ИХРҮҮДЭД ЗЭРЭГ ЦУС СОЛЬСОН НЬ МОНГОЛД АНХНЫХ
“Охид минь улам л ховдог болоод байна. Хоёр цаг тутамд өгдөг нэмэлт тэжээлийнхээ хэмжээг өчигдрөөс 10 граммаар нэмсэн ч цадахгүй байх шиг” хэмээн ихэр охиноо өхөөрдөнгөө баяртайгаар ярих бүсгүйг Ч.Цэрэнчимэд гэдэг. Тэрбээр одоогоос сар хагасын өмнө жирэмсний хожуу үеийн хордлогын хүнд хэлбэр гэсэн оноштойгоор Кесарево мэс заслын аргаар амаржиж, 2250 гр, 2610 гр жинтэй ихэр охинтой болжээ. Өдгөө хоол нэхэн ээж, ааваа хөнгөхөн сандаргаж буй бяцхан охид энэ орчлонд ирэх л гэж ирсэн, хүн болох, ус уух тавилантай үрс юм.
Тэдэнд юу тохиолдож, бяцхан үрс ямар аюултай нүүр тулаад эсэн мэнд мултарсныг доор өгүүлнэ. Энгийн хүмүүс ойлгоход бэрх, уншихаас ч залхуу хүрэм мэргэжлийн үг хэллэгийг арай ойлгомжтой, энгийнээр тайлбарлахыг оролдъё.
Ээжийн биеийн байдлаас шалтгаалан төрөх хугацаанаасаа өмнө мэс заслын аргаар нартад мэндэлсэн ихэр охин эх, ургийн цусны резус үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин хэмээх оноштой төржээ. Энэ бол мянган төрөлтөд 1-2 тохиолддог ховор, бас аюултай эмгэг. Ээжийн цус сөрөг, аавынх нь эерэг резустэй учир ийм юм болж.
Цусны улаан эсийн гадаргууд байрлах уургийг резус фактор гэх бөгөөд хүн төрөлхтний 85 хувь нь резус фактортой, үлдсэн цөөн хувь нь резус факторгүй, өөрөөр хэлбэл, сөрөг резустай байдаг аж. Ихэр охины ээж энэ 15 хувийн нэг байсан хэрэг.
Ээж, аавын цусны резус өөр, хэвлий дэх ураг аавынхаа резусийг өвлөсөн бол зөрчилдөөн үүснэ. Тодруулбал, эх, ургийн резус өөр тохиолдолд эхийн бие ургийг аюултай байж болзошгүй гаднын биет хэмээн хүлээж аваад, өөрийгөө хамгаалахын тулд сөрөг биет ялгаруулж эхэлнэ. Эхийг хамгаалахаар ажиллах эдгээр сөрөг биет ургийг маш ноцтой аюулд оруулдаг аж. Сөрөг биетүүд эхэсээр дамжин хүүхдийн биед ороод цусны улаан эсүүдийг устгаж, билирубин хэмээх бодис их хэмжээгээр бий болгоно. Нярайн шарлалт эрт, гүн явагдах нь үүнтэй холбоотой. Ургийн цусны улаан эс устахад элэг, дэлүү үүнийг нь шинээр үйлдвэрлэхийн тулд өндөр ачаалалтай ажиллаж, үүнийхээ хэрээр томорч эхэлдэг. Яваандаа элэг, дэлүү нь улаан эсийн дутагдлыг нөхөж дийлэхгүй болж, цус багадалт үүснэ. Эх, ургийн резус зөрчилдөөн нь хүүхдийн тархи гэмтээх, сонсгол, хэл ярианы үйл ажиллагааг хямраах шалтгаан болох аюултай. Резус үл тохирсны улмаас ураг амьгүй болох, зулбах нь олонтаа. Энэ бол мэргэжлийн хүний тайлбар. Ийм аюул ихэр охиныг эхийн хэвлийд байхаас нь нөмөрчээ.
Ихэр нярайд цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, болон хүнд хэлбэрийн шарлалт үүссэн хэмээн өвчний түүхэнд нь тэмдэглэсэн байна. Туйлын аюултай байсан гэсэн үг. Тэднийг аврахын тулд охидын цусыг бүрэн сольж, ээжийнхтэй нь адил сөрөг резустэй цус сэлбэх эмчилгээ хийхээс өөр арга байсангүй. Цус сольж, сэлбэх нь эрхтэн шилжүүлэн суулгах хэмжээний ажилбар бөгөөд орон нутагт, тэр тусмаа ихэр хүүхдэд нэгэн зэрэг хийсэн тохиолдол өмнө нь гараагүй юм билээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарт энэ эмчилгээг бие даан хийх туршлага дутмаг учраас ЭХЭМҮТ-ийн Нярай судлалын тасгаас тусламж хүсэв. Ихрүүдийг төрөхөөс эхлээд зөвлөгөө өгч байсан ЭХЭМҮТ-ийн Нярай судлалын тасгийн зөвлөх эмч С.Энхтуяа цус солих ажилбарыг удирдахаар хотоос гарч, 630 км зам туулан очиход нар баруунаа хэвийжээ.
Энэ хооронд аймгийн Нэгдсэн эмнэлгийнхэн бэлтгэлээ базааж, борви бохисхийх завгүй байлаа. Ховор хийдэг томоохон ажилбарыг анх удаа, тэр тусмаа хоёрын хоёр хүүхдэд зэрэг хийх гэж буй хүмүүст бэлдэх зүйл их байх нь тодорхой. Тэр дундаас охидод таарах сөрөг резустэй цус олох хамгийн хэцүү нь байсан талаар эмнэлгийнхэн хэлж байв. Цусны төвийнхөн нойроо хугаслан зүтгэсний дүнд Х.Энхмөнх, Д.Сосорбарам хэмээх хоёр ачтаныг олсон нь охидод амьдрал бэлэглэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Хотоос эмч ирж, 16.00 цагийн үед цус солих ажилбар эхлэв. Хоёр хүүхдийн амь аварсан уг ажилбарыг хийхэд зөвлөх эмч С.Энхтуяагийн удирдлага доор Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн нярайн их эмч М.Тоджаргал, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийнхан, төрөх эмэгтэйчүүдийн тасгийн зөвлөх эмч Б.Мөнхжаргал, эх барих эмэгтэйчүүдийн эмч М.Болорчимэг, ахлах эх баригч Д.Цэнгэлмаа, эх баригч Г.Уранбилэг, хагалгааны сувилагч Ж.Байгалмаа, үйлчлэгч Н.Наранжаргал, нярайн эмч Ш.Сүнжидмаа, Д.Мөнхтуяа эрхлэгчтэй онош зүйн тасгийн хамт олон, цусны салбар төвийнхөн шөнөжин ажилласан байна.
Ихэр охинд цус солих ажилбарыг гардан хийсэн М.Тоджаргал эмч тун даруухан нэгэн аж. Хоёр хүүхдийн амь аварсан, эрхтэн солихтой дүйх ажилбар хөдөө орон нутагт хийсэн талаар нь асуухад “Энэ бидний гавьяа биш, ЭХЭМҮТ-ийн Нярай судлалын тасгийн зөвлөх эмч С.Энхтуяагийн ач. Тэр байгаагүй бол бид ингэж амжилттай хийж чадахгүй байсан” гэв. Харин С.Энхтуяа эмч “Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийнхэн бэлтгэлээ бүрэн хангаж, гар нийлэн сайн ажилласны хүчинд хоёр хүүхдийн амь аварлаа” гэсэн юм.
Биднийг Баянхонгор аймагт ажиллах үед ихрүүдийн аав А.Буянжаргал, ээж Ч.Цэрэнчимэд нар охидоо аваад нийслэлийг зорьсон байлаа. Резусийн зөрчилдөөнөөс болж хүүхдийн эд эрхтэнд өөрчлөлт орох, нярайн шарлалт зогсоох аппаратад олон хоног байсны улмаас нүдний хараа муудах зэрэг эрсдэлтэй тул охидоо нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж аймгийн эмч нар зөвлөсөн аж.
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ААВ, ЭЭЖИЙНХ НЬ САНААГ АМРААЖ, СЭТГЭЛИЙГ ЦЭЛМЭЭВ
Ус уух хувьтай ихрүүдийг хотод ээж, аавтайгаа байхад нь олж уулзахаар I хорооллыг зорив. Тэд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шаардлагатай шинжилгээнүүдээ өгч, айдгаа авдартаа хийчихээд нутаг буцах гэж байлаа. Аюул дундаас торолгүй гараад ирсэн ихэр охины сураг хаа холын нийслэлд аль хэдийнэ түгсэн тул ЭХЭМҮТ-ийн эмч нар “Баянхонгорын хоёр уу, ханиад хүргэчих вий, хурдхан үзээд явуулъя” хэмээн санаа тавьж, дугааргүй үйлчилсэн гэнэ. Үзлэг, шинжилгээний хариу ч аав, ээжийнх нь санааг амрааж, сэтгэлийг цэлмээжээ.
А.БУЯНЖАРГАЛ (ихрүүдийн аав):
-Танайх үнэхээр азтай, хувьтай гэр бүл юм. Одоо айх аюулгүй болсон гэсэн.
-Тийм ээ, баярлаад барахгүй сууна. Алтан гартай эмч нар хоёр хүүхдийг минь аварлаа. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийнхэнд, ЭХЭМҮТ-ийн С.Энхтуяа эмчдээ үнэхээр их баярлалаа. Та нарынхаа ачаар бид хүүхдүүдээ үнэрлээд сууж байна.
-Тухайн үед эмч нар юу гэж хэлж байв?
-Техник технологи хөгжсөн болохоор ихэр хүүхэдтэй болно гэдгээ мэдчихээд их баярлаж байлаа. Эхнэрээ төрсний дараа өрөөнд нь ороход хүүхдүүд их цовоо дуугарч, чанга уйлж байхаар эрүүл, саруул л гэж бодсон. Гэтэл маргааш нь эмч дуудаж “Хүүхдүүд чинь тун тааруу байна. Ар гэрийнхэндээ дуулгаарай. Хотоос эмч дуудсан. Тэр эмч ирээд бүхнийг шийднэ. Ер нь найдахад хэцүү шүү. Цус задарна гэдэг аюултай. Цочир мууддаг юм” гэсэн. Тэгэхэд дотор харанхуйлаад явчихсан. Аймгийн эмч нар нярайн цусанд задрал явагдаж байна гэж оношлоод хот руу явуулах уу, аймагтаа цус солих ажилбар хийх үү гэж нэлээд ярилцсаны эцэст орон нутагтаа хийхээр болсон юм билээ.
-Ихрүүд ах, эгчтэй юү?
-Манай том хүү дөрвөн настай. Аймагт айлд үлдээгээд ирсэн. Хүүгийн маань нярайн шарлалт эрт эхэлж, удаан үргэлжилсэн юм. Анхны төрөлтийн үед эхийн дархлалын систем өөр хүний цусны улаан эстэй анх удаагаа таарч байгаа болохоор урагт хор хүргэх сөрөг биетүүдийг харьцангуй бага хэмжээгээр ялгаруулдаг юм байна. Тиймээс резус зөрчилдөөн тэр бүр үүсээд байдаггүй гэнэ. Төрсөн эмэгтэйн цусанд нь өмнөх жирэмслэлтээс үлдсэн, хамгаалах сөрөг биетүүд хадгалагдаж байдаг тул дараагийн жирэмслэлтээс резус зөрчилдөөн үүсэх магадлал нь ихэсдэг гэж эмч тайлбарласан.
-Танайх сумын төвийн айл уу?
-Манайх Баянговь сумын малчин айл. Одоо очоод л хөдөө явна. Энэ жаахан амьтдыг дааруулчих вий, намайг малд явсан хойгуур эхнэр маань хоёр нялхтай яана даа л гэж бодож байна.
Ч.ЦЭРЭНЧИМЭД (Ихрүүдийн ээж):
-Тэнхэрч чадаж байна уу?
-Хүүхдүүд маань аврагдаж, эрүүл саруул болсныг сонсоод сэтгэл санаа цэлмээд сууж байна. Үрс минь эрүүл байвал миний тэнхрэх ч юухан байх вэ.
-Жирэмсний хожуу үеийн хордлоготой байсан болохоор мэс заслаар төрсөн гэсэн үү.
-Ихэр хүүхэд тээхээр яах аргагүй ядардаг юм байна. Сүүлийн хоёр сар нэлээд ядарсан. Хоолны хордлого авчихсан юм шиг байсаар төрлөө. Ямар ч эмчилгээ хийлгээд хордлого тайлагдахгүй, хоол унд идэхгүй болохоор уураг их алдаж байна гээд хугацаанаас өмнө мэс заслын аргаар төрүүлсэн. Өөрөө төрөхөөр цус алдах магадлал өндөр, минийх шиг сөрөг бүлгийн цус ховор учраас хагалгаагаар төрүүлсэн гэж ойлгосон.
-Цус солихоос өмнө хүүхдүүдийн чинь бие ямархуу байв?
-Нярайн шарлалт нь эрт, гүн явсан. 11.00 цагийн үед төрсөн хүүхдүүд орой 20.00 цаг гэхэд шав шар болчихсон. Миний цусны бүлгийг мэдэж байсан болохоор хүүхдүүдийг төрөхөд хөхийг минь амлуулаагүй, шууд эхийн сүү орлуулагчаар угжсан. Резус зөрчилдөөнтэй болохоор хөхүүлж болох нь уу, үгүй юү гэдгийг хэд хоног ажигладаг бололтой. ЭХЭМҮТ-ийн эмч нартай холбогдож, зөвлөгөө авахад нь хөхүүлж болохгүй, ажиж бай гэсэн юм билээ. Охидын минь цусыг сольсноос хойш 7-8 хоногийн дараа эмчийн зөвшөөрлөөр хөхүүлж эхэлсэн. Цус сэлбэсний дараа өдөр бүр шинжилгээ хийж байсан болохоор хөхүүлж болох, эсэх нь тэнд харагддаг байсан байх.
-Цус солих ажилбар их удаан үргэлжилсэн гэл үү?
-16.00-17.00 цагийн үед эхлээд шөнөжин үргэлжилж, үүрээр дууссан. Эмч нар намайг “Нялх биетэй хүн ядарчихна, унтаж амар” гэсэн ч хоёр хүүхдээ тийм байхад яаж нойр хүрэх билээ. Өрөөнөөсөө ахин дахин гарч, хүүхдийнхээ байгаа өрөө рүү харсаар шөнийг арай гэж өнгөрөөсөн. Эмч нараас хэн нь гарч ирэх бол, гарч ирээд юу гэх бол гэхээс л зүрх чичрээд, хэцүү байсан. Эмч нар “Яаж ч магадгүй шүү, сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Баталгаа өгч чадахгүй. Нэг их найдалтгүй” гээд ямар ч хүндрэл гарсан гомдолгүй гэсэн бичигт гарын үсэг зуруулсан болохоор яаж тайван байх вэ дээ. Эмч, сувилагч нар шөнөжин нааш цааш гүйлдсэн. Тэднийг дагаж миний сэтгэл ч бас нааш цааш “гүйсэн”. Үүр цайж байхад цус солих ажилбар дуусаж, “Амжилттай боллоо” гэхэд нь сая нэг урт амьсгаа авсан.
-Хотод ирээд үзүүлэхэд бүх шинжилгээ нь сайн гарсан гэсэн. Үүнийг сонсоод сэтгэл бүрэн тэнийв үү?
-Хотод шинжилгээнүүдээ өгөхдөө бас л яах бол, юу гэх бол, эрхтнүүд нь эрүүл болов уу гэж түгшиж байсан. Бүх шинжилгээ сайн гарсанд үнэхээр баярласан. Охидод минь цусаа өгч, амьдрал бэлэглэсэн үл таних хүнд, аймгийнхаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, ЭХЭМҮТ-ийн эмчдээ баярлалаа гэж хэлэх ч багадаад, сэтгэлээ ямар үгээр илэрхийлэх учраа олохгүй л сууна.