СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх дизайн урлагийн сургууль /ДДУС/-ийн уран бүтээлч багш нарын "Орон зай" нийгэмлэгийн 26 дахь удаагийн үзэсгэлэн МУЭХ-ны Арт галерейд энэ сарын 21-нд нээлтээ хийв. Дүрслэх урлагийн бүхий л төрлөөр сургалт явуулдаг мэргэжлийн багш нарын шинэлэг уран бүтээлийг толилуулж буйгаараа энэхүү үзэсгэлэн онцлог юм.
"Орон зай" нийгэмлэг нь уран бүтээлч багш нарын бүтээлч сэтгэлгээг дэмжин хөгжүүлэх, сургалтын уламжлалт арга барилд суурилсан хөтөлбөрт үндэслэсэн орчин үеийн шинэлэг сургалтын хөтөлбөрийг боловсруулах, дэлхийн дүрслэх урлагийн хөгжилтэй хөл нийлэн алхах, оюутан суралцагчдын дүрслэх урлагийн мэргэжлийн боловсролыг олон улсын жишигт хүргэх зорилготой уран бүтээлч багш нарын санаачилгаар 1991 онд байгуулагдсан. Өнөөг хүртэл 26 жилийн хугацаанд 14 мэргэжлээр 100 гаруй уран бүтээлч багш тус нийгэмлэгт хамран уран бүтээлээ туурвижээ.
2016-2017 оны хичээлийн жилд 41 уран бүтээлч багш энэхүү үзэсгэлэнд нийт 60 гаруй бүтээлээр оролцож байна. Жил бүрийн шилдэг бүтээлийг тодруулахдаа нууц санал хураалт явуулж эхний гурван байрыг шалгаруулдаг бөгөөд шилдэг уран бүтээлчийг мөнгөн бүс, өргөмжлөлөөр урамшуулдаг. Энэ удаагийн үзэсгэлэнгийн тэргүүн байрыг уран дархан, багш Н.Дуйнхар "Эзэн" бүтээлээрээ хүртсэн бол дэд байрт зураач багш Д.Баатарсүрэн "Намар", гуравдугаар байрт зураач, багш П.Байгаль "Шүтээн" уран зургууд тус тус шалгарчээ.
Үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно.