Морин хуурч, “Домог” хамтлагийн хөгжимчин Д.Шинэцог-Гени уран бүтээлийн ээлжит тоглолтоо энэ сарын 18-нд ДБЭТ-т хийх гэж байна. Дөрвөн жилийн өмнө Төрийн ордонд морин хуурт зориулсан таван концертыг маэстро, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын удирдлагаар тоглосноос хойш түүнийг нам гүмхэн байна уу гэж харж байлаа. Гэтэл үгүй аж. Тэрбээр их ажил амжуулж яваа юм байна. Энэ тухай мэдээллийг дараа хүргэхээр хойш тавиад тоглолтын талаар сонирхуулъя.
Хуурч сонсогчдодоо байнга уран бүтээлийн гэнэтийн бэлэг барьж байдаг билээ. Энэ удаа ч тэр. “Морин хуур мину-II” тоглолтоороо Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Төрийн шагналт хөгжмийн зохиолч агсан З.Хангал, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Ш.Өлзийбаяр гэсэн дөрвөн хөгжмийн зохиолчийн морин хуурт зориулсан концертуудыг дараалан тоглох юм байна. Сонирхолтой нь хөгжмийн зохиолч бүр концертынхоо каденц буюу хөгжимчин ганцаар тоглох хэсгийг өөрөө хүссэнээрээ зохиохыг морин хуурч залууд зөвшөөрсөн байх аж.
Морин хуурч Д.Шинэцог-Гени Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй тус найрлын ерөнхий удирдаач Д.Нямдаш болон ҮУИТ-ын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар нарын удирдлагаар тоглоно.
Морин хуурчаас зарим зүйлийг тодрууллаа.
-Дөрвөн концертын тоглох дарааллыг хэлж өгнө үү?
-Эхлээд Н.Жанцанноровын концертыг тоглоно. Хөгжмийн зохиолч үүнийг 1989 онд бичжээ. Энэ онд дахиж редакц хийсэн. Шинэ хувилбараар анхлан тоглох гэж байна.
-Морин хуурч Д.Шинэцогийн тоглосноор сонсох нь байна.
-Тийм ээ.
-Уучлаарай, таны нэрний сүүлийн үе Гени гэдгийг орхиж хэлээд байх юм.
-Зүгээр ээ. Хэдийгээр иргэний үнэмлэх дээр ийм байдаг ч бүх л хүн Шинэцог л гэж дууддаг даа.
-Хөгжимд тэр хөгжимчний тоглосноор сонсох, сонсгох гэдэг үзүүлэлт их чухал байдаг юм билээ.
-Тийм. Томоохон бүтээлийг түүний тоглосноор гэж бичиж тэмдэглэдэг уламжлалтай. Нэг зүйл тодруулахад хөгжмийн зохиолч Н.Жанцанноров морин хуурт зориулсан анхны концерт бичсэн уран бүтээлч юм билээ. Тэр үед концертод нь каденц байгаагүй. Энэ онд редакц хийхдээ каденцыг намайг зохиогоод тоглоорой гэсэн.
-Зохиосон уу?
-Тэгсэн.
-Морин хуурч маань хөгжмийн зохиолч болох нь ээ.
-Үгүй дээ. Тоглох нь чухал. Тэгээд ч хөгжмийн зохиол “нухаж” суусан нь зэмсгээ тавьчихдаг түүх олон байна. Уг нь зохиох гоё. Гэхдээ сүүлд болъё. Н.Жанцанноров багшийн дараа, тухайн 1989 оны намар нь “Алтан намар” хөгжмийн наадмын үеэр хөгжмийн зохиолч З.Хангал агсны концерт төрсөн юм билээ. Энэ удаагийн тоглолтын хоёрдугаарт З.Хангал агсны морин хуурт зориулсан концертыг тоглоно.
-Сонирхолтой юм. Гурав дахь бүтээл нь юу байх вэ?
-Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн морин хуурт зориулсан концерт. Хөгжмийн зохиолч үүнийг 1999 онд Б.Шарав багшийнхаа удирдлага дор бичсэн юм билээ. 2008 онд төгөлдөр хуур, үлээвэр, цохивор хөгжмийн бүрэлдэхүүнтэй би анх хөгжимдсөн. Тухайн жилдээ оны шилдэг бүтээл болж, улсын санд орсон байна лээ.
Харин одоо симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй, шинээр каденц хэсэг нэмсэн редакцаар анх удаа тоглох гэж байна. Симфони найрал хөгжмийн тоглох хэсэг сонирхолтой, морин хуурч, төгөлдөр хуурчийн хамтардаг хэсэг ч адармаатай. Анхны тоглолтоор төгөлдөр хуурч, өнөө цагийн хамгийн шилдэг Б.Бат-Эрдэнэтэй хорших гэж байна.
Бид төгөлдөр болон морин хуураар хоршиж уртын дуу дуулуулахыг зорьж байна. Юу гэх гээд байгаагаа ярихаас тоглож сонсгох нь илүү ойлгомжтой юм байна аа (инээв).
-Концерт их таалагдаж байгаа юм байна.
-Маш гоё концерт. Симфонийнхон ч гэсэн “Ямар гоё зохиол вэ” гээд байгаа. Хамгийн сүүлд хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуурт зориулсан III концертыг тоглох юм. Өмнө нь тоглож байсан бүтээл.
Улсын филармонийн симфони найрал хөгжмийн хамт олон тоглолтод мэндчилгээ болгож Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал агсны “Салхич шувуу”-г тоглох юм.
-Их гоё тоглолт болох нь ээ.
-Баярлалаа. Өнөөдөр энэ бүтээлүүдээр CD-ний бичлэг хийлгэлээ. Санаснаа ажил хэрэг болгохоор зүтгээд л байна.
-CD-гээ хэзээ гаргах юм?
-Шат дамжлага олон. Намраас гаргачих байх аа.
-Танд баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.
-Би ч бас баярлалаа. Тоглолтын найруулагчаар Төрийн шагналт Д.Сосорбарам ах ажиллаж байгаа. Намайг болон үндэсний урлагийн уран бүтээлчдийг үргэлж дэмжиж, тусалж байдагт нь талархал илэрхийлье.
Мөн удирдаач нарт баярлаж байгаагаа хэлье. Н.Жанцанноров, Ш.Өлзийбаяр нарын концертыг удирдаач Н.Буянбаатар, харин хөгжмийн зохиолч З.Хангал, Х.Алтангэрэл нарынхыг Улсын филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш удирдан тоглуулах юм.
Монголынхоо авьяас билэгт дөрвөн хөгжмийн зохиолчийн маш гоё дөрвөн концерт сонсгоход бэлэн боллоо. Үзэгч, сонсогчдоо урьж байна аа.