Дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд Австралиас гаралтай “Bee Gees”, Америкийн “Жексоны тав”, түүнчлэн 1980-аад оны үед уран бүтээлээ туурвиж байсан Францын “Ах дүү Гибсон” зэрэг олонд танигдсан ах дүү дуучид, хамтлаг бий. Харин манайд нэг гэр бүлийн ах дүүс хамтлаг болон нэгдэж, амжилтад хүрсний тод жишээ бол “Хурд” хамтлаг. Харин энэ удаа “Хурд”-ын ах нарынхаа шийрийг хатаахаар нэгдэж, Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, тэр дундаа рок хөгжимд өөрийн өнгө төрхийг таниулсан “Чоно” хамтлагийг онцлох гэж байна.
АХ НАРААСАА СУРАЛЦАВ
“Хурд” хамтлагийн ахлагч Д,Ганбаяр, гоцлол гитарчин Д.Отгонбаяр, дуучин Д.Төмөрцог, бөмбөрчин Д.Отгонбаатар нарыг төрсөн ах дүүс гэдгийг уншигчид эчнээ мэднэ. 1987 онд эх үндэс нь тавигдаж, 1993 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн “Хурд”-ын ах нараараа суралцаж, үлгэр жишээ авсан тэдний дүү Д.Мөнхбат, Д.Дэрмээ нар 1999 онд хамтлаг байгуулахаар зоригложээ. Тэд бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хийж, 2000 онд өөрсдийн том ах Д.Ганболдын хүү Г.Батбаярыг бөмбөрчнөөр элсүүлжээ. Харин 2001 онд “Хурд”-ын гитарчин Т.Наранбаатарын дүү Т.Энхбаатарыг аргил гитарчнаар шалгаж, тэнцүүлсэн гэдэг. Ингэж “Хүсэл”, “Залуу нас”, “Энэ дурлал юм уу” зэрэг олон хит дууны эзэн “Чоно” хамтлагийнхан бүрэлджээ. “Чоно” хэмээх нэрийг тэдний ах, бөмбөрчин Д.Отгонбаатар өгсөн гэдэг. Тус хамтлагийн бөмбөрчин Г.Батбаяр “Хамтлагаа дөнгөж байгуулаад бэлтгэл хийдэг байх үед ах “Ер нь “Чоно” гээд нэрлэчихвэл яасан юм бэ. Хамгийн хийморилог амьтан шүү дээ. Тэр хэрээр уран бүтээл чинь амжилттай байх юм биш үү. Бас хурд, хүчийг ч бэлгэднэ” гэсэн юм. Бидэнд ч энэ нэр таалагдаж, нэг нь ч цааргалаагүй. Бусад хамтлаг шиг удаан бодож, шодож, сугалж сонгосон нэр биш ээ” хэмээн түүх сөхлөө.
ЭТГЭЭД ДҮР ТӨРХ
2001 он гэхэд “Хурд” хамтлагийг мэдэхгүй монгол хүн үгүй болжээ. Тэр хэрээр “Чоно”-ынхонд хариуцлага нэмэгдэв. Учир нь нь сонсогчид “Ах нар нь авьяаслаг, алдартай учир дүү нар нь ч тийм, бүр тэднээсээ илүү байх ёстой” гэж сонжиж эхэлж. Ингээд ах нараасаа ялгарч, өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлэх эрэлд гарчээ. Харин тэд альтернатив урсгалыг барьж авсан нь алдсангүй. Энэ урсгалаар уран бүтээл туурвидаг “Nirvana”, “Linkin park”, “Greenday”, “Coldplay” зэрэг хамтлаг тухайн үед Монголын сонсогчдын дунд нэрд гарч байсан нь ч том түлхэц болсон гэдэг. Улаан, ногоон, шар үсээр гангарч, этгээд хувцаслаж, эрч хүчтэй, доргио хэмнэлтэй дуунуудыг уянгалаг хайрын дуутай сүлэн сонсогчдод хүргэж байсан нь тэдний хүмүүст маш их таалагдсан юм. “Чоно”-ынхон хамгийн эхний дууны бичлэгээ тухайн үеийн “Ритм” студид хийлгэжээ. Тус студид зургаан дуу бичүүлсэн нь хүмүүсийн сайн мэдэх “Хүсэл”, “Тавилан”, “Агуу орчлон”, “Чамдаа хайртай”, “Амьдрал” аж. Анхандаа шинэ уран бүтээл туурвихад нь санхүүгийн бэрхшээл гарч, ах нарынхаа бэлтгэлийн байранд байрлан, тэдний хөгжмөөр тоглож, дуу бичлэгийн мөнгө гуйдаг байснаа ч тэд нуудаггүй. Харин ч үргэлж дурсан, талархаж явдгаа хэлдэг юм билээ.
“БИ ХҮСЭЭГҮЙ”
“Ах нарынхаа дууг сонсоход их сайхан. Гэтэл өөрийн уран бүтээл радиогоор эгшиглэж, залуус амандаа аялж явахыг сонсох бүр ч сайхан байсан” хэмээн дуучин Д.Дэрмээ дурсамж сөхөв. Тэрбээр үргэлжлүүлэн “Тухайн үед дуу бичлэгийн студи одоогийнх шиг элбэг байсангүй. Студид дуугаа бичүүлэх гэдэг бидний хувьд амаргүй ажил байлаа. Ямар ах нарынхаа нэрийг барилтай нь биш. Ингэж бичүүлсэн дуугаа хүмүүст хүргэх нь бас л хэцүү даваа байсан даа. Дуугаа бариад л богино долгионы радионуудад очно. Тэр үед манайхан дунд машинтай хүн байхгүй. Автобусаар, эсвэл алхаад л явдаг байв. Харин тэр үеийн радиогийн хөтлөгч, редактор, найруулагч нарт бидний дуу таалагдаж, цааргалалгүй “цацаж” өгдөг байлаа” хэмээв. Ингээд “Чоно”-ынхон анхны цомгоо 2001 онд “Би хүсээгүй” нэртэйгээр гаргажээ. Эл цомогт 16 дуу багтсан байдаг. Энэ тухай аргил гитарчин Т.Энхбаатар “2001 оны арваннэгдүгээр сарын сүүлээр байсан санагдана. “Би хүсээгүй” цомгийн дээж, 300 ширхгийг онгоцны буудал дээр тосож авсан. Хайрцгийг нь задлаад зогсож байхад ямар сайхан санагдсан гээч. Хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг. Ингээд мөн оны арванхоёрдугаар сарын 3-нд “Money train” клубт цомгийн баяраа тэмдэглэж байв” хэмээн дурслаа.
СЭТГЭЛ ДОГДОЛСОН ХОЁР ӨДӨР
Анхны тоглолтоо “Чоно” хамтлагийнхан “Би хүсээгүй” хэмээн нэрлэж, 2002 оны есдүгээр сарын 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд хийжээ. Тус тоглолтын тасалбарыг 3000 төгрөгөөр худалдаж байв. Үүний дараа мөн оны арваннэгдүгээр сард “Улаанбаатар палас”-т тус тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр дахин тоглосон байна. Мөн ондоо “Алтан микрофон” хөгжмийн наадмын “Шинэ давалгаа”, “Пентатоник” наадмаас “Шилдэг дебют” номинацад шалгарч, шагнал хүртэж байв. Ингээд тус хамтлагийнхан дараагийн цомгоо 2005 онд “Хайлж урсаж байна” нэртэйгээр, 12 уран бүтээл багтаан гаргав. Эл цомгийн баяраа “Lazer land” клубт сонсогчидтойгоо тэмдэглэсэн юм. Бөмбөрчин Г.Батбаяр “Сонсогчдод хүргэсэн хоёр цомгийн дийлэнх дууг бид өөрсдөө зохиож, найруулгыг нь хийсэн. Маш их хөдөлмөр шүү. Гэхдээ бид цаашдаа ч илүү шинэлэг уран бүтээлийг хүргэхийн төлөө хичээнэ” хэмээв. “Чоно”-ынхон өнгөрсөн хугацаанд Монгол улсынхаа бүх аймаг, хотод, мөн Герман улсын Берлин, Штудгарт, Мюнхэн хот, Голланд улсын Ротордам хот, Хятадын Хөх хот, Хибэй мужуудад аялан тоглолтоо хийж байжээ.
ДОЛООН ЖИЛ
70 шахам дуу, 30 орчим клипийг сонсогчдодоо хүргэсэн “Чоно” хамтлагийнхан 2010 оноос шинэ уран бүтээл гаргасангүй. Хамтлагийн гишүүд уран бүтээлээс түр холдон, өөр салбарт ажиллах болов. Харин дуучин Д.Дэрмээ “Жаргалын ганц алим”, “Чамд таалагдахын тулд” бие даасан цомгийг гаргаж амжжээ. Энэ талаар Г.Батбаяр “Д.Мөнхбат “Хурд” хамтлагийн бүрэлдэхүүнд орсон. Харин Т.Энхбаатар АНУ-д ажиллаж, амьдарч байсан. Харин би бизнес эрхэлж байлаа. Бид хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан ч хуучирч, зэврээд алга болсон гэж бодохгүй байна. Хүний сэтгэлд хоногшсон уран бүтээл үүрд оршдог. Манай хамтлагийн “Сүүлчийн хичээлийн дараа хайчих вэ” дуу одоо ч үе үеийн төгсөгчдийн сүлд дуу болсоор байна шүү дээ” хэмээн тайлбарлав.
“МОНГОЛ РОК”
Долоон жил уран бүтээлээ завсарласан “Чоно” хамтлагийнхан өнгөрсөн оны гуравдугаар сард эргээд уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орсноо зарлан, бэсрэг тоглолт хийж фэнүүдээ баярлуулсан юм. Үүний дараа “Харанга”, “Хурд”, “Никитон”, “Нисванис” хамтлагтай хамтран “Мартагдашгүй” тоглолт хийсэн нь үүнийг бүр ч батлав. Хамтлагийн бүрэлдэхүүнд Т.Энхсайхан багтсан нь сонсогчдын сонирхлыг их татсан. Тэд 2017 оны тавдугаар сард “Уухай” хэмээх шинэ уран бүтээлээ сонсогчдод хүргэсэн юм. Шинэ уран бүтээлийнхээ талаар дуучин Д.Дэрмээ “Бид язгуур урлагийг рок хөгжимтэй хослуулсан шинэ урсгал, давалгааг оруулж ирэхийг эрмэлзэж байгаа. Монгол туургатан дунд уртын дууг рок хөгжимтэй хослуулсан хамтлаг гэж байдаггүй. Харин бид үүнийг шинэхэн “Уухай” дуугаараа харуулж чадлаа” хэмээв. Тус хамтлагийнхан шинэ цомгоо гаргахаар төлөвлөсөн бөгөөд эл цомогт дээр өгүүлсэн шинэ урсгалаар бүтсэн эх орноороо омогших сэтгэл төрүүлэх, эрч хүчтэй дуунууд багтах аж. Тус цомогт багтах “Цагаан захтан”, Чин үнэнч хайр” дууг өнгөрсөн зургадугаар сараас үзэгчдэд хүргэсэн бол долдугаар сард ӨМӨЗО-д гурван томоохон тоглолт хийж, хөгжмийн наадамд оролцож амжжээ.
Сонирхуулахад, "Чоно"-ынхон ирэх дөрөвдүгээр сарын 20-нд "Крокус эвэнт холл"-д "Чоно-2018" тоглолтоо хүргэхээр төлөвлөж байна. Эл тоглолтдоо хамтлагийнхаа хит дуунуудаас гадна шинэ уран бүтээлүүдээ хүргэхээр зэхжээ.