СУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан байхдаа “Boomtown” хамтлагт бүжиглэж, дуулж, МҮОНТ-ийн “Хэцүү анги” олон ангит кинонд тоглон уран бүтээлийн гараагаа эхэлсэн М.Баярбатыг үзэгчид андахгүй. “Аз жаргалын шок”, “Дурсамжинд төгсгөл үгүй”, “Миний ах атаман”, “Хар сувдны нууц”, “Маш нууц”, “18 нас: Би чамд хайртай”, “Зүрхний хилэн” зэрэг үзэгчдийн талархлыг хүлээсэн олон кинонд тоглон, авьяас чадвараараа гялалзаж яваа уран бүтээлчтэй ярилцлаа.
-“Улаанбаатар” кино наадмын түүхэн шилдэг кино номинацад “Зүрхний хилэн” шалгарсан. Эл бүтээлээ гадаадад суугаа монголчууддаа толилуулахаар хүлгийн жолоо залах гэж байгаа гэсэн үү?
-Монголд зохион байгуулдаг олон улсын ганц кино наадам шүү дээ. Эл наадмын түүхэн шилдэг киногоор бидний бүтээл шалгарсанд баяртай байгаа. “Фантастик” продакшн өмнө нь уран бүтээлүүдээ олон улсын кино наадамд сойж байгаагүй. Энэ удаа зориглолоо. Цаашлаад гадаадад зохион байгуулдаг олон наадамд энэ киногоороо өрсөлдөхөөр зэхсэн байна. Бүтээлээ АНУ, БНСУ болон Европын орнуудад ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгтнүүдээ үзүүлнэ.
-Таны тоглосон анхны түүхэн кино энэ байх. Өмнө нь тоглосон дүрүүдээс тань ямар ажиллагаатай байж, таныг хэр “махлав”?
-Миний тоглосон түүхэн анхны кино. Өмнө нь орчин цагийн сэдэвтэй л кинонд тоглосон шүү дээ. Тиймээс нэлээд ялгаатай, ярвигтай байлаа. Жүжигчний уран чадвараас гадна бүхий л нөөц бололцоогоо шавхаж, илүү чармайхыг шаарддаг киноны төрөл юм байна.
-Эл киногоороо “Фантастик”-ийнхан түүх өгүүлэхээс гадна монгол ахуй, уламжлалаа сэргээж, залууст сурталчлахыг зорьсон мэт санагдсан. Зохиолтойгоо танилцаж, дүрээ судлах явцдаа судалгаа нэлээд хийсэн байж таарна. Орчин үеийн залуус ёс заншил, уламжлалаасаа үнэхээр их холдчихож уу?
-Кинонд 1800-гаад оны сүүлч үеийн түүхийг өгүүлдэг. Тухайн цаг үед болж байсан муу муухай үйл явдал өнөөгийн нийгэмд ч гэсэн болж байна. Энэ яг юунаас болж вэ, харь орны бодлогоос болоод байна уу, эсвэл бидний арчаагүй байдлаас уу. Тиймээс бид уран бүтээлээрээ энэ тухай дуугарахыг хичээлээ. Монгол эр хүн ямар байсан, тэд зүрхэндээ юу тээж явдгийг би дүрээрээ харуулахыг хүссэн. Бид уламжлалаасаа их хөндийрчээ. Залуус гаднын соёлд хэт автаад байгаа харагддаг. Хэдий хот суурин газар амьдарч буй ч монгол дээлээ зөв өмсөж, хөдөө очвол морь бариад уначихдаг байх ёстой мэт санагддаг. Хамгийн гол нь оюуны дархлаатай байх ёстой. Түүхэн ном, зохиол маш сайн унших хэрэгтэй. Гэр бүлийн харилцаанд гэргий хүний, эр хүний цээрлэх ёс, нялх хүүхэдтэй айл ямар байх ёстой зэрэг олон заншил байдаг шүү дээ. Тэдгээрийг гэр бүлдээ хэрэгжүүлж, үр хүүхдүүддээ уламжлуулах хэрэгтэй. Адаглаад хурим найраа монгол уламжлалаараа хийдэг байгаасай гэж боддог. Нээрэн, намайг багад хөдөө очиход айл бүр хаашаа ч явсан морио унадаг, цагаан идээгээ уламжлалт аргаар бэлтгэдэг байсан. Одоо бол юм болгоныг амарчлах гээд байдаг болсон мэт санагдсан.
-Найруулагч Б.Тамир “Миний ах атаман” кинонд тоглуулахын тулд жүжигчин Ж.Алтаншагай та хоёрыг тулааны урлагаар хичээллүүлснийг мэдэх юм байна. Энэ удаа “Зүрхний хилэн” кинонд жүжигчин Б.Барслхагвыг манж хэлээр ярихыг шаарджээ. Бусад гол дүрд тоглосон жүжигчдэд ч нэлээд өндөр шаардлага тавьсан гэсэн. Морь унах, зайрмагтсан голын усанд орох гэхчилэн хэцүү нөхцөлд зургаа авахуулжээ дээ.
-Жүжигчин хүн найруулагчийн хүссэнийг хийж чаддаг байх ёстой. Ялангуяа монгол эр хүн морь унадаг, нум сум агсчихдаг байх хэрэгтэй. Халуун хүйтэнд, ус цасанд, хөдөө хээр зураг авахуулах нь ажлын наад захын л шаардлага. Шандас сорьсон хүнд зураг авалт зөндөө байлаа. Гэлээ ч чадахгүй гэх эрх бидэнд байхгүй. Чадахгүйгээ чаддаг болох ёстой. Найруулагч “Чи тэг” гэсэн л бол “За” гэхээс өөр замгүй.
-Найруулагч Б.Тамир, Э.Алдар нар “Зүрхний хилэн”-гийн зохиолыг биччихээд сүүлд нь жүжигчдэдээ тоглох дүрийг нь оноосон гэсэн. Тус зохиолыг анх уншаад аль дүрд илүү шунасан бэ?
-Манжийн амбан сайд Фунь Жаогийн дүр их таалагдсан. Ёстой жүжигчний ур чадвар шалгасан дүр. Харин найруулагч тэр дүрийг Б.Барслхагвад, надад Эрболд гэх гол дүрийг оноосон. Киноны гол дүрд тоглохоо мэдээд их эмээж, сүрдсэн. Гэхдээ энэ дүрд тоглосноо их бэлгэшээж байгаа. Эрболд сүүлийнхээ ганц морийг, удам дамжин өвлөсөн үнэтэй эмээлээ данжаадад өрөндөө өгч буйгаар “Зүрхний хилэн” кино эхэлдэг. Тэр эмээл бол миний өвөөгөөс аавд, ааваас надад өвлөж ирсэн эд байгаа юм. Гэр бүлийнхээ хамгийн үнэтэй зүйлийг барьж тоглосондоо их баяртай байгаа. Мөн миний хүү эл кинонд тоглосон.
-Хүүгээ кинонд зургаа авахуулахыг харах ямар байв?
-Хүү минь “Зүрхний хилэн” кинонд Гавьяат жүжигчин Г.Золбоот ахын балчир насны дүрд тоглолоо. Зураг авахуулж байхыг нь харах их хэцүү юм билээ. Өмнөөс нь сандарч, алдах вий гэж эмээгээд л.
-Жүжигчид зургийн явцад алдаж, үгээ мартан найруулагчид загнуулах үе бишгүй. Найруулагч хүүг тань зэмлэсэн үү. Загнуулахыг нь харах амаргүй байсан байх даа.
-Миний хүү авьяастай юм билээ. Найруулагчийн зөвлөгөөг сайн сонсож, их мундаг байсан. Их сэргэлэн, хэрсүү л дээ. Найруулагчид загнуулаад гомдох вий, аавынхаа ажилд дургүй болох вий гээд л тэрүүхэн хооронд их зүйл бодогддог юм билээ.
-Аав тань урлагийн хүн болох хүсэлтэй байсныг та гүйцэлдүүлсэн гэдэг.
-Аав минь Ховдын Дарви сумын хүн. Хүүхэд байхдаа Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад гуайтай хамт урлагийн сургуульд шалгалт өгөх гэж байсан гэдэг. Урлагт их хайртай, “Миний явж чадаагүй замаар орлоо” гэж СУИС-д элсэхэд минь их баярласан. Харамсалтай нь, намайг оюутан байхад өөд болсон учир тоглосон кинонуудыг минь үзэж чадсангүй ээ.
-Харин хүү тань аавынхаа мэргэжилд дурлах шинжтэй юү?
-Аавыгаа ямар их ажилтай байдгийг, яаж ажилладгийг ойлгосон байх. Миний хоёр хүүхэд хоёулаа л урлагт дуртай. Өөрсдөө л мэргэжлээ сонгог. Би сонголтыг нь хүндэтгэнэ ээ.
-Өмнө нь та МҮОНТ-ийн, “Хас урлан” медиагийн гэхчилэн бусад студи, продакшны уран бүтээлд тоглодог байсан. “Фантастик”- аар овоглосноос хойш бусад найруулагчтай хамтарч ажиллахаа больчихов уу даа?
-Нээрэн, сүүлийн гурван жил өөр найруулагчийн бүтээлд тоглоогүй юм байна. Өөрсдөө кино бүтээж байгаа болохоор бусад найруулагч ч санал тавихаа больсон юм болов уу. Шинэ хамт олонтой ажиллахад өөрийгөө ямар хүн бэ гэдгээ ойлгуулж, бүгд санал бодлоо нэгтгэхээс авахуулаад цаг хугацаа илүү зарцуулдаг. “Фантастик”-ынхан бидний хувьд оюутан байхаасаа нөхөрлөсөн найзууд болохоор нэгнийгээ харцаараа ойлгодог гэхэд хилсдэхгүй.
-Кинонд тоглодог хүн өөрөө кино үзэх хэр сонирхолтой вэ?
-Сонирхолтой шүү. Адал явдалт кинонд илүү дуртай. Аймшгийн кино үзэж чаддаггүй.
-“Бид хаана ч бүжиглэнэ, дуулна” гэсэн уриатай “Boomtown” хамтлагийн тухай ярья. Монгол анх удаа бүжгэндээ клип хийсэн хамтлаг танайх байх аа.
-Анхных үгүйг нь хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан зориглоод “00 toilet” гэж клип хийлгэж байлаа. Б.Тамир бид хоёр нэгдүгээр дамжаанд байхад Г.Ган-Очир ах маань энэ хамтлагийг үндэслэсэн юм. Жил гаруй бүжиглэж, дараа жилээс нь дуулж эхэлсэн. Бүгд жүжигчин мэргэжил эзэмшсэн болохоор сургуулиа төгсөнгүүтээ мэргэжлээрээ ажиллахыг урьтал болгосон. Сайхан дурсамж үлджээ.
-Дахин хамт тайзан дээр гарах сан гэж хүсдэг үү?
-Хэлж мэдэхгүй байна. О.Тэмүүжин “Эмоци” продакшнд, Г.Ган-Очир ах УДЭТ-т, Б.Тамир, Э.Алдар бид гурав “Фантастик”-таа уран бүтээл туурвиж байна. Боломж олдвол дахин хамт тайзнаа гарахыг үгүйсгэхгүй.
-Жүжигчний мэргэжил сонгосон хүн бүрт тоглохыг хүсдэг дүр байдаг байх. Танд тийм хүсэл бий биз?
-Надад тоглох юм сан гэж хүсдэг дүр олон бий. “Ромео, Жульетта” жүжгийн Ромеод тоглох сон гэж анх номыг нь уншаад л хүсэж байлаа. Гуравдугаар дамжаанд ангиараа эл жүжгийг тавьж, Ромеод тоглосон. Түүхэн киноны дүрд ямар ч байсан тоглоно доо гэж боддог байв. “Зүрхний хилэн”-д тоглолоо. Хүсэл минь эхнээсээ биелж л байна.
-Ойрд тайзан дээр тоглоогүй байх. Жүжиг, юм уу мюзиклд тоглохыг хүсэж байна уу?
-Байлгүй яах вэ. Тайз, дэлгэцийн гээд бүх төрлийн уран бүтээлд ажиллахыг хүсдэг. Яваандаа драмын жүжиг, мюзикл тавих төлөвлөгөө бидэнд бий.
-Залуу уран бүтээлчид олонд танигдаад эхэлмэгцээ оддын өвчин тусах нь бий. Та энэ өвчнөөр өвчилж явав уу?
-Тусаад эдгэрсэн. Хамтлагийн клипүүд зурагтаар гарч, анхны кинондоо тоглосны дараа хүн болгон хараад байгаа юм шиг санагдаад эхэлдэг юм билээ. Тэр үед өөрийгөө тоож, буруу бодож явсан үе бий бий.
-Танай продакшны Б.Тамираас гадна Б.Барслхагва “Том толгойтын романс” кино найруулсан. Э.Алдар “One night” хэмээх киног мөн найруулж буй гэсэн. Танд найруулагчийн ажил хийх бодол бий юү?
-Хэлж мэдэхгүй юм. Найруулагчийн ажил амаргүй шүү дээ. Одоогоор тийм бодол алга.
-Жинхэнэ найз гэж хэнийг хэлдэг вэ. Танд тийм найз олон байдаг уу?
-Зарим хүмүүс ярьдаг даа, “Чи миний төрсөн өдрөөр ирсэнгүй. Чи намайг шоудахад хамт байсангүй” гэж. Тэр бол нөхөрлөл биш ээ. Хамгийн гол нь зовж зүдрэх, ямар нэгэн зүйл тохиолдох, хүнд хэцүү байхад хажууд байж чадах найзууд л чухал. Надад тийм сайхан найзууд бий.
-Та дунд сургуульд байхдаа волейболын спортоор хичээллэдэг байсан байх аа. Одоо дуртай спортдоо цаг зарцуулж чадаж байна уу?
-Волейбол тоглодог хүн ховор юм аа. Тоглож чадахгүй хүмүүстэй тоглох дургүй. Одоо волейболд биш, фитнест л цагаа зарцуулж байна. Усан санд сэлэх бас дуртай.
-Сүүлийн үед анд явах хообийтой болоо юу даа?
-Анд явдаг. Гэхдээ ойр ойрхон биш ээ. Дээлээ өмсөн, морио унаж, буугаа үүрээд явах ч хийморь сэргэм шүү дээ. Тэр нь л их сайхан байдаг юм. Зарим хүмүүс анд явна гэхийг амьтны амь таслахаар ойлгоод байдаг. Амьтан алахдаа гол нь биш. Би лав амьтан алах гэж улайрч анд явж байгаагүй. Байгаль дэлхийтэй ойр байж, уул усандаа мөргөж, хийморио сэргээхэд л анд явахын мөн чанар нь байдаг гэж боддог.
-Үг дааж чаддаг уу. Уран бүтээлч болсноосоо хойш хатуу үг, шүүмжлэл хэр их сонссон бэ?
-Шүүмжлэл сонсоно оо. Гэхдээ манайхан харилцааны доголдолтой шүү дээ. Шүүмжлэх гэдгийг доромжлох гэж андуурдаг шиг байгаа юм. Хүмүүсийн хэлснийг сонсож, авахыг нь авч, хаяхыг нь хаядаг. Гэхдээ тэсэхгүй уурлах үе ч бий.
-Ямар тохиолдолд тэвчилгүй уурладаг гэж?
-Мэдээж юм бүхэнд хүлээцтэй хандаад байх боломжгүй. Тэсэж тэвчишгүй зүйл дээр аашаа гаргадаг. Би доромжлолд их дургүй. Ялангуяа дэргэдэх хүмүүсийг минь дээрэлхэж, доромжилбол дургүй хүрдэг. Түүнээс биш, намайг учир зүггүй цохиод авахгүй л бол элдвээр дуудахад барагтай бол уурладаггүй.