ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын хүрээлэнгээс манай улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хээрийн лабораторийн 39 нэр төрлийн 53.100.000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн багаж, тоног төхөөрөмж өчигдөр хүлээлгэн өгөв. Ингэснээр зоонозын гаралтай халдварт өвчний голомттой газарт шуурхай очиж шинжилгээ хийн, богино хугацаанд оношлох боломж бүрдэж буй аж. Эл төвийн Хээрийн лабораторийн тоног төхөөрөмж хүрэлцээ муутай, хуучирсан байсныг ЗӨСҮТ-ийнхөн хэлэв. Энэ оноос “Монгол, Оросын нутагт хил залгасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдлыг судлах, тархвар судлалын эрсдэлийг бууруулах” хөтөлбөрийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж буй бөгөөд уг ажлын хүрээнд дээрх тоног төхөөрөмжийг бэлэглэжээ. Тоног төхөөрөмж гардуулах үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Дэлхий дахинд эбола, зика, шувууны томуу зэрэг шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний дэгдэлт бүртгэгдэж буй нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болжээ. Сүүлийн жилүүдэд зоонозын шалтгаант өвчин хил дамжин тархаж, олон оронд зөөвөрлөгдөж, халдварт өвчинд хил хязгаар үгүйг харуулж байна. ОХУ-д тарваган тахал өвчин шинээр сэргэж байгааг тус улсын мэргэжлийн байгууллагууд албан ёсоор зарлаж, уг өвчнөөс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байгаа өнөө үед гурван жилийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ боллоо” гэв.
Дашрамд дуулгахад, манай улсад он гарсаар тарваган тахлын сэжигтэй долоон тохиолдол бүртгэгдсэнээс Ховд аймагт нэг хүн өвчилсөн аж.