Монголын консерваторид БНМАУ-ын Алдарт гавьяат дуучин Ж.Дорждагвын нэрэмжит танхим нээлээ. Монголын анхны хормейстер буюу найрал дууны багш, судлаач, уртын дууг анх ноотолсон түүнийг алдаршуулах зорилгоор байгуулсан бөгөөд санаачлагч нь “Дорждагва” сан аж.
Ж.Дорждагва 100 гаруй уртын дуу ноотолжээ. Консерваторийн захирал, доктор Х.Саранчимэг “Ардын урлаг, урлаг судлал язгуур байдлаараа уламжлагдаж, үндэсний онцлогоо хадгалах ёстой. Энэ танхимыг нээснээр зөвхөн дуулдаг бус, мэдлэгтэй, оюунлаг уран бүтээлчдийг төрүүлнэ” гэв.
Ж.Дорждагва агсны шавь, Гавьяат жүжигчин, уртын дуучин Д.Түвшинжаргал “Багшийнхаа нэрэмжит танхим байгуулахаар 13 жил зүтгэсэн. Энэ танхимаас эрдмийн цуглуулга, судлаачид төрнө. Монгол түмний зохиож, туурвисан уртын дууны өв, сан дэлхийд танигдана. Үүний тулд л энэ танхим бий болсон. Энэхүү танхимыг нээх үед “Оломгүй далай”, “Соёл эрдэнэ” дууг эгшиглүүлсэн нь учиртай. “Соёл эрдэнэ” бол Ж.Дорждагва багшийн эрдэм, оюун ухаан, агуу их мэдрэмжээс үүссэн аялгуу, монгол түмнээ мандан бадраахын тулд бүтээсэн дуу” гэсэн юм.