Хөгжмийн зохиолч, төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноровын үндэсний уламжлалт дууны найруулга бүтээлийн "Алсын газрын зэрэглээ" тоглолт Дуурь бүжгийн эрдмийн тeатрт маргааш (3 сарын 27-нд) болох тухай өмнө мэдээлсэн.
Энэ үдэш үзэгчдэд үндэсний уламжлалт буюу ярьж заншсанаар монгол ардын 12 дууг хөгжмийн зохиолчийн найруулгаар мэргэжлийн дуучид дуулж үзэгчдэд хүргэх юм.
Үндэсний уламжлалт дуу “Ай, Нан аа”. Зүүд, зэрэглээ хоёр хуурамч. Зэрэглээ харагдавч очиход хоосон, зүүдэнд чамтай хамт байвч сэрэхэд ганцаараа. Үүнийг ДБЭТ-ын гоцлол дуучин, тенор Б.Гомбо-Очир дуулна.
Үндэсний уламжлалт дуу “Алсын газрын зэрэглээ”. Алсын газрын зэрэглээ адуу шиг, мал шиг амьтай, амьтай энэ зэрэглээнээс хайртай хүү минь хүрээд ирэхэд баярлана. Үндэсний уртын дууны аястай, хүүгээ санагалзан хүсэж хүлээсэн сэтгэлийн дуу. Дуучин, сопрано Д.Отгонжаргал үзэгчдэд хүргэнэ.
Үндэсний уламжлалт дуу “Арван тавны сар”. Сарны гэрэл ертөнц дахиныг гийгүүлэхийн адил сайхан төрсөн хайртай тэр нь бие сэтгэлийг гийгүүлдэг тухай өгүүлдэг амраг хосын дууг ДБЭТ-ын гоцлол дуучин, меццо сопрано, гавьяат жүжигчин Р.Доржхорол дуулна.
Үндэсний уламжлалт дуу “Борооны үүл”. Борооны, цасны гээд хурын үүлс өөр өөрийн өнгө аястай нүүсээр байдаг бол хайртай хонгор бүсгүй нь хаа ч, хэдийд ч сэтгэлийн гүнд нэг л хэвээр бодогдсоор байдаг тухай өгүүлэх уг дууг ДБЭТ-ын гоцлол дуучин, басс хоолойт С.Бат-Эрдэнэ дуулна.
Үндэсний уламжлалт дуу “Гандий мод”. Алсад нүүсэн аяны шувуудын адил хүү минь буцаад ирнэ. Уул давахдаа унасан морио, ухаан сэтгэлээр учирсан амрагаа зовоовол өөрөө зовох тухай хэлдэг сургаалийн дууг дуурийн гоцлооч Э.Анхбаяр дуулна.
Үндэсний уламжлалт дуу “Дуншаан гөөгөө” (хүлээсэн ах гэсэн утгатай) Хөршийнхөө хайртай ч гэсэн ханилаагүй, холд одсон хүүг мөрөөдөн дуулсан уран гарт бүсгүйн дуу. Бүсгүйн ажил үйлс, зүүд нойр нь түүнийгээ ирэхийн зөн совингоор бялхаж байгаа тухай юм. Үүнийг дуучин, сопрано Д.Отгонжаргал дуулна.
Үндэсний уламжлалт дуу “Самрын гурван толгой”. Толгод толгодын цаана алсхан газар суух амрагтаа хүссэн газар нь хүргэж өгөх сайн морио хүлэглэн туулж очоод, хамидаа жаргах чин хүслийн энэ дууг дуурийн гоцлооч Э.Анхбаяр дуулна.
Үндэсний уламжлалт дуу “Торгоны хээ”. Торгоны хээ олон янз. Хүний сэтгэл ч олон хувирна. Хайргүй сэтгэлд хууртахын хэрэг юун, халамжгүй ханьд итгэхийн хэрэг юун хэмээн өгүүлэх энэ дууг ДБЭТ-ын гоцлол дуучин, тенор Б.Гомбо-Очир дуулна.
Үндэсний уламжлалт дуу “Хөөрхөн халиун”. Хүний нутагт зорин одохоор мордож буй хүүдээ дуулсан, үндэсний уртын дууны аяс бүхий захиас дуу юм. Алс явахдаа унасан мориныхоо зан аалийг тааруулж, уулзсан хүн зоны байр байдлыг ажиж ухаан болгоомжтой явахыг аминчлан захисан утгатай. ДБЭТ-ын гоцлол дуучин, сопрано Б.Энхнаран дуулна.
Үндэсний уламжлалт дуу “Маамын эргэлт” (маам гэдэг нь хайрт гэдгийг авгайлсан хэллэг). Хайртай бүсгүйдээ очихоор ховор олдох амттан бүхнийг мориндоо ганзгалан яаран давхиж явахдаа бараг бүгдийг нь гээгээд очсондоо харамссан эрийн бухимдлын дуу. Дуурийн гоцлооч, басс баритон С.Бат-Эрдэнэ дуулна.
Үндэсний уламжлалт дуу “Сэрэвгэр хадны зэрэглээ”. Зүүд нойрондоо үргэлж хамт байхыг хүсэмжилсэн хайрын дуу. Унасан морио хэдий олон солилоо ч, учирсан амрагтаа очих итгэл, уулзсаны дараа салан явахын гансрал зэрэгцэнэ. ДБЭТ-ын гоцлол дуучин, меццо сопрано, гавьяат жүжигчин Р.Доржхорол дуулна.
Үндэсний уламжлалт дуу “Шаргын шаргын жороо” (Олон шарга морин дундаас хамгийн гоё шарга морь гэсэн утгатай). Алс холд суугаа амрагтайгаа агтны дээд жороо хүлгээрээ салхи татуулан очиж золгохын хүсэл, сэтгэлийн дуулал. Холоос харагдах баглаа шарилжийг амрагаа харагдана гэж андууртлаа санажээ. ДБЭТ-ын гоцлол дуучин, сопрано Б.Энхнаран дуулна.
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Алсын газрын зэрэглээ” тоглолтынхоо талаар ийн хэлжээ.
-Монголчуудын дуулах урлагийн уламжлалд найрын түрлэг, сурын уухай, хурдан морины гийнгоо зэрэг олуул дуулах төрөл зан үйлийн хэлбэрээр бий боловч голлох хэлбэр нь гоцлон дуулах.
Монголын уламжлалт дуулаачийн бүтээлийн эгшиг-сэтгэлгээний үндсэн нь таван эгшигт /пентатоник/-д тулгуурласан дагнамал эгшиглэнт /монодия/ зарчим. Гэвч сүүлийн 100-гаад жилд өрнө дэхины "сонгодог" дэг сургуулийг нутагшуулж дуурийн театртай болж, хөгжмийн сургуулиудад өрнийн дэгээр мэргэжилтэн бэлтгэж үндэсний орчин цагийн дуулаачийн дэг сургуулийг бүрдүүлсэн.
Монголын дуучид олон улс, дэлхийн томоохон уралдаануудад оролцож онцгой амжилт гаргаж, нэр хүндтэй театруудад уригдан дуулах болов. Энэ нь өрнийн болоод үндэсний дуулах урлагийг бүтээлчээр хослуулж чадсаны үр дүн мөн.
Ийм үр дүнд хүрэхэд үндэсний хөгжмийн зохиолчдын романс, дууны найрууллагууд онцгой үүрэг гүйцэтгэсэн ч энэ төрлийн урын санг орчин цагийн дуулаачийн сургалт, уран сайхны дэвшлийг харгалзан баяжуулах шаардлагатай. Үндэсний уламжлалт дууг мэргэжлийн дуулаачдад дуулах зориулалттайгаар найруулсан бүтээлийн анхдагч нь энэ биш.
Харин үндэсний уламжлалт дууны аялгуунд огт өөрчлөлт оруулалгүйгээр төгөлдөр хуураар дагалдах анхан шатны гэмээр найруулгаас нэг шат ахиулж хөгжмийн хэлбэр бүрдэлийг романс, ариозо зэрэг төрлүүдэд дөхүүлэхийг хичээсэн найруулга юм.
Мэдээж дараачийн шатны найруулга нь үндэсний уламжлалт дууны аянаас сэдэвлэн дуучин, төгөлдөр хуурчаас ихээхэн чадвар шаардсан /виртуоз/ найруулга хийх шаардлага аяндаа гарах болно.
Энэ цоморлигт орсон бүтээлүүдийг хөгжмийн сургуулийн багш, оюутнууд дуулах хөгжимдөх /хөгжмийн зэмсгээр хөгжимдөж болно,/ гарын авлага болгох, дотооддоо болон олон улсын хэмжээнд зохиогддог дуучдын уралдаан тэмцээнүүдэд дуулах урын санд нь нэмэр тус болоосой гэж найдна гэжээ.