Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Жамбын Дашдондог хэмээх эрхэм хүн Монголын төдийгүй дэлхийн хүүхдийн уран зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан том гавьяатай нэгэн байсныг монголчууд мэднэ. Хүүхдийн ертөнцийг чин сэтгэлээсээ ойлгож, мэдэрдэг л хүн тэдний дотоод сэтгэлийг гаргаж, уудалж, “хөөрхөн” бичдэгийн үлгэр жишээ болж, манлайлж явж дээ, Дашдондог гуай минь. Бид ер нь байхгүй болсон хойно нь л үгүйлдэг, байхад нь анзаардаггүй муухай зантай улс. Гэхдээ ингээд ч болов эрхэм хүмүүсээ эргэн санан, дурсаж, үйлсийг нь мөнхжүүлж байгаасай гэж хүснэм. Ж.Дашдондог агсны “Уран жиргээ” номыг гэргий Т.Хандсүрэн нь дахин хэвлүүлжээ.
Энэ номынхоо талаар хүүхдийн зохиолч буурал “1994 оны намар би Монголын радиогийн “Хүүхэд уран зохиол” нэвтрүүлэг хариуцан ажиллах болов. Нэр нь нэг л биш санагдаад “Уран жиргээ” хэмээн өөрчлөөд, хүүхдийн зохиолчдыг цуглуулж, хамгийн шилдэг шүлгийг нь уншуулж радиогийн алтан санд бичүүллээ. Дараа нь уран уншигч багачуудын индэр болгосон. Гэтэл нэг өдөр нэвтрүүлгээ уралдаан болгон өргөтгөх бодол төрж, Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Чойжамц гуайд хэлтэл “Болдог санаа” гэж урам зориг хайрласан. Хүүхдийн ордны драмын дугуйлангийн багш Саранхүүд энэ талаар дуулгахад “Ямар сайхан юм бэ” гээд дэмжлээ. Тэгээд л бид анхны уралдаанаа нийслэлийн Боловсролын газарт хийж, шүүгчээр нь ажилласан. Энэ уралдаан улам өргөжиж, их өрсөлдөөний талбар болох нь гэсэн итгэлийг бидэнд төрүүлсэн. “Уран жиргээ” ингэж л эхэлсэн түүхтэй” гэж дурссан байдаг.
Т.Хандсүрэн гуай “Миний ханийн ном бүтээл дотоод, гадаадад олон удаа хэвлэгдсэн. Тэр бүрт тухайн газарт нь уригдан, номынхоо нээлтээр үг, аяыг нь өөрөө зохиосон “Өнгөт зүүд” дуугаа дуулж, хүүхэд насандаа эргэж очсон мэт баярладаг сан. Уулзалт болгон нь гайхалтай, сонирхолтой болж, хүүхдүүдийг хөгжөөн баярлуулж, урам, ухаарал хайрладаг, бяцхан уншигчдын сонирхлыг ихэд татаж чаддаг агуу авьяастай хүн байсан. Тэр минь “Би хүүхдийг бурхан гэж шүтдэг” хэмээн ярьдаг сан. Түүнийхээ бүтээлээс уншигчдын хүсэлтээр 13 жилийн дараа “Уран жиргээ” номыг таны ширээнд хүргэж буйдаа талархалтай байна. Ханийнхаа хэвлүүлэх юмсан хэмээн ярьдаг байсан шүлэг, үлгэр, түүврүүд болон дутуу үлдээсэн бүхнийг нь чадлынхаа хэрээр цувралаар уншигчдын хүртээл болгоно” хэмээн ярьсан.
Ж.Дашдондог Булган аймгийн дунд сургуулийн сурагч байхдаа 1958 онд “Аргатай хүү” анхны номоо улсын хэвлэлээр гаргаж, 17 насандаа хүүхдийн зохиолч болжээ. Түүнээс хойш энэ төрлөөр дагнан бичиж “Аав, ээж, би”, “Ар тайгын хүү”, “Аранзал зээрд”, “Шүлгийн морь”, “Долоон бөхтэй тэмээ”, “Чулуун домог”, “Морьтой үлгэр”, “Гурван марал”, “Өргөө” зэрэг 100 гаруй ном, “Бэхийн саван дахь илбэчин”, “Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж”, “Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж” гэхчилэн орчуулгын 56 ном хэвлүүлсэн. Мөн “Тэмүүжин”, “Дэлхий ээжийн төрсөн өдөр”, “Модон могой” зэрэг тайз, дэлгэцийн 28 бүтээл туурвиж, “Сайн байна уу”, “Шинэ өглөө”, “Яагаад”, “Таван зүс” (Дэлхийн хүүхдийн дууны уралдаанд үгийн төрлөөр тэргүүн байр эзэлсэн), “Тавтай нойрсоорой”, “Баяртай” гэх мэт 60 гаруй дууны үг зохиожээ.
Түүний 33 ном орос, хятад, англи, герман, япон, серби, болгар, казах, украин, туркмен, солонгос, араб хэлээр гурван сая гаруй хувь хэвлэгджээ. Уран бүтээлийнх тухай судалгааны найман ном хилийн чанадад гарч, гадаадын оюутан, судлаачид шүлэг үлгэрээр нь дипломын ажил хийж, эрдмийн зэрэг хамгаалсан байна. Түүнчлэн гадаад орнуудын сурах бичиг, түүвэр ботид бүтээл нь олон удаа орсон юм. Тэрбээр олон улсын хүүхдийн утга зохиолын шагналыг есөн удаа хүртжээ.