АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол Соёлын товчооны "Америк Хөгжим Гадаадад" (American Music Abroad) хэмээх соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу Грэммийн шагналд нэр дэвшсэн Сэт Глиер ба түүний амьд хөгжмийн гурвал хамтлаг Монгол Улсад хүрэлцэн ирж тоглолтоо толилуулах гэж байна. Хамтлаг 2018 оны дөрөвдүгээр сарын 6-наас 8-ны хооронд Улаанбаатар хотноо тоглолтоо хийх аж.
Сэт Глиер нь 1988 онд Массачусетс мужид төрсөн бөгөөд АНУ-ын өнөө үеийн өсөж яваа залуу хөгжмийн зохиолч, дуучин, продюсер болон хөгжимчин юм. Сэт амьд хөгжмийн акустик дуугаралтаар уран бүтээлээ туурвидаг ба орчин үеийн поп хөгжмийн урсгал руу сүүлийн жилүүдэд хувьсан орж байна. Тэрбээр жилд 250 орчим бие даасан болоод хамтарсан тоглолтуудыг хийдэг. Одоогийн байдлаар нийт бие даасан 7 цомог гаргасан байна. Түүний “The Next Right Thing” цомог нь 2012 оны Грэммийн шагналд нэр дэвшиж байжээ. Сэт Глиерын дуу хоолой, уран бүтээлийн өнгө аясыг салбарынх нь USA Today гэх мэт шүүмжлэгчид рок попын домог болсон Билли Жоэл, Брюс Спрингстэйн гэх мэт одуудтай зүйрлэдэг. Тайзнаа Пат Матера (Кэйти Перригийн хамтлагийн гитарчин), Кристал Брөүэрсокс (Америкийн Шүтээний 9-р улирлын 2-р байрын ялагч) гэх мэт уран бүтээлчидтэй хамтран дүэт тоглолт хийж, Жэймс Тэйлор (5 удаагийн Грэммийн шагналт, 100 сая рекорд дэлхий дахинаа борлуулсан, рок попын алдартнуудын нэг), Ани Дифранко, Эдвин Миккэйн, Райн Адамс гэх мэт олны танил болсон уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийж байсан.
Сэт Глиерын хамтлагийн хоёр хөгжимчний хувьд: Жөүий Нэрнэй нь 62 настай, хараагүй, саксофонч, харин Райн Хоммел нь Сэт Глиерын багын найз, хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч бөгөөд Сэтийг эртнээс дэмжин хамтран ажилласаар ирсэн анд нөхөр, уран бүтээлч юм.