“Ишээр нь газар хатгасан илд мэт цэцэг
Исгэчин үлээх хөх салхинд ирлэгдэнэ...”
Хувийн сургуулийн захирал Хонгорзул өсвөр насны охин, хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Түүний охин Цэцэг өөрөөсөө олон ах залуутай хайр сэтгэлийн холбоотой болж, дотно үерхэнэ. Энэ байдал Хонгорзулд огтхон ч таалагдсангүй. Санаандгүй байдлаар Хонгорзул охиныхоо найз залуугийн үхэлд холбогдоно. Энэ хэргийг цагдаагийн хашир мөрдөгч, дэд хурандаа Дандар шалгаж эхэлснээр “Илд цэцэг” киноны үйл явдал өрнөх аж.
“Абсолют пикчерс” студийн найруулагч П.Дэлгэрбаяр энэ сарын 3-наас “Илд цэцэг” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэж эхэлжээ. Уг кино нь адал явдалт боловч мөн чанартаа жирийн эх хүний үрийнхээ төлөө гэх сэтгэл нь юуны ч өмнө сөхөрдөггүй гэдгийг харуулжээ. Хурц өрнөлтэй, утга санааны огцом эргэлттэй үзэгдлүүд нь үзэгчдийг дэлгэцэнд “уяж”, дараа нь үргэлжлэх үйл явдлыг таамаглах боломжгүй байв. Тухайлбал, Хонгорзул охиныхоо найз залууг санаандгүйгээр хөнөөн, хэргээ нуун далдлах оролдлого хийж, түүний ул мөрөөр мөрдөгч Дандар шалгаж буй хэсгүүдийг энд дурдаж болно. Гол дүрүүдэд Т.Өөдөө, Ц.Төмөрхуяг нарыг тоглуулсан нь найруулагчийн “байгаа оносон” шийдэл байв.
Жүжигчин Т.Өөдөө өмнө нь “Тушаал”, “Улаан пальто” зэрэг сэтгэхүйн төрлийн кинонд тоглож байсан юм. Түүний “Илд цэцэг”-т бүтээсэн дүр нь биеийн хөдөлгөөнөөс илүүтэйгээр нүүрний хувирал, тодруулбал, “дотогшоо” тоглохыг, сэтгэлийн гүн дэх зөрчил, хүний мөн чанарыг илэрхийлэхийг жүжигчнээс илүү шаардсан аж. Тэрбээр үүргээ сайн биелүүлжээ. Ц.Төмөрхуяг жүжигчнийг үзэгчид эсрэг дүрийн мастер гэдгээр нь мэднэ. Харин энэ удаа тэрбээр ажил мэргэжилдээ дадсан, хашир мөрдөгчийн дүрд чадмаг хувирсан байна. Туслах дүрүүд гол баатраа улам тодотгодог гэдэг. Жүжигчин Э.Чинзориг, Э.Тамир нар ч чамлахааргүй сайн ажиллажээ.
“Жаалхүү” фильмийн найруулагч, кино зохиолч Л.Таванбаяр “Жүжигчдийн ажиллагаа, тоглосон байдал их таалагдлаа. П.Дэлгэрбаяр найруулагч уран бүтээлчдээ хүчилсэн, хиймэл жүжиглэлтээс ангид байлгаж, чадварлаг ажиллажээ. Ерөөс гол дүрдээ хамаг “ачааг үүрүүлж”, тэдний жүжиглэлтийг хүчтэй харуулдаг нь энэ төрлийн киноны онцлог. Мөн ямар нэг ямар нэг инээдмийн үзэгдлээр хачирлалгүй, марзан дүр гаргаагүй нь киногоо борлуулах биш, бүтээх гэж зорьж дээ гэсэн бодол төрүүлсэн” хэмээсэн нь киноны дүрийн сонголтууд нүдээ олсныг харуулж буй юм.
2003 онд “Найзууд” киног анх бүтээснээс хойш “Тушаал”, “Төрийн дайсан”, “Дурлалын гэмт хэрэг”, “Амьдрал төсөл”, “Морь минь давхи”, “Хайрлаж болох уу” киног үзэгчдэд хүргэсэн найруулагч П.Дэлгэрбаяр энэ удаа хайрыг “өөрөөр” илэрхийллээ. Гэхдээ бидний мэддэг биш, төдийлөн анзаардаггүй өөр өнцгөөс, сонирхолтой, этгээд үйл явдлын дунд харуулахыг хичээсэн нь сонирхолтой байв. Есдүгээр сараас хойш 10 гаруй киног Монголын уран бүтээлчид үзэгчдэд хүргээд буй. Гэвч уянгын, гэмт хэргийн төрлөөр бүтээсэн нь байгаагүй.
Найруулагч А.Миеэгомбо энэ талаар “Холливудын супер баатрууд, эсвэл инээдмийн кино давамгайлсан энэ үед өөр төрлийн уран бүтээл үзэгчдэд өнгө нэмэн орж ирсэн нь содон байна” гэсэн юм. Киноны үйл явдал, зөрчил, өрнөлийг дуу хөгжим улам тодруулж, сонирхолтой болгодог. Тус киноны хөгжмийг “Дэлхий” хамтлагийн гишүүн Г.Онон бичиж, дууны найруулагчаар “Брос” рекордсын захирал М.Болд ажилласан. Киноны дууг загвар өмсөгч С.Сарнай дуулжээ. Киноны ерөнхий продюсероор А.Мэндсайхан, зураачаар Ц.Хүрэлбаатар, зураглаачаар Г.Бат-Ирээдүй ажилласан байна.
Киноны зургийг авахад нисдэг камер, хөдөлгөөн гаргагч зэрэг янз бүрийн техник хэрэгсэл ашиглаагүй нь сонирхолтой. Энэ талаар тус киноны найруулагч “Зураглаачдаа элдэв зүйл хэрэглүүлээгүй. Манайхан техникийн араас хэт хөөцөлдсөнөөр кино нь гоёж гоодсон будмал хүүхэн шиг болчихдог талтай. Тиймээс зөвхөн камерын хөл, гэрэл л ашигласан” гэсэн юм.
Түүнчлэн пост продакшн буюу өнгө шүүлт, дууны найруулгыг дэлхийн жишигт нийцүүлж, 4К дүрсний чанар, 5.1 дууны дуугаралттай бүтээсэн байна. Энэ нь тус киног олон улсын наадамд “сойх”-оор төлөвлөсөнтэй нь холбоотой аж. Тодруулбал, найруулагч П.Дэлгэрбаяр “Эх ний ээлжинд АНУ-д болдог “Sundance” кино наадамд ирэх оны нэгдүгээр сард оролцоно. Дараа нь Бусаны кино наадамд “хүч үзнэ”. Энэ мэтчилэн олон улсын А зэрэглэлийн хэд хэдэн наадамд оролцохоор төлөвлөсөн” гэсэн юм.
Алтан үеийнхний бүтээсэн монгол киног хэд дахин үзсэн ч уйддаггүй. Үүний нууцыг “Амьдралын гүн рүү нэвтэрч, хорвоогийн өнгийг бодитоор харуулдаг. Өөрөөр хэлбэл, хэт гоёчлолгүй, энгийн бодит амьдралд ойрхон байдаг” хэмээн ахмад уран бүтээлчид дуу нэгтэйгээр хэлдэг. Яг л үүний адил “Илд цэцэг” кинонд гоёсон, чамирхсан үзэгдэл байсангүй. Дэлгэцнээ хөвөрсөн үзэгдэл бүр эгэл амьдралын нэгээхэн хэсэг байв. Энгийн нэг ээжийн үрсээ гэх хайр, түүний зовнилыг хурдан хийгээд сэтгэл түгшим үйл явдлуудын дундаас харж болохоор байлаа.
Эх үрийн элбэрэл, сайхан ээжийн тухай уран сайхны кино мундахгүй олон байдаг. Харин “Илд цэцэг” тэднээс өгүүлэмж, хийцээрээ өөр байсан нь сайшаалтай. Харин шүүмжлүүштэй нь киног нөгөө л үзэгчдийн хүсдэгээр буюу “аз жаргал”-тайгаар төгсгөсөн нь арилжааны шинж рүү хүчээр оруулах гэж албадсан мэт санагдлаа. Үзэгчдийг уйдаах, ундууцуулах зэрэгцүүлсэн арилжааны олон кино шилээ даран нээж буй энэ үед өөр нэгэн содон бүтээл үзэгчдээр “оньсого” таалгаж буйд баяртай байна.
Сонирхуулахад, “Гладиолус” буюу “Илд цэцэг” гэдэг нь бидний мэддэг хонгорзул цэцэг аж. Эрт цагт эрмэг гладиаторууд тулаанд орохын өмнө хүзүү юм уу бугуйндаа эл цэцгийг зүүвэл үхлээс гэтэлгэнэ гэж бэлгэддэг байж. Цэцэг мэт танхилхан бүсгүй хүн ир мэт хатуужиж чаддагийг эл кинонд өгүүлснийг дахин дурдъя.