог байсан. “Монгол HD” телевизийн хамт олон албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахаар оролцогчдыг бүртгэж буйг дуулаад шууд л үзээд алдахаар шийдсэн.
-Өмнө нь дууны өөр уралдаанд оролцож байсан уу?
-Дууны уралдаанд ерөөсөө орж байгаагүй.
-Ямар ч уралдаанд оролцогч түрүүлэх зорилготой л өрсөлддөг шүү дээ. Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?
-Түрүүлэх гэж энэ шоунд ороогүй ээ. Өмнө нь олон орны “The Voice” шоуны нэгдүгээр шатны шалгаруулалтыг их үздэг байлаа. Эл шоунд оролцоод гоё бичлэгтэй л болохыг хүссэн юм. Ийм хол явж, түрүүлнэ гэж төсөөлөөгүй. Шүүгч Д.Уламбаяр эгч өнгөрсөн хугацаанд намайг хурцалж, зоригжуулж, маш их дэмжсэн. Шоуг шууд дамжуулах үеэр хэрхэн дуулахаас гадна харагдах байдал, өмсөх хувцсанд минь хүртэл санаа тавьсан. Нэг удаа бүр өөртөө авсан шинэ хувцсаа надад өмсүүлэх гээд бариад ирсэн байсан. Тэгэхэд ямар их баярласан гэж санана. Тэр үеэс л олон хүн намайг дэмжиж байгаа учраас мэрийхгүй бол болохгүй юм байна гэж бодож, улам хичээсэн. Өрсөлдөөн маш ширүүн байлаа. Сүүлийн шалгаруулалтад надтай хамт тунасан гурван оролцогч яалт ч үгүй шилдэг. Тэдгээр авьяастнаас илүү олон саналыг үзэгчдээс авч, ялагч болно гэж төсөөлөө ч үгүй.
-Нэгдүгээр шатанд дуулахад дөрвөн шүүгч бүгд суудлаа эргүүлсэн шүү дээ. Яагаад Д.Уламбаяр шүүгчийг сонгосон юм бэ?
-Би хөгжимчин болохоор суралцах яваа. Олон цагаар сууж хөгжмөө давтана. Тэр бүрт сэтгэл хөдлөл, бүх зүйлээ хянахыг хичээдэг. Мэргэжлийн минь онцлог ч тийм. Д.Уламбаяр шүүгч миний энэ байдлаас эсрэг. Тайзан дээр биеэ маш сайхан авч явдаг, өөрийгөө илэрхийлэхдээ ч сайн. Эдгээр чадвараас нь суралцахыг хүссэн. Түүнээс сурах зүйл их бий.
-Ялагчийн нэрийг зарлах мөчид хэр сандарсан бэ?
-Маш их сандарсан. Миний нэрийг дуудахад бүр итгэж чадахгүй байсан. Нэг хэсэг бүр шоконд орсон шүү. Одоо ч итгэж чадахгүй, баярлаад л явна.
-Айлын том нь, бас ганц охин гэсэн. Аав, ээж чинь хэр дэмждэг вэ?
-Аав миний анхны багш, дасгалжуулагч гэхэд буруудахгүй. Багаас л аав, ээж дуулахыг минь маш их дэмждэг байсан. “The Voice” шоунд оролцох үеэр өмнөөс минь догдолж, сандарч байгааг нь харахад үнэхээр сайхан байсан. Айлын ганц охин гээд эрх дураараа биш ээ, би.
-Чи Монгол Улсын консерваторид хийлч мэргэжлээр сурдаг. Эл хөгжмийн зэмсгийн юунд дурлав?
-Таван настай, юугаа ч мэдэхгүй хүүхэд байхад ээж, аав намайг хөтлөөд энэ сургуульд оруулсан. Тэдний л сонголт. Охиноо урлагийн л хүн болгоё гэж бодсон байх. Харин тавдугаар ангиасаа би өөрөө энэ хөгжимдөө автаж, дурласан.
-Урлагийн сургуулийн сурагчид ерөнхий эрдмийн болон мэргэжлийн хичээлээ давтах гээд цаг наргүй, өдрийг ихэвчлэн сургууль дээрээ өнгөрүүлдэг. Бусад хүүхдийг бодвол бага насны хөгжилтэй дурсамж багатай мэт санагддаг. Чиний хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Хүүхэд л бол хүүхэд. Урлагийн сургуулийн сурагч гээд өөртөө зав гаргаж чадахгүй хичээлдээ дарагдана гэж юу байх вэ. Гол нь цагаа зохицуулах нь л чухал.
-Өсвөрийн хийлчдийн уралдаан, тоглолтуудад оролцож байсан уу?
-Дөрөвдүгээр ангидаа Чехийн нэрт хөгжмийн зохиолч Я.Косианы нэрэмжит олон улсын хүүхдийн уралдаанд оролцон, тусгай байрт шалгарсан. Дараа нь долдугаар ангидаа Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит олон улсын уралдааны дунд насны ангилалд түрүүлсэн. 2017 онд тус уралдаанд дахин оролцож, түрүүлсэн. Энэ уралдааныг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг юм.
-“The Voice” шоуны үеэр шүүгч нар “Тоглодог хөгжмийн зэмсэг шигээ уянгалаг хоолойтой” гэж зүйрлэсэн. Хөгжимчин хүн дуулахад давуу тал бий биз?
-Байдаг байх аа. Хөгжмийн мэргэжлийн онолын хичээл заалгадаг болохоор сонсох чадвараараа давуу байх талтай. Харин дуулах тухайд гэвэл надад ааваас минь өөр ямар ч багш байхгүй.
-Тайзан дээр хөгжмөө тоглох, дуулахад төрдөг мэдрэмж өөр өөр байх. Ямар мэдрэмж төрдөг вэ?
-Хийл тоглоход дасгал сургуулилалт хэр хийснээс шалтгаалдаг. Дуулахад бол бэлтгэлээс гадна тухайн үеийн сэтгэлзүй нөлөөлдөг. Ерөнхийдөө бол тайзан дээр үзэгчийн өмнө хийл тоглох, дуулах хоёрын төрөх мэдрэмж ижилхэн дээ.
-Дуулахад мэдрэмж чухал уу, хоолойны чадал чухал уу?
-Аль алийг нь хослуулах л хэрэгтэй байх. Тавь, тавин хувьтай.
-Чи үргэлжлүүлэн “Монгол контент” компанитай уран бүтээлийн гэрээ байгуулна. Урлагийн хүний амьдрал ямар байдгийг төсөөлж байна уу?
-Урлагийн хүний амьдрал ямархуу байдаг талаар олон хүнээс сонсож байна.
-17 насандаа уран бүтээлийн гараагаа алдартай шоунд түрүүлэн эхэлж байгаа нь маш том завшаан. Үүнийг хэрхэн ашиглахаа бодож амжив уу?
-Бодох зав байсангүй дээ. Шоунд оролцох үедээ долоо долоо хоногийн хугацаатайгаар дуунуудаа бэлдээд завгүй байсан. Түрүүлэх, цаашид яах тухай биш, зөвхөн тухайн дуугаа л гоё дуулж үзэгчдэд хүргэхийг хичээж байлаа.
-Уран бүтээлийн цаашдын замаа хэрхэн харж, мөрөөдөж, төлөвлөж байна вэ?
-Монголдоо гэлтгүй том хүрээг хамарсан уран бүтээл хийнэ гэж бодож, мөрөөдөж байна.
-Хамгийн том мөрөөдөл чинь юу вэ?
-Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болохыг мөрөөддөг. Гэхдээ энэ бол зөвхөн мөрөөдөл. Тиймээс чадлаараа л хөдөлмөрлөнө дөө.
-Нээрэн, шоуны эхний шатны шалгаруулалтад “Пинк Флойд” хамтлагийн нэртэй цамц өмссөн байсан. Хөгжмийн энэ урсгалыг сонирхдог гэсэн үг үү?
-Маш их дуртай. Бүх төрлийн хөгжим сонсдог ч, тэдгээрээс сонгодог рокыг илүү сонсдог.
-Цаашдаа хөгжмийн ямар урсгалаар голчлон уран бүтээлээ туурвих бол?
-Аль нэг төрөлд хашигдахыг хүсэхгүй байна. Юу хүсэж байна, ямар дуу дуулмаар байна түүнийгээ л дуулна. Цаг үетэйгээ нийцүүлээд, зөвхөн нэг урсгалд баригдалгүй хүмүүст таалагдах, мөн өөрт сайхан санагдах уран бүтээл хийхийг хүсэж байгаа.
-Гадаадын аль нэг оронд зохион байгуулдаг “The Voice”шоу, эсвэл өөр уралдаанд оролцох бодол байдаг уу?
-Одоохондоо тийм төлөвлөгөө байхгүй. Сургуулиа амжилттай төгсөх, боловсролдоо анхаарах хэрэгтэй. Орхигдуулж боломгүй чухал болохоор эхлээд сурч боловсроод, дараа нь энэ талаар бодох байх.
-Бие даасан анхны уран бүтээлээ хэзээнээс үзэгчдэд хүргэх бол?
-Удахгүй хүргэнэ гэж найдаж байна.