Зүү төөнүүр, бариа засал, физик эмчилгээ гэж сонссоноос биш хөгжимт эмчилгээ гэж бид төдийлөн мэддэггүй. Тэгвэл манай улс анх удаа ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт хөгжимт эмчилгээний тасаг нээжээ. Тус тасгийн эрхлэгч О.Амаржаргал, их эмч Г.Хонгорзул, ахлах сувилагч Г.Энхтуяа нар саяхан хөгжимт эмчилгээний үр дүнгийн талаар судалсан байна. Эмчилгээний онцлог, үр дүнгийн талаар сонирхлоо.
“Би Эс Би” электроникс, “Бэст буйдан” компанийн тусламжаар уг тасгийг тохижуулсан бөгөөд Австри улсаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд есөн төрлийн 14 төхөөрөмжтэй болсон аж. ЭХЭМҮТ-д 30, тус тасагт ес дэх жилдээ ажиллаж буй ахлах сувилагч Г.Энхтуяа “Сэргээн засах гэдгийг эмийн бус эмчилгээ гэж ойлгож болно. Жирэмсэн үеийн хордлого тайлах, ургийн байрлал засах, умайн тонус бууруулах, дутуу төрөх эрсдэлтэй, үргүйдэлтэй, цэвэршилтийн үеийн хам шинжтэй зэрэг асуудалтай эмэгтэйчүүдэд үйлчилж байна” гэж ярив. Тус эмнэлгийн их эмч Г.Хонгорзул “Хөгжимт эмчилгээг хөгжингүй орнуудад өргөн хэрэглэдэг. Тийм оноштой хүнд Моцартын ийм хөгжмийг сонсгоно гэж байдаг юм билээ. Стрессийг хэмждэг сорилоор 54 эмэгтэйгээс судалгаа авахад маш их бухимдалтай, сэтгэл санаа нь тайван бус байсан. Харин 7-14 хоног хөгжимт эмчилгээнд хамруулсны дараа дахин сорил авахад стресс нь багассан, сэтгэл санаа нь тайвширсан, нойргүйдэл арилж, тонус нь буурсан үзүүлэлт гарсан” гэв. Хөгжимт эмчилгээний хөдөлгөөн засалч О.Нямдүүрэн “Бидэнд хөгжмийн олон төрлийн ая бий. Тухайн эмэгтэй хүсвэл өөрөө ая сонгон сонсож болно. Ээжид 15-20, урагт таван минут хөгжим сонсгодог” гэв. Үүний дараа хөдөлгөөн заслын өрөөнд ороход хоёр эмэгтэй бөмбөгтэй дасгал хийж байсан бол нэг бүсгүй хөдөлгөөн засалч М.Эрдэнэсолонгоос зөвлөгөө авч харагдав. Тэдний нэг, 21 настай анх удаа төрөх гэж буй бүсгүй “Бөмбөгтэй дасгал хийх нь умайн хүзүүний булчинг суллаж өгдөг юм билээ. Би одоо 39-40 долоо хоногтой. Төрөх хугацаа минь нэг хоногоор хэтэрсэн. Энэ эмчилгээнд яваад базалж өвдөх, дүлж байхдаа хамраараа амьсгал авч, гаргах хэрэгтэйг мэдэж авсан” гэв. Хөгжимт эмчилгээг гэртээ хийх боломжтой ч хэт чанга эсвэл хэт намуухан сонсдоггүй гэнэ. Хөгжмийн давтамж ямар байхаас эмчилгээний үр дүн шалтгаалдаг юм байна. Орчин нь тайван бус бол эмчилгээ болохоосоо илүү стресс үүсгэдгийг тус тасгийнхан сануулав.