Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, продюсер Б.Ангирмаа, “Камертон”, “Киви”, “Гурван охин” хамтлаг, Төрийн шагналт, дуучин Д.Болд гээд олон уран бүтээлчийн хит дуунуудын аяыг зохиож, хөгжмийн найруулгыг нь хийсэн ая зохиогч Наки буюу Б.Нацагдоржийг зочноор урилаа. Хөгжим сонирхогчид эл залууг “Universe best songs” уралдаанд амжилттай оролцон уран бүтээлийн гараагаа эхэлсэн дуучин гэдгээр нь мэдэх болов уу.
-Та UBS телевизийн зохион байгуулдаг “Universe best songs” уралдаанд амжилттай оролцож, олонд танигдсан. Гэтэл сүүлийн жилүүдэд өөрийн уран бүтээлээс илүү бусдад хийж өгөөд байна уу даа.
-Би 2010 оноос “Сүнс” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн ахын дуу бичлэгийн студид ажилласан. Дараа нь 2012 оноос Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг эгчийн “Pro sound” студид Рагутай хоёр жил хамтран ажиллах боломж олдсон.
Дуучин хүн дуулахаас гадна бичлэгийн студийн талаар мэдлэг, туршлагатай байх хэрэгтэй гэж боддог. 2013 оны сүүлчээр найзтайгаа хамтран “Ocean grey” студиэ байгуулж, продакшн болтол өргөжүүлсэн.
-Сургууль төгсөөд удаагүй хоёр залуу студи байгуулж, уран бүтээл хийж эхлэх амаргүй байсан байх. Хамгийн анх хэн та хоёрт итгэн, уран бүтээлээ хийлгэхээр санал тавьсан бэ?
-Аливаа шинэ зүйл эхлэхэд бэрхшээл тулгарахгүй байна гэж үгүй. Студийн байр олох, техник, тоног төхөөрөмж авахад санхүүгийн хүндрэл гарсан. Зээл аван, өр тавьж тэдгээр бэрхшээлээ давсан. Харин уран бүтээл хийх, хамтран ажиллах уран бүтээлч олоход тийм ч хэцүү байгаагүй.
Хамгийн анх продюсер Б.Ангирмаа эгч бидэнд итгэн “Киви” хамтлагийн цомгийн бичлэг, хөгжмийн найруулгын ажлыг хариуцуулж байв. Өнгөрсөн хугацаанд чамгүй олон уран бүтээлчтэй хамтран ажиллалаа.
-Бусад уран бүтээлчид зориулж дууны ая зохион, хөгжмийн найруулга хийх нь өөрийн дуулах дууг зохиохоос ялгаатай биз?
-Ялгаатай шүү. Тухайн дуучны онцлог, хэв маягт тохируулж дуу зохиох, хөгжмийг нь найруулах амаргүй. Тухайн уран бүтээлчийг нэлээд судлах, өмнө гаргасан уран бүтээлүүдийг нь сонсох, харьцуулах шаардлагатай. Уран бүтээлчид “Шинэ уур амьсгал, өнгө төрх илэрхийлмээр байна” гэдэг шаардлага их тавьдаг.
Тийм ч болохоор манай продакшнаас “төрсөн” уран бүтээлүүд хит болдог байх. Харин өөрийнхөө уран бүтээлийг хийх арай амар. Би ямар зүйлд дуртай, ямар дуу дуулах вэ гэдгээ мэддэг болохоор тэр.
-Саяхнаас “Ocean grey” продакшнаасаа өрх тусгаарлаж, чөлөөт уран бүтээлч болсон гэж сонссон. Одоо уран бүтээлдээ илүү цаг зарцуулж буй биз дээ?
-Продакшндаа ажиллаж байх үед өөрийнхөө уран бүтээлийг хойш тавьсан. Гэхдээ харамсдаггүй. Би гаргасан алдаа, унаж, босох үеүддээ харамсдаггүй, шаналдаггүй. Тэгж байж би улам л туршлагажна шүү дээ. Одоо бие даасан цомгоо гаргахаар төлөвлөж, шинэ уран бүтээлүүдээ олонд хүргэхээр ажиллаж байна.
Ирэх тавдугаар сард сонсогчдод хүргэх электро хэмнэлтэй дуугаа бэлэн болголоо. Олон дуу нэгэн зэрэг цацах биш, чанартай уран бүтээл хийн, тэдгээрийгээ ар араас нь, тодорхой хугацааны зайтайгаар хүргэхээр төлөвлөсөн.
-Цомгоо гаргачихаад, баяр хийх байх. Бие даасан анхны тоглолтоо ямар байгаасай гэж төсөөлдөг вэ?
-Энгийн хэрнээ уянгалаг байх болов уу. Хэт нүсэр зүйлээс зайлсхийдэг.
-Хөгжим бүжгийн коллеж төгссөн гэсэн. Ер нь яагаад дуучин болохоор шийдэв. Багаасаа дуулах дуртай хүү байсан уу?
-Цэцэрлэгт байхдаа л “Жороо баахан улаан” ардын дууны нэг бадгийг цээжилчихээд өдөр, шөнөгүй л дуулж явдаг хүү байлаа. Цэцэрлэг, дунд сургуулийнхаа урлагийн бүх л арга хэмжээнд оролцоно. Хоёрдугаар ангид байхад аав, ээж минь намайг Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд оруулсан юм.
Нийслэлийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулдаг “Одод болохын хүслэн” уралдаанд амжилттай оролцдог байлаа. Хөгжим бүжгийн коллежийн хөгжмийн онол, дуулаачийн анги дүүргэсэн. Дараа нь СУИС-ийг хөгжмийн найруулагч мэргэжлээр төгссөн.
-Манай рок, поп урлагт энэ чиглэлээр ажилладаг хүн тийм ч олон биш. Гэсэн ч уран бүтээлчийнхээ хувьд бусдаасаа ялгарах ёстой. Та уран бүтээл бүртээ өөрийн ямар онцлогийг шингээхийг хүсдэг вэ?
-Хөгжмийн урлагт энэ мэргэжил хамгийн хэрэгцээтэй. Одоогоор манай орчин үеийн хөгжмийн ертөнцөд энэ чиглэлээр ажиллаж буй Н.Халиун, Ц.Байдраг, Н.Баярхүү, Б.Одбаяр, Н.Тэмүүлэн, А.Болорхүү, С.Гантөр, Б.Чинбат гэх зэрэг тоотой хэдхэн хүн бий. Яагаад ч юм, хөгжмийн найруулагч нар их өвөрмөц, мэдрэмжтэй байдаг мэт санагддаг. Тийм ч болохоор өөр өөрийн хэв маяг, урсгалаар ялгарна.
Жишээлбэл, А.Болорхүү ах рок, симфони найрал хөгжмийн найруулгыг маш гоё хийдэг бол Н.Халиун ах поп хөгжмийг үнэхээр сайхан хийдэг байх жишээтэй. Би дууны аялгууг их онцолж, илүү ажилладаг. Маш сайхан аялгуутай, өвөрмөц дуу хийхийг зорьдог юм. Монголчууд сайхан аялгуутай дууг сорчилж сонсдог шүү дээ. Өөрийн өнгө төрх, онцлогийг олохоор, шингээхээр хичээж л явна.
-Таны зохиосон дуунууд их зөөлөн аялгуутай байдаг мэт санагддаг.
-Би Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд суралцдаг байсан тухайгаа ярьсан шүү дээ. С.Ганчимэг багшийн минь нөлөө их байдаг юм болов уу. Тэр хүний зохиосон олон дууг сурагч байхдаа дуулдаг байсан. Багш минь их намуухан, зөөлөн аялгуутай дуу зохиодог шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд бусдын хэчнээн цомог болоод дууны ая зохиож, хөгжмийн найруулга хийж амжив?
-Ажилласан цомгоо тоолж үзээгүй юм байна. “Камертон”, “Киви”, “Гурван охин” хамтлаг, дуучин Д.Болд, Г.Мэнд-Амар, Л.Ган-Эрдэнэ гээд олон уран бүтээлчийн цомгийн уран бүтээлд ажилласан. Багцаалбал 100 гаруй дууны ая зохиосон байх. Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Төрийн шагналт, дуучин Д.Болдын дуулсан дууг би зохиосон шүү дээ гэж бодохоор сайхан санагддаг.
Хэдхэн жилийн өмнө тэдэнтэй хамтран ажиллах нь миний мөрөөдөл байв шүү дээ. Залуу уран бүтээлчийн хувьд тэдэнтэй хамтран ажилласан нь маш том завшаан.
-“Чингис хаан” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан “Амаа ангайгаад авиа гаргадаг хүнийг дуучин гэдэг юм биш. Дуучин хүн тайзаа, үзэгчдээ хүндэлж, уран бүтээл бүртээ чин сэтгэлээ зориулах ёстой.
Мөнгө олох, олонд танигдах гэж биш, чанартай уран бүтээл хийхийг эрмэлздэг хүн л жинхэнэ дуучин” гэсэн нь бий. Таныхаар дуучин хүн ямар зөв дадлыг өөртөө хэвшүүлсэн байх шаардлагатай вэ?
-Дуучин дууг зүгээр л нэг дуулах биш үг, аялгууг маш сайн мэдрэх авьяастай байх ёстой. Түүнчлэн хөгжмийн онолын мэдлэгтэй байх хэрэгтэй гэж би боддог.
-Дууныхаа аяыг өөрөө зохиож, найруулгаа ч хийчихдэг нь таны бусдаас ялгарах маш том давуу тал байх.
-Дуучин хүн дуугаа зөв сонгож дуулах ёстой. Ингэхийн тулд өөрийнхөө хоолойнд ямар ая, хөг тохирох вэ гэдгийг сайн мэддэг байх хэрэгтэй. Харин хөгжмийн найруулагч тухайн дуучны хоолойнд тохирсон найруулга хийх ёстой. Энэ ажлыг өөрөө хийдэг минь давуу тал болно.
-Нэг л хүний сэтгэл, мэдрэмжээс төрж буй болохоор уран бүтээлүүд хоорондоо төстэй болох үе бий. Ийм тохиолдлоос яаж “зугтдаг”, хэрхэн шинэ санаа эрэлхийлдэг вэ?
-Тийм тохиолдол бий. Хоорондоо төстэй, давтагдаж буй мэт санагдвал шууд л хэсэг завсарлачихдаг. Хэдэн өдөр алжаалаа тайлж, тархиа амраачихаад эргэн ажиллахад алдаагаа их соргогоор харан засаж, шинэ санаа төрдөг юм. Шинэлэг, сонирхолтой уран бүтээл хийхийн тулд их л хайгуул хийнэ дээ. Хөгжмийн бүх л урсгалын бүтээлийг сонсож, судална.
-Ямар үед сайхан аялгуу санаанд тань орж ирдэг бол?
-Аялал, онцгой үйл явдлын дараа их сонирхолтой аялгуу гардаг. Гэнэт гэхээс илүү анхаарлаа төвлөрүүлж, тайван сууж байж ая зохиодог. Гитараа барьж, эсвэл төгөлдөр хуурын ард суусан үед ямар ч л байсан шинэ санаа, ая төрдөг шүү. Бороо, цас орох гэхчилэн байгалийн үзэгдэл, орчин, сэтгэл зүйн байдал ч нөлөөлөх нь бий.
-Дуучин А.Хишигдалайтай хамтарсан “Mi senti” дуу тань хит дууны жагсаалтад нэлээд удаан хугацаанд дээгүүр байрт “давхисан”. Цаашдын уран бүтээлийн тань өнгө аяс ямар байх вэ?
-“Мi senti” хоршил дуугаараа бие даасан уран бүтээлээ эхэлсэн гэхэд болно. Цаашид нэг урсгал, хэв маягт баригдахыг хүсэхгүй байна. Уран бүтээлчдэд тухайн дууг л дуулмаар санагддаг, үгээр тайлбарлах аргагүй мэдрэмж төрдөг юм. Яг тийм мэдрэмж төрсөн л бол тэр дууг дуулах л хэрэгтэй. Ямар урсгалынх байх нь хамаагүй.
-Чанартай, урт настай, хит дуу гээд л их олон янзаар тодорхойлох юм. Жинхэнэ сайн уран бүтээлийг ямар шалгуураар тогтоож болох бол?
-Бүх л уран бүтээлч сайн, чанартай, хит дуу хийхийг хүсдэг байх. Сэтгэлээ зориулсан, зүтгэл гаргасан, ур шингээсэн уран бүтээл л хүмүүст хоногшиж үлддэг байх.
-Тайзан дээр байх үедээ юу мэдэрдэг вэ?
-Янз бүр. Дуулж буй дуу, үзэгчдийн хандлагаас шалтгаалаад өөр өөр мэдрэмж төрнө. Дуундаа автаж, үг бүрийг нь сонсогчдод хүргэхийг хичээдэг.
-Уран бүтээлчийнх нь үүднээс хэнээс үлгэр дуурайл авдаг вэ?
-Д.Болд ахын ажиллаж буй зарчим маш их таалагддаг. Үргэлж шинэ, шинэлэг уран бүтээл хийхийн төлөө тэмүүлж, чанартай уран бүтээл туурвин, өөртөө өндөр шаардлага тавьдаг хүн. Эдгээр чанар нь уран бүтээл бүрээс нь харагддаг.
-“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” реалити шоунд та ажилласан. Эл шоунаас төрсөн хамтлагийн цаашдын уран бүтээлүүдэд хамтрах юм билээ. Нэг үгээр продюсерын үүрэг гүйцэтгэх нь ээ?
-Охидын хамтлагийн залгамж халааг бэлтгэх зорилготой “Оддын академи” шоунд хамтран ажиллах санал “Боловсрол суваг” телевизийнхэн тавьж, би ч дуртайяа хүлээж авсан. Уг шоуны оролцогчдод хөгжмийн онол болоод дуулах талаас нь зөвлөн ажилласан. Шоунаас төрсөн “The wasabies” хамтлагтай цаашид ч хамтарна.
-Дуучин, ая зохиогч, хөгжмийн найруулагч, продюсер гээд залуу хүн гэхэд олон тодотголтой болчихлоо. Алинаар нь дуудуулах дуртай вэ?
-Аль алинаар нь. Аль алийг нь би хийж байгаа, улам сайн хийхээр хичээж, зүтгэж байгаа учраас ичих зүйл байхгүй шүү дээ.
-Залуу уран бүтээлчийг олны хэл ам, шүүмжлэл тойрохгүй. Бусдаас хатуу үг хэр сонсдог вэ. Дааж чаддаг уу?
-Сонсдог оо. Шүүмжлэх биш, доромжилсон үг сонсох дургүй. Тийм үгийг их эмзэг хүлээж авдаг. Үнэн шүүмжлэлийг харин маш сайнаар хүлээж авдаг. Хатуу үгээр ташуурдуулаад боссон үе зөндөө бий.
-Хүмүүсийн сэтгэлээсээ хэлж буй жинхэнэ магтаал, цаасан малгай өмсгөж буйг ялгаж чаддаг уу?
-Андашгүй шүү дээ. Мэдээд байхад л худлаа инээгээд магтах хүн бий. Тийм үед “Мань эр ч намайг нисгэж өгч байна даа” гэж боддог. Гэхдээ хүмүүсийн хэлсэн сайхан үгсээс урам авах нь их.
-Таны амьдралын зорилго, хамгийн том мөрөөдөл юу вэ?
-Монголын хөгжмийн урлагт хөл тавиад удаагүй ч манайд зохиогчийн эрхийг зөрчих нь түгээмэл. Хөгжмийн зах зээл тэлэхгүй байгаа гол шалтгаан нь энэ ч байж магад. Тиймээс зохиогчийн эрхийн эрх зүйн орчноо маш сайн судалж, илүү хөгжүүлэх юм сан гэж боддог. Уран бүтээлчийн хувьд чанартай олон бүтээлтэй, тэдгээрийг минь хүмүүс аялдаг болохыг хүсэж байна.
Зөвхөн дууны уран бүтээл гэлтгүй киноны, хөгжимт жүжгийн хөгжим бичих хүсэлтэй. Ахадсан мөрөөдөл тээж яваа хүн дээ. Гэхдээ зорилго, мөрөөдлөөсөө ухарвал юуг ч бүтээж чадахгүй. Залуу хүнд боломж үргэлж бий. Тиймээс зүтгээд л байна даа.