Сонгодог хошин дуурь “Севилийн үсчин” цоо шинээр Монголын үзэгчдэд хүрэх гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Хөгшин доктор Бартоло өсгөж хүмүүжүүлэн хүний зэрэгт хүргэсэн үзэсгэлэнт бүсгүй Розинаг дурлалт залуугаас нь харамлана. Розинад сэтгэлтэй гүн Альмавива хайртай хүүхнээ хэрхэн өөрийн болгохоо мэдэхгүй будлихад үсчин залуу Фигаро тусалж, амжилтад хүрдэг тухай өгүүлдэг уг дуурийг УДБЭТ-ын тайзнаа итали найруулагч Стефано хөгжмийн зохиолч Ж.Россинийн үеийнхээр бус, харин үйл явдал XX зууны эхэн үед өрнөж байгаагаар тавьж буйгаараа онцлог юм. Найруулагч Стефано Монти “Зөвхөн Монголын тайзнаа зориулж найруулсан” гэж хэлсэн. Тэгэхээр дэлхийд ганц “Севилийн үсчин”-ий нээлтийн тоглолт энэ сарын 28, 29-нд болох гэж буй билээ.
Шинэ дуурийн гол дүр үсчин Фигарод гоцлол дуучин Э.Отгонбат, Л.Болдцэрэн нар дуулах юм. Дуурийн гоцлоооч Э.Отгонбат одоогоос гурван жилийн өмнө ХБК-ийн дуулаачийн ангийг Гавьяат багш Ч.Туулын удирдлагад төгссөн. Харин Л.Болдцэрэн ОХУ-ын Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг түрүү жилийн хавар төгсчээ. Найруулагч Стефано гол дүр Фигарод тоглох жүжигчдийг өөрийн шалгаруулалтаар сонгосон юм. Ажлын туршлага гэхээс илүү овжин сэргэлэн Фигарог илэрхийлж чадах дуучид гэж тэднийг шилсэн мэт.
Нээлтийн тоглолтын эхний өдөр гоцлооч Э.Отгонбат Фигарод тоглох бол Розина нь гоцлол дуучин Б.Одонзаяа байх аж. Харин дараагийн үдэш Л.Болдцэрэн Фигаро болж, Розинад Гавьяат жүжигчин Ө.Уянга тоглох юм байна.