“Монгол HD” телевизийн уран бүтээлчид “The Voice” шоуг албан ёсны эрхтэйгээр олны хүртээл болгож буй. Хоёр сар гаруйн хугацаанд үзэгчдийг зурагтынх нь өмнө “уяж” байгаа эл шоунд оролцож, үзэгчдийн таашаалд нийцсэн зарим оролцогчийг уншигчидтайгаа уулзуулъя.
Б.ОЧИРБАТ: ХӨЛ ДЭЭРЭЭ ЭРГЭН БОСОХОД ХАМГИЙН ИХ ДЭМ БОЛСОН ЗҮЙЛ БОЛ ДУУ ХӨГЖИМ
2013 онд “Mongolian live sessions” уралдаанд амжилттай оролцож, дараа жил нь БНСУ-д болсон “K pop” олон улсын наадамд эх орноо төлөөлж өрсөлдөн, гутгаар байрт шалгарсан Б.Очирбатыг чадварлаг дуучин болно хэмээн олон уран бүтээлч үнэлсэн. 2014 онд хүнд өвчилж, сэтгэлийн тэвчээр, хатуужлаар хөл дээрээ эргэн боссон тэрбээр “The Voice” шоуны онцлох нэгэн оролцогч байсан юм. Бие нь өвдсөн ч, хоолой нь цуцаагүй тэрбээр өдгөө “On’n off” продакшны уран бүтээлч болоод буй.
-2014 онд “K pop” олон улсын наадмын гуравдугаар байр эзлэхийн зэрэгцээ үзэгчдийн таашаалд нийцсэн оролцогчоор шалгарсан санагдана. Тэр наадмын тухай яриач?
-Би к-поп, рок, жааз, кантри, поп гээд хөгжмийн олон урсгалын дуу сонсдог, дуулахыг оролддог байлаа. Тус наадамд 140 орны дуучидтай өрсөлдсөн юм. Маш их зүйл сурсан даа. Наадмын дараа БНСУ-ын SM агентлагтай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан боловч өвдөөд чадаагүй. Оролцсон олон улсын анхны наадам болохоор сайхан дурсамж үлджээ.
-Эл наадамд оролцсоноос хойш хүмүүс таны уран бүтээлийг их хүлээсэн. Гэтэл таг чиг болчихсон. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд хүндээр өвдсөн юм байна.
-Хоёр удаа тал цус харвасан. Монголд, БНСУ-д нарийн шинжилгээ өгсөн боловч одоогоор онош тодорхойгүй л байна. Нэг үеэ бодвол биеийн байдал арай дээрдэж, “The Voice” шоунд оролцлоо. Гэхдээ одоо ч зарим хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй, хэт их ачаалалтай ажиллаж болохгүй хэвээр. Хөл дээрээ босож, өвчинтэйгөө тэмцэхэд дэм болсон ганц зүйл бол дуу хөгжим. Тиймээс яаж орхиж чадах билээ.
-Хэсэг хугацаанд холдчихоод эргээд тайзан дээр дуулахад юу мэдэрсэн бэ?
-Миний дууг сонсоод хүмүүс тайван, амгалан байдал мэдрээсэй гэж би хүсдэг. Дуу минь хүмүүст таалагдахгүй, би чадахгүй бол яана гэж маш их сандарсан. Би цоо эрүүл болоогүй шүү дээ. Алдаа гаргах вий гэж их эмээсэн. Гэхдээ өвдсөн гэдгээ мэдэгдэхгүйг хичээсэн.
-Шоунаас хасагдсан ч гэлээ “On’n off” продакшнтай үргэлжлүүлэн ажиллахаар болсон гэсэн үү?
-Продюсер С.Ононбат ах санал тавьж, би дуртайяа зөвшөөрсөн. Би мэргэжлийн дуучин биш шүү дээ. Маш их бэлтгэл сургуулилалт, хөгжмийн мэдлэгтэй байх шаардлагатай. Тиймээс дуулах ур зүй, хөгжмийн онол, тайзны хөдөлгөөний хичээл заалгаж байгаа. Мөн биеийн байдлаа дээрдүүлэх үүднээс йогоор хичээллэхээр төлөвлөсөн. Аман хуур тоглож сурахаар оролдож байна.
-Маш олон алдартай дуучны дууг ковер маягаар дуулж, цахим хуудсандаа байршуулдаг байсан шүү дээ. Хэзээнээс дуулж эхэлсэн юм бэ?
-Дунд сургууль төгсөх үеэсээ л дуулж эхэлсэн. МУИС-д компьютерын чиглэлээр суралцаж байгаад орхисон. Яагаад ч юм урлагт татагдаад байсан юм. Анхандаа гэр бүлийнхэн минь эсэргүүцдэг байсан боловч одоо намайг их дэмждэг.
-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
-Яг одоогоор биеэ тэнхрүүлчих юм сан л гэж бодож байна. Бие эрүүл бол юуг ч хийж чадна шүү дээ. Уран бүтээл хийх, цаашид суралцахын тулд хурдхан л тэнхрэх шаардлагатай. Хүн бүрийн мэддэг алдартай уран бүтээлч болмоор байна.
-Уран бүтээлийн цаашдын төлөвлөгөөнөөс хуваалцаач?
-Одоогоор бэлтгэлээ л шаргуу хийж буй. Ямартай ч “The Voice” шоунд С.Ононбат продюсерын багт орсон 17 оролцогч хамтран мюзикл, бэсрэг тоглолтууд хийхээр төлөвлөсөн.
Б.ИДЭРЖАВХЛАН: НАЙЗДАА ЗОРИУЛЖ, ЧИН ЗҮРХНЭЭСЭЭ ДУУЛСАН БОЛОХООР ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙХ
МУИС-ийн онолын математикийн анги дүүргэсэн Б.Идэржавхлан 10 дахь жилдээ багшилж буй. Одоо тэрбээр “Шинэ үе” дунд сургуульд ажилладаг гэнэ. Аав, ээж нь математикийн багш болоод ч тэр үү, багаасаа л мэргэжлийг нь өвлөхөөр шийджээ. Эзэмшсэн мэргэжлийнхээ хажуугаар дуулах хообийгоо орхилгүй хэд хэдэн уралдаанд оролцсоны нэг нь “The Voice”. Түүний “Буруу эргэлт” киноны дууг дуулж буй бичлэгийг нэг сая гаруй хүн үзсэн нь олны таашаалд нийцсэнийг нь илтгэнэ.
-Таны ах дуурийн дуучин Б.Жавхлантөгс. Танайхан ер нь урлагт их элэгтэй хүмүүс үү?
-Бид аав, ээжээс тавуулаа. Бүгд л дуулах авьяастай. Яг мэргэжил болгон эзэмшсэн нь миний ах Б.Жавхлантөгс. Тэрсхэн болохоор их ойр өссөн. Хоорондоо ч их адилхан. Цэцэрлэгт байхаасаа л дуулж, хуурддаг байлаа, бид.
-“Universe best songs”, “My voice” гээд телевизийн хэд хэдэн шоу нэвтрүүлэгт та оролцсон. Ах тань мэргэжлийн хүний үүднээс зөвлөгөө өгдөг үү?
-Тэгж, ингэж дуул гэхгүй ээ. Намайг “Өөрийнхөөрөө дуул. Сэтгэлээсээ дуул” л гэдэг. Нээрэн, ахтайгаа хамтран уран бүтээл хийх тухай ярилцаад амжсан шүү. Миний нэг мөрөөдөл байгаа юм.
-Математикийн багш чадварлаг дуулахад хүмүүс их гайхсан. Шавь нар нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Хошин урлагийн продакшнууд үзүүлбэртээ багш, тэр дундаа математикийн багшийг том нүдний шил зүүсэн донгио маягийн хүнээр дүрсэлж элэглэдэг. Үзэгчид ч түүгээр нь төсөөлдөг. Харин би тийм биш шүү гэдгийг харуулах гэж “The Voice” шоунд оролцсон. Шоунд оролцож буйгаа хэнд ч хэлээгүй. Зурагтаар гарч эхлэхэд л хүмүүс мэдсэн. Шавь нар минь их дэмжиж байлаа. Миний фэн болсон. Шоунаас хасагдсаны дараа хүүхдүүд жаахан гонсгор байсан. Гэхдээ одоо зүгээр ээ.
-“New star” студийн найруулагч, хөгжмийн зохиолч С.Гантөр танд “Буруу эргэлт” киноны дууг дуулах албан ёсны эрхийг өгсөн гэж сонссон.
-Би хэдэн жилийн өмнө багын найзыгаа зуурдаар алдсан юм. Энэ дууг сонсох бүрт найзыгаа санадаг. Хэзээ нэгэн цагт тайзан дээр дуулна гэж боддог байв. Тэгээд л дуулсан. Шоу зурагтаар гарсны дараа С.Гантөр ах надтай уулзаж, эл дуугаа шинэчлэн дуулах эрх өгсөн. Найздаа зориулж, чин зүрхнээсээ дуулсан болохоор зохиогчийнх нь сэтгэлд хүрсэн байх л даа.
-Цаашид “On’n off” продакшнтай хамтран ажиллана гэсэн. Багшийн ажлын хажуугаар уран бүтээл хийх боломж бий юү. Цаг зав их хомс л байх даа?
-Ажлын хажуугаар амжуулах амаргүй л юм. Гэхдээ аль болох хичээж, С.Ононбат ахаас сурч болох бүх л зүйлийг сурмаар байна. Надад олдсон маш том боломж шүү дээ. Ганц шоунд оролцчихоод өөрийгөө дуучин мэтээр төсөөлж хөөрөөд байж болохгүй. Сурах, хичээх зүйл маш их бий.
Ё.БИЛЭГТ: ДУУЛАХ НЬ ЯРИХААС ИЛҮҮ МИНИЙ ДОТООД ЕРТӨНЦИЙГ ИЛЭРХИЙЛНЭ
Ё.Билэгт ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологи, дизайны сургуулийг хэвлэлийн график дизайнер мэргэжлээр төгсчээ. Одоо “Хас” банкны маркетингийн хэлтэст ажилладаг аж. МҮОНТ-ийн “Агшин” нэвтрүүлгийн хөтлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолкийн ууган хүү тэрбээр дуу цөөтэй хэрнээ тайзан дээр гарахаараа рок дуучин шиг болчихдогийг нь Гнарлс Барклигийн“Crazy” дууг хэрхэн дуулснаас харж болно.
-Сурагч байхдаа хамтлагт дуулдаг байсан байх аа. “Playtime” хөгжмийн наадамд оролцож байсан санагдана.
-Аравдугаар ангиасаа гитар хөгжимд дурлан, найзуудтайгаа хамтлаг байгуулсан юм. Ер нь л урлагт дуртай, өөрийгөө сорихыг хүсдэг байлаа. 2011 онд “Universe best songs”, өнгөрсөн онд “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт оролцсон. “Playtime” наадамд ч “Strangers” хамтлагтайгаа оролцдог байсан. Дэлхийн хэмжээний “The Voice” шоуг Монголд зохион байгуулах гэж буйг сонсоод мөн л үзээд алдахаар шийдсэн юм. Намайг дэмжсэн хамт олон, гэр бүлийнхээ урмыг нь хугалахгүй хариуцлагатай оролцохыг хичээсэн. Үүний зэрэгцээ айдас ч байлаа.
-Аавынхаа мэргэжлийг өвлөж телевизийн, эсвэл урлагийн өөр төрлөөр суралцъя гэж бодоогүй юм уу?
-Телевизийн чиглэлийн мэргэжил эзэмшихийг хүссэн боловч аав эсэргүүцсэн юм. “Энэ салбарт үнэхээр авьяастай, дуртай байж л ажиллана. Үгүй бол бодоод ч хэрэггүй” гэсэн. Дээр нь цаг наргүй шүү дээ. Тиймээс өөрт арай ойр мэргэжил сонгосон нь энэ.
-Ямар урсгалын дуунд дуртай вэ?
-Мэдээж рок хөгжимд илүү элэгтэй. Сүүлийн үед жааз урсгалд дуртай болж байна. Би үг цөөнтэй. Дуулах нь ярихаас илүү миний дотоод ертөнцийг илэрхийлэх мэт санагддаг.
-Цаашдаа дууны уран бүтээл хийх бодол бий юү?
-Ажил, мэргэжлээ орхиод уран бүтээл дагнан хөөнө гэвэл худлаа ярьсан болно. Гэхдээ дуулах хообийгоо орхиж бас чадахгүй. Алдартай дуучдын хит дуунуудыг ковер хувилбараар дуулж, сошиалаар цацах бодол бий.
-“The Voice” шоунд оролцсоны дараа хүмүүсээс сайн, муу янз бүрийн сэтгэгдэл олон сонссон байх. Хатуу үг дааж чаддаг уу?
-Их сонссон. Инээдтэй гэмээр зүйл ч сонссон. Манайхан нэг нь сайн гэхээр нийтээрээ магтаад л, нөгөө нь жаахан өөлчихөөр бүгд хараар будчих гээд дайрдаг юм биш үү. Хэт их цаасан малгай өмсгөх гэсэн хүн ч таарлаа, шударгаар шүүмжилсэн нэгэн ч байв. Бусдын үгийг сонсоод хэрэгтэйгээ авч, хэрэггүйг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөчих л хэрэгтэй байх.
-Дуулах, гитар тоглохоос өөр ямар авьяастай вэ?
-Хамтлагт байхдаа шүлэг бичих гэж оролддог байлаа. Зохиосон ганц нэгхэн дуу бий.
-Таны амьдралын зорилго юу вэ?
-Тайван, жаргалтай амьдрах. Би шунал ихтэй хүн биш ээ. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх сайхан шүү дээ.
И.МӨНХ-ЭРДЭНЭ: ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ТЕАТРЫН ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХЫГ МӨРӨӨДДӨГ
Хэн хүнд заяадаггүй баргил хоолой, даруухан зангаар чимсэн И.Мөнх-Эрдэнэ гурван хүүтэй айлын ууган нь болж Орхон аймагт төржээ. Өдгөө СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн дуурийн дуулаачийн хоёрдугаар дамжааны оюутан. Ардын жүжигчин А.Долгор түүний багш гэнэ. Тэрбээр 2016 онд UBS телевизийн зохион байгуулдаг “Universe best songs” нэвтрүүлэгт мөн оролцож, шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарч байжээ.
-Багаасаа дуулах дуртай байв уу. Яагаад дуурийн дуулаач болохоор шийдсэн бэ?
-Аав минь их сайхан дуулдаг юм. Багадаа аавынхаа дуулахыг сонсох их дуртай байлаа. Урлагт, дуулах дуртай болсон минь аавтай л холбоотой. Дунд сургуулиа төгсөхдөө дуурийн дуучин болох хүсэлтэйгээ ээж, аавдаа хэлэхэд дэмжсэн. Сонгодог урлагаар суралцах явцад хоолойны ур чадвар сайжирч, төгсөөд ямар ч урсгал, чиглэлийн дууг түүртэлгүй дуулж чаддаг болох мэт санагддаг. Хэдийгээр би дуурийн дуулаачаар суралцдаг ч, бусад урсгалын хөгжим сонсох, дуулах дуртай.
-Баргил хоолойтой болоод ч тэр үү, кантри урсгалын дуу танд их зохидог юм билээ.
-Багадаа бусад хүүхдийн л адил цангинасан хоолойтой байлаа. Сургуулийнхаа урлагийн үзлэгт байнга оролцдог байв. Гэтэл аравдугаар анги төгссөн зун хоолой гэнэт л бүдүүрчихсэн. Өмнө нь дуулдаг байсан дуунуудаа дуулж чадахаа больчихсон. Дуулах аргаа нэг л олохгүй. Дуулж чадахгүй болчихлоо гээд уйлж байсан удаатай. Тэгээд л төгсөх жилээсээ хоолойныхоо өнгөнд дасаж, кантри урсгалын дуу сонирхож эхэлсэн. Жош Тюрнерын “Your man” дуугаар уралдаанд оролцож байв. Ер нь энэ урсгалын дуунуудад их дуртай.
-Ардын жүжигчин А.Долгорын шавь гэсэн. Дуурийн дуулаачаар суралцаж буй шавиа “The Voice” шоунд оролцоход багш тань эсэргүүцээгүй юү?
-Шоунд оролцож буйгаа багшдаа хэлээгүй. Зурагтаар гарсны дараа мэдсэн. Жаахан зэмлүүлсэн.
-Ямар уран бүтээлчээс үлгэр дуурайл авдаг вэ?
-Чингис хаан одонт, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, дуучин Ч.Бадрал, Т.Энхбат гээд дэлхийн мундаг уран бүтээлчидтэй мөр зэрэгцэж яваа ах нараас үлгэр дуурайл авдаг. Тэдний гаргасан жимээр алхах сан гэж мөрөөддөг юм. Дэлхийн Г
алдартай театрын тайзан дээр дуулахыг хүсдэг. СУИС-ийн өмнөх төгсөгчид, ДБЭТ-ын уран бүтээлчдээс чадах чинээгээрээ зөвлөгөө авахыг хичээдэг.
-Гадаадын консерваторид үргэлжлүүлэн суралцах бодол бий юү?
-Би одоо дуу хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй. Хайртай хүмүүсийн минь дараа эрэмбэлэгдэх чухал зүйл. СУИС-иа төгсчихөөд гадагшаа сургуульд явах бодол бий.
-Дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд оролцохоор төлөвлөсөн үү?
-Ирэх жилээс дуурийн дуулаачаар суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулдаг олон улсын уралдаанд оролцохоор төлөвлөсөн.
-“The Voice” шоунд оролцсоны дараа таны амьдралд өөрчлөлт гарав уу. Хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна уу?
-Шоунд оролцсоноор хүмүүсийн хандлага ямар байгааг анхаарахаас илүү өөртөө туршлага хуримтлуулж байна. Тайзан дээр биеэ авч явах, сандралгүй тайван дуулах гэх мэтчилэн. Цаашлаад олон улсын уралдаанд өөрийгөө сориход энэ нь давуу тал болно шүү дээ. Дуулж байх үед үзэгчид дэмжиж, алга ташихад ямар гоё санагддаг гээч. Шоу зурагтаар гарсан болохоор хүмүүсийн хандлага мэдээж өөрчлөгдөж байна. Гудамжаар явахад үеийн залуус намайг таньдаг болж. Амжилт хүсээд зөрөх нэгэн байхад сонжиж хараад өнгөрөх хүмүүс ч бий. Цахим хуудсанд минь сэтгэгдэл үлдээж буй хүн ч олон байна.