Тайз, дэлгэцэд мөнхөрсөн, урлагийн алтан үеийн уран бүтээлчдийн үр хүүхэд, ач зээ нар авьяас, мэргэжлийг нь өвлөж яваа жишээ олон. Тэдний нэг болох жүжигчин О.Оюуныг “Удам залгамж” буландаа урилаа. Тэрбээр Монголын сор болсон, Ардын жүжигчин А.Очирбатын ганц охин.
У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Меркуцио, Ф.Шиллерийн “Дээрэмчид”-ийн Франц Мор, Д.Намдагийн “Хярааны хонхорт”-ын харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, “Баавгай дуулах уу”, “Тэмдэгтэй хүн”, “Урилга”, “Бэлэн дарга”, “Хүү”, “Бригадын дарга”, “Бор, Төмөр хоёр” зэрэг жүжгийн зохиол бичин, “Тунгалаг Тамир”, “Мандухай сэцэн хатан” зэрэг 20 гаруй дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн А.Очирбат агсныг мэдэхгүй хүн үгүй.
Жүжигчин О.Оюун аавынхаа мэргэжлийг өвлөж, Хүүхэд, залуучуудын театраас уран бүтээлийн гараагаа эхлэн, дэлгэцийн уран бүтээлд тоглохын зэрэгцээ, орчуулгын киноны дуу оруулагч жүжигчнээр ажиллаж, үзэгчдийн танил болсон юм.
-Сүүлийн үед таны уран бүтээлийн ургац арвин байгаа гэсэн. Найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Яллагч” уран сайхны кинонд тоглосон байна. Тоглосон дүрээрээ үзэгчдэд юу ойлгуулахыг хүсэв?
-Уран бүтээлч хүн цаг үеэ мэдрэх ёстой. Бусдаас түрүүнд явж, нийгэмд тулгамдаж буй асуудлыг уран бүтээлдээ зоригтойгоор тусгах хэрэгтэй. Эмзэг сэдэв хөндөхдөө эвийг нь олж, зөв өнцгөөс харуулах ёстой. Найруулагч Г.Эрдэнэбилэг надад кинонд тоглох санал тавьж, зохиолоо уншуулахад шууд л зөвшөөрсөн.
Нэгдүгээрт, би тоглож болохоор дүр. Нөгөө талаас, миний эмзэглэж, зүрхээ зүсэж явдаг сэдэв. Надад уран бүтээлээрээ дамжуулж хүчирхийлэл, ороо бусгаа энэ нийгмийн эсрэг дуу хоолойгоо хүргэх боломж олгох мэт санагдсан.
Шударга, дүр эсгэлгүй өөрөөрөө байх зэрэг амьдралдаа баримталдаг зарчим минь эл дүртэй ойр байж магад. Би өмгөөлөгч хүн хэрхэн ажилладгийг сайн мэдэхгүй. Тиймээс “Яллагч”-д тоглохын тулд нэлээд судалгаа хийсэн.
Ажил мэргэжлийнх нь үүднээс бус, хувь хүн талаас нь судалсан юм. Шударга, ажил мэргэжилдээ үнэнч өмгөөлөгч хүн ямар байж болох вэ. Хуулийн хүн гэхээр л хатуу чанга, хахир байж болохгүй, зүрх сэтгэлтэй, ээж ч байж болох шүү дээ гэж бодож тоглосон.
-Та уран бүтээлийн гараагаа аавынхаа ажиллаж байсан Хүүхэд, залуучуудын театраас эхэлсэн юм билээ.
-Тухайн үед кино драмын ангид жил өнжиж элсэлт авдаг байсан юм. Би 1986 онд дунд сургуулиа төгссөн. Тэр жил элсэлт аваагүй. Ингээд жил алдахгүйн тулд ааваасаа гуйж, И.Нямгаваа найруулагчид шалгуулан, дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлж байлаа. Хэдэн сар ахмад уран бүтээлчдээсээ суралцан, дагалдангаар ажиллаад, үндсэн жүжигчин болж байв.
-Тус театрт хэдэн жил ажилласан бэ?
-Дөрвөн жил.
-Тайзан дээр бүтээсэн анхны дүр тань юу байв?
-Залуусыг байлдан дагуулсан “Хайрыг хайрла” жүжгийн Гэрэлээ гэж дүрд тоглож байлаа. Дараа нь “Эрх гүнж” жүжгийн Сүндэръяад тоглосон.
-Аавынхаа тоглодог тайзан дээр гарах сүрдмээр байсан биз?
-Хамгийн хэцүү зүйл тэр. Аав зөвхөн театртаа төдийгүй Монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн мундаг уран бүтээлч. Гэтэл надад хувь уран бүтээлч гэдгээр нь бус, Очирбатын Оюун л гэж хандана. Тэр хэрээр хариуцлага ярина. Аавынхаа нэрийг сэвтээхгүй юм сан гэж үйлдэл бүрээ учиргүй цэнэж явсангүй. Уран бүтээлдээ баримталдаг зарчмынхаа дагуу л өнөөдрийг хүрч байна. Гайхалтай, гайхамшигтай мэт дүр эсгээд ч яах юм. Гэлээ ч аавынхаа нэрийг муугаар дуудуулаагүй л гэж боддог доо.
Жүжигчин О.Оюун аавтайгаа. 2008 он
-Таныг урлагт хөл тавихад хамгийн их дэм болсон уран бүтээлийн багш тань хэн бэ?
-Аав минь Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Д.Оюунсүрэн эгч дээр намайг анх дагуулж очсон юм. Одоо “Их засаг” их сургуулийн Театрын урлагийн сургуулийн захирлаар ажиллаж буй. Тухайн үед Д.Оюунсүрэн эгч залуухан, галтай цогтой, тайзан дээр ид гялалзсан бүсгүй байлаа. Аав минь хэнийг сайн гэж үнэлсэн, тэр хүнд л охиноо шавь оруулсан болов уу. Д.Оюунсүрэн эгч “Би чиний багш” гэдэггүй л дээ. Гэхдээ би тэр хүнийг миний багш болоод эгч, зөвлөгч гэж бодож явдаг. Мөн Гавьяат жүжигчин С.Алтанцэцэг эгч. Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байхдаа бид гурав нэг өрөөнд суудаг байлаа.
-1990 оноос хойш та тайзан дээр гарсан уу?
-Гараагүй. Хүүхэд залуучуудын театраас гараад “Монгол кино” үйлдвэрийн Орчуулгын киноны албанд очсон.
-Харамсалтай нь, таныг тэнд очоод удаагүй байхад татан буугдсан байх аа?
-Намайг тэнд очоод хэдхэн сар болж байтал татан буугдсан. Б.Дамчаа, Ц.Цэн-Аюуш, Т.Цэмпилмаа, Д.Элбэгсайхан, Н.Нэргүйбаатар, Г.Равдан, Ж.Дарамсүрэн гээд мундаг хүмүүсийн хажууд учраа олох гээд мунгинаж явлаа.
-Тэндээсээ Үндэсний телевизэд очсон юм уу?
-Үгүй ээ. Гавьяат жүжигчинн Б.Батзаяа ахын Хошин урлагийн театраар хэсэгхэн овоглосон. Дараа нь Радио телевизийн дээд сургуульд сурч, Г.Энхжаргал, Б.Баатар багшийн удирдлага дор найруулагч мэргэжил эзэмшсэн. Түүнээс хойш л телевизэд ажилласан даа.
-Хэчнээн кинонд дуу оруулсан бол?
-Хэлж мэддэггүй юм. Нэлээд хэдэн мянга болох байх шүү. Надаас чамбай хүн байсан бол тэмдэглэл хөтлөх байсан биз. Би тэгж чадаагүй ээ.
-Хамгийн анх ямар кинонд дуу оруулсан бэ?
-Хүүхэд залуучуудын театрт байхад Ч.Жумдаан найруулагч дуудаж, “39 дүгээр хурдан галт тэрэг” гэж Оросын уран сайхны киноны толгой (эхлэл хэсэг)-г уншуулсан санагдана.
-Хүмүүс таныг “Илүү сартай зун” кинонд хамгийн анх тоглосон гэж боддог юм билээ. Уг нь “Нарны өнгө” теле жүжигт тоглосон тань МҮОНТ-ийн архивт байдаг юм билээ.
-1986 онд Үндэсний телевизийн ойд зориулж Б.Бадрууган найруулагч тус хоёр ангит теле жүжгийг хийсэн юм. Тус жүжигт Эко хатагтай гэж тагнуулч эмэгтэйн дүрд тоглосон доо. Харин тоглосон бүрэн хэмжээний уран сайхны анхны кино минь “Илүү сартай зун”.
Дунд сургууль төгсөөд театрт ороод удаагүй, жаахан байжээ. Нэг их гоё дүнзэн байшинд уран бүтээлчид байрлана. Олон сайхан хүмүүстэй хамтран тоглосон доо.
-Өнгөрсөн онд “Илүү сартай зун” киног дэлгэцэнд гаргасны 30 жилийн ой тохиосон. Уран бүтээлчид нь ойгоо тэмдэглэв үү. Уулзахаараа олон сайхан дурсамж сөхдөг байх?
-Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам ах нэг хүний театрынхаа уран бүтээлийг аялан тоглолт хийн үзэгчдэд хүргэдэг шүү дээ. “Илүү сартай зун” киноны 25 жилийн ойгоор Д.Сосорбарам ах бид хоёр Хөвсгөлд очиж байлаа. Киноны зургийг Ханх суманд авахуулснаасаа хойш дахин очоогүй байсан юм.
Их сайхан санагдсан шүү. Д.Сосорбарам ах усан онгоцон дээр тоглолтоо хийж, би тэр үеэр нь киноныхоо тухай сайхан дурсамжийг үзэгчидтэй ярилцсан.
-Орчуулгын кинонд ажилладаг болохоор кинонд тоглох боломж хомс байдаг уу?
-Одоогоор “Торгоны зам” төслийн хүрээнд үзэгчдэд хүргэж буй Хятадын олон ангит кинонуудад дуу оруулж буй. Хуучных шиг ам барин дуу оруулж байгаа болохоор нэлээд ажиллагаатай. Мөн хоёр улсын хооронд гэрээтэй, ӨМӨЗО-ы “Одон” телевизийн уран бүтээлчид ирж, хамтран ажиллаж буй болохоор цалгардуулж болохгүй. Гэхдээ аль болох хослуулах юм сан л гэж боддог юм.
Хамгийн гол нь киноны зохиолоо уншиж байж л шийддэг. Түүнээс биш энэ найруулагч залуу, туршлагагүй гэж голж, шилдэггүй. Зохиолыг нь уншаад би л тоглох шаардлагатай бол тоглоно. Ганцхан би биш, хэн ч бүтээж болохоор дүрд заавал тоглох гээд яах юм.
-Хуучных шиг ам барьж буй гэлээ. Одоо ингэж дуу оруулдаг телевиз байдаггүй биз дээ. Ер нь сүүлийн үед телевизийн дуу оруулагч, орчуулгад үзэгчид их шүүмжлэлтэй хандах болсон шиг санагддаг. Та ямар бодолтой явдаг вэ?
-Хуучных шиг ам барьж дуу оруулдаг телевиз байхгүй. Өмнө нь жүжигчний инээх, уйлах, ханиах гээд бүх тоглолтыг нь хийж, амьсгааг нь хүртэл тааруулж ам барьдаг байсан шүү дээ. Одоо бол бүх телевиз бидний ярьдгаар дагаж уншдаг.
-Та айлын хэд дэх хүүхэд юм бэ?
-Би хоёр ахтай. Айлын бага охин.
-Ганц охиноо урлагт хөл тавина гэхэд аав тань эсэргүүцээгүй юү?
-Аав минь эсэргүүцээгүй. Гэхдээ айхтар дэмжээгүй. Намайг ганц дэмжиж, аавыг ятгасан хүн нь ээж. Ээж минь “Чи охиноо л жүжигчин болго. Чиний мэргэжлийг өвлөх ганц хүн. Миний охин хоосонгүй” гэж аавд хэлдэг байлаа. Аав минь ч ээжийн үгэнд орж, даалгаврыг нь биелүүлэн намайг театрт аваачиж, шалгуулсан даа.
-Аав тань уран бүтээлчийн үүднээс танд зөвлөгөө өгдөг байв уу?
-Тоглосон, тоглох уран бүтээлийнхээ тухай нэг их ярьж байгаагүй. Их ухаантай хүн байсан даа, аав минь. Бас тийм ч олон үгтэй хүн биш. Маш цөөн, оновчтой үгээр, нухацтайгаар хүний алдааг хэлж чаддаг. Яг л голыг нь олж хэлнэ.
-Хүүхэд залуучуудын театрт байхдаа аавтайгаа олон жүжигт хамтран тоглосон байх. Харин дэлгэцийн хэчнээн бүтээлд тоглосон бол?
-Ж.Бунтар найруулагчийн “Тод магнай” кинонд аав, охин болж тоглосон. Дараа нь Ч.Жумдаан найруулагчийн “Тэнгэрийн сахил” кинонд хамт тоглосон.
-Аавын тань захиасаас хамгийн их санагддаг нь ямар үг байдаг вэ?
-Миний аав өөрийгөө дөвийлгөх, магтах маш дургүй. Тийм хүмүүсийг ч үзэхгүй. “Чадалтай хүн аяндаа харагдана. Хийж буй ажлаас нь л хэн бэ гэдгийг нь харж, харуулж болно. Хүнд зөвшөөрүүлэх гэж зүтгэх хэрэггүй” гэдэг байлаа. Тийм болохоор ч тэр үү, өөрийнх нь хийсэн зүйл, уран бүтээл бүр нь их чамбай. Ёстой л хэн бэ гэдэг нь харагдахаар. Би аавынхаа энэ зан чанарыг нь эрхэмлэдэг юм.
-Танд аавтайгаа төстэй зан чанар бий юү?
-Өөрөө хэлж мэдэхгүй юм. Аав минь яасан ч мундаг хүн байсан юм. Ээж бид хоёр заримдаа аавын тухай ярьж суудаг. Найз нөхөд, дотнын хүмүүс намайг аавтайгаа их адилхан гэдэг. Аавыгаа дуурайгаад айхтар шүү гэх хүн ч байна. Тийм үг сонсох сайхан шүү.
-Таны хүүхдүүдээс урлагийг мэргэжил эзэмших хүн байна уу?
-Байхгүй. Том охин минь урлагийн хүн болно гэж ярьдаг байсан. Яваандаа сонирхол нь буурчихсан. Би авьяас нэг, хөдөлмөр 99 хувь гэдэг үгийн эсрэг бодолтой. Урлагийн хүн төрмөл авьяастай байх ёстой. Тэр авьяасаа хөдөлмөрлөж тордох ёстой юм.
Гэтэл мянга хөдөлмөрлөөд ч унаган авьяас байхгүй бол яалтай билээ. Бурхнаас заяасан өгөгдлийг өөрөөрөө дамжуулан сайхнаар мэдэрч, үзэгчдэд хүргэх ёстой шүү дээ. Хоёрын хооронд гурвын дунд хэрэггүй.
-Тэнгэрт хальсан аавын тань тоглосон бүтээлүүд дэлгэцээр байнга гардаг. Үзэх бүртээ уулзсан мэт мэдрэмж төрдөг байх даа.
-Аавыгаа мундаг хүн, уран бүтээлч гэдгийг нь мэдэх ч, өнгөрснийх нь дараа бүр ч илүү ухаардаг юм байна. Бурхан болоод удаагүй байхад нь зурагтаар кино нь гарахаар халгадаг, хямардаг байлаа. Одоо бол харин ч уран бүтээлийг нь үзмээр, бүр нарийвчлан хармаар санагддаг болсон.
Тоглосон бүтээлүүдийг нь үзэх бүртээ ур чадвараас нь суралцахыг хичээдэг юм.
-Хүмүүс аавын тань тоглосон дэлгэцийн уран бүтээлүүдийг түлхүү мэднэ. Харин театрын тайзнаа бүтээсэн ямар дүр нь таны сэтгэлд илүү хоногшсон бэ?
-Олон сайхан жүжгийн дүр бий. Тайзан дээр биерхүү, чанга дуу хоолойтой уран бүтээлч их сайхан харагддаг шүү дээ. Гэтэл аав жижиг биетэй. Тэгсэн атлаа нүүр будгаа хийгээд, жүжгийнхээ хувцсыг өмсөөд тайзан дээр гарахаараа их сүрлэг харагддаг.
Жүжигчин хүн бие жижиг байх хамаагүй, дотроосоо том байж, хийж буй зүйлээ тод хийх нь чухал гэдгийг харуулж буй нь тэр. Хүүхэд, залуучуудын театрын хамт олон нь “Манай Оогоо гараад ирэхээр тайз дүүрээд л ирдэг” гэдэг байж билээ.
-Та яг одоо ямар уран бүтээлээр үзэгчидтэй уулзахаар ажиллаж байгаа вэ?
-Саяхан яруу найрагч Д.Нямсүрэнгийн 17 шүлгийг Гавьяат жүжигчин Г.Равдан, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд нартай уншиж, “Амитаба” гэж сонсдог ном гаргалаа. Одоо “V” телевизийн олон ангит кинонд тоглож байна.