“Үнэн” сонины 60 жилийн ойд зориулсан олон улсын хэвлэлийн бага хурлын үеэр. 1980 оны аравдугаар сар, зүүн гар талаас “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ц.Намсрай, нэгдүгээр орлогч эрхлэгч Х.Цэвлээ, орлогч эрхлэгч Д.Цэрэндагва, сэтгүүлч Н.Шүр нар
БАЙГААГААРАА Л БАЙДАГ НЭГЭН
“Намсрай эрхлэгч” гэж албан ажлын хаяг, өөрийнх нь нэртэй хамсаж нэршсэн, ондооноос ондоон тэр хүнийг би сайн таньдаг байсан. “Байсан” гэж өнгөрсөн цагт хамааруулахын учир гэвээс тэр хүн одоо байхгүй ээ. Бурхан болсноос нь хойш он жилээр хэмжигддэг амьдралын хүрд олон удаа эргэсэн байна. Тэр хүний нүнжиг чанар буюу тогтсон таалал нь унаган монгол төрхөө хадгалсан учир тухайн үедээ бусдаас ондоон байсан юм.
“Намсрай эрхлэгч” гэдэг тэр л нэгэн эрхэм хүнээс олон жилийн тэртээ өөрийн биеэр сонссон бадаг үгийг энд онцолж хэлэх чин хүсэл төрөв өө.
Эл бадаг үг нь “Шагнуулах, сургуульд явах, албан тушаал дэвших хүнд битгий саад хийгээрэй” гэсэн утгатай. Ингэж боддог хүнийг одоогийн улстөрчдийн дотроос олоод ир гэвэл хэр барагтай нь олдохгүй байж магадгүй тул энд олзуурхан эш татлаа.
Урт сормуустай, хөөрхөн нүдтэй, дэгжин гоё залуу явсан гэж ханийнх нь тодорхойлсон Цэндийн Намсрай бээр хожим жар шүргэх насандаа ингэж хэлснийг зарим уншигч гадарласан байж магадгүй. Үгүй ч байж мэднэ. Энэ үг бол номоос хуулсан үг биш, тэр хүний мөн чанараас нь аяндаа урган гарсан үг.
Өнгөрсөн зууны дунд үед Монголдоо хамгийн царайлаг сайхан хүүхэн хэн байсан билээ гээд асуувал Лувсанжамцын Цогзолмаа хэмээн ам уралдан хариулна биз. Тийм ээ, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар тэр алдарт бүсгүй Цогзолмаагийн нэгэн насны журамт хань нь Цэндийн Намсрай гуай юм. Дор бүрнээ л сайхан бүсгүй мөрөөдсөн, нэгэн цагийн тэрсхэн, олон залуу эрчүүдийн дундаас цагийг эзэлсэн гоо бүсгүйг тийнхүү бусдаас илүү соронздон татсан хүн нь энэ хүн байсан гээд бодохоор Намсрай гуай аяндаа л тодорном.
Цогзолмаа гуай хожим дурсан бичихдээ “1942-1943 оны үе. Тухайн үеийн МАХН-ын Төв хорооны Хэвлэл, суртал ухуулгын хэлтэс урлаг соёлын байгууллагын ажлыг хариуцан давхар хянадаг байсан юм. Үе үе болдог тэрхүү хяналт, шалгалтаар Төв хорооны ажилтан, нүдэндээ шилтэй, нэг их боловсон, дэгжин нөхөр манай театрт байн байн ирж, ажил шалгаж хянаад л явдаг байлаа. Урт сормуустай, жижигхэн, давхраатай их хөөрхөн нүдтэй тэр залуу бас циркт болдог олон нийтэд (бүжиг, бусад арга хэмжээ) ирж, их гоё бүжиглэнэ. Тэгж яваад л 1944 оны төгсгөлөөр нэгэн үдэшлэгийн үеэр бид хоёр илүү дотно танилцсан юм. Би сүүлд “Чиний нүд их хөөрхөн байсан даа” гэхэд “Тэгэхгүй яадаг юм” гэж ирээд л инээдэг сэн... Тэгсээр байгаад нөгөө залуудаа дасаж дурласан юм шиг байгаа юм.
1945 оны нэгдүгээр сарын 5-ны хүйтэн жавар ид тачигнаж байсан үдэш, Самбууням ахын хашаанд хаяавчгүй, дөрвөн ханатай жижигхэн гэрт бид хоёр хуримаа хийсэн. Тэр үед боловсон маягаар хурим хийж мэддэггүй байсан цаг.
…Бидний хуримд тэр үеийн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны бүрэлдэхүүн тэр чигээрээ ирж, оролцож байлаа. Цэдэнбал, Ширэндэв, Лодойдамба, “Орос” Дүгэрсүрэн, мальчик Самдан гээд л. Гэтэл Лодойдамбын гэргий Долгорсүрэн бид хоёр тэр өдөр театрт тоглолттой учир хуримаа дөнгөж эхлүүлчихээд, нөгөө хэдийгээ орхичихоод очиж жүжгээ дуусгаад ирж үргэлжлүүлж байлаа. Одоо бодоход яасан ч хэнхэг өвчтэй байсан юм.
Хурим өндөрлөхөд нөгөө хэд маань явахдаа заншил ёсоор бид хоёрын гэрийн өрхийг бүтээж, хаалгыг том хар сүхээр даруулж орхиод л явсан нь сүх шиг бат бэх гэр бүл болоорой гэсэн сайн нөхдийн ерөөл байлаа. Үнэхээр ч бид хоёр тэр үеэс эхлэн 44 жилийн турш бат бэх сайхан гэр бүл байж, аз жаргалтай амьдарсан даа. Хуримаас хойш нэлээд хэд хоногийн дараа маршал Чойбалсан гуай бид хоёрыг хүлээн авч уулзаад баяр хүргэж байсан” гэж “Түмэн хүрээлж, төр соёрхсон гэр бүл” номд дурсан бичсэн байна.
Үүнийг уншихуйд Цогзолмаа гуай зөвхөн царайлаг сайхан хүүхэн байсан төдийгүй жинхэнэ монгол эх хүний ёс жудгийг барьсан, өөрийн хань, үр хүүхдийнхээ эцэг болох эр хүнийг үнэхээр олж ханилсан сайн хүүхэн гэдэг нь тод харагднам. Төрийн шагналт, Ардын жүжигчин Сувдаа, сэтгүүлч Шүрээ, төгөлдөр хуурч, багш Ганчимэг, Соёлын гавьяат зүтгэлтэн, дуучин Ганхуяг, урлаг судлаач Энхтүвшин нар эдний удам залгаж, голомт сахиж яваа үр хүүхдүүд. “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Балдоржийн Нандинтүшиг, нэгдүгээр орлогч эрхлэгч Номинтүшиг, өсөж яваа эрхзүйч Бат-Оргил гээд багаасаа тодорч байгаа ач, зээ нарыг нь харсан ч энэ хоёр хүний асаасан гал голомт ямар их илч гэрэлтэй бадарч байгааг төсөөлж болно.
НАМТРЫН ТОВЧ МЭДЭЭ
Намсрай гуай өөрөө 1918 онд Баянхонгор аймгийн Заг-Байдраг нутгийн алдарт Биндэръяа хөх нуураас зүүн урагш холгүй орших Бумбатад төрсөн юм гэнэ лээ. Түүний оюунлаг авьяас чадвар эрт нээгдэж, дөнгөж гуч шүргэх насандаа онол улс төрийн орчуулгын бүтээлээр Төрийн соёрхол хүртсэн гэдэг. Онол улс төрийн олон сонгодог томьёолол энэ хүний хөдөлмөрөөр монгол хэлэнд онож буусан юм билээ.
“Засгийн эрх бол ямарваа хувьсгалын гол асуудал мөн”, “Тэргүүний тэмцэгчийн ролийг тэргүүний онолоор удирдуулсан нам гүйцэтгэж чадна” зэрэг мэргэн цэцэн хэллэгтэй олон томьёолол Ц.Намсрайн гараар анх удаа цагаан цаасан дээр монгол үгээр бичигдэж, номд хэвлэгдэн, нийтэд түгсэн түүхтэй. ЗХУКН (Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Нам)-ын 19-26 дугаар их хурал, энэ хооронд болсон бүгд хурлын материалууд ихэвчлэн энэ хүний гараар шүүгдэж монгол хэлээр нийтлэгдсэн.
Түүний төрсөн ганц ах Ц.Баттөмөр 34 настайдаа Гэгээрлийн яамны сайдын алба хашиж байгаад 1937 онд хэлмэгдэж, цаазлагдсан гэдэг юм. Гэвч тэр хэлмэгдүүлэлт нь МАХН-ын буруугаас биш, гаднын бусармаг явуулгын улмаас болсныг сайн мэддэг учраас намдаа тэнэгүүдтэй адил элдэв хар буруу санаагүй, харин насан эцэс болтлоо МАХН-ын үнэнч цэрэг нь явсан хүн.
Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГЫН УНАГАН БАГЫН НАЙЗ
Намсрай гуай дүргүйгээ хүрэхээр “Муу собак” (нохой) л гэдэг байсан. Харин 1984 онд Ю.Цэдэнбал даргыг өвчний улмаас гэсэн шалтгаанаар бүх албан тушаалаас нь зайлуулахад их харуусан бухимдаж, “Муусайн бардакнууд (шаарнууд) хуйвалдсан байна” хэмээн маш их дургүйцэж байсан юм даг. Цэдэнбал даргатай үнэхээр найз байсан гэдэг юм билээ. Тэгэхээс ч аргагүй биз. Ерөөсөө тэгээд тэр үед Цэдэнбал даргад манайхан дэндүү хуншгүй муухай зан гаргасан нь үнэн юм чинь.
Үүнтэй холбож Цогзолмаа гуайн дурсамжаас эшлэн дурдъя. “Аав (Намсрай гуайг дандаа аав, эсвэл папа гэж дууддаг юм билээ) ер нь хэнэггүй, хээгүй юм шиг хэрнээ цэмцгэр, цаг нарийн баримталдаг, юу хийхээ хэзээд мэддэг, жигтэйхэн зарчимч, хачин шударга зантай хүн байсан юм... Бүр санаа зовмоор. Цэдэнбал даргыг хүртэл шал тоохгүй, хэлэх юмаа хэлж орхино. Учиргүй найз явсан хэрнээ дарга, даргын авгай гээд гүйгээд сүйд болох ч үгүй.
Айхтар улс бол ийм боломжийг өчнөөн ашиглачихсан байх сан. Гэтэл аавд ерөөсөө тийм юм байхгүй шүү дээ. Найзын хувьд ч жигтэйхэн дотно байсан. Бүр авгайгүй байхад нь, одоо энэ банкны дээд давхарт амьдардаг үед нь бид хоёр очиж хонож өнждөг, сайн муугаа хуваалцсан, сүрхий найзууд байсан юм. Филатова чинь анх ирэхдээ царай муутайхан, туранхай, жаахан шар хүүхэн байлаа. Сүүлд л харин махалж таргалаад, аюулын царай зүстэй сайхан хүүхэн болсон юм. Цэдэнбал даргад хайртай ч гэж сүрхий... Аав яагаад ч юм, авгайд нь дургүй. Гэрт нь очих нь ч цөөрсөн. Нэг үе хүмүүс даргын авгайг муулаад л даргыг байнга загнадаг байлаа.
Ажил төрөлд нь хэт оролцдог гэдэг байсан. Ийм яриа гараад удаагүй үеэр аав даргатай хамт Төв аймаг руу явж таарч л дээ. Хоёулаа буудалд нэг өрөөнд сууж байхдаа аав бүр даргад “Чи одоо эхнэрээ дэндүү даврааж толгой дээрээ гаргаж байна. Тэгдэггүй юм. Бушуухан дарж ав” гэх зэргээр баахан зэмлэж л дээ. Тэр үед чинь даргад, аль ч талаараа бодсон ааваас өөр шударгаар сайн мууг нь шулуухан зүрхлээд хэлчих хүн ч байхгүй байсан болов уу... Хожим нэг хэсэг даргыг бүгд муулаад л сүйд болж байхад аав бүр жигтэйхэн их уурлаад “Цагтаа бөгсийг нь арчсан цаасаар амаа арчиж байсан муусайн собакууд одоо ингэж ярьж байгаа юм даа” гээд учиргүй бухимддаг байж билээ. Ёстой унаган багын найзууд явсан юм чинь тэгэхээс ч яах билээ...” гэж дурссан байна.
Намсрай гуай үнэхээр тулхтай, гуйвж дайвдаггүй чигч хүн байсныг, тэгээд арын хаалга гэх муу зангүй, жинхэнэ монгол эр хүн байсныг эл дурсамж итгүүлж байна.
Гэгээрлийн яамны сайд байсан Баттөмөр ахыгаа хэлмэгдсэнээс хойш арваад жилийн дараа бас Гэгээрлийн яамны сайд болж, ахынхаа сууж байсан ширээнд суусан удаа бий.
ЭРИН ЗУУНТАЙ ТЭНЦЭХ ХОРИН ЖИЛ
Нам, төрийн төв хэвлэл “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч гэдэг төрийн сайдын зэргэмжийн албыг 20 гаруй жил хашсан. Энэ хооронд тус сонины захиалгын тоо гурав дахин нэмэгдсэн мэдээ байдаг. Ер нь энэ хорин жил бол бүхэл зуунтай тэнцэхүйц их бүтээн байгуулалтын тод мөр үлдээсэн үе байсан. Улаанбаатарын орон сууцны арваад шинэ хороолол, нийслэлийн таван том эмнэлэг, мах, гурил, сүү, ноолуур, арьс, ширний үйлдвэрүүд, III, IV цахилгаан станц, Дархан, Эрдэнэт хот энэхэн зурвас хугацаанд амжин баригдаж, Монгол Улс газар тариалангийн гол бүтээгдэхүүнээр өөрийгөө хангадаг болж, орчин үеийн үр тариа, тэжээлийн олон тооны аж ахуй байгуулагдсан зэрэг баримтыг дурдахад зуун жилтэй тэнцэхүйц хорин жил байсан нь нотлогдоно. Эдгээрийг бүтээн байгуулахад нөхөр Намсрайн удирдсан “Үнэн” сонин тодорхой хувь нэмэр оруулсны учир 1967, 1980 онд тус тус Сүхбаатарын одонгоор шагнуулсан байна.
Ц.Намсрай нь Монголын сэтгүүлчдийн байгууллагыг бас хориод жил толгойлж явахдаа Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын дэд ерөнхийлөгчөөр удаа дараа улиран сонгогдож байсан баримт намтарт нь бий. Монголын парламентын бүлгэмийн даргаар олон жил ажиллаж байсан. Аспирантурт суралцаж, эдийн засгийн шинжлэх ухаанаар цол хамгаалсан, анхны цөөн эрдэмтний нэг нь энэ хүн юм билээ. Намсрай эрхлэгч бол ерөнхий редакторын хувьд монгол хэлээр найруулан бичих эрдэм ухааныг бүрэн эзэмшсэнээс гадна зөв бичих дүрмийг маш сайн мэддэг хүн байсан. Нэгэн үе Монголын олон нийт зөв бичихийн тулд “Үнэн” сонины бичлэгийг үлгэр жишээ болгон дагаж байсан нь үнэндээ Намсрай эрхлэгчийг л дагасан байдаг юм.
Ц.НАМСРАЙ ГЭЖ ЧУХАМ ХЭН БЭ
Хүнээс эсэн бусын өө сэв хайх, аашилж загнах, их мэдэгчийн дүр үзүүлэх, бусдыг муу хэлэх, эрх мэдлээр далайлгаж сураагүй сайд, дарга хүн олъё гэвэл тэр цагт манай эрхлэгч л тийм хэмжүүрт таарах хүн байсан. Үнэхээр тулхтай сайн хүн байсныг хамт олон нь одоо хүртэл домог мэт сонин баримт тоочин дурсацгаадаг.
Сонинд үг, үсгийн алдаа гарах нь ердийн үзэгдэл. Тэр бүхэнд арга хэмжээ авч, хариуцлага тооцох тухай яриа болно. Нэгэн удаа үг, үсгийн алдаа гарсан байж. Тэр шөнийн ээлжинд ажилласан жижүүрүүдийн уншилтын дардсуудыг аваад иржээ. Шалгасан хүн нь “Энэ нөхөд жижүүрлэж байхдаа хөзөр тоглон, анхаарал сарниж, алдаа гаргасан юм шиг байна, хөзөр тоглосон тухай тэмдэглэл нь энд байна” хэмээн танилцуулахад Намсрай эрхлэгч “Алив, нааш нь өгөөдөх” гэж мөнөөх дардсыг авч, нэлээд харж байснаа “Чи чинь ядаж ганц хожиж чаддаггүй хүн юм аа” гээд инээвхийлэн харж олны анхаарлыг сатааруулахад цөм нирхийтэл инээлдэн тарсан гэх. Ерөнхийдөө бол хүнийг загнах, баалах дургүй их сонин хүн байсан.
Тэгвэл Цэндийн Намсрай гэдэг нийгэм-улс төрийн нэрт зүтгэлтэн маань хувь хүнийхээ хувьд чухам хэн байсан бэ? Би хэдийгээр олон арван жил цаас цоохорлосон, олон арван хөрөг бичих гэж чадлаараа л зүтгэж явсан гэх боловч Намсрай гуайн онцлох сайн талыг мэддэг болсон хүний хувьд яг үнэнийг үнэнээр нь тодорхойлж бичье гэхээр долигоносон болж харагдах гээд нэн бэрх байгаа юм. Тэр бол дэндүү сайн хүн байсан учраас гоц хүний олон сайн талыг тоочиж бичихэд яалт ч үгүй хэцүү байдаг юм байна аа. Хэцүү байна гээд бичихгүй орхилтой биш, ямар ч атугай оролдоод л үзье.
Намсрай гэдэг зүтгэлтэн бол төр түмний хүлээлгэсэн итгэл найдвар, өгсөн аливаа үүрэг даалгавар бүхнийг үлгэр жишээч биелүүлж ирсэн Монгол Улсын эрэлхэг дайчин эр цэрэг нь мөн байсныг онцолж хэлье. Намсрай гуай бол эх орон, ард түмэн, монгол үндэстний эрх ашгаас урвасан, хохироосон, хор уршиг учруулсан бол хэнийг ч өмөөрч хамгаалж яваагүй монгол төрийн тулхтай зүтгэлтэн мөн байсан гэдгийг цохон хэлье.
Тэр бол хэнээс ч айж гөлөлздөггүй, үнэнхүү зангарагтай удирдагч мөн байсныг бас дуулгая. Тэр бол шударга, зарчимч хүмүүжилтэй, Монгол Улсын өмнөө барьдаг том зүтгэлтэн мөн гэдгийг бас нэмье. Ц.Намсрай гуай бол монгол хэл, монгол соёл, монгол мөс жудаг, монгол ухаан, монгол сэтгэлээр насан туршийн амьдрал ахуйгаа авч явсан жинхэнэ халхын сайхан эр хүн мөн байсныг бас тэмдэглэе.
Тэр ямагт хувиршгүй ариун хайраараа журамт ханьдаа итгэж ханилсан, гүндүүгүй эр нөхөр байлаа. Тэр бол хүүхэд шиг хөгжилтэй, хөнгөн цайлган ааштай, энэрэлт эцэг хүн мөн байлаа. Ийм олон сайн шинж чанар нэгэн биед нь цогцлон бүрдсэн хүнийг монголчууд хэн гэж авгайлан хүндэлдэг сэн билээ хэмээвэл амьд бурхан гэдэг байсан байгаа юм. Тийм ээ, Намсрай эрхлэгч бол яалт ч үгүй амьд бурхан байсан.
Мөхөс миний бие “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогчоор томилогдож, дөрвөн жил гарынх нь дор хамт ажиллахдаа дээрх мэт олон сайн шинж чанар энэ хүнд байдгийг мэдэж авсны дотор хамгийн чухал нэгэн зүйл гэвэл сэтгүүлч хүн өөрөө сайн хүн байж гэмээнэ бусдыг сайн, сайхан зүйл рүү дагуулан хөтлөх ёстой юм гэдгийг л тусгаж авсан. Нийтлэл, нэвтрүүлэг хэмээх тэсэрч дэлбэрдэг сум, бөмбөгтэй зүйрлэж болох аюултай зэвсгийг туйлын болгоомжтой, маш хянуур, нямбай ашиглах ёстой юм билээ.
Хэрвээ худал хуурмаг зүйл нийтэлж, алдаа завхрал гаргавал бусдыг хэлмэгдүүлнэ, өөрөө ч алуулж мэднэ, төр түмэнд гай түйтгэр тарина. Үг, өгүүлбэр бүхэн, дэлгэцээр үзэгдэх зураг, дүрс бүхний ар талд хүний хувь заяа, хамт олны эрх ашиг, эх орны тусгаар тогтнол уяатай явдаг учраас нийгмийн хариуцлага, хүмүүнлэг ёс зүй юуны өмнө хэвлэл мэдээллээс эхэлдэг учиртайг бид хүндэт эрхлэгчээсээ суралцдаг байсан.
Сэтгүүлчийн ажил гэдэг бол олон түмнийг мэдээ, баримт болон шинэ үзэл санаа, шинэлэг мэдлэгээр соён гэгээрүүлэх ажил байдаг юм. Ингэж нүдийг олж, сэнхрүүлэхгүйгээр нийгэмд ямар нэг үр ашигтай шинэчлэл өөрчлөлт гардаггүй. Хэвлэл мэдээллийн шүүмжлэл нь бас л өөрийн гэсэн онцлогтой, соён гэгээрүүлсэн сэрэмжлүүлэг л байдаг. Бурханлаг эрхлэгч маань надад, тус сонины сэтгүүлч, уран бүтээлч хамт олонд ийм л чиг баримжааг суулгаж өгсөн гавьяатай юм.
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, сэтгүүлч, нэрт орчуулагч, редактор Ц.Намсрай гэж ийм л гавьяа зүтгэлтэй, ондооноос ондоон хүн байсан билээ. Би хувьдаа арваад жилийн өмнө Ц.Намсрай эрхлэгчийн нэрэмжит шилдэг редакторын шагнал авсандаа туйлын их баярлаж, бахархаж явдаг юм аа.
Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч
Бэлтгэсэн: Х.Цэвлээ