Кинонд утга зохиол, уран зураг, хөгжим, драм гээд багтахгүй урлагийн төрөл гэж үгүй. Нийгмийн амьдралаас өдөр тутамдаа мэдрэх боломжгүй мэдрэмж, таашаалыг хүртэхийн тулд бид кино театрыг зорьдог. Энэ л зорилгоор нээлтээ хийгээд тун удаагүй байгаа “Хар бороо” уран сайхны киног үзлээ. Анх “Хар бороо” нэрийг нь сонсоод уянгын, эсвэл аймшгийн кино юм болов уу гэж янз бүрийн таамаг дэвшүүлж байснаа нуулгүй хэлье. Урлагийн олон төрөл зүйлийн нэгэн адил кино урлаг нь багийн урлаг билээ. Тус уран бүтээлийг “J and B” фильм, “J and J” компани хамтран бүтээжээ. Киноны зохиолыг Им Сүн Гён, Юн Сун Вүн нар бичиж, найруулагчаар Жан Ю Кён ажилласан аж.
“Хар бороо” кино нэрнээсээ эхлээд надад яагаад гэх энгийн асуултыг дагуулсаар эхлэв. Зохиол одоо цаг үе дээр бүтээгдсэн хийгээд киноны үйл явдлын талаар таамаглах, цааш ингэх болов уу гэж таах боломж өгөхгүй байгаа нь, тэр хэрээр яаж үргэлжлэх бол гэсэн сэдэл өгч буй нь киног улам сонирхолтой болгох мэт. Хувингаар цутгах мэт асгах борооноор нэгэн ах дүүгээ эрэн гүйх дүр зургаар кино эхэлнэ. Хөөрхий ах эргэн тойрноо харан гүйж, хайснаа олох мэт харц нь тогтоно. Энэ нь сүүлд киноны зангилааг тайлах дүрс ажээ.
Гэр бүлээ тэжээх, мөнгө олохын төлөө хар ажил хийхээр харь улс руу зүтгэдэг нэгэн байхад, асар том мөрөөдөл сэтгэлдээ тээн хөгжингүй улсыг зорьдог нэгэн ч бий. Солонгосын томоохон их сургуульд докторын зэрэг горилон суралцаж буй Чингүүнийг багш нь нэгэн корпорацид ажиллахыг санал болгосноор “Хар бороо” киноны ээдрээт үйл явдлууд эхэлдэг. Баян эрхмүүд арын албаа найдвартай хүнд даатгаж, тэд бүхий л хар ажлыг нь гүйцэтгэж, шаардлагатай бол замд нь тээр болж буй нэгнийг цааш харуулахаас ч буцахгүй. Чингүүн амьдрахын эрхээр корпорацийнхаа ерөнхийлөгчийн амрагийн харилцаа төдийгүй хууль бус бизнес, буруу үйлдэл бүрийг далдлахад оролцож, сүүлдээ гарахын аргагүй хүнд байдалд орон тарчилж байгаа нь энэ. Томоохон гэмт бүлэглэлийн сүрдүүлэг, дарамтанд орсон тэрбээр гарах арга зам хайн тэмцэнэ. Түүний дүрээр шударга амьдрахыг хичээсэн ч хүссэнээр нь болохгүй байгаа нийгмийн бодит байдлыг тодотгон харуулсан нь киноноос авах нэгэн ухаарал байлаа. Эл дүрд загвар өмсөгч Б.Билгүйтэй тогложээ. Тэрбээр 2010 оноос хойш өнөөг хүртэл Тайланд болон Азийн зарим орны 250 орчим загварын шоунд ажиллаж, BMW, “Toyota”, “Yamaha” зэрэг томоохон брэндийн нүүр царай болж байжээ. Өдгөө Тайландад төвтэй АНУ-ын “Medical departures” компанид дижитал маркетераар ажиллаж буй.
Киноны турш би өөртөө асуулт тавьсаар байлаа. Сонголт. Миний сэтгэлийг өрөвдөх, харамсахын заагт нэгтгэлээ. Багш нь түүнд санал тавиагүй бол, ерөнхийлөгчийнхөө хууль бус бизнесийн нууцыг мэдээгүй бол яах байсан бол гэхчилэн ургуулан бодов. Гэтэл дахиад л таамаг дэвшүүлэх боломжгүй олон үйл явдал киног улам тодотголоо.
Кино үргэлжилсээр. Нөлөө бүхий бизнесмэнүүд нууц бизнес, үл итгэлцлээсээ болж Чингүүнийг хороож, замаасаа зайлуулах төлөвлөгөөг тус бүртээ боловсруулжээ. Эндээс л хайртай дүүгээ гэмт бүлэглэлийнхний гарт алдчихаад цөрөнгөө баран, өш хонзон зангидан яваа залуугийн кино эхэлсэн дүр зургийн зангилаа тодорно.
Цааш юу өрнөх бол. Амин хувиа хичээгсэд, увайгүй үйлдэл, хорон санаа, хуйвалдаан, урвалт, золиос. Энэ бүхний эсрэг нинжин сэтгэл, хайр, хүн чанар. Гэмт бүлэглэлийнхний эсрэг дүүгээ аврахаар тэмцэх ахын сэтгэлээр киноны хурц зураг авалт, хүнд хэллэгийг зөөллөж өгчээ. Кино кадр доторх үйл хөдлөл, зохиомж, өнгө гэрэлтүүлэг, дуу хөгжим болгон маш чухал. Эдгээрийг тус киноны багийнхан чадварлаг харуулжээ. Киноны пост продакшны ажлыг Б.Билгүүн гүйцэтгэсэн байна. Дуу хөгжим, зураг авалт, жүжигчдийн ур чадвар сайн байсан хийгээд утга санаандаа нэгдэж чадсан нь киног төгсөх үед мэдрэгдэж байв.
Эцэст нь кино зохиол зорилгодоо хүрсэн үү. Бүтээл бүрт өөрийн үнэт чанар байдаг. Энэхүү дэлгэцийн бүтээлийн хувьд хүний мөн чанар, хайр энэрэл, өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй баялгийн төлөөх өрсөлдөөн, хонины арьс нөмөрсөн чоно мэт бэртэгчин сэтгэлтнүүд хаа сайгүй бий ч, сайн нь муугаасаа олон юм шүү гэдгийг харуулж чадсан бүтээл болжээ. Монгол, Солонгосын уран бүтээлчид нэгэн уран бүтээлд нэгдсэн нь үзэгчдийг илүү татаж байв. Түүнчлэн гол дүрүүдийг бүтээсэн жүжигчин И Сол Гү, Им Жү Ван, Пак Гён Лак, Пак Тэ Сан нарын чадварыг үнэлэв. Монголд бүтээж буй адал явдалт, тулаант төрлийн кинонд өөр уур амьсгал, шинэ төрх авчирсан бүтээл болжээ. Харин зарим нэг үг хэллэг, зодооны хэсгийн үйлдлийг киног үзэгч хүүхдүүд даган дуурайж магадгүй гэж бодож сууснаа нуух юун.
Хүн бүхний сэтгэлд мөрөөдөл бий. Тэр нь гаднын оронд ажиллах, амжилтад хүрэх байж ч болох. Товчоор хэлэхэд, уг уран бүтээл аз жаргал, хүн чанар, хайр энэрэл, уучлалт, хөнгөн гуниг, өшөө авалт, хагацал, ялалт болоод ялагдал, ухаарал гээд хүний амьдралд тохиолдох бүхий л зураглал, сэтгэл хөдлөл, мэдрэмжийг нэгэн зэрэг мэдрүүлж чадлаа.