Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган Төрийн ордонд өчигдөр эхэллээ. Хоёр өдөр болох уг чуулганд хот, хөдөөгийн соёлын ажилтны төлөөлөл оролцож, салбарынхаа бодлогын хэрэгжилт, одоо хэлэлцэж буй Соёлын тухай хуулийн төсөл, үзвэр, үйлчилгээний чанар, хүртээмж зэрэг сэдвээр санал, бодлоо солилцож, гарц гаргалгаа хайж байна. Тухайлбал, сүүлийн 20 жил соёлын ажилтны дорвитой сургалт болоогүй, номын санд хөрөнгө оруулаагүй, цалин мөнгө ялгавартай, тогтвортой хөгжил алдагдсаныг шүүмжиллээ.
Тэд “Соёл, урлагийн салбарт мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой. Гэтэл улстөржөөд мэргэжлийн байгууллагын удирдлагаар дандаа мэргэжлийн бус дарга томилдог нь ажлыг хойш татдаг. Соёлын ажилтнууд багаас нь эхэлж, ажилдаа мэргэшин, дадлагажаад ирэхээр халчихдаг. Энэ нь мэргэжлийн урлагийн байгууллагын том дутагдал. Орон нутгийн номын сангийн ихэнх удирдлага мэргэжлийн бус. Хүүхдийг номтой нөхөрлүүлж, нийгмийг сэхээрүүлэх энэ салбараа анхаарахгүй бол Монголын хөгжил бүрхэг болно” гэцгээж байв.
Нөгөө талаар, Номын сангийн тухай хуультай болсон, Соёлын өвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, СУИС зургаан харьяа сургуультай болж, Хөгжим бүжгийн коллеж Үндэсний хөгжмийн консерватор болсныг сайшаав. Соёл, урлагийн ажилтны улсын II чуулганаар хэлэлцүүлсэн “Соёлын бодлого төлөвлөлт”, “Монголын хөгжил дэх соёлын орон зай”, “Соёл урлаг үндэсний дархлаа” зэрэг илтгэл олны анхаарлыг татлаа. Чуулганы төгсгөлд хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ, зөвлөмж гаргах юм.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат “Гадаадын олон уралдаанд манай урлагийнхан түрүүлэх болсон. Венец, Шанхайн биеннальд манай уран бүтээлчдийн бүтээл шилдэгт орж байна. Германы алдартай үзэсгэлэнд манай уран бүтээлчдийн бүтээл тавигдана гэдэг Монгол орныг дэлхийд сурталчилж буй томоохон гараа. Гэхдээ соёлын салбарын санхүүжилт хэзээд ард үлддэг.
Эдийн засаг хүндрэлтэй үед бидний цалин мөнгө сүүлийн хоёр жилд хасагдсан. Зэс, нүүрсний үнэ өсөж, эдийн засаг сайжрах төлөвтэй. Энэ үедээ соёл, урлагийн ажилтны цалинг нэмээсэй. Нийгмийг соён гэгээрүүлж, иргэдийн сэтгэлгээг өөрчлөхөд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүмүүс соёлынхон учраас төр, засаг анхаарах ёстой” гэв. Соёл урлагийнхан алдаа, оноогоо хэлэлцэж буй уг чуулган, өнөөдөр өндөрлөнө.