Германы жүжгийн нэрт зохиолч Хайнрих Фон Клайстын “Михаэль Коолхаас” жүжгийг Монголд анх удаа тоглолоо. Уг бүтээлийг СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, оюутнууд хамтын ажиллагаатай Германы Эрнст Бушийн нэрэмжит Театрын урлагийн сургуулийн багш, оюутнуудтай бэлтгэж тайзнаа тавьсан юм. Үйл явдал XVIII, XIX зууны заагийн Европт өрнөх бөгөөд ёс суртахуунгүй, шударга бус байдал ноёлж, эрхтэн дархтанууд зоргоор авирлах нь эгэл жирийн хүмүүсийн амьдралд ямар хор хохиролтой байсан тухай өгүүлдэг.
Вант улсуудын хооронд наймаа хийж явдаг Коолхаасыг нэг өдөр Саксоны вант улсын хилээр оруулдаггүй. Агтны наймаачин залуу “Юу болов, би үүгээр 17 удаа нэвтэрсэн хүн” гэхэд хилийн байцаагч мөнгө нэхнэ. Ажлаа амжуулахыг чухалчилсан Коолхаас мөнгө өгөөд гарах гэтэл зөвшөөрлийн бичиг авчир гэнэ. Өнөөхийг нь авах гэж өчнөөн олон хаалга татаж байж арайхийж авчирсан ч өөр нэгэн шалтгаан хэлээд бас л оруулдаггүй. Шаардсаныг нь бүтээхээр өөр хот руу явж ирэх хоорондоо хоёр сайхан морио хилийн алба хаагчдад захиж орхиод явтал араг яс болгочихсон байдаг.
Наймаа хийсэн юмгүй, морьдоо тартагт нь тулгасан нөхрөө өрөвдсөн эхнэр нь хилийн албанд ажилладаг танилдаа хэлж ажлаа бүтээх санаатай очтол хүнээ алдсан танхай этгээдүүд түүнийг зодсоор байгаад хөнөөчихдөг. Энэ бүхэнд бачуурсан Коолхаас шударга ёсны төлөө тэмцэл өрнүүлэх гэхдээ дээрэмчин болж, улмаар дайсныхаа цайзыг шатаадаг. Тэглээ гээд хууль, эрх мэдлээр далайлгасан албатуудыг дийлэлгүй, эцэст нь шударга бус хорвоогоос өөрөө зайлан оддог.
Ийм эмгэнэлт атлаа сургамжтай, пост драма чиглэлийн жүжгийг герман найруулагчийн удирдлагаар монгол оюутнууд амжилттай тоглож үзэгчдэд хүргэлээ. СУИС-ийн мини театрт болсон нээлтийн тоглолт гурван өдөр дараалан болсон юм. Нээлтэд цаасан дээрх төслийг тайзан дээр жүжиг болгож чадсан “Урбан номадс ситизэн”, дэмжигч Германы хамтын ажиллагааны байгууллага DAAD болон “Гёте” институт зэрэг байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа.
Тэд жүжгийн талаар санал солилцож байхдаа “Залуус жүжгийн санааг тодорхой гаргаж чадлаа. Оюутнууд яг жүжигчид шиг байгаа нь таалагдсан. Тэдэнд хийж бүтээх эрмэлзэл төрүүлэх чухал. Ийм сайхан ажилд хамтарч байгаадаа баяртай байна” гэж байлаа.
Уг жүжгийг оюутнууд англи хэлээр тоглосон нь онцлог. Найруулга нь өвөрмөц, санаанд оромгүй шийдэл олонтой. Тухайлбал жүжиг дунд зохиолч нь өөрөө нэгэн дүр болчихсон явж байх нь сонирхолтой. СУИС-ийнхан Ази болон Европын их, дээд сургуулиуд хамтарч зохион байгуулдаг драмын жүжгийн олон улсын наадамд англиар ярьж тоглох жүжигтэй болсондоо баяртай байгаагаа хэлж байлаа.
Хайнрих Фон Клайст 38 наслахдаа нийгмийн ёс суртахуун, шударга ёс гэж юу вэ, хуулийн мөн чанар юу юм бэ, төр эдгээрт хэрхэн хандаж байна вэ гэх зэрэг асуултад хариу хайж бичдэг зохиолч байжээ. Оюутнууд уг жүжгийг англи хэлээр тоглосноор онцлог.