“Найзаар минь намайг таньдаг учиртай
Намайг хараад чамайг мэддэг сургаалтай” гэсэн үгтэй сайхан дуу бий. Яг үүн шиг найзыг найзаар нь таних зорилготой, нөхөрлөлийн үнэ цэнэ, мөн чанарын тухай хөөрөлдөх “Найз” буландаа жүжигчин Б.Анхбаярыг урьж, хамгийн дотнын найзынх нь талаар ярилцлаа.
-Таны хувьд нөхөрлөл гэж юу вэ. Нөхөрлөлийн үнэ цэнэ, мөн чанарын тухай бодлоо хуваалцаач?
-Найз нөхдийн нандин харилцааг л нөхөрлөл гэнэ. Хэзээд нэг зангаараа байж, хэлсэн үгэндээ эзэн болж, нэгнээ жаргах, ядрах ямар ч үед дэргэд нь түшиг болж чаддаг байхад л нөхөрлөлийн мөн чанар оршдог юм болов уу.
-“Зуун төгрөгтэй байснаас зуун найзтай яв” гэлцдэг. Мөн “Чанартай цөөхөн найзтай бай” гэх хүмүүс ч байдаг. Та хэр олон найзтай вэ?
-Ажил, мэргэжлээс шалтгаалаад миний танилын хүрээ их өргөн. Олон ч сайхан найзтай. “Танилтай бол талын чинээ” гэдэг дээ.
-Цаг хугацааны урт шалгуур давж, тунаж үлдсэн, унаган багын найз хүнд цөөхөн байдаг байх. Танд хүүхэд ахуйн дурсамжыг тань хамт бүтээлцсэн багын найз олон байдаг уу?
-Хүүхэд наснаасаа нөхөрлөсөн найз цөөнгүй. Гэхдээ тэдэн дундаас дэндүү дотно нөхөрлөдөг нь мэргэжлийн сүмогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж. Бид 1998 оноос нөхөрлөсөн. Нөхөрлөл минь 20 жилийн босгон дээрээ иржээ.
-Д.Бямбадорж аваргатай хэрхэн танилцаж, нөхөрлөж байв?
-Наймдугаар ангидаа нэг ангид орж, тэндээс бидний нөхөрлөл эхэлсэн дээ. “Ирээдүй” цогцолбор сургуулийн уран зургийн ангид суралцдаг байв. Хэн хэн нь зурах хообийтой байлаа. Ёстой л сурагч насны минь дурсамж бүхэнд л найз минь хамт байдаг. Одоо ч нэгэнтэйгээ харцаараа л ойлголцдог болж дээ.
-Сурагч байхдаа нэг нь жүжигчин, нөгөө нь бөх болно гэж төсөөлж, мөрөөдөж байсан уу?
-Д.Бямбадорж маань бөхийн удамтай хүн шүү дээ. Гэр бүлийнхэн нь бөх болгоно гэдэг байв. Миний аав жүжигчин хүн. Би ч аавынхаа мэргэжлийг өвлөхийг хүсдэг байлаа. Тэр тухайгаа хоорондоо ярилцаж, мөрөөддөг байсан даа. Есдүгээр анги төгсөөд найз минь сүмо бөхийн шалгуурыг давж, Япон улсыг зорьсон доо.
-Найзыгаа барилдаж эхэлснээс хойш л та сүмод дуртай болсон уу?
-Яг үнэнээ хэлэхэд тийм шүү. Өмнө нь тэгж сонирхож үздэггүй байлаа. Найзыгаа дээд зиндаанд барилдаж эхлэх үеэс л сүмод хорсойсож, шинэ башёг хүлээдэг болсон доо.
-Урлаг, спортын хоёр хүн нөхөрлөхөд хөгжилтэй зүйлс олон тохиолддог байх даа?
-Би спортод их сонирхолтой хүн шүү дээ. Тус тусмаа бөхөд их дуртай. Намайг Японд очихоор хүчний бэлтгэл хамт хийдэг юм. Их сонирхолтой. Мань эр намайг ёстой шахаж өгнө шүү дээ.
-Олон жил нөхөрлөхөөр нэгэндээ уусаж, төстэй зан чанартай болох нь энүүхэнд. Та хоёрын ямар зан төстэй вэ?
-Нээрэн тэгдэг байх шүү. Нэг зүйлийн талаар адилхан бодож, сэтгэх нь энүүхэнд. Заримдаа би тоглоод л “Чи сүүлийн үед надтай адилхан болоод байна уу, үгүй юү” гээд цаашлуулдаг юм. Манай хүн ч “Чи л намайг дуурайгаад байна даа” гээд инээдэг шүү.
-Найзтайгаа хамт бүтээсэн хамгийн тод үлдсэн дурсамжаас хуваалцаач?
-Тоочоод баршгүй олон дурсамж бидэнд бий. Япон руу сүмо барилдахаар явснаас нь хойш бид байнга захидлаар харилцдаг байлаа. Тэр үед одоогийнх шиг интернет гэж байсан биш. Захиандаа сүмо бөхийн дэг жаягт суралцаж буйгаа, хэрхэн бэлтгэл хийж байгаа нүдэнд харагдтал бичдэг сэн. Хариу биччихээд дараагийн захидлыг нь тэсэн ядан хүлээнэ. Бидний харилцсан бүх захиаг Д.Бямбадорж маань одоо хадгалдаг. Сүүлийн жилүүдэд би үе үе Япон руу найз дээрээ очдог болоод байгаа. Намайг очихоор бид зэрэгцэж суугаад л зургаа зурна шүү дээ. Япон дахь шүтэн бишрэгчид нь найзаар маань зураг их зуруулдаг юм. Би тэр их ажилд нь хамжина даа. Зурж өгнө гээд амлачихсан л бол заавал дуусгаж, эзэнд ч өгч байж салдаг муу зантай хүн байгаа юм.
-Хэзээ найзаараа хамгийн их бахархсан бэ?
-Найзынхаа барилдааныг үзэж бахархана. Барилдахаар дэвжээнд гарч ирэхэд нь л “Энэ чинь миний найз шүү дээ” гээд л омогшдог. Башёд түрүүлэхэд нь өөрөө барилдсан юм шиг л сэтгэл хөдөлнө. Бас найзынхаа хийж буй ажил, хүнлэг чанараар нь бахархдаг. 2011 онд би Японд найз дээрээ очсон юм. Гэтэл сүүлийн 100 жилд болоогүй хүчтэй газар хөдлөлт болсон. Өмнө нь байгалийн тийм үзэгдэл хараагүй би сандраад л түрүүлээд гүйгээд гарсан. Гэтэл найз маань замдаа тааралдсан хүүхэд, хөгшин настай хүмүүсийг байшингаас гарахад нь тусалсан. Тэгэхэд ямар их бахархсан гэж санана. Хэзээ мөдгүй нурах гэж байгаа мэт хөдлөх барилгаас өөрөө түрүүлж гаралгүй хүмүүсийг аварч гаргасныг нь үргэлж санаж, бахархдаг даа. Мөн төрөлх нутаг Говь-Алтай аймгийнхаа жүдо бөхөөр хичээллэж буй хүүхдүүдийг дэвжээ, өмсгөлөөр хангаж, Японы “Зүрх хамгаалах төсөл”-ийг Монголд зуучилж, тэр хүрээнд зүрхний эмгэгтэй төрсөн 700 гаруй хүүхдэд Японы эмч нар ирж үнэ төлбөргүй хагалгаа хийж өгсөн. Энэ мэтчилэн найзынхаа хийсэн олон сайн үйлсээр их бахархдаг даа.
-Саяхан Харумафүжи Д.Бямбадорж, Таканоива А.Баасандорж нартай холбоотой мэдээлэл олон нийтийг шуугиуллаа. Хүмүүс ч янз бүрээр л ярьж байна. Энэ тухай та ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-Би нэг л зүйлийг шууд хэлж чадна. Миний найз хэзээ ч тийм үйлдэл гаргах хүн биш. Найз нөхөд, гэр бүл, ойр дотнынхныхоо хайрыг татан, хүндлүүлж, үргэлж үлгэр жишээ болдог хүн шүү дээ. Найзыгаа би дэндүү сайн мэднэ. Ямар үед ямар үйлдэл хийдэг, ямар сэтгэл хөдлөл гаргадаг вэ гэдгийг мэдэх цөөн хүний нэг нь би. Миний найз олон таван үггүй, хийгүй, нэр цэвэр хүн шүү дээ. Нэг зүйлд их эмзэглэж байна. Хүмүүс нүдээрээ хараагүй байж хүнээс дам сонссон зүйлдээ итгэн цуу тарааж буйд харамсаж байгаа. “Хүний толгойн дээр шар айрагны шилээр цохиж хагалсан гэнэ” гэж ирээд л хамт байсан мэт, таньдаг юм шиг л амныхаа зоргоор ярьцгааж байна. Ингэж ярих хэнд хэрэгтэй юм бэ.
-Энэ шуугиан дэгдсэнээс хойш найзтайгаа холбогдов уу?
-Тухайн үед нь хамт байгаагүй болохоор “Тэгсэн, ингэсэн” гэж ярих нь илүүц. Башё эхлээд гурав дахь өдрөөс барилдаанаа өнжсөн шүү дээ. Тэгэхэд нь найзтайгаа утсаар ярьсан. Тэгэхэд “Чи найзыгаа мэднэ биз дээ. Би тийм үйлдэл хийх хүн мөн үү” л гэсэн. Надад энэ үг л хангалттай. Одоо ах нь Японд оччихсон байгаа юм. Түүнээс сонсоход тухайн үед хоёр бөхийн хооронд үл ойлголцол гарсан ч тийм харгис, балмад үйлдлийг миний найз хийгээгүй л гэсэн. Ер нь явж явж энэ нь Таканоива А.Баасандоржийн дэвжээний багш Таканохана Оякатагийн л хийж буй ажил юм шиг байна. “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг дээ. Түүнийг ирэх онд болох Японы сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвших ажлынхаа пиарыг хийж байна гэх хүмүүс ч байна билээ. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай, түүнийг энэ худал цууг дэгдээсэн тухай гарсан байна. Юу болсон, хэн гүтгүүлснийг цаг хугацаа харуулах биз дээ.
-Найзтайгаа хамт хийхээр төлөвлөсөн зүйл бий юү. Хамт байхдаа юу хийж цагийг өнгөрүүлэх дуртай вэ?
-Эх орондоо жаахан ч болов хэрэгтэй зүйл хийх юм сан л гэж бид боддог. Найз маань Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд зориулж “Шинэ Монгол-2 Харумафүжи” дунд сургууль байгуулахаар барилгын ажил нь Яармагт ид хийгдэж байна. Японы соёл, хүмүүжлийн онцлогийг монгол зан заншил, уламжлалтайгаа хослуулан хүүхдүүдийг зөв хүн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Би найзынхаа энэ их ажилд нэмэр тус болохоор хичээж байна. Бас хэд хэдэн зураг хамт зурахаар болсон. Тэдгээрийгээ удахгүй хамт суугаад зурна даа.