Монгол шаазан урлагийн Их мастер Халтарын Хадхүүгийн “Үлэмжийн чанар Монгол шаазан” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээлтээ хийв.
Энэхүү үзэсгэлэнг ШУА, Түүх археологийн хүрээлэн, мөн МУСГЗ, шог зураач С.Цогтбаяр нар хамтран зохион байгуулсан юм. Х.Хадхүү нь 1991 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг ваар урлаач мэргэжлээр төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл гангар шаазан урлал, керамик урлалын төрлөөр тасралтгүй 25 жил бүтээлээ туурвиж байна.
Тэрбээр анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн дагуу бүтээлээ туурвидаг, түүний бүтээлийг үргэлжлүүлж байгаа цөөхөн уран бүтээлчдийн нэг билээ. Мөн Богд хааны ордон музейд хадгалагдаж буй анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутрын бүтээл Ногоон дара эх, Түүний дэг сургуулийн бүтээлүүд болох Оточ манал бурхадыг үзэгчдэд дэлгэн үзүүлэв.