“Norphei art gallery”-д “Амгалан орчлон” үзэсгэлэн нээгдээд буй юм. СУИС-ийн Ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх, дизайн урлагийн сургуулиас зураач мэргэжлээр суралцаж буй оюутнууд болон бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд зарласан уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс дээжилснээ “Шилдэг бүтээл-2018” хэмээн нэрийдэж олон нийтэд хүргэж буй нь энэ юм. Танхимын нэг талд оюутан залуусынх, нөгөө талд нас насны сурагчдын зурсан, урласан бүтээл байх нь холоос харахад өнгөнөөс авахуулаад бүх талаар ялгаатай. Сурагчдын оюун санааны ертөнц яг л хүсэл мөрөөдөл шигээ гэгээхэн, өнгө алаглам, гэнэхэн. Харин дээд сургуулийн нэгээс дөрөвдүгээр курсийн оюутнуудын бүтээл өгүүлэмжийн хувьд янз янз байх бөгөөд асуудал дэвшүүлсэн нь ч олон аж.
Жишээ болгож хоёр зураг авч үзье. Баруун гар талын хананд байх ухаа ягаан өнгөтэй зураг алсаас хараа булаагаад байлаа. Дөхөж харвал сэтгэл хөндүүрлэм юм. Шаргачингаа дагуулсан ооно хөвөн цагаан үүлэн дээгүүр гишгэх газраа олж ядан тэмтчих ажээ. Торгоор суурилж урласан уг бүтээлээр экологийн сүйрэл ойрхон байгааг оюутан олон үггүй хэлжээ. Энэ нь 1-2 дугаар курсийнхний ангилалд тэргүүн байранд шалгарсан бүтээл юм байна.
Уралдааны гран при шагналын эзэн оюутан Б.Энхбаярын “Хотын залуу” хэмээх баримал үзэгчдийг хэсэгтээ л “мангартуулах“ ажээ. Төмрөөр урласан бөгөөд өндөр барилга мэт, үгүй бол уураг тархиа ар нуруундаа үүрсэн өндөр залуу ч юм шиг. Түүнийг харж нэлээд зогссон үзэгч хархүүгээс юу гэж ойлгож байгааг нь асуухад “Тогорууны хүзүү ч юм уу” гэв. Бүр төөрөөд явчихлаа. Тэр гэж хэлэх аргагүй ийм нэгэн “гонзгой төмөр” яагаад гран при шагнал хүртсэнийг тайлбарлагчаас асуулаа. “Үзэгчид яг үүнчлэн санаа бодол уралдуулж байвал сайн.
Тал бүрээс нь харж, яг юу дүрслэх, өгүүлэх гэснийг ухаж ойлгох явцдаа уран зураг, баримал, тэр дундаа орчин үеийн урлагийн тухай мэдлэгтэй болох нь чухал” гэсэн юм. “Амгалан орчлон” үзэсгэлэн нүд хужирлаж, сэтгэл уудлах бүтээлээр баялаг юм аа. Тус сургуулийн багш нар үзэсгэлэнгийн нээлтээр уралдаанд оролцогчдод хандан үг хэлэхдээ “Сургуулийн насныхан энэ жил уралдаанд 700-гаад бүтээл ирүүлсэн нь хүүхдүүд уран зурагт дуртай болсныг илтгэж байна. Мөн мэргэжлийн сургуулийн оюутнуудын сэтгэн бодох чадвар эрс сайжирч байгааг харахад таатай байна” хэмээн ярьж байжээ.