Монголын хөгжмийн урлагт тод мөрөө үлдээж, ард түмний дуулах дуртай олон сайхан дуу зохиосон, хөгжмийн зохиолч Товуугийн Насанбуянг мэдэхгүй, сонсоогүй хүн ховор доо. Тэрбээр зөвхөн дууны хөгжим зохиогч бус, мөн найрал дууны урлагийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийн төлөө нэгэн насныхаа амьдралыг давхар зориулсан нэртэй уран бүтээлч билээ. Эгэл жирийн ажилчин явсан түүнийг их урлагт хөтөлж оруулсан багш нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав
Өөрөөр хэлбэл, жараад оны үед Орос оронд дуурийн дуулаачийн өндөр мэдлэг, боловсрол эзэмшиж ирсэн Г.Хайдав алс холыг олж харж, Дуурийн театрын дэргэд “Дуулаачийн студи”-ийг анхлан байгуулж, олон зуун залуусаас шилж сонгосны нэгэнд Т.Насанбуян багтжээ. Тэрхүү студи нь одоогийн СУИС-ийн үндэс суурь байсан гэдгийг тодотгоюу.
Ирээдүйн алдартай дуучдыг төрүүлэх зорилгоор байгуулсан тэр студид, өдгөө алдрын оргилд хүрсэн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, дуурийн нэрт дуучин Х.Уртнасан, Гавьяат багш, мөн нэрт дуучин Ц.Ерөө нар суралцаж байсан гээд л аль бүрийн нэрийг хэлж барах вэ.
Тэр л он жилүүдэд дууны хөгжим зохиох авьяасын гал нь бадарч, 1967 онд анхны дуу “Миний жаргалан”, төд удалгүй “Оюутны танго”-гоо зохион, алдаршиж эхэлжээ. “Оюутны танго”-г дуулж, олонд хүргэсэн, залуу дуучин В.Оросоо ч мөн л олны танил болсон юм. 1968 онд сургуулиа дуучин, хормейстер мэргэжлээр амжилттай дүүргэсэн түүнийг УАДБЧ-ын алтан тайз тосож байлаа.
Тэнд дуучнаар ажиллахын зэрэгцээ хөгжим зохиох оргилуун хүсэл нь бүр ч ихээр дэвэрч, хожмоо үзэгч, сонсогчдын зүрхний мөнгөн бүрдийг хөвсөлзүүлсэн, одоо ч хөвсөлзүүлсээр байгаа алдартай дуунуудаа ар, араас нь төрүүлэв. Мөн адилхан дуучин байгаад, хожмоо дууны шүлгийн нэрт мастер болсон яруу найрагч Л.Дагвадоржтой тус чуулгад хамт ажилласан нь чухамдаа аз завшаантай он жилүүд байлаа. Түүнтэй:
Уужран уужран, цэлмэн цэлийн цэнхэртээд
Уран найраг ухаан тэлэн жигүүрлэмээр
Мянган түмний өлгий цэлгэр нутагтаа
Мэлмий тунгалаг, өлмий бат цэнгэнэ...
гэсэн эгшиглэнт сайхан аялгуутай “Миний нутаг сайханаа” дууг зохиож, Г.Цэрэндолгороор дуулуулсан нь тэр даруй л олны таашаалд хүрч, бараг өдөр бүр шахуу радиогийн цэнхэр долгионоор цацагдах болов. Ер нь аливаа юм заавал нэг учир тавилантай байдаг. Чихэр, боовны үйлдвэрт (хуучнаар) Г.Цэрэндолгор тэр хоёр, одоогийн хэллэгээр “хар ажилчин”-аар ажиллаж байгаад хоёулаа хамтдаа урлагийн ертөнцөд хөл тавьж, улмаар нэг дор ажилласны зэрэгцээ, удалгүй зохиосон дууг нь нийтийн хүртээл болгоно гэдэг ерөөл тавилан гэхээс яах вэ.
Энэ сайхан дууг одоо Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Ганзориг дуулж байгааг үзэгч, сонсогчид андахгүй байх аа. Дашрамд нэг зүйлийг сонирхуулахад, 1970 он шиг санагдаж байна. Биднийг дөрөвдүгээр ангид суралцаж байсан жил, сургуулийн урлагийн үзлэгт ангиуд бэлтгэх болж, манай анги хоороор Т.Насанбуянгийн хөгжим “Миний нутаг сайханаа”-г дуулсан юм. Хэний хөгжим, хэний шүлэг байсныг тухайн үедээ бид яахан мэдэх. Дуулаад л өнгөрсөн юм даг. Ингэж залуу уран бүтээлчдийн замын харгуй нь нэгдэж, дараачийн дуу “Нисгэгчийн дуу”-гаа мөн Л.Дагвадоржтой хамтран зохиосон нь өнөөдөр газар, тэнгэрийн уудамд 50 дахь жилдээ эгшиглэж, түүнээс ч цааш өртөөлөн дуулагдах тавилан заяа нь тэгширсэн гэж хэлэхэд хэн ч маргахгүй байх аа.
Жигүүртэн хүрээгүй уулсын
Оргил тэргүүн дээгүүр
Жилдээ хүрэмгүй газарт
Өдөртөө нисээд ирэхээр
Мөнгөн цагаан хөлөг минь
Дүүлж явна хө!
Мөнгөн цагаан хөлгөөн бариад
Дуулж явна би...!
гэсэн тансаг сайхан шүлэгтэй, мөн тансаг сайхан аялгуутай энэ дууг дуулаагүй хүн өнөөдөр Монголд л лав байхгүй. Тийм ч учраас “Мичид шүргэх Алтай”, “Сансрын уудамд монгол хүү цойлон гарлаа”, “Сансрын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа”, “Нисгэгчийн гэргийн дуу”, “Юрий Гагарин”, “Монгол нисгэгчид” зэрэг дийлэнхдээ тэнгэр, сансар огторгуйг магтан дуулсан аялгуу төгөлдөр сайхан дуу зохиосон, хөгжмийн зохиолч Т.Насанбуянг уран бүтээлч нөхөд нь “Тэнгэр заяатай хүмүүн” гэж нэрлэдэг нь дэмий ч нэг хэлсэн үг биш байх аа.
Энэ сайхан дуу 2005 онд Буянт-Ухаагийн дэнжид гэрэлт хөшөө болон мөнхөрсөн. 1960-аад оны сүүлч үе байв. Бидний ах Г.Батбилэг Сүхбаатар аймгийн Хонгор сумын долоон жилийн дунд сургуулийг төгсөөд, хуучнаар ЗХУ-ын Новокузнецк хотын Барилгын сургуульд суралцахаар явсан юм. Тэр он жилүүдэд “Нисгэгчийн дуу” одоогоор бол ёстой хит болж байжээ. Манайд “Родина-52” хэмээх том хүрэн “араажав” байх.
Тэр араажаваар, жаахан дэгсдүүхэн ярьсан нэгэнд бол бараг л өдөр болгон “Нисгэгчийн дуу” дуулагдах. Ээж маань “Энэ дууг сонсохоор л муу хүү минь нисээд ирж байгаа юм шиг санагдаад байдгийм” гээд нулимсаа дуслуулж байсан нь одоо ч миний сэтгэлийн мөнгөн бүрднээ тодхон байна. Тухайн үеийн Цэргийн ансамблийн дуучин Д.Дашням гэдэг баргил хоолойтой сайхан дуучны дуулсан, сайн бүтээл ингэж хүмүүний сэтгэлийг эзэмдэж байсны ганц жишээг үүгээр хязгаарлаюу.
Т.Насанбуянгийн гэсэн тодотголтой, цаанаа л нэг өвөрмөц аялгуутай дуунууд ийнхүү ойр, ойрхон ар, араасаа мэндэлж эхэлсэн нь шүлэг, дуу зохиодог уран бүтээлчдийн хараанд зайлшгүй өртөх болсны нэг нь ардын бэлгэдэл зүйч Жамцын Бадраа гэдэг агуу том хүнтэй танилцсан нь чухамдаа бурхны хишиг байжээ. Анхандаа багш, шавь шиг байсан тэд сүүлдээ аав, хүү хоёр шиг, бүр анд найз, нөхөд шиг болсон нь нэгэн насны чанартай бүтээл туурвихад нь зайлшгүй нөлөөлсөн гэж хэлж болох.
Залуу насны жавхааг “Орь залуу нас” шүлэгтээ, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ж.Бадраа абугай ямар тансаг чаминаар илэрхийлснийг анхандаа хөгжмийн зохиолч маань төдийлөн сайн ойлгохгүй байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, “Нисгэгчийн дуу”-ны хөгжмийг бичихийн тулд бүтэн хоёр жил бодож, З.Юра нарын нисгэгч нартай танилцаж, зорчигчдын суудалд, нисгэгчийн бүхээгт олонтаа сууж, аймаг, сум дамжин явсны хүчинд арайхийн аялгуугаа олсон шиг л он цаг зарцуулсан тухайгаа хуучилдаг юм.
Тас хар огторгуй нойрсон тайваржаад
Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахаар
Орь залуу нас саран шиг туяа цацаад
Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ ээ...!
Энэ тухайгаа хөгжмийн зохиолч нэгэнтээ надад “Ж.Бадраа багшийн шүлгийг эхлээд ойлгоход мөн ч бэрх шүү. Миний сэтгэлд тэр “Тас хар огторгуй...” гэдэг мөр огт буухгүй байсан. Багшаас асуух гэхээр санаа зовоод, мөн ч их шаналсан даа” гэж ярьсан юм.
Он цагийн шүүлтүүрийг давж, бараг ардын дуу шиг болдог уран бүтээлийг ингэж л шаналан байж бүтээвэл чухамдаа “ардын дуу” болдог юм байна. Тэгээд ч хөгжмийн зохиолч маань өөрийн дуунуудыг алсдаа ардын дуу болж мөнхөрнө гэдэгт тун ч итгэлтэй байдаг юм билээ. 1970-аад он бол Ж.Бадраа, Т.Насанбуян хоёрын уран бүтээлийн оргил үе нь байлаа.
Энэ мэтчилэн эх орон, эрхэс тэнгэр, ижий, аав, ирээдүй, хүүхэд багачуулдаа зориулсан олон арван дуу зохиосныг тэр бүр яаж багтаах вэ. Харин өнөөдөр улаанбаатарчуудын сэтгэлийг эмзэглүүлэх болсон Улаанбаатарын агаар тухайн он жилүүдэд ямар сайхан байсныг илэрхийлсэн “Улаанбаатарын агаар” дууг зохиож, улмаар Ж.Бадраа гуайн хүү, радио, телевизийн нэрт найруулагч Б.Бадрууган, эстрадын нэрт дуучин Д.Дуламсүрэн нар дуулж олны хүртээл болгосныг мэдэх хүн цөөнгүй байх аа.
Уудамхан гудамжаар нь алхалж явахад
Улиангарын навчсаар салхин наадаад
Улаанбаатарын минь тунгалаг агаар
Уушги, цээжийг тэнийлгэн сэвших таатай
Ай хө, зэ хө, ай хө, зэ хө!
Улаанбаатар минь агаартай...!
Тийм ээ! “Дунд гол” дуунд мөнхрөн үлдсэн шиг Улаанбаатарынхаа агаар, хөрсний бохирдлыг эртнээс бодоосой гэсэн уран бүтээлчдийнхээ сануулгыг хайхрахгүй байсаар ийм эмгэнэлт хэмжээнд хүргэсэн нь хэзээ ч уучилшгүй хар толбо юм. Хөгжмийн зохиолч Т.Насанбуян уран бүтээлээ туурвисан 60-аад жилийн хугацаанд 1000 орчим дуу, оратори буюу магтуу, романс, хүүхдийн дуу гээд л уран бүтээлийн баялаг сан хөмрөгтэй хөгжмийн зохиолч болсон ч хөрөнгө, санхүүгийн боломжоос шалтгаалж нэг удаа ч болов уран бүтээлийн цэнгүүнээ ард түмэндээ толилуулаагүй нь нэн харамсалтай.
Гэтэл зарим хүн “Нисгэгчийн дуу” бүтээснийх нь төлөө Нисэхийн удирдлагаас их мөнгө өгдөг гэсэн ташаа ойлголттой байдаг төдийгүй тийм утга агуулсан нийтлэл сонин хэвлэлд ч гарч байсан нь харамсалтай. Дууных нь хөшөөг л босгосноос өөр нялзсан юм “Нисгэгчийн дуу” зохиогдсон 50 жилийн хугацаанд огтхон ч байгаагүй, харин хэдхэн хоногийн дараа буюу энэ тавдугаар сарын 25-ны өдөр дээрх дуу зохиогдсоны хагас зуун жилийнх нь ой тохиох юм билээ. Чухам энэ ойгоор нь харин яахыг хэн мэдэх билээ.
Түүний амьдрал, уран бүтээлийн нэг салшгүй хэсэг нь хүүхдэд зориулсан дуу, хөгжим, тэр дундаа найрал дуу байдаг. Найрал дуу хүүхдийн хүмүүжил, төлөвшилд хэрхэн үр нөлөөгөө өгдгийг “Найрал дуу нь хүүхдийн мэдрэмж, сэтгэхүйг хөгжүүлж, маш эмх цэгцтэй, нямбай болгодог. Мөн бусдыг сонсож, ойлгож, зохицон нийцэх чадварыг эзэмшүүлдэг. Энэ нь найрал дууны хөгжмийн онцлогтой холбоотой юм” гэж тэрбээр ярьж байна.
Тийм ч учраас 1980-аад онд хүүхдийн “Нарны баясгалан” хамтлаг байгуулж, бүхэл бүтэн гурван үеийг дамжин алдаршсан юм. “Хүмүүсээ, хүүхэд байх сайхан” дууг нь ардын жүжигчин А.Долгортой мянган хүүхдийн найрал Сүхбаатарын талбайд 10 гаруй жил дуулсныг мэдэх хүн олон доо. Сүүлийн жилүүдэд мөн хүүхдийн “Болор” хамтлагийг байгуулалцаж, дууных нь хуурцгийг гаргасан гээд л хүүхдийн төлөө хийсэн буянтай олон ажлыг нь дурдахад таатай.
Тэр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав нарын хөгжмийн цөөнгүй зохиолчийг ямагт магтдаг бол, тэд ч мөн түүнийг магтаж байхыг нь нэг бус удаа сонссон юм. Тухайлбал, МҮОНТ-ийн “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” нэвтрүүлгийг хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоотой хамтран хөтөлж байсан нэгэн удаагийн дугаартаа “Т.Насанбуянгийн хаанаас нь тийм нэг этгээд сайхан аялгуу гараад байдгийг би бүр гайхаад байдаг юм. Социализмын он жилүүдэд аймгуудын концертыг найруулах зэргээр хөдөө хөөгддөг цөөхөн хэдэн хүн байсны нэг нь Т.Насанбуян.
Түүний зохиосон, нийтэд төдийлөн хүрээгүй олон уран бүтээл хөдөөгийн театр, чуулгын архивт байгаа” гэж ярьж байсныг нь тэмдэглэх юун. Чухамдаа нийслэлийн дүүргүүдээс эхлээд Говь-Алтай, Увс, Сүхбаатар зэрэг хот, хөдөөгийн мэргэжлийн чуулгад урт, богино хугацааны томилолтоор ажиллаж, олон арван шинэ бүтээл төрүүлсэн гээд яривал түүний очоогүй аймаг, сум байхгүй юм билээ.
Т.Насанбуян аливааг дандаа өөдрөг, гэгээлгээр харж явдгийн зэрэгцээ, гуньж гутарна гэдгийг огт мэддэггүй, сэтгэлийн их тэнхээтэй хүн. Хэдэн жилийн өмнө тэрбээр бараг эдгэрэхээргүй хүнд хагалгаанд орсон ч бүхнийг ялан дийлсэн нь сэтгэлийн их тэнхээнийх нь хүч гэж би боддог юм. Сүүлийн 20 гаруй жил бид хоёр цэрэг эх орон, нутаг ус, хүүхдийн сэдэвтэй цөөнгүй дуу хамтран бүтээснээс “Багахангай мину”, “Сүүн рашаан” нь тухайн нутаг орныхоо сүлд дуугаар өргөмжлөгдсөнийг дурдахад онгирсон болохгүй биз ээ. Тэр ч байтугай, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарт зориулж:
Дуутай Дарьгангадаа мэндэлсэн
Суутай найрагч хүү минь
Буман олноо хайрлан, хайрласаар
Бурхны орноо одчихсиймаа
Аяа, Алтан-Овоо мэлмэрсээр ч
Ариун үйлс нь гэгээн байна
Аяа, даяар монгол харууссаар ч
Дайчин уриа нь содхон байна...
хэмээсэн “Тэнгэрт харвасан од” гэсэн дуу зохиож байлаа. Т.Насанбуян олон хүнийг багшаа гэж хүндэтгэнэ. Бичээд байвал барагдахгүй ээ, тоймлон дурдваас, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Л.Цогзолмаа, Д.Лувсаншарав, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, Д.Мяасүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гунаажав, Д.Дугарсүрэн гээд л хөвөрч өгнө.
Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа нэгэнтээ “...2006 оны тэр тэмдэглэлт өдөр бид хоёр удахгүй хэвлэлд шилжих гэж байгаа “Тэнгэрт дүүлсэн орь залуу нас минь” номынх нь тухай ярилцаад сууж байтал утасны харилцуур жингэнэж, намайг сураглаад, Т.Насанбуянд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгохоор болсныг мэдэгдэхүйд, би ч тэр даруй сэтгэл догдлов. Т.Насанбуяндаа харилцуурыг шилжүүлж, энэхүү баярт мэдээг өөрөө сонсох боломж олгоход, тэр хүүхэд мэт хөөрөн баярлаж, бараг л өрөөний адар хүртэл цовхрон “Ура” хашхирч, догдолсон сэтгэлээ илэрхийлж ахуйг би харан баясах завшаан тохиосон билээ” гэж түүний хүүхэд шиг сэтгэлийг нь илэрхийлж байв.
Тэгвэл Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ж.Саруулбуян “Т.Насанбуянгийн гол багшийн нэг нь Ж.Бадраа гуай байсан юм. Ж.Бадраа багшийн хоёр талд нь Насаа бид хоёр “Тоодгор” шиг нь дагаж явсан билээ. Ж.Бадраа багштай хамтарч тун олон дуу зохиосон. Дуулаагүй сэдэв ер үгүй. Улаанбаатарын уугуул иргэнийхээ хувьд ч юм уу, онгод авьяас нь тэгж бадарсан уу, Улаанбаатараа магтан дуулсан олон сайхан дуу зохиожээ.
Намайг дууны яруу найрагт анхлан уруу татсан хүн бол яах аргагүй Т.Насанбуян. Дөнгөж дээд сургууль төгссөн шаврай бандийг тоож, дууны шүлгийг ингэж бичдэг юм хэмээн Ж.Бадраа багшийнхаа аргаар зааж, зөвлөж, анхны шүлэгт минь аялгуу оруулсан эрхэм хүн юм” гэж дурссан байдаг.
Хэдийгээр тэр хуучных шигээ эрүүл саруул биш ч, нэг өдөр ч зүгээр суулгүй, аанай л дуугаа зохиосоор, хөгжмөө бичсээр харин ч урьд өмнөхөөсөө бүр ч аялгуутай бүтээл эгшиглүүлсээр байна. Түүний ээж 99 насыг зооглоод хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн учраас ээжийнхээ 100 насны ойд зориулж, “Ээждээ 100 жил дуулах дуу зохиолоо” хэмээх монгол романсдаа:
Ээжийнхээ ариун биенээс
Эгшиг болж төрлөө
Элэг, зүрхэнд нь тэврүүлж
Аялгуу болж өслөө
Ээжийн минь бүүвэйн хайрын дуулал
Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй!
Ээж минь, ээж минь тандаа
Зуун жил дуулах дуу зохиолоо
Хүү чинь, дуу зохиож дуулж байна...!
хэмээсэн, хүү нь ээжийгээ цаг ямагт дурсан санагалздаг юм шүү гэдгийг хөгжмийн аялгуугаар илэрхийлсэн сайхан дууных нь шад мөрөөр энэхүү хөрөг найраглалаа жаргааму!